
Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлдэгчлэн цэгцрэх хөдөлгөөн өрнүүлэх, улс орноо цэгцрүүлэн хөгжүүлэх үүрэгтэй, энэ үүргийг 2016 оноос хойш хүлээсэн МАН-ынхан намаа, бас төрөө “цэгцрүүллээ”.
Сүүлийн хоёр сар гүйдэл, суудлаа олохгүй нам дотроо хөлөө жийлцсэн тэдний ажил, албан тушаал цэгцэндээ оров. Ерөнхий сайд Г.Занданшатар албан тушаалтайгаа үлдэж, сайдаар томилохыг хүссэн Б.Энхбаярыгаа Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, танхимынхаа эсрэг ажилласан Шадар сайд С.Амарсайханыг явуулж, оронд нь УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягийг томиллоо. Мөн түүнийг дэмжигч тал хүслээ гүйцээж Д.Батжаргал гишүүнийг УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар сонгосон. Бүлгийн даргаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томилов. Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг намын дарга, УИХ-ын даргаар сонголоо. Эцэст нь, Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ж.Энхбаярыг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг томилж, Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяаг сонгов. Товчхондоо, хонь бүрэн, чоно цатгалан үлдэв. Ийнхүү өөрсдийнхөө ажил, албан тушаалыг цэгцэлж дууссан тэднийг амласан амлалт, хэлсэн үгээ санаж ард олныхоо амьдралыг дээшлүүлэх, цэгцрүүлэхэд анхаарлаа хандуулах ажил хүлээж байна. Хамаг ажлыг нугалах үүрэгтэй гүйцэтгэх засаглал ч дээсэн дөрөөн дээр дэнжигнэхээ больж тогтвортой ажиллах нөхцөл бүрдлээ.
МАН-ын даргаар сонгогдсон Н.Учрал “Ардын нам гишүүдийнхээ дуу хоолойг сонсож, ард түмэнтэйгээ ойр ажилласан цаг бүрд ялдаг. Цаашид энэ буухиаг тасалдалгүй үргэлжлүүлж, хэлсэн үгэндээ эзэн, хийсэн ажилдаа хариуцлагатай байх зарчмыг би тууштай баримтална. 21 аймаг, 330 сум, улс эх орныхоо өнцөг булан бүрд байгаа намын гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаж, эргэх холбоотой ажиллана. Эх орныхоо хөгжлийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг хийх болно. Ард түмний итгэл сулран ганхаж буй энэ цаг үед Ардын нам ардынхаа зүрхэнд, түмнийхээ сэтгэлд дахин очиж, итгэлийг сэргээнэ. Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ гэдгийг итгэл төгс хэлье” гэсэн юм.
“Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ” гэж юу гэсэн үг вэ? Яг үнэндээ иргэд, олон нийт ийм уран яруу, уянгын халилтай үгийг үе үеийн удирдагч улстөрчдөөс сонссоор залхсан, итгэхээ больсон. Ойшоож сонсохоо больсон, ухаж ойлгохыг ч хүсдэггүй. Манай улстөрчид ийм болтол нь иргэдийнхээ итгэлийг алдсан. Ийм хэмжээнд хүрсэн итгэлийг сэргээх амаргүй ч Н.Учрал тэр бүр улстөрчдийн хэлээд байдагүй иргэдийнхээ итгэлийг сэргээх тухай үг унагалаа. Харин иргэдийнхээ итгэлийг сэргээхийн тулд юу хийх ёстойгоо сайн мэдэж байгаа болов уу. Иргэд эрүүл, шударга, эрх тэгш нийгмийг, авсан цалин нь амьдралд нь хүрэлцдэг, зээлээс зээлийн хооронд хоног төөрүүлдэггүй эдийн засгийн боломжийг л хүсэж байгаа. Н.Учрал УИХ-ын дарга бөгөөд эрх баригч намын даргын хувьд хамгийн түрүүнд улс орны баялаг, ард иргэдийн боломжоос хумсалсан, ажил албан тушаалаа урвуулан ашигласан, хууль зөрчиж өөртөө давуу байдал үүсгэсэн хүмүүст хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Энэ бол өнөөгийн нийгэмд ус, агаар мэт үгүйлэгдэж байгаа зүйл.
