
“Мэдээлэл элбэгших тусам анхаарал хомсдоно”
Нобелийн шагналт эдийн засагч Herbert A. Simon
Урлагийнхан, улстөрчид, борлуулалт, бизнесийн салбарынхан, хэвлэл мэдээллийн байгууллагууд төдийгүй хувь хүмүүс ч олны анхаарал, түмний хараанд өртөхийг мэрийж, чадвал улс орондоо цаашлаад дэлхий нийтэд хүрч, танигдахыг хүсдэг. Учир нь хэдий чинээ олон хүний анхааралд өртөнө, тэр хэрээр амьдралын чанар, бизнесийн цар хүрээ, нэр хүнд, албан тушаал ахиж, санасан бүхэн саадгүй бүтдэг бичигдээгүй дүрэм бөмбөрцөгт үйлчилдэг. Эндээс анхаарал бол хамгийн үнэтэй капитал болох нь илэрхий харагдана.
Оюун ухаант хүн төрөлхтний хувьд анхаарал нь нэн үнэ цэнтэйн сацуу алттай адил шавхагддаг өгөгдөл гэх санааг Нобелийн шагналт эдийн засагч, танин мэдэхүйн онолч Herbert A.Simon анх дэвшүүлж, анхаарлын эдийн засаг буюу “Attention Economy” гэх ойлголтыг үндэслэсэн байна. Тэрээр 1971 онд хэвлэгдсэн “Designing Organizations for an Information-Rich World” өгүүлэлдээ уг санаагаа тусгасан бөгөөд мэдээлэл хүлээж авах суваг нэмэгдэх хэрээр мэдээлэл бус анхаарал хамгийн үнэ цэнтэй үнэт зүйл болно гэдгийг өгүүлжээ. Түүний дэвшүүлсэн онол өнөөдөр тун бодитой хэрэгжиж буй. Олон нийтийн анхаарлыг татах, сарниулах, өмчлөх эд хэрэгсэл, техник, технологи өдрөөр бус цагаар хөгжиж, хүмүүсийн хувьд мэдээлэл олж авахад бус зах хязгааргүй мэдээллийн шуурга дунд анхаарлаа хуваарилахад багагүй энерги зарцуулах шаардлагатай тулгараад буй.
Сошиал платформуудын бизнес модель тун энгийн. Биднийг мэдээллийн ядаргаанд оруулах хэмжээнд донтуулж буй эдгээр хэрэгсэлд хэрэглэгчид нэг ч төгрөг төлдөггүй. Харин хөгжүүлэлтийн компаниуд гол орлогоо анхаарал дээр тоглолт хийж бүрдүүлдэг. Тодруулбал, тэдний зорилго хэрэглэгчийг аль болох удаан хугацаанд тогтоож, торгоох.
Ингэснээр хүмүүсийн анхаарлыг арилжиж, ашиг хүртдэг. Тиймээс л нийгмийн сүлжээ ашиглаж байгаа хүмүүс хэрэглэгч бус бүтээгдэхүүн гэх хэллэг гарсан аж. Гэхдээ үнэн хэрэгтээ, бид биш бидний анхаарал хамгийн чухал бүтээгдэхүүн, валют юм. Хүмүүсийн олонх нь унтахаасаа урьтаж утсаа шүүрээд нийгмийн сүлжээгээ шалгадаг. Анхандаа тав, арван минут л зарцуулахаар төлөвлөдөг ч сонирхол татаж, инээд хүргэн, жигшил төрүүлэм элдэв мэдээлэл дунд эргэлдэж, самуурсаар төлөвлөснөөс төө илүү хугацааг цахим алгоритмд зарцуулсан байдаг. Хүний анхаарлыг ингэж татах нь хөгжүүлэлтийн компаниудын гол ажил юм. Мөн бидний анхаарлыг аргамжиж ашиг олдог ганц субьект нь технологийн компаниуд ч биш. Өмнө өгүүлсэнчлэн, улстөрчдийн хувьд албан тушаалд хүрэх хамгийн чухал түлхүүр нь хүмүүсийн анхаарал бол урлагийнхан уран бүтээлээ төдийгүй өөрийгөө хүмүүст таниулж, олонд харуулж байж л алдар нэр, амжилтын үзүүрийг атгана. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч ялгаагүй. Аль болох олон хүнд мэдээ, мэдээллээ хүргэхийг чухалчилдаг. Банк санхүүгийн байгууллага, бизнес арилжааны салбаруудад ч олон нийтийн анхаарал нэн хэрэгтэй.
Мөн сүүлийн жилүүдэд хүмүүсийн анхааралд өртөхийн тулд сүнсээ худалдахаас сийхгүй болсон шинэ бүлэг бол цахим нөлөөлөгчид юм. Тэд анхаарлын арилжааг сонгодог утгаар нь хийж буй. Ийнхүү газрын тос, нүүрс, алт шиг хүний анхаарлыг олборлож байна.
Зан үйлийн сэтгэл судлаач, алдарт Daniel Kahneman “Анхаарал бол танин мэдэхүйн хязгаарлагдмал нөөц” хэмээн тайлбарлажээ.
