
Өглөө орноос өндиймөгцөө ямар хувцас өмсөж, аль сүрчгээ түрхэж, нүүрээ хэрхэн будаж, үсээ яаж янзлахаа төлөвлөнө.
Удалгүй өглөөний цайндаа юу идэхээ шийдээд, ажилдаа хувийн машинаараа явах уу, нийтийн тээврээр хүрэх үү гэж эргэлзэнэ. Гэрээс гараад замдаа аяга кофе авч уух эсэхээ эргэцүүлээд амжина. Ажилдаа ирмэгцээ цахим хаягаа шалгаж, аль шууданд ямар хариу өгөхөө шийдээд, өнөөдөр хэрхэн ажиллаж, юу амжуулахаа төлөвлөнө.
Ийн бид өдөр дөнгөж эхэлж байхад тоо, томшгүй олон шийдвэр гаргаж, энергиэ зарцуулж орхидог. Харин орой нь ямар хоол хийх, аль кино үзэхээ ч шийдэж чадахгүй холхиж, ядарсан, залхсан мэдрэмжид бүчүүлж, тархи царцсан мэт хөшчихдөг. Энэ бол хүн төрөлхтний физиологийн явц. Учир нь бидний тархи оновчтой, чухал, зөв шийдвэр гаргах тодорхой нөөцтэй бөгөөд өглөөнөөс эхлээд аахар, шаахар зүйлд анхаарлаа төвлөрүүлж, шийдвэр гаргаснаар үдээс хойш тархинд “манан хуралддаг” аж. Үүнийг сэтгэл зүйн шинжлэх ухаанд шийдвэрийн ядаргаа буюу “Decision fatigue” гэж нэрлэдэг байна. Уг ойлголтыг анх нийгмийн сэтгэл судлаач Рой Ф.Баумейстер олон нийтэд танилцуулжээ. Тэрээр хүн жижиг, том олон шийдвэр дараалан гаргасны дараа сэтгэн бодох чадвар нь суларч, анхаарал төвлөрч чадахгүйд хүрч, өөрийгөө хянах чадвар нь буурдаг гэдгийг судалгаан дээр үндэслэн тогтоосон байна. Түүнээс хойш энэ ойлголтыг сэтгэл зүй, зан үйлийн эдийн засгийн судалгаанд өргөн ашиглах болжээ.
Насанд хүрсэн хүн өдөрт 35 000 шийдвэр гаргадаг гэх тооцоолол бий.
Ийн том, жижиг олон шийдвэр гаргах нь дараагийн шийдвэрийн чанарт сөрөг нөлөө үзүүлдгээс гадна өөрийн хүслийг хязгаарласан элдэв шийдвэр нь бүр ч сөрөг үр дагавартай байдаг. Үүнийг нотолсон тун сонирхолтой туршилтыг Рой Ф.Баумейстер судлаачийн багийнхан хийжээ. Тэд судалгаанд оролцогчдыг нэг өрөөнд суулгаад, өмнө нь шинэхэн, амттай жигнэмэг түүхий луувангийн хамт тавьсан байна. Ингээд заримд нь жигнэмэг идэхийг, үлдсэн хүмүүст лууван идэхийн зөвшөөрчээ. Дараа нь бүгдэд нь хүнд бодлого өгч, бодуулсан байна. Ингэхэд жигнэмэг амтлах хүслээ дарж, лууван идэх шийдвэр гаргасан хүмүүс бодлогыг дунджаар найман минут бодох гэж оролдоод бууж өгсөн байна. Харин хүслээ хязгаарлах шаардлагагүйгээр амттан идсэн хүмүүс тус бодлогын хариуг 20 орчим минут уйгагүй оролдоод гаргажээ. Эндээс хүслээ хорьсон шийдвэр нь тархины “манан”-г түргэсгэж, бууж өгөх, буруу шийдвэр гаргахад хүргэдэг нь тогтоогдсон байна.
Өөр нэг сонирхолтой судалгааг Колумбын их сургуулийн эрдэмтэд хийжээ. Тэдний үзсэнээр шүүгчид өдрийн төгсөлд буруу шийдвэр гаргах магадлал илүү өндөр байдаг аж. Учир нь үдээс өмнө хэргийг илүү нягталж, нямбай ажилладаг бол хэт олон хэрэг шийдсэний дараа хамгийн амархан, өөрт төвөггүй, шуурхай байдлаар шийдвэр гаргадгийг онцолжээ.
