
Байшингийн суурь ганхвал барилга бүхэлдээ аюулд ордогтой адил хүний биеийн жинг тулж, хөдөлгөөний тэнцвэрийг барьж байдаг гол тулгуур нь хөлийн нум юм.
Хүн өдөрт дунджаар 5000-10000 алхам хийдэг бөгөөд алхам бүрийн даралт, доргилтыг хөлийн нум өөртөө шингээн авдаг. Ингэснээр биеийн жинг жигд хуваарилж, өвдөг, ташаа, нуруунд ирэх ачааллыг багасгах үүрэг гүйцэтгэдэг.
Хөлийн нум нь булчин, шөрмөс, ясны нарийн бүтэц дээр тогтдог. Хүний хөл сарвуу хэсэг нь тавхайн бэлбэрхийн долоо, өлмийний тав, шивүүрийн 14 гээд нийт 26 яснаас бүтдэг. Эдгээр яс нь хоорондоо холбогдохдоо хөлийн ул хэсэгт нуман хэлбэр үүсгэдэг бөгөөд үүнийг тавхайн урт болон богино шөрмөс, өсгийн шөрмөс, хатуу хальс зэрэг холбоосууд барьж байдаг. Хэрэв эдгээр шөрмөсүүд суларч, ясны бэхжилт алдагдвал “байшингийн суурь” суулт өгч буй мэт нум хавтгайрч эхэлдэг. Үүнд буруу гутал өмсөх, хөдөлгөөний дутагдал, буруу дадал хэвшил болон илүүдэл жин шууд нөлөөлдөг байна.
Сүүлийн жилүүдэд орчин үеийн амьдралын хэв маяг, тухайлбал хатуу гадаргуу дээр (бетон, паркет) удаан зогсох, хэт хавтгай эсвэл буруу хэлбэртэй гутал өмсөх нь нумын булчинг сулруулах эрсдэлийг бий болгоод буй. Түүнчлэн бага насны хүүхдийн хөлийн булчингийн хөгжлийг орхигдуулах эсрэгээрээ хэт эрт гутал өмсгөх нь нум зөв хөгжихөд саад болдог байна.
Хөлийн нум алдагдах нь эхэн үедээ төдийлөн мэдэгддэггүй. Гэвч нум хавтгайрснаар зөвхөн ул өвдөхөөс гадна өвдөг, ташаа, нуруунд архаг ачаалал үүсэж, биеийн ерөнхий тэнцвэр алдагдан, улмаар тулгуур эрхтний тогтолцооны гажиг үүсэх суурь нөхцөл бүрддэг аж.
Олон улсын судалгаагаар хөлийн нум хавтгайрах асуудал хүүхэд, насанд хүрэгчдийн дунд түгээмэл болоод байгааг анхааруулаад буй. Үүнд удамшлын хүчин зүйлээс гадна дээр дурдсанчлан орчин үеийн амьдралын хэв маяг, хөдөлгөөний дутагдал, гутлын буруу сонголт чухал нөлөө үзүүлж байгаа аж. Америкийн Хүүхдийн эмч нарын академи, Америкийн Хөлийн ба шагайн ортопедийн нийгэмлэгийн үзэж буйгаар 3-5 хүртэлх насны хүүхдүүдийн ихэнхэд хөлийн нум физиологийн хувьд бүрэн хөгжөөгүй байх нь хэвийн үзэгдэл. Гэвч зарим эцэг, эхчүүд үүнийг эмгэг гэж андууран, хэт эрт хатуу ултай, нум барьсан, “ортопед” шошготой гутлыг шаардлагагүйгээр өмсгөдөг байна. Энэ нь хөлийн булчин, шөрмөсний байгалийн хөгжилд эсрэгээрээ сөрөг нөлөө үзүүлдэг болохыг судлаачид онцолжээ.
Хүүхдийн хөлийн булчинг хөгжүүлэхийн тулд харин ч тэгш бус зөөлөн гадаргуу дээр хөл нүцгэн алхуулах, дасгал хөдөлгөөнөөр дэмжих нь илүү үр дүнтэй байдаг байна.
