
Өглөөний 05:00 цаг. Сэрүүлэг дуугарна. Нүдээ гүйцэд нээж ч амжаагүй байхдаа гар утсаа шүүрэн авч, ирсэн имэйлүүдээ гүйлгэж харснаар өдөр эхэлнэ.
Замдаа түгжирч, ажил дээрээ ирээд балга кофе уунгаа энэ долоо хоногт хийх ёстой ажлын уртаас урт жагсаалтаа тунгаан сууна. Нэг хурлаас нөгөө хурал, нэг уулзалтаас нөгөө уулзалт. Долоо хоногийн 100 гаруй цагийг зөвхөн компьютерын цэнхэр гэрэл ширтэж, хурлаас хурлын хооронд гүйж өнгөрөөгөөд, нэг л мэдэхэд амралтын өдрийн босгон дээр ирсэн байх нь бий. Улмаар амралтын өдөр ирэхэд “амарч байна” гэж андууран буйдан дээрээ шигдэж, гар утас, зурагтын өмнө хамаг цагаа барах нь олонтаа. Хэрэгтэй, хэрэггүй мэдээллийн хязгааргүй урсгалд живж, утсаа доош гүйлгэсээр тархиа сошиал хогоор “дүүргэж” орхино. Дараагийн долоо хоногууд ч яг энэ хэв маягаар үргэлжилсээр, нэг л мэдэхэд насанд хүрсэн хүний амьдралын хэв маягт дасаж, хязгааргүй тойрогт эргэлдсээр насыг барна.
Гэвч хүний тархи автомат тохируулгатай машин биш. Өдөр бүр яг ижил давтамжтай, нэг хэвийн ачаалал дунд амьдрах нь тархийг туйлдуулж, бүтээлч байдлыг нь унтрааж орхидог. Улмаар юу ч хийсэн утгагүй мэт санагдаж, сэтгэл зүйн туйлдал буюу “burnout” болоход хүргэдэг байна. Яг энэ л үед бидэнд амьсгаа авах шинэ орон зай буюу хобби хэрэгтэй болдог. Учир нь тархи зөвхөн шинэ зүйлээс “эсрэг өдөөлт” авч байж л жинхэнэ утгаараа амардаг байна. Хэрэв өдөржин оюуны ачаалал авч, дэлгэц ширтдэг бол түүнтэй огт холбоогүй, сонирхлоороо хийх үйлдэл л тархийг сэргээж, сэтгэл зүйг тэнцвэржүүлдэг аж. Иймээс ихэнх хүмүүс уртаас урт ажлын ачааллаасаа түр хугацаанд ангижрахаар олон сонирхолтой зүйлсийг хобби болгон хичээллэдэг байна.
Хүн өдөрт ердөө 20-30 минутыг өөртөө зориулж, дуртай зүйлээ хийхэд стресс багасаж, сэтгэл санаа сэргэдэг аж.
Учир нь бид өдөржин нэг төрлийн ажилд төвлөрөх үед тархины нэг хэсэг хэт их ачаалал авч ядардаг байна. Харин эсрэгээрээ ажлаас огт өөр зүйл хийж эхлэхэд тархины идэвх өөрчлөгдөж, ачаалал авсан хэсэг нь түр амсхийдэг. Ингэснээр хүн илүү тайвширч, бодол цэгцэрч, эрч хүчтэй болдог. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, тархинд допамины урсгал орж ирдэг. Хүн дуртай зүйлээ хийх тэр мөчид аз жаргалын даавар ялгарч, кортизолын “хор”-ыг саармагжуулаад зогсохгүй тархийг амрах горимд нь шилжүүлдэг байна.
