
Нэг хоёр жилийн өмнө үзсэн кино, уншсан номыхоо үйл явдал, үзэгдэл, дүрийг бүүр түүр гадарлаж, их сургуульд үзсэн хичээлээ бүр мөсөн огоорч, өнгөрсөнд өрнөсөн үйл явдлуудыг тэр бүр санадаггүй хүнийг нийгэм нийтээрээ ой санамж муутай, оюуны чадвар султай гэж тодотгож, тодорхойлж ирсэн.
Гэтэл үнэн хэрэгтээ аливааг мартах нь сул тал биш хүний төрөлх өгөгдөл аж. Үерхэж байсан хөвгүүнийхээ гар утасны дугаарыг, арван жилийн сайн найзынхаа гэрийн хаягийг, аав, ээжийнхээ залуу насандаа гангардаг байсан өмсгөл зүүсгэлийг гээд маш олон зүйлийг бидний олонх нь одоо онож санахгүй байгаа нь лавтай. Анхны хайртайгаа учраад догдолж байсан өдрүүд, дурлалт нэгнээсээ холдоод гансарч байсан үе, найзтайгаа нандин нууцаа хуваалцаад хөөрцөглөж байсан мэдрэмж, алдаа гаргаад аав, ээждээ зэмлүүлж байсан хоногууд зэрэг онцгой гэж тодотгож болохуйц мөчүүд ч цагийн эрхээр бүдгэрч, зарим нь мөн л мартагддаг. Энэ нь тархи өөрийгөө цэвэрлэж, сэтгэл зүйгээ хамгаалж, шинэ мэдээлэл хүлээж авахдаа бэлтгэж байгаа хэлбэр гэдгийг судлаачид олж тогтоосон байна. Хүний мэдрэлийн эсүүд мэдээллийг хадгалж, боловсруулж, санаж сэтгэхийн төлөө ажилладгаас гадна шаардлагагүйг нь устгалд оруулж, мартах үүргийг ч гүйцэтгэдэг аж. Ингэж зарим зүйлсийг мартаж, тархиа суллах нь олон давуу талтай. Нэгдүгээрт, сэтгэл зүйгээ хамгаалах нэн чухал хэрэглэгдэхүүн юм. Ичгүүр, гомдол, бухимдал тэргүүтэй сөрөг сэтгэл хөдлөлийг үргэлж санаж, огт мартахгүй байвал хүн дотроосоо өөрийгөө “идэж” эхэлнэ. Тиймээс тархи тэдгээр мэдрэмжийг бүдгэрүүлж, үйл явдлыг нь мартуулснаар таагүй нөлөөллийг бууруулж, эргээд эерэг мэдрэмж мэдрэхэд хөтөлдөг байна. Мөн мартах нь шинэ мэдээлэл олж авах, цэгцтэй сэтгэл, оновчтой шийдвэр гаргахад хамгийн чухал нөлөөтэй. Амьдралынхаа турш авсан эд хэрэгслээ гэрээсээ гаргахгүй, хаяж үрэхгүй цуглуулсаар байвал хогон овоолго дунд л аж төрнө. Тэднээс өөрт хэрэгцээтэй зүйлийг олох амаргүй байх бөгөөд шахцалдсан, давчуу орчинд шинэ эд хэрэгсэл оруулах боломжгүй. Яг үүнтэй ижил хуучин мэдээллээ мартахгүйгээр шинэ мэдлэг олж авна гэдэг боломжгүй юм. Ийн товчхондоо мартах гэдэг нь биднийг аз жаргалтай, илүү ухаалаг байх хамгийн том туслагч аж.
Колумбийн их сургуулийн судлаач, “Forgetting: The Benefits of Not Remembering” номын зохиолч Scott A. Small
Ихэнх хүний хувьд мартах нь эрүүл үзэгдэл төдийгүй тархины үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай процесс.
Мартах бол санах чадвартай адил чухал зүйл бөгөөд ач холбогдолгүй мэдээллийг шүүж, чухал зүйлд төвлөрөх боломж олгодог.
Тархины эсвэл сэтгэл зүйн эмгэгтэй холбоотойгоор хүний тархи шинэ мэдээлэл тогтоох чадвараа алдаж, амьдралынхаа аль нэг үеийн бодит дурсамжийг ор тас мартах тохиолдол бий. Эдгээр нь эмгэг төрлийн мартах үйл явцад тооцогддог. Энэ нь мэдээж байгалиасаа зарим зүйлийг мартах хүний төрөлх өгөгдлөөс ялгаатай. Мөн хүмүүсийн гадаад үзэмж, дотоод ертөнц харилцан адилгүйтэй ижил хүн хүний мартах, санах процесс ч ондоо. Зарим нь өчигдөр, уржигдар өрнөсөн үйл явдал, идсэн хоол зэргийг ч нарийн санадаггүй бол зарим нь гудамжаар зөрж өнгөрсөн содон нэгний өмссөн хувцас гадаад төрх, олон жилийн өмнө томилолтоор явж байхдаа буудалласан өрөөний дугаар гэхчлэн санах шаардлагагүй зүйлсийг ч тархиндаа архивлаж чаддаг. Эдгээрийн аль, аль нь хэвийн үзэгдэл гэдгийг тархи судлалын эрдэмтэд онцолдог.
