“Шинийн нэгэн болчихлоо. Нар ургахаас урьтаж өндийгөөрэй” гэх ээжийн дуунаар сэрлээ.
Галын илч гэр дүүрэн төөнөж, шар тос самарсан сүүтэй цайны үнэр хамар цоргино. Тооноор харвал үүр тэмдгэрч буй бололтой. Цагаан гэгээ үзэгдэнэ. Тэр зуур “Удтал хүлээсэн, Цагаан сар үнэхээр болчихлоо” гэх бодол зурсхийж, хөөр төрнө. Золголтын дараа зуслангийн хүүхдүүдтэй товлосон газраа, тохирсон цагтаа цуглаад, айл хэсэх албандаа мордоно доо. Таньдаг, таньдаггүй, хөгшин залуу ялгахгүй айл бүрээр орно. Орсон айлынхаа гишүүн бүхэнтэй золгоно. Томчууд “Хэн, хэний хүүхдүүд вэ. Урд зуслангийнхан л дарж явна аа даа” гэх зэргээр өхөөрдөн, “Өөдөө суу. Бууз ид” гэж зочилно. Айл бүхэн хүүхдүүдэд зориулж бэлэг зэхнэ. Хүмүүсийн өгсөн бэлгийг өвөртөө түнтийтэл хийчихээд, үе, үе гэртээ ирж суллана. “Миний бэлгээс хүнд өгчихөв өө. Эргэж ирээд өөртөө авахыг нь аваад, танд өгөхөө өгнө шүү” гэж үүрэгдсээр, дараагийн айл руугаа дэгдэнэ...
Багачууд нь догдлон хүлээдэг, томчууд нь бэлгэдэн зэхдэг Цагаан сарын баяр ийм л байсан. Элдэв ихэрхэлгүй, их чамирхалгүй. Бэлэг ерөөл, ёс уламжлалаа юу, юунаас илүү чухалчилдаг байв. Харин цаг эргэж, он улирах хэрээр энэ баярын агуулга гажиж, хэлбэр хэтийдлээ. Хөөргөний чулуу, дээлийн торго, дэвсгэр олбог, зэхсэн бэлгээрээ өрсөлдөж, бяр чадал, баян чинээлгээрээ илүүрхэх гэсэн хүмүүс уламжлалт баярыг хэтэрхий нүсэр болгож, агуулгыг нь хэтийдүүлж буй нь ч гашуун үнэн.
Үндэсний өв соёлыг шингээсэн алив бүхний өртөг үлэмж өсөж, тэр гороор ахуйгаасаа, үүсгэлээсээ алсрах залуус улам олширсоор.
Зах, худалдааны төвүүдэд үндэсний дээл 300-600 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин салоны, брэндийн гэх тодотголтой дээлийн ханш 1 сая төгрөгөөс эхэлнэ. Хурган дээлийн тухайд хамгийн хямд нь 1.5 сая орчим байна. Малгайн хувьд булга, суусар, хиймэл үс зэргээсээ хамааран ханш нь харилцан адилгүй бөгөөд дундаж өртөг 500 мянган төгрөг. Үйлдвэрт хийсэн үндэсний хэв шинжтэй гутал 500-800 мянган төгрөгийн үнэлгээтэй бол торгон бүс хийц, материалаасаа хамаараад 50-иас 500 мянган төгрөгөөр үнэлэгдэнэ. Мөнгөөр хийсэн, алтан оруулгатай, суран бүс, эсвэл зүү ороон оёсон бүснүүдийн өртөг бүр ч талийсан.
Ингэхээр дундаж үнэлгээтэй үндэсний хувцсаар өвч бүрэн гоёход багадаа 1-2 сая төгрөг шаардлагатай. Чанартай торгоор хийсэн чамбай оёдолтой дээл, үслэг малгай, үнэтэй бүсээр гангарч, гар хийцийн гутал зэхвэл 5-10 сая төгрөгт дөхнө. Үүн дээр хөөрөг даалин, ээмэг зүүсгэл ч нэмэгдэнэ. Жилд 1-2 удаа л эдэлж хэрэглэх хувцас, зүүсгэлд энэ хэмжээний мөнгө зарцуулах нь утгагүй гэж үзэх залуусын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Улмаар цагаан сараас дөлж, цааргалах иргэд ч олширч буй. “Монголчуудын уламжлалт Цагаан сарын баярт хандах хандлагын судалгаа”-г хамгийн сүүлд одоогоос 10 жилийн өмнө хийсэн байдаг. Тус судалгаагаар сар шинийн баярыг 10 өрх тутмын нэг нь тэмдэглэдэггүй гэх дүн гарсан нь бий.
Түүнээс хойш энэ тоо нэмэгдсэн нь дамжиггүй. Гэхдээ буруутгахад бэрх. Улсын хэмжээнд дундаж цалин 2.6 сая төгрөг. Тэгэхээр үндэсний баяраа тэмдэглэх, үүх түүхээ үр хойчдоо өвлүүлэх хүсэл байлаа ч хясал их.
Бэлтгэсэн хувцас хэрэгслээ өндөр үнээр борлууллаа гэж үйлдвэрлэгчдийг буруутгахад ч хэцүү. Манайд дотоодын үйлдвэрүүдээ, бизнес эрхлэгчдээ дэмжих төрийн бодлого байхгүй. Тиймээс эрэлт өсөхөөр үнээ хөөргөддөг зах зээлийн зарчмаараа л тэд ажиллаж буй. Ингэж л жилийн “шархаа” нөхнө. Тэгснээр өөрсдөө ч баяраа тэмдэглэх санхүүгээ базаана.
