
“Авсан цалин хаанаа ч хүрэхгүй, ажил карьерт ч ахиц гардаггүй.
Арьс, үс ч арзайж, үрчийгээд, бие галбир ч хэлбэрээ алдах боллоо” гэж гомдоллон амьдралдаа, өөртөө, улс хот, унаган нутагтаа ч сэтгэл ханадаггүй хүн олон. Яаж ч өөрчлөгдсөн, ямар ч хэмжээний зүтгэл гаргасан хангалттай гэх мэдрэмж төрөхгүй, байгаагаа бус байхгүйгээ эргэцүүлж зүдэрнэ. Хэчнээн турсан ч дахиад жин хаях ёстой мэт санагдаж, арьс нь сайхан болсон ч ахиад сайжруулах хэрэгтэй мэт бодогдож, шинэ хэл сурмагцаа үсгийг нь ч гадарлахгүй өчнөөн орнын хэл бий тухай эргэцүүлж, өөрийгөө дотроосоо “иднэ”. Оногдсон 24 цагийнхаа секунд бүрийг тооцоолж, өглөө нарнаас үдшийн бүрий хүртэл өөрийгөө хөгжүүлж, өсөлт бий болгохоор шамдана. Энэ бол өнөөгийн, өрсөлдөөнт нийгмийн нийтлэг эмгэг. Энэ нийгэмд амьдарч буй хүмүүсийн олонх нь долоо хоногийн дөрвөн өдөр фитнесээр хичээллэж, сард хоёр удаа гоо сайхны салоныг зорьж, хооллох бүрдээ шим тэжээлийг нь тооцоолж, шинэ мэдлэг олж, шимтэн суралцахыг бүхнээс урьтал болгож байна. Амьдрах, амьсгалж байгаагаа тайван мэдрэх ч завдал алга. Мэддэг, чаддагтай байх сайхан. Өөрийгөө хөгжүүлж, улам сайжрахаар мэрийх нь ч зүйн хэрэг. Гэхдээ байгаадаа талархах бус байхгүйгээ бодож, шаналах, өнөөдөртөө, өөртөө, амьдрал, хувь заяандаа үргэлж гомдоллож, сэтгэл ханамжгүй байх нь асар хортой юм. Харамсалтай нь, ихэнх хүн энэ мэдрэмж, тэр сэтгэлгээнд хашигдан аж төрж байна. Бүр лавшруулаад харвал, хашигдаж гэхээс илүү хүмүүсийн тархи, сэтгэлгээг “Би хангалтгүй” гэх үл харагдах хоргонд зорилготойгоор хорголох болжээ.
идний өөрөө өөртөө, амьдралдаа сэтгэл ханахгүй, төгс хувилбар руугаа дөхөхийг цаг үргэлж хүсэх нь зарим хүнд ашигтай. Учир нь би сайжрах хэрэгтэй, гадаад байдал, дотоод ертөнцөө тордох учиртай гэх мэдрэмж бүрийн цаана мөнгө яригдаж байдаг. Тиймээс ихэнх бүтээгдэхүүн, үйлчилгээ “Чи хангалтгүй, өөрийгөө хайрладаггүй, илүү сайжрах шаардлагатай” гэх мэдрэмж, мессежийг өгөх зорилго өвөртлөн маркетинг, сурталчилгаагаа хийдэг.
Тухайлбал, фитнес, иога, пилатис зэрэг заалны бизнесүүд болон эрүүл гэх шошготой хоол үйлчилгээнүүдийн реклам, зар сурталчилгаанд өв тэгш бие хаатай моделууд тоглож, арьс, үс гоё сайхан болгох бүтээгдэхүүнийг өндөг шиг өөгүй, өтгөн, намирсан үстэй нэгэн санал болгодог. Ийнхүү хүмүүсийн хоцрох айдсыг өдөөж, би хангалтгүй, надаас бусад нь гоё, сайхан байна гэх мэдрэмж, сэтгэгдэл хэрэглэгчдэд төрүүлдэг аж. Хувцас загвар, электрон хэрэгсэл, хоол үйлчилгээ гээд нэрлээд барамгүй олон бизнес яг энэ зарчмаар л ажилладаг. Ерөөсөө л энэ бүтээгдэхүүн, үйлчилгээ чамд зайлшгүй хэрэгтэй, энэ зүйлгүйгээр чи хангалгүй гэх мессежийг хүмүүсийн далд ухамсарт суулгадаг байна. Цаг үргэлж энэ төрлийн сурталчилгаанд автсанаар бид өөрийн мэдэлгүй төгсийн төлөөх бүтэшгүй тойрогт орчихдог. Ийнхүү өөрийгөө хөгжүүлэх нэрийн дор өрөөлөөс дутахгүй гэх ядмаг хүслээ гүйцээхээр тамираа барагдтал зүтгэж байна. Хэвийн жинтэй хэр нь фитнест явахыг мөрөөдөж, арьс нь асуудалгүй байсан ч гоо сайхны үйлчилгээ авч, шүүгээ дүүрэн арьс арчилгааны бүтээгдэхүүнтэй болохыг зорьж, англи хэлийг хангалттай сурсан ч гуравдагч хэл сурахаар мэрийж, багтаах газаргүй болтлоо хувцас цуглуусан ч дахиад л шинийг авмаар бодогдоно. Хэзээ ч ханахгүй, хэзээ ч цадахгүй, хэзээ ч боллоо гэх дүүрэн, тайван, жаргалтай мэдрэмж төрөхгүй.
