
Төрийн удирдсан төсөл хөтөлбөр, аж ахуйн нэгж бүхэнд хулгай зэлгий нүүрлэж, өрөндөө баригдаж, алдагдалтай ажилладаг жишиг тогтоод удлаа.
Арав, 20 жилийн өмнө ч ийм байсан. Одоо ч энэ л хэвээрээ, ийм л байх ёстой мэт. Хэрэв хувийн аж ахуйн нэгж ингэж ажилласан бол эзэн нь аль хэдийнэ дампууруулаад, татан буулгачихсан байгаа. Гэтэл манай дарга нар ашиг өгдөггүй, алдагдал хүлээдэг аж ахуйн нэгжүүдийг татвар төлөгчдийн мөнгөөр тэжээн тэтгэсээр, өрнөөс өрний хооронд ажиллуулсаар л байдаг. Юуны төлөө энэ вэ. Тэнд өөрийнх нь ашиг орлого, ажил амьдрал, бизнес дагалдан явж байдаг учраас алдагдалтай төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг байлгасаар л байна.
Төрийн өмчит аж ахуйн нэгжээр дамжуулан хулгай хийх, шахааны бизнес эрхлэх явдал бүр төрийн тогтолцооны нэг хэсэг мэт болтлоо архагшсан. Харин сүүлийн жилүүдэд Засгийн газар бүр төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг татан буулгах, нэгтгэх замаар тоог нь цөөлж эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулахаар бодлого боловсруулж эхэлсэн. Гэвч яг одоогоор бодитой ажил хэрэг болгосон зүйл алга. Харин төрийн өмчит аж ахуйн нэгжээр дамжуулан хулгай хийсэн хэрэг ар араасаа илэрч, иргэд олон нийт төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашгийг нэмэгдүүлэхийг шаардаж, судалгааны байгууллагууд тухайн аж ахуйн нэгжүүдийг үр бүтээлгүй ажиллаж байгааг батлах гэх мэтээр шахалт үзүүлсээр байна. Саяхан Нээлттэй нийгэм форум “Төрөөс төсөв болон төрийн өмчит аж ахуйн нэгжээр дамжуулан эдийн засагт оролцож буй оролцооны түвшнийг үнэлэх харьцуулсан судалгаа”-ны дүнгээ танилцууллаа. Уг судалгааны дүгнэлтдээ “Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө ДНБ-ий гуравны нэг орчим, орлого ДНБ-ий 33.2 хувьд хүрч, нийт ажиллагсдын 10 хувийг ажиллуулж байна. Энэ нь тэдний эдийн засаг дахь давамгай байр суурийг илтгэнэ. Гэвч төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн бүтээмж, өгөөж, засаглалын хариуцлага нь хувийн хэвшилтэй харьцуулахад сул, төрөөс татвар төлөгчдийн мөнгөөр алдагдлыг нөхөх, татаас олгох хэлбэрээр үр ашиггүй үйл ажиллагааг үргэлжлүүлж байна. Үүний улмаас төсвийн нөөцийг үр дүнгүй хуваарилж, бизнесийн өрсөлдөөнд сөрөг нөлөө үзүүлж байна” гэжээ.
Мөн төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг үйл ажиллагаа явуулж буй салбараар нь ангилан авч үзэхэд хамгийн олон буюу 29 нь эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байна. Төрийн оролцоо хамгийн их салбар бол эрчим хүчний салбар гэсэн үг. Гэтэл энэ салбар хэзээ мөдгүй гал алдах эрсдэлтэй, жил бүр “Энэ өвөл Улаанбаатар хот хөлдөж магадгүй” гэсэн анхааруулгатай. Иргэдэд хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлж байгаа нэрээр популизм хийсээр эрчим хүчний салбарыг бодит үнэлгээгүй болгож элгээр нь хэвтүүлээд удаж байна. Иргэдээ бодсон, үндэсний эрх ашгаа хамгаалсан гэх гоё тайлбартай олон хөнгөлөлт, чөлөөлөлтийн цаана чөлөөт өрсөлдөөн алга болж бизнесийн талбар нь улам хумигдсаар байна.
