
Цүнхнээсээ өлгөдөг жижигхэн чихмэл дэлхий даяар тренд болж, борлуулалтын орлого нь хэдэн тэрбум ам.доллар давав. Өнгө хэлбэр нь өвөрмөц, “Дубай шоколад” ч хүмүүсийг хуйлруулж, олон сая ширхэг борлуулагдлаа.
Төрөл бүрийн жимсний дүрс, хэлбэр, өнгө, үнэртэй мөхөөлдөс, “Stanley” гэх бичигтэй төмөр аяга гээд цөөнгүй бүтээгдэхүүн сүүлийн жилүүдэд дээрхийн адил хэрэглэгчдийг байлдан дагуулав. Эдгээрийг эдэлж, хэрэглэж байгаагаа нийгмийн сүлжээнд хуваалцах нь бараг л бичигдээгүй дүрэм шахуу болжээ. Ижил төрлийн бүтээгдэхүүнээс гойд ялгарах зүйлгүй ч ийн олонд танигдаж, хүмүүст хүрсэн гол “нууц” нь гогодох өнцөг.
Өнөөгийн нийгэмд аж төрж буй хүмүүсийг хүлж бас хөдөлгөж буй нэг сонирхолтой хүчин зүйл, сэтгэл зүйн төлөв байдал бол хоцрох айдас юм.
“Үүнийг идэж хүний тоонд орлоо”, “Арай гэж олж авлаа”, “Амталж үзлээ”, “Хэрэглэдэг боллоо” гэхчлэн авсан, идсэн, үзсэн болгоноо бусадтай хуваалцах нь тухайн мэдээллийг хүлээж авч буй хүмүүсийн хоцрох айдсыг өдөөдөг байна. Мөн ийн хуваалцаж буй хэрэглэгч ч энэ төрлийн мэдрэмжид хөтлөгдсөн байгаагийн тод илрэл юм.
“Fear of Missing Out” буюу хоцрох, орхигдох айдас нь сүүлийн жилүүдэд сэтгэл зүйн шинжлэх ухааны хүрээнд хүчтэй яригдах болжээ. Мэргэжилтнүүд уг үзэгдлийг FOMO хэмээн нэрийддэг бөгөөд нийгмийн сүлжээний нөлөөгөөр жил ирэх тусам хүрээгээ тэлж, хүмүүсийн зан хандлага, үзэл бодол, эрүүл мэнд, амьдралын хэв маягт нь хүчтэй нөлөө үзүүлэх болсныг анхааруулах болов. Маш энгийнээр тайлбарлахад, FOMO нь өөрийгөө бусадтай харьцуулах, бусдын эдэлж, хэрэглэж, мэдэрч байгаад шунах үзэгдэл. Бусад хүн л өөрөөс нь илүү хөгжилтэй, аз жаргалтай, элбэг хангалуун амьдарч байгаа мэтээр мэдэрч, төсөөлөн өөрийн үнэлэмжээ унагах эсвэл хэн нэгэнтэй ижил түвшинд хүрч, адил зүйл мэдрэхээр эрэл хайгуул хийж, хөрөнгө хүчээ тарамдахыг ийн нэрийддэг байна.
FOMO нь хүн төрөлхтөнд байгалиас заяасан авир бөгөөд сэтгэцийн эмгэг, өвчин биш.
Гэхдээ нийгмийн сүлжээний нөлөөгөөр уг араншин улам элбэгшин, илэрч, судлагдахууны хэмжээнд яригдах болжээ. Түүнчлэн нойр дутмагших, амьдралын чадвар буурах, сэтгэл хөдлөлийн хурцадмал байдал бий болох гэхчлэн сэтгэл зүйн асуудлуудыг бий болгосоор байна. Улмаар сэтгэлийн түгшүүр, сэтгэл хөдлөлийн хяналтгүй байдал зэрэгт ч хүргэх болов. Өөр нэг сонирхолтой өнцөг нь бүх насны, аль ч хүйсийн хүн хоцрох, орхигдох мэдрэмж мэдрэх боломжтой. “Psychiatry Research” сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаанд FOMO нас, хүйсээс хамаардаггүй болохыг тогтоосон байна. Харин амьдралын асуудал, төлөвшил, өөрийгөө үнэлэх үнэлэмж зэрэг бусад хүчин зүйл илүү нөлөөтэй байдаг аж.
Сэтгэлзүйч, доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ
“Цахим сүлжээг идэвхтэй ашиглах нь хоцрох айдсыг бий болгодог эсвэл тухайн хүн хоцрох айдастай учраас цахим орчинд олон цагийг өнгөрөөдөг гэж судлаачид үздэг. FOMO сэтгэл зүйн эмгэг биш. Гэхдээ хүний ажил, амьдрал, өөрийгөө үнэлэх үнэлэмж, сэтгэл зүй, бие махбодид сөрөг нөлөөтэй. Тухайн хүний амьдралд шийдвэрлэх асуудал их байх тусмаа FOMO-д их автана. Хүн бусдаас суралцах, үлгэр дуурайл авах эрхтэй. Гэхдээ хоцрох айдаст автаж болохгүй. Өөртөө талархаж, өөрийн сайн талаа ямагт зүлгэж, өөрийн гэсэн эрхэмлэх үнэт зүйлтэй, өөрийн амьдралаараа л амьдрах нь сайхан гэдгийг ойлгох хэрэгтэй. Амьдрал олон өнгөтэй. Олон нийтийн сүлжээнд байгаа гоё сайхан бүхэн гоё биш. Дийлэнх хувь нь бизнес зорилготой гэдгийг л анхаарах нь чухал шүү гэж хэлмээр байна.”