Хүмүүс ийн шийдвэр гаргахаас залхаж, халгадаг гэдгийг борлуулалт, маркетингийн салбарынхан ч нотолдог. Дэлгүүрт нэг төрлийн бараа хэтэрхий олон сонголттой байх нь худалдан авалтад сөрөг нөлөө үзүүлдэг байна. Туршилтын багийнхан нэг өдөр 30 орчим нэр төрлийн жимсний чанамал лангуун дээрээ тавиад, нөгөө өдөрт тоог нь зургаа болгож цөөрүүлжээ. Энэ туршилтаа долоо хоногийн хугацаанд сөөлжүүлж хийсэн байна. Ингэхэд цөөн төрлийн чанамал байршуулсан өдөр тус бүтээгдэхүүний худалдан авалт тогтмол нэмэгджээ. Энэ нь хэт олон сонголт нь хүмүүсийг шийдвэрийн ядаргаанд оруулж, эцэст нь ямар ч сонголт хийхгүй байхад хүргэсэнтэй холбоотой юм.
Шийдвэрийн ядаргаа нь хүмүүсийн амьдралын чанар, амжилт, эрүүл мэнд, хоорондын харилцаа гэхчлэн олон зүйлд тодорхой нөлөөтэй. Тиймээс үүнийг мэддэг улстөрч, бизнес эрхлэгчид нөөцтэй шийдвэрээ аар, саар зүйлд зарцуулахаас татгалзаж, гамнадаг байна. Шийдвэрийн ядаргаанаас сэргийлдэг гэдгээ зарласан алдартан ч олон бий. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама өдөр тутамдаа саарал эсвэл хөх өнгийн хослол өмсөхийг хичээдэг тухайгаа нэгэн ярилцлагынхаа үеэр хэлсэн байдаг. Тэрээр энэ үйлдлээ тайлбарлахдаа, Ерөнхийлөгчийн хувьд өдөр бүр олон зуун чухал шийдвэр гаргах шаардлагатай тул хувцас, хоол зэрэг жижиг сонголтод оюуны эрч хүчээ зарцуулахыг хүсдэггүй гэсэн байдаг. Эдгээрээс тархиа хамгаалснаар илүү чухал бодлого, улс төрийн шийдвэрт төвлөрөх боломж бүрддэг аж.
Үүнтэй төстэй хэв маяг, үзэл бодолтой амьдарсан хүн бол “Apple” компанийн үүсгэн байгуулагч Стив Жобс юм. Тэрээр олон жилийн турш хар өнгийн поло цамц, ижил загварын өмд, пүүз гэсэн маш тодорхой, тогтсон хувцаслалттай байсан. Өдөр тутмын амьдралаа аль болох энгийн болгох нь бүтээлч байдалд нь эерэг нөлөөтэй төдийгүй чухал шийдвэр гаргалтад төвлөрөхөд тусалдаг гэж үздэг байжээ. Мөн дэлхийн сошиал сүлжээний хөгжлийг хурдасгасан Марк Цукерберг ихэвчлэн богино ханцуйтай цамц, цэнхэр өмд өмсдөгөөрөө алдартай. Тэрээр энэ тухайгаа “Би өдөрт маш олон шийдвэр гаргадаг. Тиймээс хувцас зэрэг жижиг зүйлийг төлөвлөж, шийдэх шаардлагагүй гэж үздэг” хэмээн тайлбарласан байдаг.
Эд цөм илүү чухал зүйлд, оновчтой шийдвэр гаргахад тархины өгөгдлөө зарцуулдаг аж.
Оюуны нөөцөө гамнахад жижиг үйлдлүүдийг энгийн болгож дадуулах нь үр дүнтэй гэдгийг сэтгэл судлаачид ч онцолдог.
Өнөөгийн нийгэм бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн их тархи тарамдсан цаг үе гэдгийг судлаачид онцолдог. Тодруулбал, гар утас, нийгмийн сүлжээний нөлөөгөөр хүмүүс шийдвэр гаргах хэрэгцээтэй хором бүхэнд нүүр тулж, үүнээс өөрийгөө хамгаалах нь амаргүй даваа болжээ. Учир нь бид гар утсаа шалгах болгондоо “Энэ мэдэгдлийг нээх үү, энэ бичлэгийг үзэх үү, мессежинд хариу өгөх үү, дараагийн контент рүү шилжих үү” зэрэг шийдвэрүүдийг цаг үргэлж гаргадаг байна. Ийнхүү секунд тутамд гардаг жижиг сонголтууд нь тархины анхаарал төвлөрөх чадварыг сарниулж, оюуны нөөцийг аажмаар шавхдаг. Зарим судалгаагаар гар утаснаас үүдэлтэй тасалдал бүрийн дараа хүний анхаарал дахин бүрэн төвлөрөхөд 20- 25 минут шаарддаг байна. Тиймээс шийдвэр гаргах чадвараа илүү чухал, өгөөжтэй зүйлд зарцуулахыг хүссэн үедээ нийгмийн сүлжээ, гар утаснаасаа зай барих шаардлагатай.
Бид асар их боломж, мэдээлэл, сонголт дунд аж төрж байна. Харин төлөөсөнд нь ухамсартай шийдвэр, ухаалаг сонголт хийх нөөцөө шавхаж буй. Цаашлаад эрүүл мэндээрээ ч хохирч байна.