
Амны билгээс ашдын бэлгэ гэдэгчлэн юу ч болж байсан үндэсний баяраа орхигдуулалгүй ирсэн монголчууд бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, олон айл өрхийн орлого нь зарлагаасаа давсан ч цагаан сарын баяраа тэмдэглэдгээрээ тэмдэглэн өнгөрүүллээ.
Цагаан сарын өмнө хувьцааны мөнгөө нэхэж жагссангүй, Засгийн газраас үүсгэсэн хүлээлтийг горьдож барьц алдсангүй. Сар шинийн баяраас хэдхэн хоногийн өмнө Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга бөгөөд Монгол Улсын сайд С.Бямбацогт “Тун удахгүй Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын ард түмэндээ сайн мэдээг цагаан сарын өмнө дуулгана. Байгалийн баялгийн өгөөжийг хүртэх ажлыг 20-оод жил хийж чадаагүй. Энэ ажлын үр дүнг гаргаад ард иргэддээ ийм шийдэл гаргалаа гэдгийг тун удахгүй та бүхэндээ Ерөнхий сайд зарлана” хэмээн хүлээлт үүсгэсэн.
Улстөрчдөөс бэлэн мөнгөний амлалт авч сурсан, баяр дөхөхөөр тэтгэврийн зээл тэглэхээс эхлээд ямар нэгэн тэглэлт, чөлөөлөлт хүлээж, хундага барьсан дарга нарын үгийг анхааралтай гэгч амьсгаа даран сонсдог зарим хүнд С.Бямбацогт сайдын үг хүлээлт үүсгэсэн. Тэтгэврийн зээлийг тэглэлцэж явсан хүн Ерөнхий сайдаар ажиллаж байгаа болоод ч тэр үү ахмадууд “Юу өгөх бол” гэж хүлээх шиг болсон. Харин Засгийн газар улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон орд газруудын тодорхой хувийг нь төр эзэмшиж иргэдэд хувь хүртээхээр болж байгаагаас өөр хариулт өгөөгүй. Тодруулбал, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Баялгийн сангийн тухай хуулийг баталж иргэн бүрийн нэр дээр үүсгэж эхэлсэн байгалийн баялгийн өгөөжийн хуримтлалыг нэмэгдүүлэхээр болсон гэдгээ зарласан юм.
Улмаар үүнийгээ баталгаажуулж улсын төсвийн хөрөнгөөр хайгуулийг нь хийсэн орд газруудад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд болох “Хангад Эксплорейшн”, “Өсөх зоос”, “Энержи ресурс”, “Ачит ихт” компанитай Засгийн газар санамж бичигт гарын үсэг зурав. Гарын үсэг зурах ёслолын үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар “Эдгээр компанитай суурь зарчмаа тохирч гарын үсэг зурж байна. Тухайн аж ахуйн нэгжүүдийн 34-өөс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй эзэмших хуулийн зохицуулалтай. Байгалийн баялгийн өгөөжийн 60 хувийг иргэдэд хүртээнэ. Төр 34-өөс доошгүй хувиа ямар байдлаар эзэмшихийг Засгийн газар, УИХ-аар хэлэлцэн шийдвэрлүүлнэ” гэв. Хэдэн өдрийн турш хүлээлт үүсгээд байсан Ерөнхий сайдын мэдэгдэл энэ байлаа. Ажилд шамдах бус амлалт хүлээж сурсан хүмүүс бол “Өө, ердөө л энэ үү” гэж хүлээж авсан нь гарцаагүй. Мөн санамж бичиг гэдэг бол хуулийн дагуу баримт болохгүй, юуг ч эцэслэн шийдвэрлээгүйг илтгэх урьдчилсан тохиролцоо төдий баримт бичиг.
