
Үүр хаяарахтай зэрэгцэн жингэнэх сэрүүлгийн чимээнээр өндийлөө. Өнгөрсөн шөнийн ядарсан, залхсан, толгой дүйнгэтсэн мэдрэмж огт арилаагүй байх агаад нойр ханаагүй нь нөхцөл байдлыг бүр ч хүндрүүлнэ.
Гэсэн ч хөнжилдөө шургах хүслээ дарж, 09:00 цагтай уралдан, хурдлахаас өөр арга үгүй. Царайгаа таниулж, цагаа бүртгүүлээд, найман цагийн турш дэлгэц ширтэнэ. Үүнийхээ үр дүнд цалинтай залгаж, сарын сүүлд овоорох өр, төлбөрөөсөө мултарна. Долоо хоногийн таван өдөр, 365 хоногийн 260 орчим нь яг ингэж л өнгөрнө, өрнөнө. Цагт баригдаж, цалинд хүлэгдсэн уг хэв маяг дунджаар 40 орчим жил үргэлжлэх тухай төсөөлөхөөс ч халширч, халгам. Насанд хүрсэн мөчөөс эхлээд эрч хүч, цог золбоотой идэр залуу үеэ ийн өнгөрөөсний эцэст 60 гармагц тэтгэвэртээ гарч, насны хишиг гэж тодотгож буй цөөн төгрөгөөр бор хоног, шар нарыг элээх нь дамжиггүй. Хэтэрхий тодорхой хэтийн төлөв энэ. Амьдралын утга учир, мөн чанар зэргийн талаар эргэцүүлж, дэлхий ертөнцөд ирсэн зөн зангилааныхаа тухай хөвөрдөж, уянгалмаар байгаа ч амь зуух, аж төрөх үндсэн үүрэг, өгөгдөл тийм сөхөө ч өгөх янзгүй. Чөтгөрийн гэж тодотгож болохуйц энэ тойргоос мултарч, үл үзэгдэх хоргоноос өөрийгөө чөлөөлөх ганцхан л зам бий. Тэр нь санхүүгийн эрх чөлөө. Санхүүгээ чөлөөлж чадвал цагт баригдах бус цагаа удирдах боломжтой төдийгүй амьдралыг олонхоос ондоо өнгөөр харж, туулах нөхцөл сая бүрдэнэ. Тиймээс сүүлийн жилүүдэд дэлхий дахинд, залуусын дунд эрт тэтгэвэрт гарах хөдөлгөөн өрнөөд буй. Бүтээмжээ дундарч, бие, сэтгэлийн хүчээ барагдтал цалингаас цалингийн хооронд амь зогоохын оронд идэр насныхаа эхний жилүүдэд чадлаараа хичээж, чадах чинээгээрээ хуримтлуулаад, үлдсэн хугацаандаа өөрийгөө чөлөөлөх тухай хөдөлгөөн юм.
“Financial Independence, Retire Early” буюу “Санхүүгийн хараат бус байдалд хүрч, эрт тэтгэвэрт гарах” хөдөлгөөнийг F.I.R.Е гэж товчлон тодотгодог бөгөөд дэлхий даяар сая, сая залуус хэрэгжүүлж, мөрдлөг болгоод буй. Гол философи нь тун энгийн. Ерөөсөө л, 60-65 настай болтлоо ажиллахын оронд 30-40 хүртлээ тууштай хөдөлмөрлөөд, түүнээс хойш хоббигоороо аж төрж, амьдралыг таашаах тухай юм. Уг ойлголт нь Викки Робин, Жо Домингез нарын 1992 оны “Мөнгө үү, эсвэл Амьдрал уу?” (Your Money or Your Life) номоос эхтэй бөгөөд 2011 оноос олон нийтийн дунд түгж, цар тахлын дараагаас мода болтлоо өргөжин, хөгжжээ.
Санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ гэдэг санасны зоргоор амархан бүтэх зүйл биш. Тиймээс F.I.R.E хөдөлгөөн нь маш тодорхой санхүүгийн томьёолол дээр суурилдаг аж. Залуус санхүүгээс шалтгаалан цагт баригдахгүйн тулд асар их сахилга батыг өөртөө дадуулж, цуцашгүй хөдөлмөрлөж, амьдралыг харах өнцгөө бүхэлд нь өөрчлөх шаардлагатай тулгардаг байна. Тус хөдөлгөөн нь хүн бүрийн амьдралын үнэт зүйл, орлогын хэмжээ, эрсдэл даах чадвар зэргээс шалтгаалан үндсэн дөрвөн урсгалтай. Эдгээрийг дэлгэрүүлье.
Lean
F.I.R.E
Хэмнэлтийн урсгал
Lean F.I.R.E хэв маягийн гол философи нь
хэмнэлт. Материаллаг, өндөр өртөгтэй зүйлсээс татгалзаж, бага зардлаар эрх
чөлөөтэй амьдрах. Энэ урсгалыг дадуулсан хүмүүсийн амьжиргааны зардал маш бага байдаг
тул орлогоо тууштай хадгалж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх боломж нь бусдаас
өндөр байдаг.
