Эерэг, хүмүүжилтэй, эрүүл дадалтай зөв монгол хүүхэд, сэтгэл зүйн хувьд тогтвортой, өндөр бүтээмжтэй, ёс суртахуун, үнэт зүйлийг эрхэмлэдэг зөв монгол иргэн, тогтвортой, эрүүл, өсөлт, хөгжилд суурилсан нийгэм зэрэг олон асуудлын углуурга, гол цөм нь зөв, эрүүл харилцаатай бүтэн бүл юм. Учир нь, гэр бүл бол хувь хүнд төдийгүй нийгэмд хамгийн нөлөө бүхий амьд тогтолцоо, соёл, хэм хэмжээний голомт. Тиймээс тун товчхондоо, Монгол Улс, Монголын ирээдүй ямар байх нь монгол өрх, гэр бүлээс шууд хамаарна.
Харамсалтай нь, өнгөрсөн хугацаанд манай улс гэр бүлийн харилцааны нийгмийн ач холбогдлыг төдийлөн чухалчилдаггүй, уг бүлгийг хувийн, бичил нэгжид хамаатуулсаар иржээ. “Олгой хагаравч тогоон дотроо, толгой хагаравч малгайн дотроо” зэрэг хэлц ч монголчууд гэр бүлийн асуудалд хэрхэн хандаж хэвшсэнийг гэрчилнэ. Мөн 1980-аад оныг хүртэл гэр бүлийн агуулгатай, бие даасан судалгаа хийгдэж байгаагүй нь ч өрхийг зөвхөн хувь хүн, бичил бүлэгт л хамаатай ойлголт мэт хүлээж авдаг байсны нотолгоо юм. Социологич, судлаачид ч үүнийг өгүүлдэг. Гэр бүл рүү чиглэсэн бие даасан судалгаа ховор байдаг нь гэр бүлийг шинжлэх ухааны судалгааны объектод тооцдоггүй, гэр бүл салалтыг хаалттай сэдэв гэж үзэх хандлага давамгайлж ирсэнтэй холбоотой болохыг профессор Д. Тунгалаг “Монгол дахь гэр бүлийн судалгааны өнөөгийн байдал” бүтээлдээ өгүүлсэн байна.
Ийн гэр бүлийг нийгэмд нэн чухал нөлөөтэй нэгж гэж үзээгүйн улмаас өнөөгийн монгол гэр бүлүүдэд уламжлалт хандлага ч, орчин үеийн соёл ч дутагдалтай байна. Улмаар гэмт хэрэг, хүчирхийлэл, ядуурал, боловсролын хоцрогдол, хүүхдийн эрхийн зөрчил, гэр бүл салалт гэхчлэн олон асуудал эндээс эхтэй болжээ. Тоо сөхвөл, 2022 онд 4553, 2023 онд 4776, 2024 онд 4463 өрх гэр бүлээ цуцлуулсан байна. Үүнийг 365 хоногт хувааж үзэхээр өдөрт 10 бүтэн бүл салж буй. Мөн өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийллийн 6622 зөрчил цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бөгөөд эндээс гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага, мэдээлэл өдөрт 20 орчим бүртгэгдэж байгааг харж болохоор байна. Эдгээр нь зөвхөн хууль, хяналтын байгууллагад бүртгэгдсэн тоо, мэдээлэл. Гэрлэлтээ бүртгүүлж ч амжаагүй байхдаа хоёр тийшээ болж буй өрх, цагдаад дуудлага, мэдээлэл өгөхгүйгээр гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа иргэн хэчнээн бийг тааж хэлэхэд бэрх. Эдгээрээс гадна гурван өрх тутмын нэг нь халамж, тэтгэврээр амьдарч, ядуурлын түвшин 30 хувьд дөхөж, хүүхдүүдийн боловсролын ялгаа улам гаарч, хүүхдийн эрхийн зөрчил огт буурахгүй байна. Энэ мэтчилэн олон асуудал, цөөнгүй тоо Монголд гэр бүлүүд ямар түвшинд байгааг, энэ асуудал хэр өргөн хүрээг хамарч, сүүдэр дагуулж байгааг гэрчилнэ.
Бодлого ч, төлөвлөгөө ч, төсөөлөл ч алга
Гэр бүлийн асуудалд анхаарах нь хүн амын тогтвортой өсөлтийг дэмжих суурь шийдэл бөгөөд зөв хувь хүн, зөв нийгэм цогцлоох нэн чухал, үндсэн агуулга гэдгийг одоо л шат, шатандаа анхаарч эхэлж байна. Улмаар бодлогын баримт бичгүүдэд гэр бүл гэх ойлголтыг тусгаж, эрх зүйн орчныг нь чамбайруулахаар ажиллаж буй. Гэхдээ эдгээр нь үр дүнд хүрэхүйц, хангалттай хэмжээнд байж чадахгүй л байна. Тодруулбал, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Гэр бүл” гэх агуулга бүхий хоёр нүүр төлөвлөгөө шигтгэжээ. Орхигдуулаагүй нь сайн хэрэг ч хоёр нүүр, 11 зүйл бүхий хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө нь нэн чамлалттай юм. Мөн нөхцөл бүрдүүлнэ, хөтөлбөр хэрэгжүүлнэ, зохицуулалтыг сайжруулна гэхчлэн эгнүүлсэн нь бид одоо ч гэр бүл рүү чиглүүлэн хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаагаа тодорхой болгож, монгол гэр бүл ямар байх нэгдсэн ойлголтод хүрээгүй байгаагийн илрэл.
