
УИХ 126 гишүүнтэй болсноос хойш хамгийн олон гишүүн дэмжиж гарын үсэг зуран өргөн мэдүүлсэн төсөл бол Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.
Уг хуулийн төслийг О.Номинчимэг тэргүүтэй 76 гишүүн санаачлан боловсруулж, 2025 оны есдүгээр сарын 19 буюу одоогоос 13 сарын өмнө өргөн барьж байлаа. Төслийн хамгийн гол агуулга нь электрон барааны ангилалаар онцгой албан татваргүйгээр Монгол Улсын хилээр нэвтрүүлэн худалдаалж буй электрон тамхийг янжууртай ижил зохицуулалттай болгох. Гэтэл анх хуулийн төслийг боловсруулж байгаа тухай мэдээлэл гарахаас эхлээд электрон тамхи импортлогчид “Янжуур тамхи үйлдвэрлэгч болон импортлогчдын лоббигоор хуулийн төсөл боловсруулж байна, батлах нь” хэмээн эсэргүүцэж эхэлсэн. Эсэргүүцэл, электрон тамхи импортлогчдын лобби их байсан ч “76 гишүүн буюу нийт гишүүдийн 60 гаруй хувь дэмжиж байгаа учир энэ хуулийн төсөл УИХ-аар амархан батлагдана” гэж төсөөлж байлаа. Гэтэл электрон тамхи импортлогчдын лобби улам хүчээ авч хуулийн төслийн хэлэлцүүлгийн сунжруулав. УИХ хэлэлцэх эсэхийг дэмжсэн ч зарим гишүүн Ажлын хэсгийг хуралдуулахгүй саад хийсний улмаас гурван ч удаа бүрэлдэхүүнийг нь өөрчилж, ахлагчийг нь сольсон. Төслийг санаачлагч О.Номинчимэг гишүүн энэ талаар хэлэхдээ “Энэ хуулийн төслийг гацаах сонирхолтой бүлэглэл бий. Лобби хийж байгаа хүмүүс байгаа. Хэн хэнтэй уулзаад ямар асуудал ярьж байгааг нь ч мэдэж байгаа. Надад энэ тухай мэдээлэл ирсэн. Хуулийг батлахгүй удааж татваргүй их хэмжээний тамхи оруулж ирэх гэсэн хүсэл сонирхол байна” хэмээн хэлж байлаа.
Хуулийн төслийн ажлын хэсгийг хуралдуулахгүй саатуулж хэлэлцүүлгийг удаашруулсан нь төслийг дэмжиж гарын үсэг зурсан 76 гишүүний зарим нь лоббинд автаж байр сууриа өөрчилсөн гэх хардлагыг бий болгосон юм. Энэ нь ч бодитой. Хэрэв лоббинд автаагүй бол ийм олон гишүүн санаачлан боловсруулсан хуулийн төсөл аль хэдийнэ батлагдах байлаа. Гэвч УИХ-д өргөн барьснаас хойш 13 сарын дараа буюу өнгөрсөн баасан гарагт эцэслэн батлав. Өнгөрсөн хаврын чуулганы төгсгөлд эцсийн хэлэлцүүлгийг нь хийсэн ч эцэслэн батлахгүй саяхныг хүрсэн нь ч тамхи импортлогчдын лоббитой холбоотой. Сүүлдээ зөвхөн электрон тамхи импортлогчид бус янжуур импортлогчид ч эсэргүүцсэн.
Яагаад янжуур импортлогчид бас эсэргүүцэх болсныг тайлбарлая. Тамхины хяналтын тухай хуулийг хамгийн анх 1993 онд баталж байсан ч хамгийн чухал, хэрэглээг нь хязаарласан өөрчлөлтийг 2012 онд тухайн үеийн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг санаачлан батлуулж, 2013 оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж байлаа. Энэ өөрчлөлтөөр ажлын байр, баар ресторан, олон нийтийн гудамж, талбай гээд хүссэн газраа тамхилдаг байсан монголчуудыг “журмалсан”. Тодруулбал, тамхийг зөвхөн “Тамхи татах цэг”-т татдаг болгож хуульчилсан юм. Мөн сургуулийн ойролцоо тамхи худалдаалахыг хориглосон. Харин О.Номинчимэг гишүүний санаачлан батлуулсан нэмэлт, өөрчлөлтөөр тамхины онцгой албан татварыг нэмэх, электрон тамхинаас янжууртай адилхан татвар авах, сургуулийн ойролцоо худалдаалахыг хориглох, тамхийг худалдан авагчид харагдахгүй газар байршуулж, хүсэлтээр нь үзүүлж худалдах, гаа, жимсний амт, үнэртэй бүх төрлийн тамхины худалдааг хориглохоор болов. Тамхины онцгой албан татварыг нэмэх, ил тавьж худалдаалахыг хориглох гаа, жимсний амт, үнэртэй бүх төрлийн тамхины худалдааг хориглох зэргээс шалтгаалан янжуур импортлогчид ч энэхүү хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж байсан гэсэн үг. Тийм учраас хэлэлцэх, эцэслэн батлах хүртэл нь бүх төрлийн тамхи импортлогчид эсэргүүцсээр байлаа. Хамгийн сүүлд л гэхэд хуулийн төслийг эцэслэн батлах өдөр болон түүний өмнөх өдөр нь “Тамхины хууль батлагдвал Монгол Улсыг ямар эрсдэл хүлээж байна вэ” гэсэн гарчиг бүхий үг, үсгийн зөрүүгүй эсэргүүцсэн агуулгатай нийтлэлийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орноор нэгэн зэрэг түгээсэн юм.
