“Өсвөр насны хүүхдүүдийн хандлага төлөвшил, хүмүүжил айдас төрүүлэх боллоо” хэмээн боловсролын салбарт, тэр дундаа ерөнхий боловсролын сургуульд 10 илүү жил ажилласан багш нийгмийн сүлжээндээ хуваалцжээ.

Түүнтэй санал нийлж, өсвөр насныханд жич анхаарах нэн шаардлагатай байгааг хэлсэн, бичсэн хүмүүс цөм багш нар байв. Үе, үеийнхнийг сурган хүмүүжүүлж, мэдлэг, боловсрол олгож ирсэн энэ салбарынхан эл үеийн хүүхэд, залуусыг ийн дүгнэж, тийн “халаглаж” байгаа нь “Одоогийн хүүхдүүд нэг л биш” гэх олны үг ортойн илрэл. Гэхдээ шинэ мянганыхан, Z үеийнхэн гэхчлэн чичилж, шүүмжлэхээс илүү тэд бидний тусгал гэдгийг ойлгож, хүлээн зөвшөөрч, асуудал байгаа бол углуурга, угийг нь өөрсдөөсөө, тогтолцоо, нийгмээсээ эрж хайх нь нэн чухал.

Өсвөр нас гэдэг хүний амьдралын нэн чухал үе. Бие бялдар болон танин мэдэхүй, сэтгэл зүйн хувьд хувь хүнээс бие хүн төлөвт шилжих суурь энэ үед л бэхлэгддэг. Мөн энэ нь дан ганц хувь хүний асуудал ч биш. Тухайн насныхан хэрхэн төлөвшихөөс тус нийгмийн төдийгүй улс орны ирээдүй хийгээд одоо хамаарна. Тиймдээ ч дэлхийн улсууд өсвөр насныхны эрх ашгийг тусгайлан авч үзэж, тусад нь анхаардаг. Харин манайд энэ насныхан “орхигдсон, үл үзэгдэх” гэх ангилалд хамаарч буй. Үүний гороор өсвөр насны хүүхдүүдийн гэмт хэрэгт холбогдох тоо жилээс жилд нэмэгдэж, насанд хүрэгчдийн ч цэрвэдэг хорт зуршлууд энэ үеийнхнийг “ээрч”, залуучууд өөр хоорондоо, өвөр зуураа үгийн мууг шидэлцэж, үйлийн бурууг хийх болов.

Монголын өсвөр үеийнхэнд эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрүүл мэнд, боловсрол, аюулгүй байдал, сайн сайхантай холбоотой олон эрсдэл тулгардаг. Тэд бие махбодийн хүчирхийлэл, сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд өртөх тохиолдол өсөх хандлагатай байна. Өсвөр үеийн хүүхдүүдийн дунд амиа хорлох үйлдлийн хувь 2013 оноос хойш тав дахин нэмэгдсэн байна. Бэлгийн замын халдварт өвчний нийтлэг тохиолдлын 39 хувийг 15-24 насны залуучууд эзэлж байна.
НҮБ-ын Хүүхдийн сан

