
УИХ-ын намрын чуулган завсарлаж, их улс төр хэсэг боловч “унтаж” байна.
Гэвч энэ хугацаанд нийгэмд хийгээд нийтэд хамааралтай маш олон асуудал босч ирлээ. Улсын нийслэл тоггүй болсон нь улстөрчдөөс хариуцлага шаардах галыг өрдөж орхив. Эрчим хүчний реформ хийх нэрээр цахилгааны үнэ нэмснээс цаашлаагүй сайд нарт хариуцлага тооцох ёстой гэсэн шаардлагыг сөрөг хүчин гаргаад байна. Ө.Шижир гишүүн өөрийн албан бланк дээр Шадар сайд Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарыг огцруулах тухай саналыг гаргаж, Ерөнхий сайдад хүргүүлж буйгаа мэдэгдлээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газраас “шүд сугалж” сайд огцруулах хуулийн боломж парламентад үгүй болсон учраас ийнхүү албан шаардлага тавих замаар асуудлыг “босгож” байгаа нь энэ. Гэхдээ энэ бүхэн ил өрнөж байгаа л улс төр болохоос далд бол бүр улайсч байж мэдэх юм.
1.
Өнгөн дээрээ тэврэлдэж дууссан МАН-ын зодоон үнэн чанартаа хөшигний цаана үргэлжилсээр байна.
Н.Учралыг МАН-ын даргаар сонгосон Их хурал дээр эрх баригчид бүтэн ойлголцолд хүрсэн үү гэвэл ёстой худлаа. Ямар боловч Их хурлаар шийдүүлэх ёстой албан тушаалуудаа л хувааж аваад дууссан. Санаж байвал өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын дундуур болсон Их хурлаараа МАН Бага хурлын бүрэлдэхүүнээ өөрчилж, 479 гишүүнийхээ тодорхой хувийг шинэчилж, нэмж 118 хүнийг Бага хуралдаа багтаасан. Уг бүрэлдэхүүн нь Удирдах зөвлөл, Хяналтыг хороог шинэчилсэн. Үүнээс өөрөөр бол МАН-ын дотоодод өрнөх ёстой хөдөлгөөн өрнөөгүй. Иймээс ч энэ хаврын улс төр МАНын дотоод хөдөлгөөнөөр үргэлжлэх нь.
Ингэх ч бодитой шаардлага байгаа юм. Д.Амарбаясгалан, Г.Занданшатар гэсэн хоёр хүний зодоонд хамгийн их хутгалдаж, могой барьсан хүн нь МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Х.Булгантуяа. УИХын дэд даргын хувиар чуулганы нэгдсэн хуралдаан даргалахдаа Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдсон түүнээс юун түрүүнд эмэгтэйчүүдийн холбоог авахаар болжээ. Тус холбооны Их хурлыг ирэх гуравдугаар сард товлосон бөгөөд энэ хурлаас гарах тодорхой шийдвэр нь Х.Булгантуяаг чөлөөлөх биз ээ. Харин тодорхой бус байгаа боловч МАН-ын зодооноос үүдэлтэй албан тушаал нь хөдөлж мэдэх хүмүүс айдастай, хөдөлгөх гэсэн сонирхолтой хүмүүс гүйдэлтэй байгаа нь нууц биш. МАН доторх бүлэглэл, фракцуудаас аймаг, нийслэл, сум, дүүргийн намын хорооны түвшинд халаа сэлгээ хийх, өөрийн бүлэглэлийн хүмүүсийг тавиулах сонирхол ил далд цухалзаж байгаа нь үнэн. “Их талцал”-д ялагдсан гэж болох Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын тал буюу МАН доторх 1980-аад оныхон гомдолтой байгаа ч бас бодитой. Тиймээс тэд дунд шатанд “баг”-аа нэмэхийг хүсэх нь мэдээж. Тэдний талаас хотын дарга Х.Нямбаатар л тунаж үлдээд буй. Харин 1970-аад оны бүлэглэл нийслэлийн МАН-ын хороог авахыг хүснэ. Үүнийг Х.Нямбаатар даргалдаг. Хөшигний ард ийм тэмцэл өрнөж буй тухай сайтууд мэдээлээд эхэлжээ.
2.
Ил цагаан бичиж, бичүүлж байгаа нь хотын даргын суудал болчихоод байна. Х.Нямбаатараас нийслэлийн МАН-ын хорооны дарга болон хотын даргын албан тушаалыг нь авах тэмцэл тус нам дотор битүүхэн явж эхэлсэн.