УИХ хуулийн төслийг эцэслэн батлахгүй удаж байгаад бухимдсан УИХ-ын гишүүн, төслийг санаачлагчдын нэг Ө.Шижир ““Мартсанаас мал мэнд үү” гэгчээр тамхины хуулиа хэзээ хэлэлцэж батлах вэ. Шатахуунаа нөөцөлж чадахгүй байхад тамхины компаниуд тамхийг ихээр нөөцөлсөөр байна. Энэ хооронд авах ёстой татвар чинь хайран биш үү. “Мөнгө олдохгүй байна” гээд гоншигноод байгаа хэдэн сайд нарт хэрэг болдоггүй юм уу. Тамхины импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21 сая ам.доллароор нэмэгдсэн байна. Энэ их импортоос онцгой албан татвараа авч чадсангүй. Та нарын эс үйлдэхүйгээс болж ямар хэмжээний алдагдал хүлээж байгааг бодож үзээч. Яг хэний мөрөөдлийг биелүүлээд байгаа юм бэ” хэмээн байр сууриа илэрхийлж байлаа.

Энэ мэтээр хууль санаачлагчид шахалт үзүүлснээр төслийг эцэслэн батлав. Гэхдээ хуулийн энэ өөрчлөлтийг ирэх 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ. Хууль хэрэгжиж тамхины татвар нэмэгдэх, элекрон тамхи татвартай болох хүртэл импортлогчид хүссэн хэмжээгээр тамхи оруулж ирэх боломжтой гэсэн үг. УИХ хуулийн төслийг эцэслэн батлахгүй удсан, баталсан ч хэрэгжих хугацааг нь ердийн журмаар бус хоёр сар гаруйн дараагаас хэрэгжүүлж эхлэхээр шийдвэрлэсэн зэрэг нь “Тамхи импортлогчдын лоббинд автсан учир ингэж шийдвэрлэлээ” гэсэн хардлага төрүүлж байна. Өөрөөр хэлбэл, “Тамхи импортлогчдод тодорхой хугацаа өгнө” гэсэн болзолтойгоор баталж байгаа бололтой.
Гэтэл энэ хуултай хамт баталсан Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ердийн журмаар буюу “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдсэнээс хойш 10 хоногийн дараагаас хэрэгжүүлэхээр баталсан. Тамхи импортлогчдын лобби ямар хүчтэй байсныг УИХ-ын гишүүн Ө.Шижир хууль батлагдсаны дараа хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Ө.Шижир
Энэ хууль батлагдах хүртэл Монгол Улс тамхи үйлдвэрлэгч, импортлогч компаниудын диваажин байсан. Тиймээ тэд энэ диваажингаас салахыг хүсээгүй. Хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэн тамхи импортлогч компаниуд лобби их хийсэн. Лобби нь улаан цагаандаа гарч Төрийн ордонд орж ирсэн. УИХ-ын гишүүдэд юм амлаж эхэлсэн. “Сонгуулийн мөнгийг чинь өгье” гэх хэмжээнд хүрсэн. Яагаад гэвэл жилийн 800 тэрбум төгрөгийн зах зээлээс хэн ч шахагдахыг хүсэхгүй. Тиймээс тамхи импортлогч компаниудын лобби жил гаруй хугацаанд хүчтэй явагдсан. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг нь хийсэн ч эцэслэн батлах процессыг дөрвөн сар дамнуулан хойшлуулсан нь лобби ямар хүчтэй байсныг харуулж байгаа юм.
УИХ тамхи импортлогчдод тодорхой хугацааны боломж олгосон ч ирээдүй хойч үеийнхээ эрүүл мэндийг хамгаалсан чухал хуулийн төслийг баталлаа. Ингэснээр хамгийн эхний ээлжид электрон тамхины замбараагүй хэрэглээг хязгаарлана гэж үзэж байгаа юм.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат
Тамхины хор хөнөөлийг мэдэхгүй, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд хямдхан учраас электрон тамхийг иштэй чихэр идэж, зайрмаг долоож байгаа мэт хэрэглэж байна. УИХ энэ хуулийг батлаагүй бол 5-10 жилийн дараа манай улсын тамхидалтын хэмжээ хэд дахин нэмэгдэж, нийгмийн эрүүл мэнд аюулд орох байлаа. Энэ утгаараа бидний батлуулсан хуулийн төсөл ирээдүйд эерэг дүн авч ирнэ.
Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг санаачлагчид энэхүү өөрчлөлтийг баталснаар 2030 он гэхэд тамхидалтыг 13 хувиар бууруулна гэж тооцоолжээ. Одоо манай улсад тамхинаас шалтгаалсан нас баралт нийт нас баралтын 17 хувийг эзэлж, жил бүр ойролцоогоор 4300 хүн тамхины хэрэглээтэй холбоотойгоор нас бардаг гэсэн статистик мэдээлэл бий.