
Бөмбөрцөгийн улс орнууд тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хангах, хамгаалах зорилгоор нутаг дэвсгэр дээрх гадаад иргэдийн тоогоо нийт хүн амын эсвэл цэрэг, армийн тоотойгоо харьцуулан зохист хэмжээнд барьдаг жишигтэй. Манайх ч энэ жишгээр гадаад иргэдийн хувь, хэмжээг эрх зүйн хүрээнд зохицуулсан байдаг.
Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиас
Монгол Улсад ажиллаж, амьдрах гадаад иргэдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна. 2025 оны арван нэгдүгээр сарын байдлаар манайд 135 улсын 37 097 иргэн албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй байгаа юм. Эдгээр иргэний 585 нь албан зорилгоор оршин сууж байгаа бол 19 092 нь хөдөлмөр эрхэлдэг. Харин 5304 иргэн суралцаж байгаа бол 1767 иргэн цагаачлалаар, 140 нь шашны зорилгоор оршин сууж байна. Мөн хөрөнгө оруулах зорилготой 5804 иргэн, гэр бүлийн зорилгоор 3260 хүн, хувийн болон бусад гэсэн шугамаар 1145 иргэн манай оронд амьдарч байна.

Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаад хүмүүсийн олонх нь БНХАУ-ын иргэд.
Тоо сөхвөл, БНХАУ-ын 22 868, ОХУ-ын 3020, БНСУ-ын 1777, Америкийн 1175 иргэн байна.
Ийн эдгээр болон бусад 130 гаруй улсын хүмүүсийн тоо Монгол Улсын нийт хүн амын 1.05 хувийг эзэлж буй. Хамгийн олноороо оршин сууж байгаа БНХАУ-ын иргэд 0.69 хувь, ОХУ-ын оршин суугч 0.07 хувь, БНСУ-ын иргэд 0.03 хувь, америкчууд 0.02 хувийг тус тус эзэлж байна. Тэгэхээр Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байна гэх хуульд тусгагдсан босгыг хараахан даваагүй мэт харагдаж буй. Гэхдээ...
Монголд амьдарч буй хятад иргэд монголчуудад хоол, хүнс, хувцас хэрэгслээс эхлээд орох орон, унах унааг нь хүртэл арилжих болсон нь нууц биш. Олон нийтийн газруудад ч гадаад иргэд хуучинтай харьцуулахад элбэг таардаг болсон. Ийн жилийн аль ч улирал, өдрийн аль ч цагт гадаад тэр дундаа хятад хүмүүс газар сайгүй харагдах болсонд учир бий. Үүнийг тайлбарлахаас урьтаж 800 хятад иргэний асуудлыг нэхэн саная. Монголын Эрүүгийн цагдаа, тагнуулынхан 2019 оны аравдугаар сард БНХАУ-ын 800 гаруй иргэнийг Улаанбаатар хотод байрлах зургаан зочид буудлаас баривчилсан байдаг. Тэд Монголд цахим залилан, хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж, өндөр ашиг олох бэлтгэлээ 2018 оноос эхлүүлжээ. Улмаар 800 хятад иргэнд Монголд бүртгэлтэй компанийн нэр дээр аялал жуулчлалын болон бизнесийн виз гаргаж өгсөн байна. Тодруулбал, тэдний 637 нь жуулчлалын визээр, 146 нь бизнес ангиллын визээр ирсэн байв. Ийн 30 хоногийн хугацаанд Монголд байх зөвшөөрөлтэй ирсэн хятадуудын зочид буудлын түрээсийг 3 жилээр төлж, өндөр хүчин чадалтай 1000 орчим компьютер, 10 мянга гаруй сим карт, гар утас болон өндөр хурдны интернэт бэлтгэсэн байсан нь тухайн үед олны анхаарлыг татаж байв.
Эндээс учиг тайлагдана. Тун товчхондоо, монголчууд БНСУ руу аялах виз мэдүүлээд, ажилладаг шиг аялах нэрийдлээр Монгол Улсын хил давсан гадаадууд өөр шугамаар амьдрах, ажиллах, ашиг хонжоо олох цаашлаад гэмт хэрэг, зөрчил үйлдэх тохиолдол элбэг байна. Визийн хугацаа дуусах дөхмөгц нутаг буцаад эргээд ирдэг хүн ч цөөнгүй.
Монгол Улсад оршин суугаа хятад иргэд нийт хүн амын 0.69 хувийг эзэлж байгаа мэт ч харагдах ч нидэр дээрээ аль хэдийнээ нэг улсын иргэн нэг хувь хүртэл байх хуулийн босгыг давсан байх магадлалтай.
Хэрэв ийм бол тун ноцтой асуудал, агуулга юм. Гадаад иргэдэд виз олгодог эрх бүхий байгууллага нь Гадаад харилцааны яам, Гадаадын иргэн, харьяатын газар, гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, өргөмжит консул. 30 хоногийн доторх бизнес, жуулчин ангиллын визийг дипломат төлөөлөгчийн газар бие даан олгох хуулийн зохицуулалттай. Харин 30 хоногоос дээш бол Гадаадын иргэн, харьяатын газраас зөвшөөрөл авах зайлшгүй шаардлагатай аж.