Хоёрдугаарт, анхаарал төвлөрлийн шилжилт явагдана. Ажлын асуудлаас огт өөр зүйлд буюу зураг зурах, юм нэхэх, эсвэл хөгжим тоглоход анхаарлаа хандуулах үед өдөржин ажилласан тархины хэсэг амарч, ашиглагдаагүй байсан мэдрэлийн цэгүүд ажиллаж эхэлдэг. Үүнийг шинжлэх ухаанд “идэвхтэй амралт” гэж нэрлэдэг. Энэ нь зүгээр л буйдан дээр хэвтэхээс илүүтэйгээр тархиныхаа өөр “цэг”-үүдийг өдөөснөөр туйлдсан хэсгийг хамаагүй хурдан нөхөн сэргээхэд тусалдаг байна.
Гуравдугаарт, бид “урсах” төлөв (Flow state)-д ордог. Дуртай зүйлдээ гүн төвлөрөх үед бид цаг хугацааг мартаж, тархины долгион тайвширдаг. Энэхүү процесс нь бясалгал хийсэнтэй адил үр дүн үзүүлж, сэтгэл зүйг тэнцвэржүүлэн, “унтарсан” бүтээлч байдлыг эргүүлэн асаах гол хөшүүрэг болдог аж. Ийнхүү тархи дотоод тэнцвэрээ олж, бүтээлч байдал сэргэснээр бидний ажлын гүйцэтгэлд ч бодит өөрчлөлт гардаг байна.
Сан Францискогийн их сургуулийн (SF State University) судалгаагаар бүтээлч хоббитой хүмүүс ажил дээрээ бусдаас 15-30 хувь илүү бүтээмжтэй байдаг нь тогтоогджээ. Судлаачид 400 гаруй ажилтныг ажиглахад ажлын бус цагаар зураг зурах, юм нэхэх, мод тарих зэрэг бүтээлч зүйлд цаг гаргадаг хүмүүс асуудлыг шийдвэрлэхдээ илүү уян хатан хандлагатай байжээ. Учир нь тархины өөр хэсгүүд ажиллаж эхлэхэд ажил дээр авсан ачаалалтай хэсгүүд амарч, илүү бүтээлч, бүтээмжтэй болоход тусалдаг байна.
Мөн Олон улсын Сэтгэцийн эрүүл мэндийн сэтгүүлд (JOOP) тэмдэглэснээр, идэвхтэй хобби нь стрессийн даавар болох кортизолыг 75 хувь хүртэл бууруулдаг. Энэхүү процесс нь сэтгэл санааг амраагаад зогсохгүй бие махбодыг дотроос нь нөхөн сэргээж, өвчлөх эрсдэлийг 20 хувиар багасгадаг талаар онцложээ. Тухайлбал, гүйх, дасгал хийх зэрэг биеийн хүчний хобби зүрх судасны тогтолцоог дэмждэг бол ном унших, судалгаа хийх зэрэг оюуны сонирхол нь тархийг цэнэглэж альцгеймер буюу ой санамж алдагдах өвчнөөс хамгаалдаг байна.
Өнөөдөр хобби гэдэг ойлголт зөвхөн уламжлалт хүрээнд хязгаарлагдахаа больж, илүү өргөн хүрээг хамардаг болжээ. Жишээлбэл, тагтан дээрээ ургамал тарьж “urban gardening” хийх, таблет ашиглан дижитал арт зурах, подкаст бичиж эвлүүлэх, сонирхлоороо код бичиж сурах зэрэг нь шинэ үеийн хоббид тооцогдож байна. Эдгээр нь зүгээр нэг зугаа биш, харин тархинд шинэ төрлийн өдөөлт өгч, мэдээллийн хэт ачааллаас гаргах нэг хэлбэр болж төлөвшиж эхэлжээ.
Товчхондоо, өдөрт ердөө 20- 30 минутыг өөртөө зориулж, дуртай зүйлдээ цаг зарцуулах нь тархийг “цэнэглэх” хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга.
Энэ богино хугацаа нь эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй, алсдаа сэтгэл зүйн дархлаа тогтоож, амьдралаас авах таашаалыг нэмэгдүүлдэг байна. Эцэст нь бид ажиллах гэж биш, амьдрах гэж төрсөн учраас тархиа амрааж, өөрийгөө хөгжүүлэх нь амьдралын нэг чухал хэрэгцээ билээ.