Хүмүүсийн дунд орхигдох, хоцрох айдас бий болох нь худалдаа, үйлчилгээний салбарынханд тун ашигтай байна.
Нийтлэлийн өмнө өгүүлсэнчлэн, хэрэглэгчдэд “Чи л үлдчихлээ” гэх байдлаар мэдээллээ хүргэн, борлуулалтаа өсгөх нь маркетингийн мэргэжилтнүүдийн шинэ мэхээр нэрлэгдэх болсон байна. Энэ аргаар борлуулалтаа сайжруулах хэд, хэдэн шалгарсан арга бий. Нэгдүгээрт, цаг хугацаа болон нөөцөд хязгаар тогтоож, хүмүүсийг сэдэлжүүлэх. Тухайлбал, “Хямдрал дуусахад ердөө нэг хоног үлдлээ”, “Уг бүтээгдэхүүнээс 100 ширхэг л үлдлээ” гэхчлэн сурталчлах нь борлуулалт өсгөх үр дүнтэй аргад тооцогддог. Мөн онцгой эрх олгох буюу зөвхөн тусгай хэрэглэгчдэд, тэдэн төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн хэрэглэгчдэд гэх байдлаар хүмүүст худалдан авалт хийх хүсэл төрүүлэх нь FOMО-гийн нэг тактик. “Amazon”, “Ali baba” зэрэг платформууд “Flash Sale” эсвэл “Just Bought” гэхчлэн тэмдэглэгээ ашиглаж, хэрэглэгчдийг яаравчлуулдаг бөгөөд ихэнх компаниуд limited of fer, “Swipe up to claim in 2 hours!” зэрэг бичгийг сурталчилгаандаа тод, томоор байршуулдаг нь ч дээрхийн жишээ. Эдгээрээс гадна жил болгон бүтээгдэхүүнийхээ шинэ загварыг гаргадаг “Apple” компани FOMО дээр тоглолт хийдэг. Жил бүрийн тогтсон өдөр шинэ бүтээгдэхүүнийхээ танилцуулгыг хийж, тэр даруй нь бараа худалдаж авах хүсэлтэй хүмүүсийн хөлд дарагддаг. Шинэ загварын гар утас, таблет авах хүсэлтэй хүмүүс худалдааны төвүүдийнх нь гадаа урт дараалал үүсгэдэг. Энэ нь хүмүүсийн хоцрох айдсыг өдөөж, шинэ загварын гар утас авах шийдвэрт хүргэдэг байна. Монгол компаниуд ч борлуулалтаа өсгөхдөө уг аргыг ашиглах болсон. Тухайлбал, ZarMedee, Shoppy.mn, E-MART зэрэг платформууд хямдралын хугацаа, бүтээгдэхүүний үлдсэн тоо болон худалдан авалт хийсэн хэрэглэгчийн тоог харуулдаг болсон. Мөн тасалбар худалдаалагдаж дуусахад хэдий хугацаа үлдсэн гэдгийг харуулж байгаа нь мөн л FOMO юм.
Монголчуудын хоцрох айдсыг худалдаа, үйлчилгээний байгууллагууд ийн өдөөж, ашигладаг болсон байна. Уг үзэгдэл илэрч буй өөр нэг салбар нь аялал жуулчлал. Сүүлийн жилүүдэд хүмүүсийн дунд эх орондоо төдийгүй гадаадад аялах хандлага нэмэгдсэн. Үүнд нөлөөлж буй нэг хүчин зүйл нь FOMО аж. Энэ талаарх мэдээллийг МУИС-ийн Газар зүйн тэнхимээс гаргажээ. Тус тайланд өгүүлснээр нийтээрээ аялж буй хандлагаас хоцрох айдас хүмүүсийн аялах шийдвэрт нөлөөлдөг болохыг онцолсон байна. Тодруулбал, найз нөхөд, эргэн тойрныхон нь нийгмийн сүлжээнд аяллын зураг, бичлэг, тэмдэглэлээ хуваалцах нь хүмүүст би аялах ёстой гэх мэдрэмж, бодол төрүүлдэг аж. Улмаар эргэн тойрныхоо хүмүүсийн очсон газар очиж, үзсэн юмсыг үзэх хүсэлд хөтлөгдөн шийдвэр гаргадаг байна.
Хоцрох айдас аялах, худалдан авалт хийх зэрэг шийдвэрт хөтөлдгөөс гадна хүмүүсийг санхүүгийн эрсдэлд оруулах нь ч бий. Тухайлбал, хэдхэн жилийн өмнө койн, криптовалютын зах зээл FOMO маркетинг хийж, хүмүүст “бусад нь ашиг олоод, би л хоцрох гээд байна” гэх сэтгэгдэл төрүүлж байв. Улмаар цөөнгүй хүн уг зах зээлд хөрөнгө оруулалт хийж, олонх нь алдагдал хүлээсэн. Манайд ч ийм асуудал үүсэж байв.
Дүгнээд хэлэхэд, өнөөгийн нийгэмд “хоцрох айдас” нь зөвхөн хувь хүнд хамаатай сэдэв байхаа больжээ. Нийгмийн сэтгэл зүй, зан төлөвт нөлөөлдөг, маркетинг, худалдаа үйлчилгээний салбарыг зангиддаг чухал хэрэглэгдэхүүн, судлагдахуунд тооцогдох болсон байна. Тиймээс хувь хүмүүс өөрсдийн сэтгэл хөдлөлийг хянаж, FOMO-г таньж, сэтгэл хөдлөлд автан шийдвэр гаргахаас сэргийлэх шаардлагатай юм.