
Банкны зээл, банкны өр, утасны төлбөр, зээлийн апп-н эргэн төлөлт гээд шилээ дарсан олон нэхэмжлэх цалин буух өдрийг амдаж ирнэ.
Дансанд орлого ормогц өр, зээлээ төлнө, удаад нь хоол, хүнсээ базаана. Үлдсэн цөөн төгрөгөө шатахуун тэргүүтэй сарын хэрэгцээндээ зарцуулна. Ийнхүү дараагийн цалин хүртэл хэмнэнэ, гамнана, хэрэгцээ гарвал хэн нэгнээс эсвэл аль нэг аппаас зээлнэ. Ингэж нэг өрөө дарж, нөгөө өртэй залгана. Үе давдаг тоглоом шиг энэ тойрогт ихэнх монгол иргэн, цөөнгүй монгол өрхийн аж амьдрал, ахуй нөхцөл эргэлдэж буй. Өнөө, маргаашаа чадан ядан аргацааж, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөн, хоёр идэхгүй, хоосон хонохгүй хорвоогийн бор хоног, шар нарыг элээж байгаа хүмүүст улсын хөгжил бүү хэл өөрийн мөрөөдөл ч алс санагдана. Шулуухан хэлэхэд, элдвийг эргэцүүлж, ихийг мөрөөдөх цаг зав, боломж, нөхцөл ч хомс.
Монгол Улсын нэг өрхийн сарын дундаж нэрлэсэн орлого өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 3 сая 12 мянган төгрөгт хүрлээ. Ийнхүү өрхийн дундаж орлого гурван саяыг давсан бөгөөд өндөр орлоготой айлуудын эзлэх хувь ч нэмэгдээд буй сайн мэдээтэй. Тоо сөхвөл, 2024 онд нийт өрхийн 11 хувь нь сарын 700 мянга хүртэлх төгрөгийн нэрлэсэн орлоготой байсан бол 2025 онд энэ тоо багасаж 7.8 хувь болсон байна. Мөн 3-4 сая хүртэлх төгрөгийн орлоготой өрхийн эзлэх хувь 3.1 нэгж хувиар, 4 саяас дээш орлоготой өрхийн эзлэх хувь 6.5 нэгж хувиар тус тус өссөн байна. Улмаар 10 өрх тутмын дөрөв нь 3 сая төгрөгөөс давсан орлоготой болжээ.
Гэвч орлого нэмэгдэх хэрээр зарлага ч дагаж өссөөр буй. Мөн үеийн байдлаар өрхийн сарын дундаж зардал 3 сая 103 мянган төгрөгт хүрчээ. Зөрүү 91 мянган төгрөг. Бүр халаглам нь, иргэдийн олдог мөнгө нэмэгдэх тусам өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж, инфляц гаарч буй. Тоо сөхвөл, өрхийн сарын дундаж орлого нэрлэсэн дүнгээрээ жилийн өмнөхөөсөө 14.1 хувь өссөн ч бодит буюу инфляцын нөлөөг хассан өсөлт нь ердөө 5 хувь байна. Үүний улмаас авсан цалин, олсон орлого нь тавтай амьдрах хүсэл, байр машин тэргүүтэй хэрэгцээ, аялах, хүүхдийнхээ хөгжил, хүмүүжилд хөрөнгө оруулах шаардлагыг нь хангаж чадахгүй байна.
Ихэнх монгол өрхийн орлого хүнс, шатахуун, өр төлбөрт зарцуулагдаад, шавхагдаж байгааг нийтлэлийн энэ хэсэгт задалъя. Өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын байдлаар нэг өрхийн сарын дундаж зарлага 3.1 сая төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 382.5 мянган төгрөгөөр (14.1%), өмнөх улирлаас 10 мянган төгрөгөөр (0.3%) өссөн дүн юм. Хүмүүс мөнгөө юунд түлхүү зарцуулж байгааг нь задалж харвал, мөнгөн зарлагын 69.6 (2.0 сая) хувийг хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага эзэлж байна. Харин нийт зардлын 17.3 (508.4 мянга) хувийг хүнсний бүтээгдэхүүний худалдан авалт бүрдүүлж буй.
Өрхийн зардлын 20 орчим хувийг эзэлж буй хүнсний бүтээгдэхүүнийг дэлгэрүүлж үзвэл тун ядмаг дүр, төрх харагдана. Тодруулбал, ихэнх хувийг нь мах (29.9%), гурил (25.5%) эзэлж буй. Үлдсэн цөөн төгрөгөөр нь сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг, хүнсний ногоо зэргийг өртөглөнө. Мах, гурилаар хүнсний хэрэгцээгээ хангаж, хязгаарлаж буй өрх ч цөөнгүй.
Өрхийн хэрэглээний үлэмж хувийг эзэлж буй хүнсний бус бараа, үйлчилгээний өртгийн дийлэнх хэсгийг тээврийн хэрэгслийн шатахуун, сэлбэг, засвар, эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлчилгээ эзэлж байна. Боловсролын зардал мөн жин дарж байгаа бөгөөд бэлэн хувцасны хэрэгцээ ч дээгүүр эгнэнэ.
Өмнө өгүүлсэнчлэн өрхийн зарлага орлогоо давж байгаа учир үлдсэн хэрэгцээгээ олонх нь зээлээр шийдвэрлэдэг. Мөн цалин, халамж нэмэгдэх хэрээр хэрэглээний зээл өсдөг бичигдээгүй дүрэм ч бий. Үүнтэй холбоотойгоор 2026 он дөнгөж гармагц Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг шинэчилж, хязгаар тогтоосон. Тодруулбал, банкны хэрэглээний зээлийн дээд хязгаарыг 45 хувь, банк бусынхыг 55 хувьд барьсан. Ингэснээр эрэлтийн шалтгаант инфляцыг өдөөх, бизнесийн зээлд шаардлагатай эх үүсвэрийг бууруулах, ханш, төлбөрийн тэнцлийн дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлийг бууруулна гэж үзэж буй.
Гэвч нэгэнт иргэдийн орлого, зарлагын харьцаа урвуу нөхцөлд байгаа тулд зээлийн эрэлт буурсангүй. Харин ч зохицуулалтгүй хадгаламж зээлийн хоршоо, лизингийн компаниудаас олгох хэрэглээний зээл нэмэгдсэн байна. Нөгөөтэйгүүр, иргэдэд олгох хэрэглээний зээлийг хязгаарласнаар хүмүүс өмнө нь авсан зээлээ төлж чадахгүйд хүрч, чанаргүй зээлийн хэмжээ ч өсөөд буй.
Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар
Хэрэглээний зээлийг бууруулах бодлогын нөлөөгөөр иргэдэд олгосон зээлийн хэмжээ хязгаарлагдсан. Үүний улмаас хэрэглээний зээлийн чанаргүйдэл нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Өрхийн орлого өссөнөөр нөхцөл, боломж, амьдралын чанар сайжрах учиртай. Гэвч манайд инфляц, хэрэглээний зардал, өрийн дарамт өсөлтөө “залгиж” буй. Нөгөөтэйгүүр, иргэдийн санхүүгийн сахилга бат, төлөвлөлт зэрэг асуудал, агуулга ч сөхөгдөх учиртай чухал өнцөг. Утаа, томуу, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, чанар гэхчлэн нийгмийн асуудлууд ч өрхийн төсөвтэй шууд уялдана. Эдгээрийн улмаас цалин, мөнгө өслөө ч амьдрал ахидаггүй парадокс манай улсад бий болоод байна.