Улстөрчдийн шударга бус үйлдлийн тухай шуугиад л өнгөрөхөөс бус хариуцлага тооцож байгаа тохиолдол тун ховор. Тэд давуу эрх эдэлж, иргэдийнхээ итгэлийг улам хөсөрдүүлсээр л байгаа. Энэ байдлыг өөрчилж чадвал иргэд “Ардын нам ард түмэндээ эргэн иржээ” гэж ойлгоно, ард иргэдийн төрдөө итгэх итгэл сэргэнэ. Яг одоогийн байдлаар УИХ-ын дарга бөгөөд МАН-ын дарга Н.Учрал иргэдийн дунд “Шударга ёс тогтоох нь, хариуцлага тооцох ёстой хүмүүст нь хариуцлага хүлээлгэх нь” гэсэн горьдлого үүсгээд байна. Тэрээр УИХ-ын даргаар сонгогдсон даруйдаа хэлсэн үгэндээ дараах зүйлсийг онцолсон юм.
УИХ-ын дарга бөгөөд МАН-ын дарга Н.Учрал
Хууль тогтоох дээд байгууллагаас хулгайн сэжигтнүүд биш, хууль төрж байх ёстой. УИХ-ын нэр хүнд гишүүн нь гэмт хэрэгт шалгуулаад байгаагаас болж унаагүй. УИХ ын гишүүний шалгуулахгүй байх давуу, дархан эрхээс болж унаж байгаа нь үнэн. Ард түмний төлөөлөгч, ард түмэнтэйгээ адил хууль шүүхийн өмнө эрх тэгш байх цагт парламентын нэр хүнд өсөх болно. Үндсэн хуулиа дээдлэн сахих, хууль дээдлэх, шударга ёс, ёс зүй, тэгш эрхийн зарчмыг УИХ өөрөөсөө эхлүүлэн үлгэрлэх хэрэгтэй. Үндсэн хууль, хууль дээдлэх ёсны өмнө улс төрийн нам, нас, хүйсийн ялгаа зааг, ямар ч дабль стандарт байх учиргүй. Та бид ард түмний 126 дарга биш. Та бид ард түмний 126 элч, төлөөлөгч. Илүү, тусгай эрх дархтай, ард түмэнд зааж зааварладаг дарга нар бид биш.
Н.Учралын МАН-ын дарга, УИХ-ын дарга болоод хэлсэн дээрх үгс нь ард иргэдийн дунд итгэл төрүүлж, хүлээлт үүсгээд байна. Одоо энэ бүх хэлсэн үг, амласан амлалтаа ажил хэрэг болгож харуулах хэрэгтэй. УИХ-ын олон гишүүн хууль, шүүхийн байгууллагад шалгагдаж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг парламентад оруулж ирэхээр болсон тухай мэдээлэл гарсан. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокуророос оруулж ирэхэд эрх баригч, сөрөг хүчин хамтдаа хамгаалж, аваад үлдсэн түүх олон. Харин одоо Н.Учрал УИХ-ын дарга бөгөөд эрх баригч намын даргын хувьд хэлсэн үгээ хэрэгжүүлж хуулийн хариуцлагаас хэнийг ч бултуулахгүй байх хэрэгтэй.
Н.Учралын хэлсэн үг нь олон нийтийн дунд хүлээлт үүсгэж байгаагаас гадна түүний нас бас найдлага төрүүлж байгаа. Улс төрд олон жил явсан хижээл насны улстөрчдөөс одоо юу ч гарахгүй, тэдэнд найдаад хэрэггүй гэсэн сэтгэл зүй нийтийн дунд аль хэдийнэ суусан. Тиймдээ ч 1980-аад оныхонд найдлага тавьж, итгэл хүлээлгэсэн. Харамсалтай нь тэд иргэдийн итгэл, сэтгэлийг эвдээд удаагүй байна. Н.Учрал ч 1980-аад оны төлөөлөл. Гэхдээ тэр итгэл эвдсэн 1980 оны төлөөллүүдтэй харьцуулахад залуу. 1987 оны нэгдүгээр сарын 2-нд төрсөн, 38 настай. Өөлвөл Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хамаарал бүхий аж ахуйн нэгждээ хөнгөлөлттэй зээл авсан таагүй түүх түүнд бий.

