
Үндэсний бөхдөө хайртай монголчуудын хүсэн хүлээдэг Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр эхэлнэ. Өмнөх өдрүүдэд сар шинийн баярт зориулсан өсвөрийн болон ахмад бөхчүүд, аймаг, цэргийн начин, харцага, сумын цолтон, залуу бөхчүүдийн барилдааныг зохион байгуулсан. Эдгээр өдөр бөхийн хорхойтнууд Дархан аварга А.Сүхбатыг дахин барилдахыг харлаа. Тэрээр 2006 оноос хойш 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөндөө дахин зодогдож 56 дахь түрүүгээ хүртэв. Мөн түүний хүү С.Төрхур өсвөр бөхийн барилдаанд оролцсон юм. Зөвхөн А.Сүхбат аваргын хүү ч бус П.Бүрэнтөгс аваргын хүү Б.Мөрринчин, Б.Бат-Өлзий зааны хүү Б.Өсөх-Ирээдүй, Б.Даваа-Очир начны хүү Д.Мөнхбаатар тэргүүтэй удам дамжсан өсөврийн бөхчүүд зодоглосон нь олны анхаарлыг татлаа.
Сар шинийн баярт зориулсан барилдааныг 1963 онд “Нэгдэлчдийн баяр” нэртэйгээр анх зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Анхны барилдаанд 64 бөх зодоглосноос дархан аварга Ж.Мөнхбат тухайн үед улсын заан цолтойдоо түрүүлж, Ч.Бээжин аварга үзүүрлэж байжээ. Мөн энэ барилдаанд олон жилийн турш хүчит бөхийн ногоон дэвжээг эзэгнэн өрсөлдсөн “Хоёр Мөнх” анх удаа учраа таарчээ. Х.Баянмөнх аврга аймгийн начин цолтой зодоглож дунд шөвөгт Ж.Мөнхбат аваргад өвдөг шороодсон байна. Улмаар тэр жилийнхээ наадмаар улсын начин цол хүртжээ.
Бөхчүүд Цагаан сарын барилдаанаар тэр жилийнхээ өнгийг тодорхойлдог гэж ярьдаг. Энэ нь ч батлагдаж Цагаан сараар сайн барилдаж тухайн жилийнхээ наадмаар цолоо ахиулсан бөх олон бий. Тийм ч учраас бөхчүүд энэ барилдаанд ихээхэн ач холбогдол өгч, өрсөлдөөн улам ширүүссэн. 64 бөхийн барилдаанаар эхэлж байсан Цагаан сарын барилдаанд зодоглох бөхчүүдийн тоо нэмэгдсээр 1971 оноос 128, 1991 оноос 256 бөх барилдах болсон юм. Харин одоо 256 бөхийн тоонд багтаж барилдах гэсэн өрсөлдөөн аймгийн цолтнууд дунд өрнөдөг болсон. Тиймээс Цагаан сарын баярт зориулсан аймаг, цэргийн харцага, начин цолтой бөхчүүдийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдэд оролцох эрх олгодог болсон. Мөн Сар шинийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авдаг болсон. 2023 оны ганцхан тохиолдлыг эс тооцвол энэхүү барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс допинг илэрч байгаагүй. Энэ нь хамгийн шударга болдог барилдаан гэдгийг илтгэж байгаа юм. Харин жил бүрийн Улсын баяр наадмын дараа ёс юм шиг, ёр ч юм шиг нэг зүйл болдог нь бөхчүүдийн допингтой холбоотой маргаан. Анх наадмаас наадмын хооронд үргэлжилдэг, допинг илэрсэн бөхөд өвдөг шороодсон бөхчүүдэд нь цол, чимэг нөхөн олгодог маргаан байлаа. Одоо харин жил дамнан үргэлжилдэг болов. 2020 оны Үндэсний их баяр наадмаар зургаа давж улсын харцага цол хүртсэн Баянхонгор аймгийн Богд сумын харьяат аймгийн арслан Б.Бат-Оршихоос допинг илэрсэн, илрээгүй гэх маргаан саяхныг хүртэл үргэлжиллээ. Саяхныг хүртэл гэхийн учир нь өнгөрсөн нэгдүгээр сарын 16-нд Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын Допингийн давж заалдах комисс хуралдаж “Б.Бат-Оршихоос допингийн шинжилгээ авч танилцуулах, түүндээ үндэслэн харцага цолыг хурааж, барилдах эрхийг хасах шийдвэр гаргахдаа процессын алдаа гаргасан. Тиймээс түүнийг цолыг хурааж, барилдах эрхийг хассан шийдвэр нь үндэслэлгүй байна” гэсэн шийдвэр гаргав.