Нийгэм, технологийн хөгжлийг дагаад хүний тархи, сэтгэл зүйн үйл ажиллагаанд олон өөрчлөлт гарсан. Эдгээрийн нэг нь, хүн төрөлхтөнд байгалиас заяасан мартах гэх чухал чадвар бүдгэрч буй явдал юм. Facebook компани 2012 оны сүүл үед “Year in Review” функцийг анх нэвтрүүлсэн. Энэ нь өнгөрсөн жил өрнөсөн онцлох үйл явдлыг гэрчлэх зураг, бичвэр зэргийг хэрэглэгчдэд үзүүлж, дурсамжийг нь сэргээх зорилготой. Дараа нь, 2015 онд “On This Day” гэх шинэ өгөгдөл санал болгосноор хүмүүс 1-2 жилийн өмнөх мөн өдөр нийгмийн сүлжээндээ ямар зураг, бичлэг, бичвэр нийтэлж байснаа харах боломжтой болсон юм.
Харин 2018 оноос дахин хөгжүүлэлт хийгдэж, “дурсамж” гэх агуулга бүхий мэдэгдэл хүргүүлж, бидэнд өдөр бүхэн ойрын жилүүдэд мөн өдрийг хэрхэн өнгөрөөсөн гэдгийг сануулдаг болсон. Үүнтэй төстэй функцийг Instagram, Google photos тэргүүтэй платформууд хэрэглэгчдэд санал болгодог болсон бөгөөд зургуудыг нь эвлүүлж, бичлэг үүсгэн дурсамжаар нь аялуулдаг болсон. Эдгээрийн нөлөөгөөр бид “тархиа цэвэрлэж”, хэрэгцээгүй мэдээллийг устгалд оруулж чадахгүйд хүрсэн. Учир нь бидний тархи аливаа дурсамж, үйл явдлыг бүр мөсөн устгаж, бүрэн дүүрэн мартдаггүй. Тиймээс өмнөх үйл явдалтай холбоотой ямар нэг сануулга, дохио харж, сонссон даруй тухайн өдөр болсон үйл явдал, уулзсан хүмүүс, төрсөн мэдрэмж, идсэн хоол гэхчлэн санах шаардлагагүй олон мэдээлэл тархинд цуглардаг аж. Энэ нь таагүй дурсамж сэргээж, траума сэдрээх эрсдэлтэй төдийгүй сайхан дурсамжаа харж, одоогийн өөртэйгөө харьцуулан өөрийнхөө “хоцрох” айдсыг өдөөх ч эрсдэлтэй юм. Хамгийн аюултай өнцөг нь энэ.
Тодруулбал, бид өнгөрсөн цагийг дурсах үед тархинд ихэвчлэн эерэг мэдрэмж төрдөг. Энэ нь хүмүүс өнгөрсөнд өрнөсөн дурсамжаа бодитоор нь бус илүү сайжруулсан хувилбараар хадгалдагтай холбоотой юм. Үүнийг “fading affect bias” гэж нэрлэдэг бөгөөд энэ нь хортой үр дагаварт хүргэх нь бий. Дурсамжаа гэнэт санах үедээ тэр үед сайхан байж гэх төгс өнгөрсний төсөөлөл сэтгэлд бууж буруу шийдвэр гаргах, одоогийн амьдралдаа сэтгэл дундуур болох, өнгөрсөнтэйгөө зууралдах нь бий. Үүнээс гадна, санах шаардлагагүй зүйлийг алгоритм автоматаар сануулснаар тархи ядаргаанд орж, мэдээллийг боловсруулж, ялгаж, хүлээж авах чадвар ч сулардаг аж. Тэгэхээр хүний тархи мартах тохиргоотой бүтээгдсэн ч бидний бүтээсэн ертөнц тархины байгалийн үйл явцыг гэмтээж, мартахгүй байх тохиргоог тархинд хүчээр өгсөөр байгаа юм. Тиймээс ч энэ бүхнээс тархи, сэтгэл зүйгээ хамгаалах нь өөрийнхөө төлөө хийх чухал алхам гэдгийг сэтгэл судлаачид онцолдог болжээ.