Хорт зуршил ба эрүүл мэнд

Манай улсын нийт хүн амын 10 гаруй хувийг 10-19 насныхан эзэлж байна. Тэд зуршил, дадал, бие, сэтгэл зүй, сэтгэцийн хувьд эрүүл байж, залуу, идэр насаа эрч хүчтэй, элдэв хорт зуршил, муу дадалгүй угтаж чадаж байгаа эсэхийг нийтлэлийн энэ хэсэгт хөвөрдье.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас “Монголын өсвөр үеийнхний цогц хөгжлийг ойлгох нь” сэдэвт нөхцөл байдлын дүн шинжилгээг хийжээ. Тус тайланд Монголын өсвөр үеийн залуусын эрүүл мэндийн байдлыг дэлгэрэнгүй судалж, шинжилсэн байна. Улмаар нүүдлийн амьдралаас суурин амьдралын хэв маяг руу шилжиж, хоолны дэглэм өөрчлөгдөх, бага наснаас тамхи, согтууруулах ундаа хэрэглэх явдал ихэссэн зэргээс шалтгаалж халдварт бус өвчний тархалт нэмэгдэж байгааг онцолжээ. Тухайлбал, 15-24 насныхны дунд цусны даралт ихсэх өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд 15 хувь нь байнга эм уух шаардлагатай болжээ. Халдварт бус өвчнөөс гадна бэлгийн замын халдварт өвчин, өсвөр насны жирэмслэлт зэрэг асуудал ч хүүхдүүдийн дунд зонхилон тохиолдож байна. Тоо сөхвөл, 2024 онд өсвөр насны 1776 хүүхэд БЗХӨ-өөр өвчилжээ. Эдгээрээс 642 нь тэмбүү, 793 хүүхэд заг хүйтэн, 340 нь трихомониазаар өвчилсөн байна. Өсвөр үеийнхний эрүүл мэндэд тулгамдаад буй өөр нэг эмгэг нь сэтгэцийн асуудал. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөх, эсвэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэхийг харж, гэрч болох нь тэдний сэтгэл гутралд орох, зан төлвийн асуудалтай болох гол шалтгаан болж байна. Түүнчлэн сэтгэлээр унах, гутрах, өөртөө итгэлгүй байх зэрэг сэтгэл зүйн асуудлууд нь хүүхдүүдийн амь насанд ч аюул учруулж байгааг дээрх тайланд өгүүлжээ.

Хорт зуршил ч томчуудад л хамаатай сэдэв байхаа больжээ. Өсвөр насныхны дунд утаат болон электрон тамхины хэрэглээ өндөр байна. 15 болон түүнээс дээш насны эрчүүдийн 48 орчим хувь нь утаат тамхи татдаг аж. Түүнчлэн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Өсвөр үеийнхний архи, согтууруулах ундааны хэрэглээ” сэдэвт судалгаа хийхэд хүүхдүүдийн дунд архи хэрэглэх тохиолдол элбэг байгаа нь тогтоогдсон байна. Тус судалгаанд хот, хөдөөгийн 6-12 дугаар ангийн 4514 сурагчийг хамруулжээ. Ингэхэд, судалгаанд хамрагдсан өсвөр үеийнхний 12.6 хувь нь согтууруулах төрлийн ундаа хэрэглэж үзсэн болох нь тогтоогдсон байна. Түүнчлэн судалгаанд хамрагдсан өсвөр үеийнхний 6.6 хувь нь согтууруулах ундаа хэрэглээд согтож байсан бол 2.9 хувь нь согтууруулах ундаа хэрэглэснээс болж гэр бүл, найз нөхдөдөө чирэгдэл учруулж, хичээлээс хоцорч, таслан, хэн нэгэнтэй зодоон хийж байснаа илэрхийлжээ.

Тусгал

Өсвөр насныхны хүмүүжил, төлөвшил ч анхаарал татахуйц асуудлуудын эгнээг тэргүүлж буй. Үе тэнгийн дээрэлхэлт газар авч, хүүхдүүд бие, биетэйгээ төдийгүй бусадтай зүй бус харилцах болсныг олон жишээ, цөөнгүй тоо гэрчилнэ. Хамгийн сүүлд гэхэд, “Зуны зугаа-113” нэртэй тоглолтын үеэр Цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 35 дуудлага, мэдээлэл ирсэн бөгөөд 22 дуудлагыг эрүүгийн хэргийн бүртгэлд оруулан шалгаж байгаа аж. Түүнчлэн үзэгчдээс 10 хутга, хоёр зодооны хэрэгсэл хураасан байна. Насанд хүрээгүй атал архи согтууруулах ундаа хэрэглэсэн 22 иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгчээ. Мөн тоглолтын үеэр гурван иргэн хутга, мэсэнд өртөж, гэмтсэн байгаа юм.

