
Манай улс 2019 онд буюу 19 жилийн дараа Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үндсэн хууль нь бусад бүх хуулийнхаа үндэс, эх сурвалж болдог учир “эцэг хууль”-д оруулсан өөрчлөлтийг бусад хуулиудад шингээн өөрчлөх ёстой.
Үүний дагуу хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын бүх хууль өөрчлөгдсөн. Харин ганцхан институцын хуулийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэлгүй өнөөг хүрсэн нь Ерөнхийлөгчийн институц. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийг өөрчлөлгүй долоон жил боллоо. Энэ хугацаанд нэг Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусаж, дараагийнх нь Ерөнхийлөгчийн бүрэн эрх талаасаа хэвийлээ.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн УИХ, Засгийн газартай хамтран болон дангаараа хэрэгжүүлэх олон зохицуулалт бий. Хамтран хэрэгжүүлэх зохицуулалтууд нь УИХ, Засгийн газрын тухай хуульд орсон. Мөн Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны босго, бүрэн эрхийн хугацаатай холбоотой өөрчлөлт нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд орсон. Харин Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотой Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт амьдрал дээр бодитоор хэрэгжихгүй байгаа нь Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулаагүйтэй шууд холбоотой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг дараах байдлаар өөрчилсөн юм.
Өмнөх хувилбар: 26.1. Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ.
Өөрчилсөн хувилбар: 26.1. Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно.
Үндсэн хуульд оруулсан энэхүү өөрчлөлтийн цаад агуулга бол нэр заасан гурван инстутуцын санаачилж болохгүй хуулийн агуулга, сэдвийг хуулиар зааж өгөх явдал юм. Тухайлбал, татвар, төсөв, санхүүтэй холбоотой хуулийн төслийг УИХ-ын гишүүд бус Засгийн газар санаачлан боловсруулах нь зүйтэй, мөн хууль тогтоох дээд байгууллага УИХын үйл ажиллагаа, бүрэн эрхтэй холбоотой хуулийг Ерөнхийлөгч, Засгийн газрын зүгээс өргөн барихгүй байх гэсэн агуулгатай зохицуулалт. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлэлцүүлгийн үеэр үүнийг онцолж байсан юм. Гэтэл Ерөнхийлөгч УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буюу УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулгатай хуулийн төсөл боловсруулан өргөн барьж парламентаар хэлэлцүүлсэн нь шүүмжлэл дагуулж байна. Хэрэв Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулж “Ерөнхийлөгч УИХ-ын үйл ажиллагаа, бүрэн эрхтэй холбоотой хууль санаачлах эрхгүй” гэсэн заалтыг баталсан бол өнөөдөр ийм маргаан үүсэхгүй байх байлаа. Үүнтэй холбоотойгоор “Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүн Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байгаа” гэсэн хардлага үүсээд буй.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ
Ерөнхийлөгч ийм хуулийн төсөл санаачлан УИХ-д оруулж ирэх эрхгүй. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс хойш Ерөнхийлөгчийн хуульгүй явж байна. Ерөнхийлөгчийн хуулийг Үндсэн хуульд нийцүүлэн батлуулахгүй барьж байгаа. Энэ хуулийн төслийг би Засгийн газрын тэргүүнээрээ ажиллаж байхдаа өргөн барьсан. Гэтэл одоо болтол хэлэлцэхгүй, яагаад хэлэлцэхгүй байгаа талаар хэн ч дуугарахгүй байна.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгч ямар хууль санаачлах, санаачлахгүй тухай хуулиар зааж өгөх зохицуулалт оруулснаас гадна ямар бүрэн эрх хэрэгжүүлэхийг тодорхойлсон юм. Тодруулбал, зөвхөн Үндсэн хуульд заасан бүрэн эрхээ л хэрэгжүүлнэ, түүнээс бусад бүрэн эрхийг өөртөө авахгүй гэсэн зохицуулалт. Ингэхийн учир нь, Ерөнхийлөгч өөрөө хууль санаачлаад Үндсэн хуульд заагаагүй бүрэн эрхийг өөртөө авах тохиолдол өмнө нь гарч байсан юм. Тиймээс Үндсэн хуульд дараах өөрчлөлтийг оруулсан.