Fat
F.I.R.E
Чинээлэг урсгал
Энэ бол өмнө өгүүлсэн Lean F.I.R.E хэв маягийн
яг эсрэг хувилбар. Энэ урсгалыг сонгогчид хөдөлмөрчдийн нийгмээс чөлөөлөгдөхийн
тулд хэмнэж, гамнах нь утгагүй гэж үздэг бөгөөд залуу насандаа хүссэн бүхнээ
эдэлж, хэрэглэхийг хичээж, чухалчилдаг. Ийм үзэл санаатай ч эрт тэтгэвэрт
гарахыг хүсдэг нь тэдний онцлог. Үүний тулд өндөр орлого олдог байх
шаардлагатай. Маш өндөр орлого олж, олсон мөнгөө зөв зохион байгуулж чадвал
ажил хийхгүйгээр амьдрах хэмжээнд хүрэх боломжтой. Гэхдээ Fat F.I.R.E
хөдөлгөөнийг амьдралынхаа хэв маягаар сонгосон иргэдийн олонх нь 30-40 насандаа
санхүүгийн эрх чөлөөнд хүрч чаддаггүйг эдийн засгийн мэргэжилтнүүд онцолдог.
Barista
F.I.R.E
Хагас тэтгэврийн урсгал
Энэ урсгал нь өдөрт найман цаг стресстэй
орчинд ажиллахыг эсэргүүцдэгээрээ онцлог. Гэхдээ энэ нь огт ажил хийхгүй байна
гэсэн үг биш. Тэгэхээр үндсэн амьдралаа хөрөнгө оруулалтын хүүгээрээ залгуулж,
хагас цагийн, хөнгөн нөхцөлд ажиллаж, өдөр тутмын жижиг зардлаа зохицуулдаг
байна. Гэхдээ хагас цагийн ажил хийсээр байх тул тэднийг 100 хувь цаг хугацааны
эрх чөлөөнд хүрсэн гэж үзэхэд бэрх. Тиймээс 50 хувийн эрх чөлөөт иргэд гэж
тодотгох нь ч бий.
Coast
F.I.R.E
Хүүгийн хүчийг ашиглах урсгал
Энэ бол залуусын дунд тренд болж буй урсгал
юм. Тэд залуудаа маш эрчимтэй ажиллаж, хураасан мөнгөө ашигтай, өгөөжтэй зүйлд
хөрөнгө оруулна. Улмаар хүү, хувьцаа, ашгаараа 60 наснаас хойших санхүүгийн
асуудлаа зохицуулна. Хэдийгээр залуу насны хамгийн эрч хүчтэй 5-10 жилийг
уйгагүй хөдөлмөрлөж, шаггүй хэмнэж өнгөрөөх шаардлагатай тулгардаг ч түүнээс
хойш тааваараа амьдрах боломж бүрддэг онцлогтой.
Өмнө өгүүлсэнчлэн, F.I.R.E хөдөлгөөн нь уриалга төдий биш хэрэгжих боломжтой томьёолол юм. Цаг хугацааны эрх чөлөөнд хүрэхийг хүссэн хүмүүс хэзээ ажлаасаа гарч, тэтгэвэртээ суух вэ гэдэг чухал асуулттай тулгардаг. Хариулт нь, “хангалттай мөнгөтэй болохоороо” гэх бүрхэг, бөөрөнхий бус тодорхой байх шаардлагатай. Тиймээс “Дөрвөн хувийн дүрэм” асуудлыг тодорхой болгодог. Анх 1998 онд АНУ-ын Техас мужийн Тринити Их Сургуулийн (Trinity University) профессорууд судалгаа хийжээ. Тэд “Тэтгэвэрт гарсан хүн цуглуулсан хөрөнгөнөөсөө жил бүр хэдэн хувийг авч үрвэл насан эцэст хүртлээ мөнгөө хүргэх вэ” гэдэг асуултад хариулт хайсан байна. Ингэхэд, хүн хөрөнгийнхөө 75 хувийг хувьцаанд, 25 хувийг бондод байршуулаад, жил бүр нийт хөрөнгөнийхөө дөрвөн хувийг ашиглавал хөрөнгө нь 30- аас дээш жилийн хугацаанд огт дуусахгүй, өссөөр байх боломжтой нь тогтоогдсон аж. Тухайлбал, 500 сая төгрөгийн хуримтлал, хувьцаа, бондтой хүн үндсэн хөрөнгийнхөө дөрвөн хувь болох 20 сая төгрөгийг данснаасаа гаргаж, хэрэглээндээ зарцуулна. Үлдсэн 480 сая төгрөгөө зах зээл дээр өсгөсөөр байна. Хөрөнгийн зах зээлийн урт хугацааны дундаж өгөөж нь тухайн хүний авч буй 4 хувийг болон инфляцын алдагдлыг нөхөж чаддаг тул хуримтлал багадаа 30 жил дуусахгүй, өссөөр байх боломжтой аж. Үүнээс гадна “25- ын дүрэм” ч гэж бий. Энэ нь хэдий хэмжээний хөрөнгөтэй болсны дараа ажлаас гарвал санхүүгийн хувьд асуудалгүй байх боломжтойг илтгэх ойлголт юм. Жилийн тогтмол зардлаа 25-аар үржүүлээд гарсан хариу нь таны ажлаас гарахад шаардлагатай санхүүгийн тусгаар тогтнолын тоо аж.
F.I.R.E хөдөлгөөн нь ажил хийж, хөдөлмөр эрхлэхийн эсрэг утгатай биш. Харин сэтгэлгээгээ өөрчилж, хэрэглээний соёлд суралцан, өрийн хавхнаас сэргийлж, санхүүгээ оновчтой удирдах тухай агуулга юм. Ажлын өдрийн сэрүүлэг аймшигтай сонсогдохоо болих мөчийг сахилга батаар бүтээх боломжтой.