Сүүлийн жилүүдэд виз, зөвшөөрлийн үйл ажиллагаа бүрэн цахимжиж, виз олголт өссөн. Үүнийг дагаад жуулчлах зорилгоор виз авсан иргэд зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах, визийн байх хугацааг хэтрүүлэх зэрэг зөрчил нэмэгдэж байна. Тиймээс албадан гаргагдаж буй иргэдийн тоо өссөн үзүүлэлттэй байна. 2025 оны аравдугаар сарын байдлаар зөрчилд холбогдсон гадаад иргэд өмнөх жилийн мөн үеийнхээс 86.6 хувиар нэмэгдсэн бол албадан гаргагдсан гадаадын иргэдийн тоо 2.2 дахин өссөн.
Гадаадын иргэн харьяатын газрын Олон нийттэй харилцах алба
Гадаадын иргэн харьяатын газар өнгөрөгч ес, аравдугаар сард улсын хэмжээнд нэгдсэн хяналт шалгалт зохион байгуулжээ. Улмаар ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулж, хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан найман орны 260 иргэнийг албадан гаргасан байна. Тэдний 242 нь хятад иргэн байсан бол Узбекистан 6, ОХУ 4, Филиппин 4, БНСУ 2, Энэтхэг 1, Турк 1 хүн тус тус буцаагджээ. Тэд Монгол Улсад жуулчин ангиллын визээр орж ирээд барилга, зам, гүүрний ажил эрхэлж байсан аж.
Манайх сүүлийн тав, зургаан жил аялал жуулчлалын салбараар дамжуулан эдийн засгийг солонгоруулна гэж лоозогноод, шаггүй хөрөнгө, хүчийг энэ зүг рүү “чулуудсан”. Үүний үр дүнд жуулчдын тоо нэмэгдлээ гэдгийг ч албаныхан суваг бүрээр мэдээлж буй. 2025 онд гэхэд Монгол Улсад 850 мянган жуулчин ирсэн гэх статистикийг Аялал жуулчлалын холбооноос танилцуулсан юм. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад таван хувиар өссөн үзүүлэлт аж. Өнгөрөгч арван хоёрдугаар сард манайд 43 000 орчим жуулчин ирсэн бөгөөд тэдний 15 600 нь БНХАУ, 13 200 нь ОХУ, 2950 нь БНСУ-ын иргэд аж. Жуулчдын тоо ийн өссөнийг аялал жуулчлалын зах зээл сэргэсэн, олон улсын сурталчилгаа үр дүнгээ өгч нислэгийн тоог нэмсэнтэй холбоотой гэж албаныхан үзэж буй. Гэхдээ 850 мянган иргэний хэд нь үнэхээр аялах зорилгоор манай улсад ирсэн, хэд нь энэ нэрээр халхавчилж амь аргацааж, ашиг хайж байгаа нь эргэлзээтэй. Гэтэл бид аяллын визээр хил давсан хэн бүхнийг жуулчин гэж бүртгэж буй.
Нийтлэлч Баабар
Жуулчдаа эхлээд зөв тоолж суръя. Хэнийг жуулчин гэх вэ гэсэн олон улсын шалгуур стандарт байдаг. Социализмын үед манайд жилд 700 орчим жуулчин, 2000 он хүртэл 15-20 мянга хүртэл жуулчин тоологддог байсан. 2000 онд хилээр орж гарсан бараг л нохойг тоолох шахаж даруй 200 мянга болгосон. Одоо ч тийм маягаар тоолж байгаа. Уржнан их тоо хэлээд байсан чинь үнэндээ Улаанбаатараар дайрч өнгөрсөн Оросын дүрвэгсэд байсан.
Монголд аяллын визээр ирсэн иргэд манай улсын нийгэм, эдийн засагт ямар нөлөө үзүүлдэг нь гогодох учиртай хамгийн чухал өнцөг. 2024 онд манай улс жуулчдаас 592 сая ам.долларын орлого олсон. Гэвч өөрсдөө гадагш аялахдаа 1.617 тэрбум ам.доллар зарцуулсан байдаг. Эндээс Монголд аялах виз мэдүүлж ирсэн иргэдийн өгөөж ямар байгааг харж болохоор байна.
Монгол Улс дэлхийн нэг “эд, эс”- ийн хувьд бусад оронтой таатай харилцаатай байж, аялагч, жуулчид манайд олноор ирдэг, зочилдог байх нь нэн чухал. Гэхдээ ирсэн зорилгоосоо хазайн, гажиж гэмт хэрэг, зөрчлийг өдөөж, ашиг хонжоо олж байгаа гадаад иргэдэд тавих хяналтаа чамбайруулах зайлшгүй шаардлагатай.