Монгол гэр бүл ямар байх нэгдсэн ойлголт нийтийн дунд дутмаг байна гэх нүсэр дүгнэлтийг төсөр гаргаагүй болохыг нийтлэлийн энэ хэсэгт сийрүүлье. “Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бодлогод хийсэн шинжилгээний дүгнэлт, зөвлөмж”-д Монгол Улс бүтэн бүл рүү чиглэсэн оновчтой үйл ажиллагаа хэрэгжүүлдэггүй, гэр бүлийн талаар төрөөс баримтлах бодлого тодорхойгүй байгааг онцолжээ. Тус зөвлөмжид гэр бүлийн талаар төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, чиглэл, арга хэмжээ, тэдгээрийн үр нөлөөг нийгмийн бүлгүүдийг хэт задалсан шинжтэй байна гэж дүгнэсэн байна. Улмаар хэд, хэдэн сөрөг нөхцөл, үр дагаврыг онцолжээ. Тодруулбал,
· Зорилтот өрх, гэр бүлд хэт төвлөрч дэмжлэг, үйлчилгээ үзүүлснээс хэвийн гэр бүл болон гэр бүлийн хэв маягаар дэмжих, гэр бүл дэх насанд хүрсэн гишүүдэд чиглэсэн дэмжих үйлчилгээ орхигдсон байна;
· Гэр бүл рүү чиглэсэн хууль нийгэм, эдийн засгийн бусад хууль, тогтоомжтой уялдаагүй, Иргэний хуулиар хүүхдийн асрамж тогтоох, өмчийн харилцааг зохицуулах шаардлагатай,
· Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу хэрэгжих Зорилтот өрхийн хөгжлийн үндэсний хөтөлбөр хэрэгжилттэй тохирохгүй байна;
· Нийгмийн даатгалын систем нь гэр бүлийг дэмжих, гэр бүлийн эрүүл, аюулгүй, тогтвортой байдлыг хангахад чиглэсэн үйлчилгээ, үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй, дэмжихгүй байна;
· Хүн амын бүлэгт чиглэсэн материаллаг тусламж, үйлчилгээ давамгайлсан бодлогын алдаа нь гэр бүлийн асуудлыг материаллаг талаас харах, материаллаг тусламж дэмжлэгийг авч буй үр шимийг хүртэгчдийг бэлэнчлэх сэтгэлгээнд сургах сөрөг талтай байна;
· Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний гэр бүлийн хувьд амьдралын чанар сайжрах зэрэг бодит, эерэг өөрчлөлт туйлын хангалтгүй байна гэж үзжээ.
Шинэчлэл шийдэж дөнгөх үү?
Монгол Улсад одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Гэр бүлийн тухай хуулийг 26 жилийн өмнө баталсан байдаг. Аль 1999 онд батлагдсан хуулиар 2025 онд аж төрж, бүл үүсгэж буй гэр бүлүүдийн асуудлыг зохицуулах боломжгүй гэж үзсэн учир эрх зүйн шинэчлэл хийх ажлыг хоёр жилийн өмнөөс эхлүүлсэн. Гэвч өнөө хэр нь эцэслэн батлаагүй л байна. Энэ оны зургаадугаар сарын эхээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон юм. Гэвч хуулийн шинэчилсэн найруулгад ч залруулах, сайжруулах агуулга байгааг өмнө өгүүлсэн “Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бодлогод хийсэн шинжилгээний дүгнэлт, зөвлөмж”-д дурджээ. Тодруулбал, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад эд хөрөнгийн болон хөрөнгийн бус харилцааг зохицуулах тухай заасан ч гэр бүлийн сайн сайхан байдлыг дэмжих, тэтгэх зохицуулалт хуулийн гадна орхигдсон гэж ажлын хэсэг үзсэн байна. Мөн хуулийн шинэчилсэн найруулгаар ч хариуцлагатай амьдарч, үр хүүхдээ өсгөж буй хэвийн гэх тодорхойлолтод багтаж буй гэр бүлүүд рүү чиглэсэн бодлого, шинэчлэл тусгагдаагүй аж. Түүнчлэн хүн амын бүлэг бүр тусдаа хуультай, тэдний тулгамдаж буй асуудлыг гэр бүлээс тусад нь шийдвэрлэхийг зорьсон нь гэр бүлийн үүрэг, хариуцлагыг сулруулж, гэр бүлийн үнэ цэнийг улам бүр бууруулж байгааг тус зөвлөмжийг боловсруулсан ажлын хэсэг онцолсон байна. Тиймээс Гэр бүлийн тухай, Гэр бүлийг дэмжих тухай хуулиудыг нэн яаралтай хамтад нь шинээр боловсруулж батлуулах, асуудлыг онч тодорхойлж тусгах зайлшгүй шаардлагатай байна.
Бид өнгөрсөн хугацаанд гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн зөрчил, эрчүүдийн эрх зэргийг хангалттай ярьж, тоо, мэдээллийг нь ч ягштал тоолж дадлаа. Энэ агуулгаар гэр бүл, хувь хүмүүс рүү чиглэсэн бодлого, төлөвлөгөөг ч боловсруулж, эрх зүйн хүрээнд ч анхаарч ирэв. Харин одоо хүчирхийлэлгүй, хариуцлагатай, гишүүдийнхээ эрх, эрх ашгийг хүндэтгэдэг, эрүүл, зөв гэр бүлүүдийг дэмжих бодлого хэрэгжүүлж, гэр бүлийн салалтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гэр бүлийн гишүүдийг дэмжих төлөвлөгөө боловсруулан ажиллах шаардлагатай байна. Түүнчлэн аливаа эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогын эхэнд гэр бүлийг заавал авч үзэн, төрийн бодлогоор дамжуулан гэр бүл дэх амар тайван, аюулгүй орчныг хадгалах, хамгаалах, хувь хүний үндсэн орчныг бүрдүүлэх нь зүй.