УНТЭ-ийн хөдөлгөөн засалч Г.Ганчимэг
Нумын хөгжил бүрэн эхлээгүй буюу бага насны хүүхдэд заавал нумтай гутал өмсгөх шаардлагагүй. Гутлаар хөлийн нумын хэлбэрийг тогтоодог гэж ойлгох нь өрөөсгөл. Хүүхдийн хөлийн нум нь тэгш бус гадаргуу дээр алхах, харайх, гүйж тоглох зэрэг байгалийн хөдөлгөөнөөр аажмаар бүрэлдэн хөгждөг. Харин 5-6 насанд хүрээд хөлийн нумын хөгжил тогтоогүй, хэвийн бус байдал ажиглагдвал мэргэжлийн эмчийн заалтаар хэлбэр засах зориулалттай гутал өмсгөхийг зөвлөдөг.
Сүүлийн жилүүдэд насанд хүрэгчдийн дунд амьдралын хэв маягтай холбоотойгоор хөлийн нум аажмаар сулрах тохиолдол нэмэгдэх болжээ. Ялангуяа удаан хугацаагаар сууж ажиллах, хөдөлгөөний идэвх багатай байх нь хөлийг дэмждэг булчинг сулруулж, нумын тогтвортой байдлыг аажмаар алдагдуулахад нөлөөлдөг байна. “Foot & Ankle International” сэтгүүлд нийтлэгдсэн клиник судалгаагаар суугаа ажил эрхэлдэг хүмүүсийн дунд хөлийн нумын сулрал, алхахад хурдан ядарч, хөл өвдөх зовуурь илүү түгээмэл илэрч байгааг тогтоожээ.

Хамгийн аюултай нь, энэ сулрал эхэндээ хурц өвдөлтөөр илрэхгүй тул олон хүн анзааралгүй орхидог нь эрсдэлийг улам бүр нэмэгдүүлдэг байна. Сүүлийн жилүүдэд тренд болж буй хэт зөөлөн, тэгш ултай, нумын дэмжлэггүй кроссовк, слайдер, UGG зэрэг гуталнууд өмсөх нь хөлийн булчинг идэвхгүй болгож, ачаалал даах чадварыг нь улам бүр сулруулахад нөлөөлж байгаа аж. Ингэснээр биеийн жин тэнцвэргүй тархах, улмаар өвдөг, нуруунд архаг ачаалал үүсэх үндсэн шалтгаан болдог байна. Иймд хөлийн нумын сулралыг эрт үед нь илрүүлж, хөдөлгөөний зөв дадлыг хэвшүүлэх нь эрсдэлээс сэргийлэх бодитой арга юм.
Гэрийн нөхцөлд хөл нүцгэн элсэн дээр алхах, хөлийн булчинг идэвхжүүлэх бөмбөгтэй дасгал хийх, өлмий дээрээ зогсох, тэгш бус гадаргуу дээр алхах зэрэг энгийн хөдөлгөөнүүд нь нумын булчинг ажиллуулж, сулрахаас сэргийлдэг байна.
Мөн удаан хугацаагаар сууж ажилладаг хүмүүсийн хувьд цаг тутамд богино завсарлага авч босож алхах, суудал дээрээ хөлийн булчинд чиглэсэн сунгалт, ачааллын дасгал тогтмол хийх нь нумын тогтвортой байдлыг хадгалахад чухал ач холбогдолтой аж. Гутлын сонголтод ч анхаарч ул нь тогтвортой, хөлийн хэлбэрийг дэмжиж чаддаг, хэт хатуу биш тухайн хүний хөлд тохирсон гутлыг өмсөж хэвших нь эерэг нөлөөтэй гэдгийг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна.
Эцэст нь, хөлийн нум бидний өдөр тутмын хөдөлгөөн бүрийг дэмжиж байдаг чухал суурь учраас түр зуурын тренд, эвтэйхэн мэдрэмжийг нэн түрүүнд тавих бус тохирсон гутлыг сонгох нь хамгийн чухал. Үүнээс гадна эрүүл зөв хооллож, дасгал хөдөлгөөн тогтмол хийж дадах нь хөлийн нум хавтгайрах эрсдэлээс 100 хувь сэргийлэх хамгийн үр дүнтэй арга аж.