Аймгийн арслан Б.Бат-Орших
Ковидын үе байсан хэдий ч 2020 оны Ардын хувьсгалын 99 жилийн ойн наадам хөдөө хээр монгол ахуйтайгаа илүү ойр сайхан наадам болсон. Би тэр жил бэлтгэл сайтай байсан. Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор 1024 бөх барилдах учир түүнд бэлдээд бэлтгэлээ сайн хийдэг байлаа. “Энэ жил улсын цолонд хүрчихвэл дараа жил 1024 бөх барилдахад цолоо ахиулна даа” гэсэн бодолтой байсан юм. Гэтэл бүр зургаа давж Монгол Улсын харцага цолны болзол хангасан. Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу допингийн шинжилгээнд хамрагдаад шинжилгээний хариуг есдүгээр сард танилцуулсан. Хууль зүй, дотоод хэргийн яаманд дуудаад “Хориотой бодис илэрсэн” гэсэн албан бичиг танилцуулсан. Би “Солонгосын лабораториос албан ёсны хариуг нь өгчих” гэсэн. Гэтэл “Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас очиж ав” гэсэн. Ковидын үе байсан учраас бүх байгууллага хаалттай, гадуур чөлөөтэй явах боломжгүй байлаа. Намайг нааш цааш нь хэд хэд явуулсан. Удалгүй цол хурааж, барилдах эрх хассан тухай мэдээллийг сошиалаас авсан. Өмгөөлөгчтэй уулзаад шүүхэд гомдол гаргаад явъя гэхээр “Заавал шийтгэл ногдуулсан албан тоот бичиг нь хэрэгтэй. Түүнгүйгээр гомдол гаргах боломжгүй” гэсэн. Гэтэл шийтгэл оногдуулсан албан бичиг нь олдохгүй байсан. 2023 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатартай уулзахад бичиг нь олдоогүй. 2023, 2024 онд бөхийн салбар хороонд долоо, найман удаа өргөдөл гаргаж байж холбогдох бичиг баримтуудаа цуглуулж авсаар 2025 оны зургаадугаар сард шинжилгээнийхээ хариуг хуулбарлаж авсан. Шинжилгээний хариу дээр “Илэрсэн бодис нь өөрөөс үүссэн” гэх бичигтэй байсан. Энгийнээр тайлбарлавал “Хүний биед байх ёстой бодисын хэмжээ нь өөрчлөлттэй, гэхдээ өөрөөс үүссэн” гэсэн тодотголтой байсан юм. Тиймээс энэ нь ямар учиртай юм бол гээд Б сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ бөхийн салбар хороонд өгсөн. Гэтэл Солонгосын лабораториос “Хэдэн жил өнгөрчихсөн учраас Б сорьц нь устгагдсан” гэсэн хариу ирсэн. Одоо яах вэ гэж судалсаар Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын Допингийн давж заалдах комисст хандсан. Энэ комисс өнгөрсөн арваннэгдүгээр сарын 25-нд урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн. Гэвч Хууль зүй, дотоод хэргийн яамнаас гэрч оролцуулна гээд хурал хойшилсон. Харин сая хуралдахад Хууль зүй, дотоод хэргийн яамныхан “Ирэх боломжгүй” гэсэн учраас үргэлжлүүлэн хуралдаад миний эрхийг зөрчсөн байна гэж үзсэн. Допингийн шинжилгээний хариуг үндэслэн гаргасан бүх шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн. Намайг шийтгэсэн шийдвэр тогтоол нь хүчингүй болсон учраас нөхөж зарлиг гаргахгүй өмнөх цол олгосон зарлиг нь сэргэх ёстой гэж бодож байна.
Ийнхүү зургаан жилийн дараа аймгийн арслан Б.Бат-Орших улсын харцага цолоо буцааж авахаар болж байна. Зургаан жил гэдэг багагүй хугацаа. Энэ хугацаанд харцага цолтойгоо байсан бол гэх харамсах сэтгэл хэзээ ч арилахгүй гэдгийг Б.Бат-Орших хэлж байлаа. Тэрээр “Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмаар хураалгасан харцага цолоо батална гэсэн зорилготой барилдсан ч наадмын дэвжээнд гарахдаа “Хүмүүс намайг юу гэж бодож байгаа бол” гэсэн бодолд дарагдсаар дөрвийн даваанд өвдөг шороодсон” гэлээ.

