
“Дөрвөн малчин өрхийн өвөл, зун, хавар, намрын улиралд буурь сэлгэж, бариа сольдог зайд 1.7 саяулаа чихэлдэн амьдарч байна” гэх агуулгатай сэтгэгдэл нийгмийн сүлжээнээс олж харав.
Үнэхээр л нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт эгнэдэг Монгол Улсын нийт иргэдийн тал хувь нэг дороо бөөгнөрч, 0.07 га газрын эрэлд хатан, ихдээ 80 мкв байранд орохын тулд ипотекийн зээлд шил даран дугаарлаж байгаа нь ганхах аргагүй гашуун үнэн. Уг нь манайх 1.56 сая км² газар нутагтай, 3.4 сая хүн амтай. Эндээс тооцоолж үзэхэд нэг хүнд багадаа 46 га буюу 460 мянган мкв газар оногдож байна. Энэ нь сагсны 1000 гаруй талбайтай дүйх хэмжээний уудам талбай юм. Гэвч хүн амын 45 хувь нь нийт газар нутгийнхаа ердөө 0.3 хувьд амьдарч буй. Ингэснээр Улаанбаатар хотод амьдардаг нэг иргэнд ногдох газар нутгийн хэмжээ 2800 мкв болж агшиж байгаа юм. Ийнхүү өөрт оногдох талбайгаа 160 дахин багасгаж, хотжилт дагасан өвчлөлд улсаараа шахам өртөж буй. Хамгийн чухал нь бага зайд олон хүн багширч амьдрах нь зөвхөн орон зай тойрсон асуудал биш. Зам тээврийн гажуудал, эко системийн доройтол, өвчлөл, эдийн засгийн тэгш бус байдал, нийгмийн үйлчилгээний хүрэлцээ, хомсдол гээд дурдаад байвал цаас ч, цаг ч хүрэлцэхээргүй олон бэрхшээл бидний эргэн тойронд үүсэж, үүрлэсэн.
Хэрхэн Улаанбаатар ийн багтаж, шингэх аргагүй олон хүн амтай болчихов гэдэг бол ганцхан тодорхой хариулттай асуулт. Ерөөсөө л шилжих хөдөлгөөн.
Тоо сөхвөл, сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд нийслэлд 818 мянган хүн аймаг, сумдаас шилжин ирсэн бөгөөд энэ нь хотын нийт хүн амын 48.8 хувьтай тэнцэх дүн.
Жилийн дунджаар нь тооцвол 23.4 мянган иргэн нүүдэллэж ирдэг аж. Эсрэгээрээ сүүлийн 35 жилд Улаанбаатар хотоос 251.1 мянган иргэн шилжин явсан нь жилийн дунджаар 7.15 мянган иргэн болж байна.
Яагаад Улаанбаатарын хүн ам ийн үлэмж тэлэв гэдэг харин олон хариулттай, чухал асуулт, асуудал юм. Иргэд Улаанбаатарт шилжин суурьшдаг, амьдрал, ахуйгаа энд цогцлоохыг зорьдог шалтгааныг сүүлийн 10-аад жил дотоодын төдийгүй олон улсын байгууллагууд удаа дараа судалсан. Ингээд байгалийн, нийгмийн, эдийн засгийн гэх гурван үндсэн хүчин зүйлээс шалтгаалдаг гэдэг дээр санал нэгдсэн байна. Байгалийн хүчин зүйлд нь, ган, зуд тэргүүтэй байгалийн гамшиг орно. Малын зүй бус хоргодлын улмаас хотоо харлуулж шархирсан малчдад хүрээнд төвхнөж, голоо зогоохоос өөр сонголт үлддэггүй. Цөлжилт, бэлчээрийн доройтол, усан хангамж, уур амьсгалын өөрчлөлт гэхчлэн олон асуудал ч энэ ангилалд багтана.
Харин нийгмийн нөлөөллийн тэргүүнд боловсрол эгнэнэ. Манай улсын их, дээд сургуулиудын 80 гаруй хувь нь Улаанбаатар хотод бий. Тиймээс дээд боловсрол эзэмшихээр Улаанбаатарт ирсэн залуучуудын олонх нь тэндээ төвхнөдөг. Сүүлийн жилүүдэд Ерөнхий боловсролын сургуулиудын чанар, багш нарын чадамжтай холбоотой шилжих хөдөлгөөн ч эрчимжиж байна. Хөдөөд сургалтын чанар сул, багшийн орон тоо бага байдгийн улмаас мэргэжлийн бус багш дурын хичээлээ заах гэхчлэн олон асуудал үүсдэг. Үүний улмаас хүүхдийнхээ ирээдүйн төлөө чанартай боловсрол бараадаж, нийслэлд ирэх хүн нэн элбэг. Мөн эрүүл мэндийн тусламж, нийгэм, соёлын үйлчилгээ зэргийн улмаас хөгжлөө дагана гэх сэтгэлгээгээр шилждэг өрх ч цөөнгүй. Унаган нутаг, унасан газраа орхиод нийслэлд ирдэг өөр нэг чухал хөшүүрэг нь эдийн засаг. Хөдөөд ажлын байр хомс, цалин бага, зах зээл хумиу. Тиймээс ажилд орж, амьдралын чанараа сайжруулж, ахиу цалин авах зорилгоор их хотод төвхнөж байгаа нь овоо жин дарна.