Өв соёл шингээсэн үндэсний үйлдвэрлэлүүд өртөг өндөр байхад буруугүй гэж үзэх хүмүүс ч бий. Өв соёлын үнэ цэн нь өртөг, мөнгөндөө бус үүх түүхэндээ оршино. Үндэстэн, угсаатан нийтээрээ уламжлал шингэсэн эдээ эдэлж, хэрэглэж, таньж, дадуулж чадвал ондоошил, омогшил гүн орших учиртай.

Монгол угсаатны бэлгэдлийн цогцлол болсон цор ганц үндэсний баяр бол Цагаан сар юм. Ураг удмаа мэддэг, уламжлал соёлоо дээдэлдэг, өтгөсийг хүндэлж, нялхсыг баярлуулдаг энэ баяр 800 илүү жилийн настай. Харин цаашид хэр удаан оршин тогтнож, монгол угсаатны ондоошил, ой санамжийг хадгалан, өвлүүлэх нь өнөөдрийн Та, бидний хандлага, төрийн бодлого, нийгэм, эдийн засгийн нөхцөлөөс хамаарна. Сар шинийн баярын төсөв 2-3 сарын цалинтай нь тэнцэж, баяр тэмдэглэсэн өр, зээлээ он дамжин төлсөөр байвал бидний дараагийн үе энэ баярын ач холбогдлоос алсрах аюултай.
Сар шинээр идээний дээжид тооцогддог тавгийн идээ, ууц, шүүс л дангаараа сая давчихлаа. Үүнээс гадна бууз, бэлэг гэхчлэн бэлдэх зүйл тоймгүй. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотойгоор нэг өрх багадаа 3-4 сая төгрөгийг Цагаан сарын бэлтгэлд зарцуулж байгаа талаар иргэд өгүүлж буй. Мөн манайд цагаан сарын өмнө монгол маягийн инфляц нүүрлэдэг. Нийлүүлэлт, эрэлт, мөнгөн дүн харилцан хамааралтай байх нь чөлөөт зах зээлийн зарчим ч худалдаа эрхлэгчид эрэлтэд дулдуйдан өртгөө хэт хөөрөгдөх нь бий. Зөвхөн хүнсний бүтээгдэхүүн, хувцас хэрэгсэл ч биш авто угаалга, хивс цэвэрлэгээ, гэр цэвэрлэх үйлчилгээ зэргийн үнэ ч хоёрдугаар сард гаардаг.

Баяр дагаж эдийн засаг эрчимждэг нь дан ганц манайд болдог үзэгдэл биш. Дэлхийн ихэнх оронд үндэсний хэмжээний баярын үеэр худалдан авалт нэмэгддэг. Тухайлбал, Хятадад Хаврын баярын аялал жуулчлал жил солигдох үеэр нь эрчимждэг бөгөөд сар гаруй үргэлжилдэг байна. Олон сая хятад хүн энэ өдрүүдэд төрөлх нутаг, аав ээжээ зорьдог тул хүн амын шилжилт хөдөлгөөний томоохон үед тооцогддог. Иймд улсаас нь хаврын баярыг тохиолдуулан эдийн засгийг эрчимжүүлэхийн тулд бүх нийтийн амралтын өдрийг сунгаж, зээлийн хүүгээ бууруулах зэрэг тодорхой арга хэмжээ авдаг байна. Энэ нь дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, эдийн засгаа эрчимжүүлэх, бизнес эрхлэгчдэдээ хөшүүргэ бий болгох, аялал жуулчлалаа хөгжүүлэх үндсэн зорилготой аж.
Харин манайд эсрэгээрээ. Цагаан сараар зээл олголтыг сааруулах, бууруулах бодлого барьж, өр зээл багатай, төсөр тэмдэглэхийг ил, далд байдлаар эрх баригчид уриалдаг. Энэ нь нийт худалдан авалтын дийлэнхийг импортын бараа, үйлчилгээ эзэлж, шаггүй мөнгө гадагш урсдагтай шууд холбоотой. Үүний улмаас Цагаан сарын өмнө валютын эрэлт нэмэгдэж, ханш ч бага зэрэг савладаг.
Дотооддоо чанартай, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бол хүмүүс импортын барааны араас “элдэх” шаардлагагүй. Харамсалтай нь, манайд үндэсний үйлдвэрлэл гэх нэр, шошготой бүтээгдэхүүн болгон гаднаас оруулж ирснээс хэд дахин үнэтэй байдаг. Чанар, стандарт ч чамлалттай. Дориун нь иргэдийн амьжиргаа, эдийн засагтай нь зүйрлэшгүй өртөгтэй. Үүний улмаас манайд импортын бараа, бүтээгдэхүүн ноёрхлоо бүр тогтоочихсон. Монгол үндэсний дээл, гутал, малгай бүсийг дурын хятад аппаас захиалах боломжтой байна. Загвар, хийц нь чамин хэрнээ үнэ хамаагүй хямд. Ааруул, цагаан идээ, хэвийн боовыг ч урд үйлдвэрлээд эхэлсэн. Мөн л амт чанар нь гологдохооргүй төдийгүй зах зээлийн ханш нь төсөр. Тэгэхээр Монгол Улс үйлдвэрлэгчдээ дэмжиж, үйлдвэрлэлээ сайжруулж, үнэ өртөгт нь анхаарах зайлшгүй шаардлагатай байна. Наанадаж, иргэд өв соёлоосоо алсрах, цаанадаж өөрсдийн гараар, оюун ухаан, хүч хөдөлмөрөөр юуг ч бүтээж, бий болгодоггүй үндэстэн болох аюултай байна.