Түүнчлэн зургаадугаар сарын 1-нд Баян Өлгий аймгийн Өлгий суманд зам тээврийн ослын улмаас дөрвөн хүүхэд гэмтэж, гурван хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарсан. Урьдчилсан байдлаар 17 настай эрэгтэй хүүхэд төрсөн ахынхаа эзэмшлийн “Приус 20” маркийн автомашиныг жолоодон явсан нь тогтоогдсон гэдгийг албаныхан мэдээлсэн юм.

Яагаад шинэ үеийнхэн, энэ насныхан иймдээ хүрэв гэдэг хамгийн чухал өнцөг. Нийтлэлийн өмнө өгүүлсэнчлэн тэд бидний бас нийгмийн тусгал. Монгол Улс энэ насныхандаа чиглэсэн бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлдэггүй. Дижитал орчинд өндийж буй анхны үеийнхэн гэж нэрлэгдээд буй шинэ мянганыхантай хэрхэн харилцаж, тэднийг яаж чиглүүлэхээ эцэг, эхчүүд ч, сургалтын байгууллагууд ч мэдэж, мэргэшиж чадахгүй байна.

“Монголын өсвөр үеийнхний цогц хөгжлийг ойлгох нь” сэдэвт судалгаанд өгүүлснээр 15-18 насны хүүхдүүдэд хичээлийн дараах амралт чөлөөт цагаа өнгөрөөх болон академик бус авьяас чадвараа хөгжүүлэх орчин алга. Үүний улмаас интернэт ашиглах нь амралт чөлөөт цагийн гол арга хэрэглүүр болж байна. Түүнчлэн хичээлийн цагаар ухаалаг гар утас ашиглахыг хориглох аливаа оролдлого үр дүнд хүрэхгүй байгааг дээрх тайланд мөн дурджээ. Улмаар насанд хүрэгчдийн хараа хяналт, удирдамж хангалтгүй байгаа тохиолдолд интернэт нь өсвөр насныханд харилцааны, мэдээллийн гэхчлэн хүнээс мэдэрч, авч болох бүхий л үүргийг гүйцэтгэх болсон байна. Судалгаанд оролцогчид эцэг, эхээсээ асууж чаддаггүй зүйлсээ интернэтээс хайдаг болохоо ч хэлжээ. Ийн бэлгийн өсөлт бойжилт, сэтгэл хөдлөлийн өөрчлөлтийн тухай эсвэл эцэг эх, үе тэнгийнхэнтэйгээ ч нээлттэй ярилцаж чадахгүй байгаа сэдвээ дижитал орчноос олж авах нь олон сөрөг үр дагаварт хүргэж байна. Бусадтай харилцах, ярилцах чадварыг нь бууруулаад зогсохгүй гэмт хэргийн хохирогч болох тохиолдол ч элбэг. МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимээс хийсэн нэг судалгаанаас үзэхэд хүүхдүүдийн 30 хувь нь дээрэлхэх, дарамтлах тохиолдолд өртөж байжээ.

Ийн Монголын өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшил, эрүүл мэнд, аюулгүй байдал ноцтой түвшинд хүрчээ. Тиймээс энэ насныханд чиглэсэн тодорхой, бодит, цогц бодлого, арга хэмжээ хэрэгжүүлэх, тэдний хэрэгцээг сонсох, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг дэмжих зайлшгүй шаардлагатай байна. Түүнчлэн цахим аюулгүй байдалд нь анхаарч, гэр бүлийн оролцоог нэмэгдүүлэх нь ч шийдэл. Хүүхдүүдийн авир, ааль, араншин нөхцөл хяналтаас гарч, ёс зүйн хэм хэмжээнээс давж байгаа бол үүний буруутан нь томчууд, нийгэм, цаг үе. Тиймээс асуудлыг цогцоор нь шийдэхэд анхаарах нь зүй.