Хөдөө аж ахуйн салбараас амьжиргаагаа залгуулдаг иргэдийн хувьд байгалийн гамшигт үзэгдлүүд нь хөдөөгөөс хот руу шилжих хөдөлгөөний гол түлхэх хүчин зүйл болдог. Мөн орон нутгууд дахь ерөнхий боловсролын үйлчилгээ болон зам, тээврийн нөхцөлийн харьцангуй хязгаарлагдмал байдлууд нь хөдөөгөөс хот руу чиглэсэн шилжих хөдөлгөөний өөр нэг түлхэх хүчин зүйл болж буй нь судалгаагаар харагдсан.
“Монгол Улсын хүн амын дотоод шилжих хөдөлгөөнд нөлөөлөгч хүчин зүйлсийн газарзүйн судалгаа”-наас
Нутгаасаа Улаанбаатар хотыг зорих иргэд цөм амьдралын чанараа сайжруулж, ахуй нөхцөлөө тордох хүсэлтэй ирдэг. Гэвч энд ирээд бүх зүйл санасан шиг байдаггүй бөгөөд бүр дордох тохиолдол ч элбэг. Хөдөө орон нутгаас нийслэлд шилжин ирсэн нийт өрхийн 40.5 хувь нь гэр хороололд, 34.9 хувь нь түрээсийн байранд, 21.7 хувь нь өөрийн орон сууцанд амьдарч байна. Боловсролын хувьд хүүхдүүдийн 96 хувь нь сургууль, цэцэрлэгт хамрагддаг ч шилжин ирсний дараа сургалтын чанарт нь дорвитой өөрчлөлт гардаггүй аж. “Улаанбаатар хотод шилжин ирж амьдарч буй хүүхдүүдийн нөхцөл байдлын судалгаа”-нд хамрагдсан хүүхдүүдийн 12.2 хувь нь хотод ирээд боловсролын түвшин сайжраагүй гэж хариулжээ. Мөн ахлах ангийн хүүхдүүдийг 10.6 хувь нь хичээлийн агуулга хоцрогдолтой байсан, багш ялгаварлан гадуурхах хандлагатай байдаг гэдгээ илэрхийлсэн байна.
Чөлөөт цагийн болон соёлын үйл ажиллагаанд хамрагдах байдал ч хангалтгүй байдаг аж. Тус судалгаанд оролцсон хүүхдийн 46.1 хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд урлаг, спортын дугуйланд хамрагдсан бол 53.9 хувь нь огт хамрагдаагүй гэжээ. Шалтгаанаар нь сонирхсон дугуйлан байхгүй, ойр орчимд нь дугуйлан хичээллэдэггүй, хичээл ачаалалтай байсан зэргийг нэрлэжээ.
Шилжин ирэгсдийн хөдөлмөрийн нөхцөл ч хүнд. Олонх нь нийслэлийн харьяалалд бүртгүүлээгүй, зохих мэргэжил, ур чадвар, туршлагагүйн улмаас албан бус хөдөлмөр эрхэлдэг байна. Мөн хөдөлмөрийн хүнд нөхцөлтэй, зохих дадлага бэлтгэлгүй, хөдөлмөрийн талбарын аюулгүй ажиллагааны дүрэм журам сул нөхцөлд биеийн хөдөлмөр хийх нь эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлдөг байна.
Өөрийгөө болон гэр бүлээ тэжээх, орлогын эх үүсвэртэй болохын тулд бүртгэлгүй шилжин ирэгсдийн олонх нь цалин хөлс багатай, биеийн хүчний хөдөлмөр шаардсан ажлыг сонгохоос өөр аргагүйд хүрдэг байна. Зарим ажил олгогчид хотод шилжин ирэгсдийн хөдөлмөрийг зохион байгуулалттайгаар мөлжиж, хохироох явдал түгээмэл байдаг. Үүнд, туршилтын хугацаа нэрийдлээр хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, ажилласан хугацааных нь цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлдөггүй, бусдыг цалин хөлсгүй ажиллуулах явдал багтана.
“Хотод шилжин ирэгсдийн эмзэг байдлын судалгаа”-наас
Ажлын байр элбэг, авсан цалин нь хүрэлцээтэй, хүүхдүүд нь бүс нутагтаа чанартай мэдлэг, цаашлаад дээд боловсрол эзэмших боломжтой, эрүүл мэнд, нийгэм, соёлын үйлчилгээ хүртээмжтэй бол хэн ч хэрсэн түгжрэл, суунагласан утааг үл ажран их нүүдэлтэй хөл нийлүүлэхгүй. Улаанбаатар хотын төвлөрөл бол газар нутгийн хомсдолын асуудал биш, харин бодлогын хомсдолын илрэл юм. Дөрвөн уулын дунд орших Улаанбаатар хотыг бус 1.56 сая км² талбайг бүхэлд нь таатай амьдарч, тавтай хөгжих боломжтой нутаг болгож хөгжүүлсэн цагт хотжилттой холбоотой чийртэй асуудлууд чигжсэн хүн амтайгаа хамт сийрнэ.