Аливаад бодит бус өндөр шаардлага тавьж, төгс рүү тэмүүлэх тус үзэгдлийг “perfectionism” гэж нэрлэдэг бөгөөд ийм үзэл, хандлагатай хүмүүс дэлхий даяар эрс нэмэгдэж байна. Тиймээс судлаачид уг үзэгдлийг хувь хүний биш нийгмийн асуудал болж буй анхааруулах болжээ. “The Rise of Perfectionism” судалгаанд 40 мянга гаруй оюутан хамруулж, мэдээллийг шинжилсэн байна. Ингэхэд залуусын дунд төгсийг хүсэх үзэл нийтлэг байсан бөгөөд бусдын хүлээлт, нийгмийн стандартад нийцэх ёстой гэх дарамт элбэг байгаа нь ажиглагджээ. Энэ нь “би төгс байхыг хүсэж байна” гэдгээс илүү “би төгс биш бол үнэлэгдэхгүй” гэсэн айдсаас үүдэлтэй байсныг ч судалгааны багийнхан онцолсон байна.
Ингэж өөрийгөө үргэлж чамлаж, амьдралаа хамгийн төгс хувилбарт хувиргах гэж мэрийх нь бидний бие, сэтгэцийн эрүүл мэндэд асар хортой. Энэ төрлийн хүмүүс хооллох эмгэг, түгшүүрийн эмгэгт өртөх эрсдэл өндөр бөгөөд сэтгэл гутралд (Depression) орох магадлал бусдаас 2-4 дахин их байдаг аж. Түүнчлэн бүгдэд хэт шүүмжлэлтэй хандаж, бүтэлгүйтлээс айж, төсөөллөө томруулдаг учир ямар нэг үйлдэл, оролдлого хийхдээ хойрго ханддаг нь бий. Улмаар бүтээлч байдал, бүтээмж алсарч, аливаад төгс биш бол юу ч биш гэх үзлээр хандах хандлагатай байдаг. Энэ нь ажил, амжилтад нь сөрөг нөлөө үзүүлдэг байна. Ийнхүү сэтгэл ханамжгүй байдал нь хүн төрөлхтөнд төдийлөн сайн үр дагавар авчирдаггүй. Харин ч амьдралаа таашаах завдалгүй, хийсвэр зүйлийн төлөө уралдан, хурдлахад хүргэдэг. Мөн зах зээл төгс хүнийг бүтээхийг зорьдоггүй. Харин өөрийгөө үргэлж дутуу гэж мэдэрдэг хүнийг л бий болгохыг хүсдэг. Бид бизнесийн салбарынхны энэ хүсэл, тэр хэрэгцээг гүйцэлдүүлэхийн тулд олсон хэдийгээ үрж зарж, дахиад олдохгүй цаг хугацаагаа тавьж, барж байна. Ингэсэн ч бидний хүсэл, хэрэгцээ ханахгүй. Учир нь орчин үеийн зах зээлийн нэг онцлог нь хүний хэрэгцээг хангах бус, харин хэрэгцээг нь тасралтгүй шинээр бий болгож байдаг. Үүнийг зарим судлаачид “never enough economy” буюу хэзээ ч хангалттай биш мэдрэмж дээр тогтсон зах зээл гэж тайлбарладаг. Тиймээс төгсийн төлөөх тэмцэл гэдэг нь төгс, сайхан болох тухай агуулга биш юм. Харин төгс биш байж болохгүй гэх айдаст хөтлөгдөн амьдрах тухай ноцтой асуудал. Тиймээс төгс байх шаардлагагүй, бүр боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрч, хийсвэр төсөөллөөс өөрийгөө чөлөөлөх шаардлагатай юм.