
Одоогоос 36-хан жилийн өмнө Монгол Улсад нэг нам дангаараа засаглаж байлаа. Бүх шийдвэрийг тухайн нам гаргадаг байв.
Бүр хувь хүний хөдөө гадаа явахаас эхлээд хэрхэн яаж амьдрахыг хүртэл заадаг, шийддэг байв. Харин ардчилсан хувьсгал ялж олон намын тогтолцоо бүхий чөлөөт, иргэний ардчилсан нийгмийг байгуулж, тэр байдал өөрчлөгдсөн. Харин сүүлийн үед 36 жилийн өмнөх шиг нам бүгдийг шийдэх, иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд халдах байдал гарч байна. Энэ нь магадгүй сүүлийн 10 жил нэг нам засагласантай холбоотой байж болох юм. Эрх мэдэлдээ эрдэж, барьцаа улам лавшруулах оролдлого хийж байхыг үгүйсгэхгүй. Иргэдийн сонгох эрхэнд улс төрийн нам хэрхэн халдаж байгааг тайлбарлая.
Улс төрийн намаар дамжуулан төрийн эрхийг барьж байгаа ч нам төрийн болон иргэдийн өмнөөс бүх шийдвэрийг гаргана гэсэн үг биш. Гэтэл сүүлийн үед эрх баригч нам төрийн өмнөөс бүх шийдвэр гаргах, өөр хоорондынхоо талцал хуваагдалд ялалт байгуулахын тулд төрийн эрх, иргэдийн сонгох эрхэнд халдах гэсэн тохиолдол гарч байна. Гэхдээ бас тохиолдол гэж хэлж болохгүй. Нам ойр, ойрхон төрийн болон иргэдийн эрхэнд халдаж байгаа учраас шууд тохиолдол гэж тодорхойлоход хэцүү. Юу болж байгааг хамгийн сүүлд өрнөсөн дараах хоёр жишээгээр танилцуулъя.
-Иргэдийн сонгох эрхээр баталгаажиж, иргэдээс мандат авсан УИХ-ын гишүүнийг нэр дэвшүүлсэн нам нь эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төсөл парламентын босго даваад байна. Энэ хуулийн төслийг Ерөнхийлөгч боловсруулан УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг төсөлд ёс зүйн алдаа гаргасан УИХ-ын гишүүнийг нэр дэвшүүлсэн намынх нь саналаар эгүүлэн татах зохицуулалт бий.
Тойргоос сонгогдсон, жагсаалтаар сонгогдсон ялгаагүй УИХ-ын гишүүн бол ард түмний саналаар сонгогдсон төрийн түшээ. Гэтэл улс төрийн нам иргэдийн сонгох эрхэнд халдаж УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцүүлээд байна.
Улс төр судлаач, доктор Э.Гэрэлт-Од
Нэгэнт энэ хуулийн төсөл парламентын босгыг давсан учраас одоо хэрхэн засаж, сайжруулах тал дээр УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд ажлын хэсэг байгуулан ажиллах байх. Парламентын гишүүнийг илүү ёс зүйтэй, хариуцлагатай болгоё гэсэн санааг огт үгүйсгэхгүй. Харин энэ хуулийн төслийн хоёр зүйл заалтыг онцгой анхаарах ёстой. Улс төрийн нам УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах санал гаргах эрхгүй. Хэрэв тийм эрх олговол парламентынхаа дээр улс төрийн намыг гаргана гэсэн үг. УИХ-ын гишүүний мандатыг улс төрийн намууд хүссэнээрээ өөрчилж, нөлөөлдөг, дуулгавартай байлгадаг хандлага руу шилжих эрсдэл маш өндөр. Яагаад гэхээр, Монгол Улсад өнөөдөр улс төрийн намууд төлөвшөөгүй байна.
-НИТХ-ын хурлын дарга А.Баярыг огцруулж, дараагийн даргаар нь Д.Ихбаярыг сонголоо. Сонгосон гэж хэлэхэд бас хэцүү. МАН-аас томилсон гэвэл бараг үнэнд ойртоно. Учир нь, МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж НИТХ-ын даргаар Д.Ихбаярыг сонгохыг чиглэл болгосон тогтоол баталсан юм. Үүний дагуу НИТХ-ын төлөөлөгчид Д.Ихбаярыг даргаараа сонгов. Уг нь НИТХ-ын төлөөлөгчид МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрээр бус Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу даргаа сонгох учиртай. Уг хуулийн 53.2-т “Тухайн Хурлын төлөөлөгч Хурлын даргад өөрийн болон бусад төлөөлөгчийн нэрийг дэвшүүлэх эрхтэй. Аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нам, эвслийн бүлэг нэр дэвшүүлж болно” гэсэн заалт бий. Тус заалтын дагуу бүх шатны ИТХ даргаа сонгох ёстой. Гэвч энэ удаад НИТХ-ын даргыг МАН-ын Удирдах зөвлөлөөс “томилчихлоо”. Үүнийг нь олон нийт “НИТХ хуралдаж даргаа сонгодог хуультай. Харин энд хууль зөрчигдөж байна. МАН-ын Удирдах зөвлөл даргыг томилж байгаа нь илт хууль бус байна. Энэ нь МАН хуулийн дээр гараад суучихсаныг харууллаа” гэх зэргээр шүүмжлэв. Мөн улс төр судлаач, хуульч нар ч ийм байр суурьтай байна.