Ялангуяа, сүүлийн үед энэ зорилгоор бичигдсэн улс төрийн агуулгатай мэдээ борооны дараах мөөг шиг олширлоо. Бүр зарим улстөрчийг нэр заан “Нийслэлийн МАН-ын дарга” болно гэсэн мэдээлэл гарч эхэлсэн. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар ч үүний эсрэг чимээгүй суулгүй ажиллаж эхэллээ. Хэвлэлд ярилцлага өгөх боломж гарах бүрд ажил нь ямар урагштай явж байгааг, нийслэлээс хэрэгжүүлж буй томоохон төслүүд нь хэзээ ашиглалтад орох тухай ярьж эхлэв. Түүний яриаг сонсвол яг л сонгуулийн өмнөх сурталчилгааны хугацаа үргэлжилж байгаа мэт. Тухайлбал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Туулын хурдны замын бүтээн байгуулалт ирэх гуравдугаар сарын 15-наас эхэлнэ. 2027 оны долоодугаар сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. Зургаан эгнээ, 40 орчим хувь нь гүүрэн байгууламж бүхий, өмнө нь хийгдэж байгаагүй том бүтээн байгуулалт болно. Трамвайн эхний шугамын тендерийг ирэх хоёрдугаар сарын эхний 10 хоногт багтаан зарлана. ТЭЗҮ-ийг нь боловсруулж дууссан. “Степпе арена”-гаас Сүхбаатарын талбай хүртэл таван минут тутамд явдаг байх юм. 300 мВт-ын хүчин чадал бүхий V цахилгаан станцын барилгын ажлыг энэ онд эхлүүлж, 2028 онд ашиглалтад оруулна” хэмээн томоохон бүтээн байгуулалтын ажлуудаа урдаа барин олон нийтээс улс төрийн дэмжлэг хүсэж эхэллээ. Албан тушаалаа хадгалж үлдэхийг хүссэн дарга нар юу эсийг хийдэг. Х.Нямбаатар дарга түүний адилаар л ажиллаж байна. УИХ, Засгийн газрын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж нийслэлийн МАН-ын хорооны дарга болоод намаа удирдан НИТХ-ын сонгуульд том ялалт байгуулчихаад бүрэн эрхийн хугацаагаа дуусгалгүй чөлөөлөгдөнө гэдэг хэнд ч гомдолтой санагдана. Тиймээс Х.Нямбаатар дарга ийм зүйл болохыг хүсэхгүй байгаа нь мэдээж. Гэвч тэрээр экс Ерөнхий сайдын маш ойрын хүн учир Төрийн тэргүүний талынхан түүний ажлыг өөрийн талдаа авахыг хүсэж байгаа. Бүр “Я.Содбаатар, Э.Бат-Амгалан нарын нэг нийслэлийн МАН-ын дарга, нийслэлийн Засаг дарга болно” гэсэн бор шувууг зориуд нисгэж эхэлсэн.
3.
Х.Нямбаатар даргын адил айдастай яваа хүмүүс бол аймаг, дүүргийн МАН-ын хорооны дарга нар.
Сүүлийн үед аймгийн, дүүргийнхээ Засаг даргаар ажилладаг болон ажилладаггүй намын хорооны дарга нар руу чиглэсэн улс төрийн зорилготой мэдээллүүд идэвхжиж эхэллээ. Аймаг, дүүргийн намын хороодоо өөрсдийн итгэлтэй хүнээр удирдуулж дараа дараагийн сонгуульд оролцох хүсэл ялагч талд бий. Бас зарим аймаг, дүүргийн Засаг дарга нар өөрсдөө үйлдлээрээ чөлөөлөгдөх шалтаг шалтгаанаа үүсгэчихсэн гэхэд үнэнээс зөрөхгүй. Тэд өнгөрсөн намар МАН-ын Бага хурлын дараа намын даргаар сонгогдсонд тооцогдоод байсан Д.Амарбаясгаланг дэмжиж буйгаа илэрхийлэн “Хамтарч ажиллахад таатай байна” гэдгээ албан бичгээр мэдэгдсэн юм. Тухайлбал, Говь-Алтай аймгийн намын хорооны дарга Б.Сүхбаатар, Төв аймгийн намын хорооны дарга Б.Сэргэлэнбаатар, Ховд аймгийн намын хорооны дарга Э.Болормаа, Өмнөговь аймгийн намын хорооны дарга Л.Энхболд, Сүхбаатар аймгийн намын хорооны дарга Д.Амарбат, Хэнтий аймгийн намын хорооны дарга Г.Хэрлэнчулуун, Дундговь аймгийн намын хорооны дарга С.Мөнхчулуун, Налайх дүүргийн намын хорооны дарга С.Амарсайхан, Багахангай дүүргийн намын хорооны дарга С.Эрдэнэбаяр тэргүүтэй аймаг, дүүргийн намын хорооны дарга нар Д.Амарбаясгаланд албан бичиг илгээн дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Дээрх нэр бүхий хүмүүс “Албан тушаалаасаа буух вий” гэсэн айдастай яваа. Д.Амарбаясгаланг дэмжиж байсан намын хорооны дарга нар одоо МАНын дарга Н.Учралыг дэмжиж байгаа юу. Дэмжиж байлаа ч Н.Учрал, түүний ар талынхан тэдэнд итгэх үү?