Нээлттэй нийгэм форумын гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал
Хэдийгээр эдийн засаг дахь төрийн оролцоо нь үндэсний эрх ашгаа хамгаалах, байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ илүүтэй хүртээхэд ач холбогдолтой байж болох ч хэт давамгайлсан оролцоо нь эдийн засгийг улстөржүүлэх, уул уурхайгаас улам бүр хамааралтай болгох, хувийн секторын бизнесийн орон зайг хумих, хувийн хөрөнгө оруулалтыг бууруулах, авлигын эрсдэлийг нэмэгдүүлэх зэрэг сөрөг үр дагавартай. Засгийн газрын зарлагын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ 2015 онд 31.18 хувь байсан бол 2024 онд 37.93 хувь болж өссөн. Стратегийн чухал салбаруудыг хамгаалах, нийгмийн хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх, зах зээлийн алдааг залруулах чиглэлээр төрийн зохицуулалт, оролцоо тодорхой хэмжээнд шаардлагатай хэвээр байгаа боловч төрийн хэт нүсэр бүтэц, үр ашиггүй оролцоо нь хувийн хэвшлийн хөгжилд саад болж, зах зээлийн механизмыг алдагдуулах эрсдэлтэй. Тиймээс төрийн эдийн засаг дахь оролцооны түвшинг зохистой төвшинд, чанартай, үр ашигтай байлгах нь урт хугацааны тогтвортой хөгжилд чухал.
Засгийн газар өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх шийдвэр гаргасаар байгаа. Гэвч энэ нь хангалтгүй бөгөөд заавал УИХ-аар хуульд өөрчлөлт оруулах шийдвэр гаргуулж байж үр дүнд хүрнэ.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт
Өнөөдрийн байдлаар Монголд төрийн өмчийн 104 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Үүнд 60 мянга орчим хүн ажиллаж байгаа. Орон нутгийн өмчит 350 компани ажиллаж байна. Үүнд 20 мянга орчим хүн ажиллаж байгаа. Төрийн өмчит компаниудын хөрөнгийн хэмжээ 58 их наяд. Үйл ажиллагааг нь сайжруулах, бүтцийг нь өөрчлөх ажлууд хийгдэж буй. УИХ-д Нийтийн өмчийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Энэ хуулиудыг яаралтай батлаад өгвөл томоохон өөрчлөлтүүд хийгдэнэ. 2026-2028 онд өмч хувьчлах үндсэн чиглэл энэ намрын чуулганы хугацаанд өргөн барина. Ирэх жилүүдэд төрийн ямар өмчийг хувьчлах тухай бодлого гаргана.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтын танилцуулсан дээрх бодлогыг хариуцан ажиллаж, судалгаа шинжилгээг нь эхлүүлсэн, хуулийн төслүүдийг нь боловсруулсан хүн нь УИХ-ын дарга Н.Учрал. Тэрээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа энэ бүхнийг хийж эхлүүлж байлаа. Харин одоо С.Бямбацогт сайд үргэлжлүүлж байна. Асуудлыг нь бүрэн мэдэж байгаа хүн УИХ-ын даргаар сонгогдсон учир С.Бямбацогт сайдын хүсэлтийг парламент саадгүйгээр шийдвэрлэж өгөх боломж бүрдлээ. УИХ-ын дарга Н.Учрал ч томилогдсон даруйдаа өмнө эхлүүлсэн ажлаа дуусгахад анхаарлаа хандуулна гэдгээ хэлсэн юм.
УИХ-ын дарга Н.Учрал
УИХ-аар хэлэлцэх эсэх нь дэмжигдсэн Төрийн өмчийн компанийн бүтээмж, засаглал, ил тод байдлыг сайжруулах тухай хуулийн төслийг яаралтай батлуулна. Ингэж төр хувийн хэвшилтэй өрсөлддөг компани цаашид байгууллахыг хуульчлан хориглох, төрийн өмчит компаниудыг хувьчлах, татан буулгах, нэгтгэх, олон улсын аудит оруулах, нээлттэй компани болгох ажлыг шуурхайлахад ташуур өгөх ёстой. Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнолыг бататгах, монгол хүний эдийн засгийн эрх чөлөөг дархлахын төлөө гарц шийдэл, санал бодлоо уралдуулж ажиллахыг бодит нөхцөл байдал сануулж байна. УИХ төрийн зуршлаас хувийн хэвшлийг чөлөөлж, төрийн оролцоог хумьж, шударга өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжих бодлогыг тууштай хэрэгжүүлэхэд анхаарна.
Төр нь хувийн хэвшлээ дэмждэг бус өрсөлддөг, бизнесийн оройн зайг эзэлдэг, шахалт үзүүлдэг байдал удахгүй арилах, арилдаггүй юмаа гэхэд багасах итгэлийн гэрэл сүүмэлзэж эхэллээ.
Амжилттай хэрэгжүүлж чадвал олон салбар төрийн оролцоо хэмээх чөдөр тушаанаасаа салж чөлөөт өрсөлдөөн бий болно. Яг энэ цаг үед эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах нь зүйтэй гэдэгт бүх түвшинд санал нэгдээд байна. Харин одоо саналаа бодит ажил болгон хэрэгжүүлэх л үлдлээ.