Улс төр судлаач, доктор Т.Туяачимэг
Хуулиараа орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага ИТХ дотроо хуралдаад даргаа сонгох ёстой. Гэтэл гаднаас өөр институц даргыг нь сонгож байгаа нь хуулийг илт зөрчиж байгаа үйлдэл. Үүнээс манай улсад эрх зүйт төрийн тогтолцоо мөн чанараараа суугаагүй байгаа нь харагдаж байгаа юм. Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн сул талыг харуулж байна. Ийм зүйл хийх боломж олгохгүй байх бүр нарийн зохицуулалттай байх ёстой.
Дээрх хоёр жишээ иргэд нь сонгуулиар төрөө сонгон байгуулдаг ардчилсан Монгол Улс хэдий ч 36 жилийн өмнө ганц нам засаглаж байсан үеэс ялгаагүй байгааг харуулж байна. Улс төрийн товчоо бүгдийг шийддэг байсан шиг МАН-ын Удирдах зөвлөл бүгдийг шийддэг болов. Иргэд улс төрийн намаар дамжуулан төрөө байгуулдаг. Төр нь УИХ, ИТХ, Засгийн газар. Сонгогчдоос мандат авсан УИХ, ИТХ иргэдийг төлөөлөн шийдвэр гаргаж ажиллах зарчимтай. Гэтэл улс төрийн нам иргэдийн сонголт, сонгогчдоос УИХ, ИТХ-д олгосон бүрэн эрхийг үл тоон өмнөөс нь шийдвэр гаргасаар байна.
ИТХ бол нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага. ИТХ-ын төлөөлөгчид хэнийг Засаг дарга, ИТХ-ын даргаар сонгож ажиллуулахаа шийдвэрлэх ёстой. Гэтэл олонх болсон намынх нь удирдах дээд байгууллага ИТХ-ыг удирдаж заавар, чиглэл өгч байна. Энэ нь төрийн дээд нам гарлаа гэсэн шүүмжлэлийг бодитой болгож байгаа юм. Зөвхөн НИТХ-ын даргыг ч бус УИХ-ын даргаар хэнийг сонгохыг ч МАН-ын Удирдах зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэсэн. Уг нь УИХ-ын даргаар хэнийг сонгохыг намын Удирдах зөвлөл бус УИХ дахь намын бүлэг буюу төрийн бүтэц өөрөө хэлэлцэн шийдвэрлэх учиртай. УИХ-ын тухай хуульд УИХ-ын даргыг хэрхэн сонгох тухай дараах байдлаар заасан байдаг юм.
11 дүгээр зүйл.Улсын Их Хурлын даргыг сонгох
11.1.Энэ хуулийн 10.1-д заасан нам, эвсэл Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлнэ.
11.2.Аль ч нам, эвсэл олонхын суудал аваагүй бол энэ хуулийн 10.2-т заасны дагуу олонхыг бүрдүүлсэн нам, эвсэл зөвшилцөн Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлнэ.
УИХ-ын тухай хуулийн 10.1-д заасан нам, эвсэл гэдэг нь олонхыг хэлж байгаа юм. 10.1-д “Сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 64 ба түүнээс дээш суудал авсан нам, эвслийг Улсын Их Хурал дахь олонх гэнэ” хэмээн заасан. Тодруулбал, олонхын бүлэг УИХын даргад хэнийг нэр дэвшүүлэхээ шийдвэрлэнэ гэсэн үг. Гэтэл иргэдийн байгуулсан төрийн бүтэц бус улс төрийн нам хэнийг УИХ-ын даргаар сонгохыг шийдэж байна. Саяхан УИХ-ын дарга С.Бямбацогтыг яг энэ зарчмаар сонгосон.
Хэнийг Засгийн газартаа ажиллуулах нь Ерөнхий сайд, намын даргын хэнтэй ч хуваалцахгүй бүрэн эрх. Үүнийг улстөрчид бүгд хэлдэг. Хууль нь ч ийм. 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж Ерөнхий сайдын бүрэн эрхийг нэмэгдүүлсэн. Үндсэн хуулийн 39.3-т “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ” гэж заасан. Ерөнхий сайд ганцхан Ерөнхийлөгчтэй л хэнийг Засгийн газрын гишүүнээр томилохоо зөвшилцөнө гэсэн үг.
Гэтэл нөгөө Ерөнхий сайдын хэнтэй ч хуваалцахгүй дархан эрхэнд өнөө л Удирдах зөвлөл халддаг. Хэнийг Засгийн газартаа сайдаар томилох шийдвэрийг Ерөнхий сайд дангаараа гаргаж чаддаггүй. Эцсийн шийдвэрийг Удирдах зөвлөлөөс гаргадаг. Ерөнхий сайд асан Л.ОюунЭрдэнэ “Би танхимынхаа нэг л сайдыг томилсон. Тэр нь Ч.Номин” хэмээн хэлж байлаа. Мөн Ерөнхий сайд асан Г.Занданшатар өөрийн хүсэлтээр огцрох саналаа намынхаа Бага хуралд танилцуулахдаа “Надад Засгийн газраа бүрдүүлэх боломж байгаагүй. Энэ нь өнөөдөр манай Засгийн газар огцорч байгаагийн нэг шалтгаан мөн” гэж хэлсэн нь ил болсон.
Одоогийн Ерөнхий сайд Н.Учрал ч мөн Засгийн газраа өөрөө толгой мэдэн байгуулж чадаагүй. Гуньж туньсан, талцаж хуваагдсан, эрх мэдэлд шунасан намынхаа нөхөдтэй өнөө дархан эрхээ бас л хуваалцсан. Товчхондоо, иргэд төрөө сонгож байгуулах бус МАН-ын Удирдах зөвлөл иргэдийн сонголтыг үл тоон байгуулдаг, томилдог боллоо. Үүнээс харвал Удирдах зөвлөл орчин цагийн Улс төрийн товчоо болжээ.