4.
Д.Амарбаясгалан, Г.Занданшатар гэсэн хоёр талд хуваагдаад байсан МАН-ынхан намынхаа даргаар Н.Учралыг сонгож талцал хуваагдлаа түр намжаасан. Н.Учралыг муугаар хэлбэл лам олдохгүй бол буцахдаа залахын жишгээр, сайнаар бол эв нэгдлийг хангах дундын хувилбар гэдгээр сонгосон. Тэрээр намын дүрмийнхээ 24.2.1-т заасны дагуу “Намынхаа ардчилал, эв нэгдлийг хангах” үүрэгтэй. Гэхдээ түүнд үүрэг хариуцлагатай нь дүйх эрх мэдэл байхгүй. Засгаа удирдааггүй намын дарга учир хагас эрх мэдэлтэй. Сонгуулиар иргэд эрх баригч намыг Засгийн газрынх нь үйл ажиллагаагаар дүгнэж сонголтоо хийдэг. Н.Учрал намаа удирдаж байгаа ч иргэд сонгогчдоос ямар үнэлгээ авахыг шийдэх хүртэл улс төрийн нөхцөл байдлыг бүрэн жолоодох эрхгүй. Ингэж сонгуульд орсон нам ялагддагийг З.Энхболд 2016 онд түүх болгон үлдээсэн. Эрх мэдлээ бүрэн аваагүй М.Энхболд ч индэрээс бууж төгссөн түүх бий.
Г.Занданшатар 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, Н.Учрал түүнээс хойш Ерөнхий сайдаар ажиллаж 2028 оны сонгуульд намаа удирдаж орно гэсэн таамаглалыг улс төрийн хүрээнийхэн анх дэвшүүлдэг байсан. Гэхдээ яг энэ зургаар явна гэсэн бичигдээгүй хууль ч байхгүй. Г.Занданшатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлээч үү, үгүй ч үү. Ерөнхий сайдаар ажиллаж байгаа хүний нэр хүнд олон нийтийн дунд сайнгүй байсаар ирсэн зүй тогтол бий. Тийм ч учраас энэ албан тушаалаас Ерөнхийлөгчид дэвшсэн түүх үгүй. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дүн өвлийн хүйтэнд дөнгөж төрсөн эмэгтэйг таавчигтай нь эмнэлгээс гаргалаа гэдгээр шалтаглан Ерөнхий сайдын албанаасаа бууж, Ерөнхийлөгчийн сонгуульдаа бэлдэж байлаа. Эх хүнийг өрөвдсөндөө бус эрх мэдлээ томруулахыг хүссэндээ тэр ийм сонголт хийсэн. Хэрэв Ерөнхий сайдын албан тушаалтайгаа Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон бол сонгогдохгүй байх эрсдэлийг тооцсон гэсэн үг. Цар тахлын нөлөөгөөр нийгэм, эдийн засгийн байдал таагүй байсан учир яг үнэндээ хариуцлага хүлээж бус хариуцлагаас зугтаж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн төлөө ажлаа өгсөн гэж ярьдаг. Энэ төлөвлөгөө нь ч амжилттай хэрэгжсэн.
