
“Дүрсгүй моньд, сахилгагүй нөхөр, муу сурлагатан” зэргээр цоллуулж, дэвтэр дэлгэж, хичээл хийхээс халгадаг хүүхэд бүх цаг үед л байсан.
Гэхдээ өмнө нь энэ үзэгдлийг суралцахуйн бэрхшээл гэж тодотгон, судлагдахууны хэмжээнд авч үздэггүй байв. Харин XIX зууны сүүл үеэс оюун ухаан, хараа, сонсгол зэрэг нь хэвийн ч суралцах, судлах чадвар нь сул хүүхдүүдийг эрдэмтэд анзаарч, судалгааны ажлаа эхлүүлжээ. Улмаар хүнийг эрдэмд шамдаж, ихийг суралцахад нь дөнгө болж буй хүчин зүйл хүмүүжил, төлөвшил, дадал, хэвшлээр хязгаарлагдахгүй гэдгийг олж тогтоосон байна. Тодруулбал, унших, бичих, тооцоолох, анхаарал төвлөрүүлэх зэрэг тодорхой сургалтын чадварууд тааруу байх нь зарим тохиолдолд тархины мэдээлэл боловсруулах төрөлх онцлогоос шалтгаалдаг. Үүнийг эрдэмтэд суралцахуйн бэрхшээл гэж тодорхойлсон бөгөөд энэ нь оюуны хомсдол, хөгжлийн бэрхшээл зэргээс тусдаа ойлголт юм. Эмгэг, өвчин ч биш. Гэхдээ суралцах бэрхшээлтэй хүүхдүүд харсан, сонссон зүйлээ бусдаас өөр хэлбэрээр хүлээж авдаг бөгөөд энэ нь өдөр тутмын суралцах чадварт нь сөргөөр нөлөөлдөг байна. Мөн мэдрэлийн эсийн эмгэгийн түвшинд хүний уураг тархинд эмчилгээ хийх аргагүй. Тиймээс суралцахуйн бэрхшээлийг даван туулах боломжтой ч эмчлэх боломжгүй аж.
“Монголын суралцахуйн бэрхшээлийн холбоо”-ны Удирдах зөвлөлийн дарга, сэтгэл зүйч, психрометрч Б.Жавзан
Сүүлийн үед суралцахуйн бэрхшээлтэй хүүхдийн тоо огцом нэмэгдэж байна. Удамшил чухал нөлөөтэй. Утаа, буруу хоол хүнс, архи, тамхины хэрэглээ зэрэг ч мэдрэлийн эсийн төрөлхийн эмгэгийг нэмэгдүүлэх хүчин зүйлсээр нэрлэгддэг. Эдгээрээс гадна, төрсний дараа хэт хүчтэй өвдөх, таталт өгөх, тархинд гэмтэл авах зэргээс шалтгаалж суралцахуйн бэрхшээл үүсэх эрсдэлтэй. Дэлгэцийн хэт хэрэглээ, хамаарал мөн хүүхдийн анхаарал төвлөрлийг сааруулж, агуулгыг ойлгох, хүлээж авах чадварыг бууруулж байна. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ хооллохдоо хүртэл дэлгэц харуулдаг. Энэ нь суралцах бэрхшээл олдмолоор үүсэх нөхцөл бүрдүүлнэ.
Суралцах бэрхшээл олон хэлбэртэй. Ерөнхийд нь дараах байдлаар ангилдаг.
