Олон ажил зэрэг амжуулж, юуг ч орхигдуулахгүй гүйцэтгэхийг Multi Tasking гэж томьёолон, хамгийн чухал ур чадварт тооцож байсан цаг саяхан.
Ажлаа хийх явцдаа утсаар ярьж, имэйл солилцох, алхаж байхдаа подкаст сонсох, хооллох зуураа утас, зурагт, хэвлэлээс мэдээлэл авах зэргээр богино хугацаанд олон зүйл зэрэг амжуулах нь цаг хугацаатай уралдан, хурдлах энэ нийгэмд нэн чухал мэт. Гэвч сүүлийн жилүүдэд хандлага хувирч, бүгдийг зэрэг амжуулах бус бүхнээс ангижирч, гүн төвлөрөн, гүйцэтгэлээ чамбайруулах чадвар илүү чухалд тооцогдох болжээ. Учир нь, нийгэм, хүмүүсийн амьдралын хэв маяг хувирах хэрээр бидний аливаад төвлөрөх төрөлх чадвар суларч, төгс бүтээмж гэх ойлголт улам бүр алсарч буй.
Хүмүүсийн анхаарал төвлөрөх дундаж хугацаа 2000 оны үед 12 секунд байжээ. Харин одоо найман секунд. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 ердөө ингээд л болоо. Магадгүй та энэ нийтлэлийг унших зуураа утсаа оролдож, компьютерынхоо дэлгэц рүү харцаа шилжүүлсэн л байх. Аль эсвэл энэ хүртэл уншихгүйгээр анхаарал тань өөр зүйл рүү сарнисан ч байж болох юм.
Хүн төрөлхтний анхаарал төвлөрөл суларч байгаа талаарх өөр нэг судалгааг Данийн Техникийн их сургуулийн профессор Суне Леманнд хийсэн байна. Түүний тогтоосноор, одоогоос 10 жилийн өмнө нийгмийн сүлжээнд ямар нэг сэдэв олны анхаарлын төвд орохдоо 17.5 цагийн турш тренд болдог байсан бол өдгөө 11 цаг болж буурчээ. Тэрээр хүмүүсийн аливаа асуудлыг анхаарах хугацаа багассан нь анхаарал төвлөрөл буурсантай холбоотой гэж дүгнэсэн аж.
Улайрах ур
Олон зүйл зэрэг амжуулах агуулгатай MULTITASKING-тай эсрэгцэж буй ойлголт бол DEEP WORK юм. Бүхнээс ангижирч, гүн төвлөрөх тухай эл агуулгыг Жоржтауны их сургуулийн компьютерын шинжлэх ухааны профессор, нэрт зохиолч Кал Ньюпорт анх санаачилсан бөгөөд тэрээр бүтээмж, анхаарал төвлөрөл хоёр салгах аргагүй нягт холбоотойг онцолсон байна. Мөн төвлөрөх чадвар нь өнөөгийн нийгмийн хамгийн үнэ цэнтэй ур дүйд тооцогдох болсныг өгүүлжээ.

"Гүн төвлөрөх чадвар нь хөдөлмөрийн зах зээлд улам бүр үнэ цэнтэй болж байгаа бөгөөд нэн ховордож буй. Тиймээс энэ чадварыг эзэмшиж, ажил, амьдралынхаа цөм болгосон хүмүүс амжилтад илүү ойртоно."
Гэвч хүмүүсийн олонх нь гүн төвлөрч дадаагүй байдаг бөгөөд ач холбогдлыг нь ч мэддэггүй аж. АНУ-д явуулсан судалгаагаар ажилчдын 60 хувь нь deep work бус shallow work буюу анхаарал төдийлөн шаардахгүй ажилд өөрийн эрч, энергийг зарцуулдаг нь тогтоогдсон байна. Тэд бүтээмжээ аар, саар ажилд зарцуулж, юунд ч бүрэн төвлөрдөггүй болохыг судалгааны багийнхан онцолжээ.
Төвлөрлийн тус
Олон зүйл зэрэг амжуулах бус ганц дээр бүтэн төвлөрөх нь цөөнгүй ач холбогдолтой. Нэгдүгээрт, сэтгэцийн эрүүл мэндэд тустай аж. Сүүлийн жилүүдэд анхаарал дутмагшихтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудал дэлхий нийтийн асуудал болоод буй. Тэгвэл гүн төвлөрлийн ачаар энэ төрлийн асуудлаас сэргийлэх боломжтой аж. Мөн нэг ажлаас нөгөөд шилжих үед хүний тархи шинээр ачаалладаг бөгөөд энэ нь сэтгэн бодох чадварт сөргөөр нөлөөлдөг тул төвлөрч дадвал тархи, сэтгэлгээгээ “гамнах” ч боломжтой. Хүний анхаарал сарнисны дараа эргээд бүрэн төвлөрөхөд дунджаар 20 минут зарцуулдаг аж.