УИХ-ын дарга бөгөөд МАН-ын дарга Н.Учрал олон нийтэд горьдлого төрүүлж байгаагаас гадна хардлага ч бас төрүүлж буй. Яагаад хардлага төрүүлж байгаа вэ гэвэл, тэрээр бараг ямар ч өрсөлдөгчгүйгээр намын дарга болсон. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар намын даргын албан тушаалаа булаацалдан “зодолдож” эхлэхэд л “Энэ хоёрын хэн нь ч биш, Н.Учралыг намын дарга болгоно” гэсэн яриа гарч эхэлсэн. МАН-ын XXXI Их хурал болох хүртэл энэхүү яриа улам баталгаажсаар намын даргаар сонгогдов. Саяхан л хоёр тал болоод “нүдээ анин нүдэлдэж” байсан МАН-ынхан Их хурлаа “Эв нэгдэл шийдэл-хөгжил” уриан дор хачин сайхан эв нэгдэлтэйгээр хийж даргаа сонгов. Их хурлын төлөөлөгчдийн 94.95 хувь нь Н.Учралыг намын даргаар сонгохыг дэмжсэн. Энэ бол МАН-ынхан дотооддоо эвлэрсний илрэл. Хэрэв эвлэрч, тохиролцоогүй бол тэрээр ийм өндөр хувиар сонгогдохгүй байлаа. Хагаралдаж төрийн ажлыг гацаах нь хорлонтой ч эвлэлдэн нэгдэж тэврэлдэх нь бас л хорлонтой. Учир нь, хоорондоо тохиролцож холбогдсон хэрэг маргаан, ашиггүй, хууль бус шийдвэрүүдээ эргэн сөхөхгүй нуун дараад өнгөрөх, нэгнээ хамгаалах магадлал өндөр. Тухайлбал, суудалдаа үлдсэн Ерөнхий сайд Г.Занданшатар сарын өмнө хэлсэн үгнээсээ буцахыг үгүйсгэхгүй. Тэрээр хулгайтай эвлэрэхгүй, хулгайг хаацайлсан эв нэгдэл гэж байх ёсгүй гэдгийг онцгойлон хэлж байлаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар
Өнөөдөр эвлэлдэн нэгдэх тухай ярьж байна. Эв нэгдэл шударга ёс дээр тулгуурлах ёстой. Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл гэж байх учиргүй. Тийм учраас Монгол Улсын Ерөнхий сайд би Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхийнхээ дагуу, нүүрсний хулгайтай хийх тэмцлээ илүү эрч хүчтэй, эрс шийдэмгий үргэлжлүүлэхийн тулд Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо. Эдийн засгаа сэргээхийн тулд нүүрсний хулгайтай тэмцэхээс бид ажлаа эхлүүлсэн. Эдийн засгаа сэргээнэ гэдэг бол нүүрсний хулгайтай тэмцэнэ гэсэн үг, нүүрсний хулгайтай тэмцэнэ гэдэг бол эдийн засгаа сэргээнэ гэсэн үг.
Н.Учралыг намын дарга, УИХ-ын даргаар сонгосноор эрх мэдлээ хадгалж үлдсэн Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар хулгайтай эрс шийдэмгий тэмцэж эдийн засгаа сэргээх хэвээрээ юү. Эсвэл Засгийн газраа тогтвортой ажиллуулахын тулд хэлсэн үгнээсээ буцаж хэрэгт холбогдсон журмын нөхдөө хамгаалаад үлдэх үү. Яах нь түүний үг, үйлдлээс удахгүй тодорхой харагдах биз ээ.
Эцэст нь, та бүхэнд нэг кино ярьж өгье. “Уолт Дисней” компанийн 1994 онд бүтээсэн “the Lion King” гэж кино бий. IMDB-гийн бүх цаг үеийн шилдэг 250 киноны нэгээр зүй ёсоор тооцогддог энэ бүтээлийг монголчууд андахгүй. Киноны үйл явдлыг ч бүгд мэдэх учраас нуршаад яах вэ. Симба хэмээх гүег хэрхэн араатны хаан болж буй түүхийг өгүүлдэг. Энэ зуур нь Тимон, Пумба хоёр түүнд юунд ч санаанд зовохгүй амьдрах арга зааж өгснийхөө төлөө эцэст нь араатны хаан болон түүний арслангийн сүрэгтэй аюулгүй амьдрах эрхээр шагнагддаг билээ. Кино нэг иймэрхүү үйл явдалтай бол киноны олон дуунаас хүмүүсийн сэтгэлд тод үлдсэн нь “Hakuna Matata” буюу юунд ч бүү санаа зов гэсэн агуулгатай дуу билээ. Үүнийг зориуд тодотгосон нь өнөөгийн Монголын улс төртэй тун төстэй харагдаж байна. Симбад зүтгэсэн Тимон, Пумба хоёр хоёулаа эрх мэдэлд хүрлээ. Энэ өнцгөөс нь бодвол Ардын намынхан “Hakuna Matata” гээд дуулж болохоор болсон юм шиг. Харин ард түмэн юунд ч санаа зовохгүйгээр амьдрах арга байна уу? Энэ аргыг олж чадвал УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал буюу тухайн цаг үеийнхээ залууст “Тимон” нэрээрээ танил болсон түүний хэлсэн “Ардын нам ард түмэндээ эргэж ирнэ” гэсэн үг бодит болох юм.