Хүний залуу нас, оргил амжилт үзүүлэх боломж нь цаг хугацаатай. Тухайн цаг хугацаагаа алдвал бүх зүйл ард хоцордог. Бусдын буруугаас болж энэ боломжоо алдана гэдэг үнэхээр харамсалтай. Тиймээс допингийн шинжилгээ авдаг, түүнд нь үндэслэн шийдвэр гаргадаг байгууллагууд хариуцлагатай байхгүй бол болохгүй гэдгийг дээрх жишээ харуулж байна. Мөн шинжилгээ өгдөг бөхчүүд ч бас өөрсдөө хариуцлагатай байх хэрэгтэй. Санаатайгаар сэргээш хэрэглээгүй л бол шинжилгээ авдаг, өгдөг хэн хэн нь алдаа гаргаж үл болно. Саяхан дархан аварга Н.Батсуурь “Явцын шинжилгээг ойр ойрхон авлаа. Цагаан сар, наадмаар л шинжилгээ өгч баймаар байна” хэмээн саналаа хэлсэн. Шээсээ өгөөд л болох учраас үнэхээр л асуудалгүй бол жилд хэдэн ч удаа шинжилгээ өгсөн болмоор. Шинжилгээний хариу нь сөрөг гарах бүрд тухайн бөхийн нэр хүнд, олны итгэл улам өснө. Харин шинжилгээ өгөхөөс цааргалах, зугтах нь сайн зүйл дагуулахгүй.
Допингийн давж заалдах комисс 2023 оноос үйл ажиллагаа явуулж допингийн маргааныг шийдвэрлэж эрх нь зөрчигдсөн тамирчдын эрхийг сэргээж, сэргээш хэрэглэсэн эсэх маргааныг эцэслэж байгаа юм. Тус комисс үйл ажиллагаа явуулж эхлээд хамгийн анх улсын арслан цол хүртсэн ч допинг илэрсэн М.Бадарчид холбогдох маргааныг хэлэлцэн шийдвэрлэж байлаа. Наадам бүрийн дараа олон нийтийн дунд маргаан тарьж, талцал хуваагдал үүсгэдэг бөхчүүдийн допингтой холбоотой асуудлыг шийдвэрлэдэг албан ёсны байгууллагатай болсон нь сайшаалтай. Өмнө нь шинжилгээний хариуг үндэслэн гаргасан Үндэсний бөхийн салбар хорооны шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлигийг ямар ч байгууллага шүүн нягталдаггүй, эцсийн шийдвэр болдог байлаа. Харин шүүдэг бүтэц бий болсон учир сэргээшийн шинжилгээ авдаг байгууллага, түүнд үндэслэн шийдвэр гаргадаг хүмүүс илүү хариуцлагатай хандахгүй бол болохгүй нь. Допингийн давж заалдах комисс саяхан хуралдаж зөвхөн аймгийн арслан Б.Бат-Орших бус, 2025 онд Төв аймгийн наадамд түрүүлсэн Э.Чойнямын нэхэмжлэлийг хангаж мөн цолыг нь хураах нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн юм.
Допингийн давж заалдах комисс аймгийн арслан Б.Бат-Оршиход улсын харцага цолыг нь буцааж олгох нь зүйтэй гэж шийдвэрлэснээр 2020 оны наадмаар тавын даваанд түүнд өвдөг шороодсон Ц.Сандагдоржийн улсын начин цолыг хураах уу гэсэн асуулт урган гарч байгаа юм. Хуульчид үүнийг “Хүний эрхзүйн байдлыг дордуулж болохгүй гэсэн зарчмын дагуу цолыг нь хураахгүй байх боломжтой” хэмээн тайлбарлаж байна. Ямартай ч бөхчүүд санаадгүй байдлаар сэргээшийн шинжилгээнд бүдрэх, бүдэрсэн бол цаг алдалгүй эрхээ хамгаалуулах, шинжилгээ авч байгаа болон түүнийг нь үндэслэн шийдвэр гаргадаг хүмүүст хариуцлагатай байхыг сануулсан явдал боллоо.