Өмнөх хувилбар: 33.4. Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно.
Өөрчилсөн хувилбар: 33.4. Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно.
33.1. Ерөнхийлөгч дараах үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1. УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ-аар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ;
2. Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно;
3. Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, УИХтай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах;
4. Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг УИХ-тай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах;
5. Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авах;
6. Улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах;
7. Уучлал үзүүлэх;
8. Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх;
9. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх;
10. Бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах;
11. Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол УИХ-ын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгөх. Онц байдал, дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг УИХ уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно. Хэрэв УИХ шийдвэр гаргаагүй бол уул зарлиг хүчингүй болно.
Ерөнхийлөгчийн институцтай холбогдуулан Үндсэн хуульд оруулсан дээрх өөрчлөлтүүдийг Ерөнхийлөгчийн тухай хуульд оруулах ёстой. Гэтэл Ерөнхийлөгчийн тухай хуулийн өөрчлөлтийг одоо хүртэл хэлэлцээгүй байгааг дээр өгүүлсэн. Уг нь энэхүү хуулийн төслийг Х.Баттулга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас боловсруулж байсан юм. Тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлсэн Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн барихаар манай яам ажиллаж байна. 70 гаруй хуулиар Ерөнхийлөгчид олгосон эрхийг хязгаарлах төсөл бичиж байгаа. Энэ нь юутай холбоотой вэ гэвэл, Үндсэн хуулийн 33.4-т “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэсэн заалттай холбоотой” хэмээн мэдэгдэж байсан юм. Уг хуулийн төсөлдөө дараах заалтуудыг оруулаад байв.
- Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргыг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т заасны дагуу Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлнө.
- Ерөнхийлөгч төрийн дээд түвшний гадаад арга хэмжээнд оролцох, зохион байгуулах төлөвлөгөөг Ерөнхийлөгчийн Тамгын газар жил бүрийн 12 дугаар сарын 15-ны дотор Засгийн газарт уламжилж батлуулна.
- Ерөнхийлөгч гадаад бодлогын асуудлаар санал, санаачилга гаргах бол гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, Засгийн газраар шийдвэрлүүлнэ.
- Ерөнхийлөгч Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг томилох тухай зөвшилцөхөөр саналаа УИХ-д оруулах бөгөөд УИХ уг саналаас татгалзсан бол өөр хүнийг санал болгоно. - Үндсэн хууль, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд хориг тавихгүй.
- Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж гаргасан шийдвэрт хориг тавихгүй. - Хуульд заасны дагуу улс төрийн албан тушаалтныг томилох тухай УИХ-ын шийдвэрт хориг тавихгүй.
- Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссан өдрөөс эхлэн таван жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлээ сэргээх, эсхүл улс төрийн нам байгуулах, эсхүл улс төрийн намын гишүүнээр элсэхийг хориглоно.
- Ерөнхийлөгч байсан иргэн гадаад улсад эмчлүүлэхээс бусад тохиолдолд гадаад улсад байнга амьдрах, оршин суухыг хориглоно.
- Ерөнхийлөгч байсан иргэн гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд удирдах болон гүйцэтгэх албан тушаал, зөвлөх үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.
- Ерөнхийлөгч байсан иргэн Монгол Улсын харьяатаас гарч, гадаад улсын харьяат болохыг хориглоно.
Хэрэв энэхүү хуулийн төслийг тухайн үед нь батлан хэрэгжүүлж эхэлсэн бол Ерөнхийлөгч асан Х.Баттулга АН-даа буцаж элсээд УИХ-ын сонгуульд өрсөлдөж сонгогдох эрхгүй болох байв. Тиймээс уг хуулийн төслийг эсэргүүцэж байсан нь лавтай. Мөн одоо “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч энэхүү хуулийн төслийг хэлэлцүүлэхгүй дарж байгаа” гэдэг хардлага ч бодитой. Хэдий болтол, хэдэн Ерөнхийлөгч “хуульгүй” ажиллах нь одоогоор тодорхойгүй байна.