Тэгэхээр нэг цагт гүйцэтгэх ажлын дундуур гар утас, цахим хаягаа хоёр удаа шалгахад л ажлын бүтээмжийг багадаа 40 минутаар “чангаадаг” байж таарах нь. Тэгэхээр мэдээж төвлөрч чадвал бүтээмж төдийгүй цаг хугацаанд ч тустай. Гүн төвлөрлийн өөр нэг давуу тал нь суралцах процессыг хурдасгах “шид” юм. Хүн аливаад бүрэн төвлөрч, улайрах үед тархины мэдрэлийн эсүүдийн хоорондын холбоо бэхжиж, аливааг тогтоох, хүлээж авах, ойлгох чадвар нь нэмэгддэг байна. Эдгээрээс гадна ажилдаа сэтгэл ханамжтай байх, амьдралынхаа утга учрыг зөвөөр олж харахад ч төвлөрөл тусаа хүртээдэг байх нь.
Төвлөрөлд төвлөрөх нь
Хэрхэн анхаарлаа алдахгүй барьж, төвлөрөлд төвлөрч дадах нь анхаарах учиртай чухал асуудал юм. Тэгвэл гүн төвлөрч дадах аргыг Жоржтауны их сургуулийн компьютерын шинжлэх ухааны профессор, нэрт зохиолч Кал Ньюпорт “Deep Work: Rules for Focused Success in a Distracted World” номондоо өгүүлсэн байна. Түүний үзэж буйгаар төвлөрөх үндсэн гурван арга байдаг аж.
- Монастик философи: Энэ нь хамгийн хатуу аргуудын нэг юм. Хамгийн чухал ажилдаа бүрэн төвлөрч, түүндээ бүх хүч, энергиэ зарцуулан, хамгийн сайнаараа гүйцэтгэх тухай агуулга. Үүний тулд хүмүүст болон өөртөө үгүй гэж хэлж сурах шаардлагатай. Улмаар анхаарал сарниулдаг зүйлс болон чухал биш гэж үзсэн ажлуудаа хэдэн долоо хоног, хэдэн сарын турш орхиод зөвхөн чухал ажил дээрээ л бүрэн төвлөрөх арга барил юм.
- Биомодель философи: Төлөвлөгөө, цагийн менежменттэй байх тухай ойлголт юм. Өдрийн аль хэсэгт ажилдаа гүн төвлөрөх вэ, аль хэсэгт төдийлөн анхаарал шаардахгүй ажлуудыг гүйцэлдүүлэх вэ гэдгээ тодорхой болгож, түүнийгээ мөрдсөнөөр төвлөрөхөд төвлөрөх боломжтой юм. Энэ аргыг хэрэгжүүлэхийг тулд долоо хоног, сар, улирлаар нь хийх ажлаа төлөвлөх шаардлагатай аж.
- Ритмик философи: Өмнөх арга барил нь цагийн менежментдээ тохируулан, төвлөрлөө зохицуулж байсан. Харин энэ удаагийнх өдөр, өдрөөр нь тооцоолох арга юм. Долоо хоногийн тодорхой өдрийг гүн төвлөрөх өдөр болгож, бусад үед нь өөр зүйлд цаг хугацаа, эрч энергиэ зарцуулах боломжтой.
Эдгээрээс гадна, хаана, хэдэн цагийн хугацаанд, хэрхэн төвлөрөхөө тодорхой болгох нь зүй. Мөн түүнийгээ дадал болгож, бие, сэтгэл зүйгээ дасгах нь үр дүнтэй арга.
Хоёрдугаарт, анхаарал сарниулах зүйлээс зайгаа авах хэрэгтэй. Төвлөрөх хугацаандаа цахим сүлжээгээ унтрааж, гар утасны тохиргоогоо ч дуудлага, зурвас хүлээж авахгүй горимд нь тохируулж, ажлын хамтрагчдаа төвлөрөх хугацаанд өөрийг нь сатааруулахгүй байхыг анхааруулах нь зүй.
Төвлөрөл бол юуг ч төгс гүйцэтгэхгүй ч, юуг ч орхигдуулдаггүй өнөөгийн нийгэмд нэн шаардлагатай ур чадвар юм. Энэ нь таны нийгмийн үнэлэмжийг өсгөөд зогсохгүй орлогод тань ч тодорхой нөлөө үзүүлэх боломжтой.