- Унших бэрхшээл (Dyslexia)
- Бичих бэрхшээл (Dysgraphia)
- Тооцоолох бэрхшээл (Dyscalculia)
- Анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх
(ADHD)
- Хэл ярианы боловсруулалтын бэрхшээл
(Language Processing Disorder)
- Сонсголын боловсруулалтын бэрхшээл
(Auditory Processing Disorder)
- Харааны боловсруулалтын бэрхшээл (Visual Processing Disorder)
Шинж тэмдгийн тухайд, үсэг авиа ялгах, холбох чадвар сул, уншсан зүйлийн утгыг ойлгож, илэрхийлж чадахгүй байх, бичиж, найруулах дүйгүй, цаг, мөнгө, дараалал ойлгохгүй байх, анхаарал амархан сарних, сонсгол хэвийн ч сонссон зүйлээ ойлгох, авиа ялгах дадал хөгжихгүй байх зэргээр илэрнэ. Мөн хараа хэвийн ч дүрс, хэлбэр, зай, хэмжээг ялгахад хүндрэлтэй, тоо тоолол тогтоохгүй, ялгахгүй, үг үсгийг тонгоргож бичиж, унших зэрэг нь ч суралцах бэрхшээлийн шинж тэмдэгт тооцогддог. Суралцахуйн бэрхшээлийг эрт оношилж, зөв ажиллахгүй бол зан үйлийн эмгэг үүсэх эрсдэлтэй. Улмаар хүүхэд сэтгэл хөдлөлөө удирдаж чадахгүй, буруу илэрхийлэх, муу зуршилд автах магадлалтай аж.
“Манай ангид суралцахуйн бэрхшээлтэй хүүхэд дөрөв бий. Хичээлдээ огт төвлөрөхгүй, заасан зүйл ойлгохгүй, амнаасаа үг унагахгүй. Зарим нь гэнэт уйлна, хичээлийн хэрэгслээ шидэлнэ, хүүхдүүд цохиж авна, ангиас гараад гүйчихнэ. Ийм зан авиртай хүүхэд олон байгааг эхлээд гайхсан. Багш нартай ярилцаж, судалсан. Улмаар суралцах бэрхшээл гэдгийг нь олж мэдсэн. Ний нуугүй хэлэхэд, хөгжлийн бэрхшээл л гэж мэдэхээс сурах бэрхшээл гэж өмнө нь дуулаагүй. Тэгэхээр ийм хүүхдүүдтэй хэрхэн ажиллаж, тэднийг яаж сургах тал дээр би шинээр суралцаад л явж байна. Шинэ үеийн хүүхдүүдтэй ажиллах ер нь багшаас их ур чадвар шаарддаг юм байна. Анхаарал нь амархан сарнидаг, шүүмжлэл хүлээж авах чадвар сул, гялгар, гялтгар зүйлийг л сонирхох хандлагатай” гэж бага ангийн багшаар 23 жил ажилласан ахмад багш хүүрнэнэ. Тэрээр өнгөрсөн намар нэгдүгээр анги дааж авчээ. Энэ ангийнхан өмнө нь төгсгөсөн хүүхдүүдээс олон зүйлээрээ ондоо байгаа бөгөөд харилцах, ярилцах, сургахад багшаас шаггүй ур чадвар шаардаж байгааг өгүүлсэн юм. Мөн боловсролын салбарт бүх насаа зориулсан тэрээр сурах бэрхшээл гэх шинэ сорилттой тулгарч буйгаа өгүүлж, энэ асуудал олон багш, эцэг, эхийн сэтгэлийг чилээж байгааг тодотгов.
Нийтлэлийн өмнө өгүүлсэнчлэн суралцахуйн бэрхшээл шинэ тутам үзэгдэл биш. Гэхдээ сүүлийн жилүүдэд ийм хэв шинжтэй хүүхэд дэлхий даяар нэмэгдэх хандлагатай байгаа аж. Тодруулбал, хүн амын 15 орчим хувь нь суралцах бэрхшээлтэй байгааг олон улсын судалгаанд өгүүлсэн байна. Хичээлд дургүй, дүйгүй хүүхэд бүрийн суралцах бэрхшээлтэй гэж тодорхойлох нь өрөөсгөл ч энэ төрлийн хэв шинжтэй багачууд цөөнгүй байгааг дээрхээс харж болохоор байна.