Бэлэн мөнгө тарааж, элдэв зээл тэглэх нь тэрхэн үедээ таатай боловч алсдаа буруу гэдгийг өмнөх шийдвэрүүд харуулсан. Тиймээс сүүлийн жилүүдэд хувьцааны ногдол ашгаас өөрөөр бэлэн мөнгө тараах, зээл тэглэхийг илүүд үзэхээ больсон. Бэлэн мөнгө шууд тарааж, зээл тэглэхээ больсон ч амлалт өгдөг хэвээрээ. Тухайлбал, өндөр хүлээлт үүсгэсэн С.Бямбацогт сайд өөрөө нэг амлалт өгсөн юм.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт
2019 онд хийсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд байгалийн баялгийн дийлэнх нь буюу 50+1 хувийг өнөөдөр амьдарч байгаа иргэдэд болон ирээдүйд амьдрах иргэддээ тэгш хүртээмжтэй өгнө гэж оруулсан. Энэ заалтыг хэрэгжүүлэхийн тулд Үндэсний баялгийн санг 2024 онд байгуулсан. Олон удаа яриа хэлцэл хийсний үр дүнд байгалийн баялгийн өгөөжийн 60 хувь нь Монголын ард түмэнд ногдох эрх зүйн үндсийг бүрдүүлэх тал дээр тохиролцоо хийлээ. Баялгийн өгөөжид татвар, төлбөр, хураамж, ногдол ашиг багтаж байна. Ямар ч байсан Монголын ард түмэн 60 хувийн өгөөжийг хүртэх ёстой гэсэн хэлэлцээ хийлээ. Үүн дээр Засгийн газар, хувийн хэвшил хамтраад хэлэлцээгээ үргэлжлүүлнэ. Эцэслэн тохирсныхоо дараа УИХ-д “Ийм өгөөж хүртэх нь, үүнийг тусгай АМНАТ-өөр орлуулж болох нь” гэж танилцуулна. УИХ дээр эцсийн шийдвэр гарна. Хуримтлалын сангаа яаж аривжуулах вэ гэдэг дээр Ерөнхий сайд илүү анхаарч ажиллаж байна. 2030 оноос Хуримтлалын сангийн өгөөж хүртэх гэж байгаа бид хоёр жилийн хугацаанд 175 000 төгрөгтэй л байна. Энэ бол эрүүл мэнд, боловсрол, ипотекийнхээ зээлэнд зарцуулах мөнгө. Үүнийг хэрхэн ахиу болгох тал дээр эхний алхам хийгдэж байна. Дараа дараагийн алхмууд хийгдэнэ. 2030 он гэхэд иргэд дансандаа 10 сая төгрөгтэй байх зорилгын төлөө ажиллаж байна. Байгалийн баялгийн өгөөжийг ард түмэн 20 жил хүртэж чадаагүй. Баялагтаа эзэн байх боломж өнөөдөр тавигдаж байна гэж ойлгох хэрэгтэй.
2030 он гэхэд иргэн бүр эрүүл мэнд, боловсрол, ипотекийн зээлэнд зарцуулах боломжтой 10 сая төгрөгтэй болсон байх нь. Одоо хуримтлалын дансандаа 175 мянган төгрөгтэй байгаа хүмүүсийг 2030 он гэхэд 10 сая төгрөгтэй болгоно гэдэг маш том амлалт. Одоо байгаа хуримтлалыг нь 57 дахин өсгөх нь. Бид хуримтлалын дансандаа харахын заяа байхаас хазахын заяагүй 175 мянган төгрөгтэй болсноос хойш хоёр жилийн хугацаа өнгөрсөн. Хэрэв энэ хурдаар өсвөл 2030 он гэхэд 10 сая болно гэдэгт итгэхэд хэцүү. Олон хүн уг мөнгөө 10 саяд хүрч эрүүл мэнд, боловсрол, ипотекийн зээлд зарцуулахыг хүлээж чадалгүй нүд анина.
Бас нэг асуулт байгаа нь 2030 он гэхэд иргэн бүр дансандаа 10 сая төгрөгтэй болохгүй бол “Амлалтын хариуг хэнээс нэхэх вэ” гэдэг асуулт. Тухайн үед одоогийн Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгч гээд бүгдийнх нь бүрэн эрхийн хугацаа дуусчихсан байна. Амлалт өгсөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт тухайн үед хэн болсон байхыг хэн ч мэдэхгүй. Тэгэхээр 2030 он гэхэд иргэн бүр 10 сая төгрөгтэй болсон байна гэдэг нь алаагүй баавгайн арьсыг арав хуваахтай агаар нэг юм.