Түүний өгүүлсэнчлэн бидний анхаарал тун хязгаарлагдмал. Хүмүүст хоногийн 24 цаг оногддог. Үүний 7-8 цагийг унтаж өнгөрөөх нь физиологийн хэрэгцээ. Үлдсэн хугацаанд нь юуг анхаарч, юунд төвлөрөх нь амьдралын чанар, амжилт, ололт, эрүүл мэнд гэхчлэн гол үзүүлэлтүүдэд чухал нөлөөтэй. Мөн ямар нэг зүйлд төвлөрч байхдаа өөр юуг ч бүтэн анзаарч чаддаггүй нь хүний төрөлх өгөгдөл. Эдийн засагт хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй хэрэгцээг хангах тухай ойлголт, онол бий. Анхаарал, мэдээлэл хоёрын харилцан хамаарал яг л үүнтэй ижил. Бид хязгааргүй мэдээлэл дунд хязгаарлагдмал анхаарал зарцуулах шаардлагатай нүүр тулдаг. Харамсалтай нь, ихэнх хүн анхаарал нь шавхагддаг баялаг гэдгийг мэддэггүй төдийгүй аригладаггүй. Үүний улмаас нийт хүн амын дунд анхаарлыг бохирдол гэх асуудал ужигарсан байна.
Мэдээллийн хэт их ачаалал, худал мэдээлэл, хүний сэтгэл хөдлөл дээр тоглолт хийсэн элдэв контентууд хүн төрөлхтний танин мэдэхүйн орчныг бохирдолд оруулж байна.
Тиймээс л дэлхий нийт хүнсний аюулгүй байдал, агаар, орчны бохирдол зэргийг чухалчилж байгаатай ижил түвшинд анхаарлын бохирдлын асуудлын хөндөж эхэлжээ. Улмаар мэдээллийн шуурганаас анхаарлаа аврах зорилго бүхий элдэв туршилт, тренд дэлхий нийтэд зонхилж байна.
Нийгмийн анхаарлыг зөв, буруу аль ч аргаар хамаагүй өөртөө төвлөрүүлж чадсан хүний амьдрал, ахуй, ашиг, орлого дээшилж байгаа нь анхаарлын арилжаа цэцэглэж байгаа нийгмийн гол шинж аж. Энэ нь мэдээж асар хортой.
Юун түрүүнд хүмүүс сайн, муугийн шүүлтүүргүйгээр өөрт нь хийгээд нийгэмд эерэг үр нөлөөгүй, зарим тохиолдолд сөрөг ч байж болохуйц зүйл дээр төвлөрч, анхаарч байгаа нь анхаарлын удирдлагаа алдсантай холбоотой. Ийн хүмүүс өөрсдөө анхаарлаа удирдаж чадахгүй болж, энэ талын ойлголт нийгэм, нийтийн дунд хангалтгүй байгаа үед олонхын анхаарлыг хэн нэгэн, аль эсвэл ямар нэг субьект тодорхой зорилгын хүрээнд удирдан, чиглүүлэх бүрэн боломжтой юм.
Энэ манай улсад нэн түгээмэл үзэгдэл. Нийгмийн сүлжээнд сөрөг, худал мэдээлэл шүүлтүүргүй тархаж, заримынх нь алдар нэрийг шавартай хутгаж, заримынхыг нь суга өсгөж байна. Түүнчлэн эрх баригчидтай холбоотой элдэв мэдээлэл эрчээ авч, хүмүүсийн анхааралд орж эхэлмэгц гэмт хэрэг, гэр бүлийн хэрүүл, хов жив тэргүүтэй элдэв цуу эрчийг авч, олон нийтийн анхаарлыг гол асуудлаас алсруулдаг. Үүнийгээ зорилтот бүлгийнхэн “сенсацыг сенсацаар дарах арга” гэж нэрлэх нь ч бий. Улстөрчид өрсөлдөгчөө харлуулах, өөрийгөө дөвийлгөх зорилготой тролл баг ажиллуулдаг нь ч олны анхаарлыг удирдаж байгаа нэг хэлбэр юм. Эндээс манай нийгэмд юу чухал, юу чухал бусыг, аль нь үнэн, аль нь худлыг ялгах анхаарлын “удирдлага” алга байгаа нь харагдаж байгаа юм. Тиймээс анхаарлаар ашиг хүртэгчид өөрийнхөө зорилгод хүрэхийн тулд бусдын тархийг угааж, нийгмийн санаа, бодлыг чиглүүлэхэд хялбар байна. Өөр нэг асуудал нь, манайд сөрөг мэдээлэл илүү олон хүний анхаарал татдаг. Тиймээс олны хараа, түмний сонорт хүрэх хүсэлтэй хүмүүс аль болох уур бухимдал, стресс, сэрэмж төрүүлэхүйц мэдээллийг сорчилж, нийгэмд түгээдэг. Ийн олонх тодорхой нөөцтэй анхаарлаа сөрөг зүйлд зарцуулснаас нийт хүн амын дунд стресс тэргүүтэй сэтгэл зүйн асуудал ноцтой түвшинд хүрсэн. Түүнчлэн анхаарал төвлөрөл суларч, өөрийгөө үнэлэх үнэлэмж буурч, хоцрох айдас бий болон, ухамсар доройтоход хүрээд буй.
Бид анхаарлын ардчилалд амьдарч байна уу, аль эсвэл энэ төрлийн боолчлолд аж төрж байна уу гэдэг чухал эргэцүүлэл. Анхаарал гэдэг зүгээр нэг сэтгэл зүйн процесс, тархины өгөгдөл төдий биш. Энэ бол хуримтлагдаж, хөрвөж, арилжигддаг үнэт капитал, нэг төрлийн валют. Тиймээс газар нутаг, байгалийн баялаг, мөнгөний урсгалыг хянадагтай адил мэдээллийн эринд анхаарлаа ч анирдах, хянах, удирдах шаардлагатай юм.