“Монголын суралцахуйн бэрхшээлийн холбоо”-ны Удирдах зөвлөлийн дарга, сэтгэл зүйч, психрометрч Б.Жавзан
Одоогоор суурь судалгааны ажлыг хэн ч хийгээгүй байна. Мөн аутизмтай хүүхдүүдтэй андуурагдах тохиолдол их байдаг. Тиймээс эрт оношлох хэрэгтэй.
Багш нартай ярилцахад 20 хүүхэд тутмын 5-6 нь энэ төрлийн бэрхшээлтэй байгааг хэлдэг. Суралцахуйн бэрхшээлтэй хүүхдэд зан төлөвийн эмгэг үүсэх гээд байдаг талтай.
Суралцахуй бэрхшээл элбэг байгаатай холбоотойгоор дэлхийн ихэнх улс орон энэ төрлийн хүүхдүүдийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх, ойлголт, мэдээллийг олон нийтэд түгээх тал дээр анхаарч байна. Мөн эдгээр хүүхдүүдийг дэмжих, тусламж үзүүлэх багш нарыг бэлтгэдэг болжээ. Түүнчлэн технологийн компаниуд ч суралцахуйн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, бэрхшээлээ даван туулахад нь туслах зорилготой хөгжүүлэлтийг хийсээр байгаа юм. Тухайлбал, тоолох, тооцоолох бэрхшээлтэй (Dyscalculia) иргэдэд зориулсан олон үйлдлийн системтэй тусгай төхөөрөмж, унших бэрхшээлтэй (Dyslexia) иргэдэд чиглэсэн текст уншдаг прорамм гэхчлэн төрөл бүрийн төхөөрөмжүүд дэлхийн зах зээл дээр бий болсоор байна.
Харин Монгол Улсын хэмжээнд суралцахуйн бэрхшээлтэй хүүхэдтэй холбоотой ойлголт бусад оронтой харьцуулахад хомс, шинэ тутам. Энэ төрлийн бэрхшээлтэй нүүр тулж буй хүүхэд манайд хэчнээн байгааг тодорхойлж, тогтоосон тоо, судалгаа ч ховор байна. Тиймээс ойлголтоо тэлж, суралцахуйн бэрхшээлтэй иргэдийг ойлгох, дэмжих, хүлээн зөвшөөрөх хэрэгцээ тулгамдаад буй.
Суралцахуйн бэрхшээл бол хөгжих, урагшлах, ирээдүйгээ гэрэлтүүлэхэд дөнгө болох бэрхшээл биш. Хүн бүхэн математикч болох албагүй. Хүн бүр бүгдийг судалж, суралцах замналаар амьдрах боломж ч үгүй. Тиймээс хүүхдийнхээ онцлогийн эрт таньж, давуу байдлыг нь хөгжүүлэн, таниулах нь нэн чухал. Ингэснээр зан үйлийн эмгэг үүсэх, сэтгэл зүй, сэтгэцийн өөр хэлбэрийн эмгэг, өвчлөл бий болох зэрэг хүндрэлээс сэргийлэх боломжтой юм.
Түүнчлэн суралцахуйн бэрхшээлтэй хүмүүсийн IQ жирийн хүмүүстэй ижил, зарим тохиолдолд өндөр байдаг аж. Энтрепренер, эрдэмтэн судлаачдын дунд суралцахуйн бэрхшээлтэй хүн маш олон. Jurassic Park, Schindler’s List зэрэг киногоороо дэлхийн танигдсан алдарт найруулагч Steven Spielberg, “Apple” компанийн үүсгэн байгуулагч Steve Jobs, дэлхийн түүхэн дэх хамгийн амжилттай усанд сэлэгч, Олимпын наадмын хамгийн олон медальтай тамирчин Michael Phelps зэрэг цөөнгүй алдартан суралцах бэрхшээлтэй байжээ. Тэд өөрсдийн төрөлх онцлогийн хүлээн зөвшөөрч, өгөгдсөн өөр чадвараа хөгжүүлж чадсанаар амжилтаас атгаж, алдарт хүрсэн байна.