Г.Занданшатар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд сонгогдож гэмээнэ Н.Учрал Ерөнхий сайд болж бүтэн эрх мэдэлтэй болох таамаг биелэлээ олно. Гэвч Г.Занданшатар сонгуульд ялагдсан ч Ерөнхий сайдын албаа үргэлжлүүлнэ гэвэл яах вэ. Эсвэл тэр огт нэр дэвшихгүй бол яах вэ. Г.Занданшатарын хувьд тахимаа тийм ч амархан өгөх улстөрч биш гэдгээ өнгөрсөн намар Д.Амарбаясгалантай “алалцахдаа” хангалттай харуулсан. Бас намын дүрэмд нь байхгүй ч нэр дэвшигч нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан тохиолдолд намын дарга нь хариуцлага хүлээдэг жишиг бий. Тухайлбал, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнэ ялагдсанаар намаа удирдаж сонгуульд оролцсон Ө.Энхтүвшин намын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөж байлаа. Уг жишгээр нэр дэвшигч нь ялагдвал Н.Учралыг намын даргаас нь чөлөөлөх шахалт эсэргүүцэгч талаас гарахыг үгүйсгэхгүй. Энэ бүхнээс үзвэл МАН Ерөнхийлөгчийн сонгуульд дунд шатандаа ямар удирдлага, бүрэлдэхүүнтэй оролцох, ялах, ялагдахаас 2028 оны УИХ-ын сонгуулийг ямар байдалтай угтах нь шалтгаална.

5.
Хэдийгээр намын гишүүнчлэлээсээ татгалздаг ч Ерөнхийлөгчийн оролцоо МАН дотор том орон зайтай. Тэр бол 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу зургаан жилээр ганцхан удаа сонгогдсон анхны Ерөнхийлөгч. 2027 онд бүрэн эрхийн хугацаа нь дуусахад 59 настай байна. Энэ насанд улс төрөөс явна гэдэг дэндүү эрт. Гэхдээ Төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүн улс төрийн өөр албан тушаалд очих нь зохимжгүй. Тийм ч учраас Х.Баттулгаас бусад нь бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад дахин улс төрд орж ирээгүй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч улс төрөөс эрт явах, МАН доторх нөлөөгөө алдахыг хүсэхгүй. Хүсэхгүй байгаагаа ч өнгөрсөн хугацаанд харуулсан.
Бас “Үндсэн хуульд өөрчлөлт оруулж дахин сонгогдох эрхтэй болох нь” гэсэн хардлага өнгөрсөн хугацаанд байсаар ирсэн. Гэхдээ тэр хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан няцаасан.
Гэвч сүүлийн үед энэ хардлага улам нэмэгдэж байна. Учир нь, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр тэргүүтэй хэсэг бүлэг хүмүүс ард нийтийн санал асуулга явуулж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв тухай ярьж эхэллээ. Бүр нэгдсэн зохион байгуулалтад орж кампанит ажил өрнүүлж иргэд, сэтгүүлчидтэй уулзалт зохион байгуулж байна.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр
Үндсэн хуулийн суурь буруу тавигдсан учраас хүний тоо олон боллоо гээд, 500 гишүүнтэй болсон ч, 50 гишүүнтэй болсон ч ямар ч өөрчлөлт гарахгүй гэдэг нь 2024 оны сонгуулиас хойш хоёр жилийн хугацаанд харагдлаа. Бидний боловсруулсан шинэ Үндсэн хуулийн төсөл дээр Улсын Үндэсний Их хурал гэж байна. Тэр нь хоёр хуваагдана. Нэг нь Бага хурал, нөгөөх нь Их хурал. Их хуралд нь 90 хүн байна. Түүний 75-ыг нь ард түмэн шууд сонгоно. 15 хүнийг нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр, Ерөнхий сайдаар, УИХ-ын даргаар, Дээд шүүхийн даргаар болон гишүүнээр, ХЭҮК-д ажиллаж байсан бол, үйлдвэрчний байгууллагын төлөөлөл, ШУА-ын төлөөлөл, МҮХАҮТ-ын төлөөлөл, сэтгүүлчдийн төлөөлөл, соёл спортын алдартнууд, нэртэй зүтгэлтнүүд гээд хэдэн мянган хүний дундаас Засгийн газар болон ХЭҮК-ын санал болгосноор, тодорхой хугацаагаар УИХ-ын гишүүнээр ажиллуулахаар санал болговол түүнийг нь Монгол Улсын Ерөнхийлөгч томилно гэж байгаа.
Ийнхүү Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулж, олон нийтийг уриалаад байгаа хүмүүсийн ард хэн байна вэ гэсэн хардлага бий.
Ямар боловч УИХ-ын чуулган завсарлаж, их улс төр амсхийх зуур “хөшигний цаана” иймэрхүү зүйлс болж байна. Ирэх хаврын улс төр ямар байх нь энэ бүхнийг “томчууд” хэрхэн зурахаас харагдах буй за.