
Монгол Улсад өнөөдөр хууль цөөдөөгүй. 1990 оноос хойш хэдэн зуун хууль баталсан. Одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа БНМАУ-ын үед баталсан хууль ч бий. Цаашдаа ч хуулийн тоо улам нэмэгдэх нь.
Учир нь, байгаа хуулиудаа өөрчлөхөөс гадна шинээр анхдагч хуулиудыг баталсаар л байна. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн долоо хоногт Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан тэргүүтэй гишүүд өргөн мэдүүлэв. Мөн УИХ-аар хэд хэдэн анхдагч хуулийн төсөл хэлэлцэж байна. Үүний нэг нь УИХ-ын гишүүн П.Наранбаяр тэргүүтэй гишүүдийн өргөн мэдүүлсэн Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл. Энэ мэтээр УИХ-аас шинээр баталж буй хуулиудын тоо нэмэгдсээр мянган хуультай болоход ойрхон байна. Уг нь олон хууль батлах нь чухал бус баталсан хуулиудаа ягштал хэрэгжүүлдэг байх нь чухал. Харин манайд эсрэгээрээ баталсан хуулийг нь хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавих тогтолцоо маш сул. УИХын гишүүд ч өөрсдөө хууль хэрэгжихгүй байгаа тухай ярьдаг. Хэрэгжүүлэхэд төвөгтэй, хэрэгжих боломжгүй хуулийн тоо нэгээр нэмэгдэх эрсдэл байгааг онцлон танилцуулж байна. Гоё зорилготой, сайхан төсөөлөлтэй хууль боловсруулах, батлах амархан. Учир нь, агуулга нь бүх хүмүүст таалагдах учир эсэргүүцэлтэй нүүр тулахгүй. Саяхан яг ийм нэг хуулийн төсөл УИХ-ын босгыг давсан нь дээр дурдсан Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл.
Гар утасны хамааралтай бүхэл бүтэн арми бий болсон энэ үед хүүхдүүдийн цахим хэрэглээг хязгаарлана гэдгийг бүгд дэмжинэ. Тийм ч учраас энэхүү хуулийн төсөл УИХ-ын босгыг ногоон гэрлээр давлаа. Цаашдаа ч энэ байдлаараа хэлэлцэгдэж батлагдах бололтой. Харин баталсан хуулиа хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм.
Хуулийн төслийн гол агуулга нь 13 хүртэлх насны хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээг хязгаарлах, 14-16 насны хүүхдүүдийг тодорхой нөхцөлтэйгөөр нэвтрүүлэх юм. Тодорхой нөхцөл гэдэг нь зарим төрлийн контентыг үзэхийг хориглохоор заажээ. Хамгийн анх хуулийн төслөө боловсруулахдаа 16 хүртэлх насны хүүхдүүдийн нийгмийн сүлжээний хэрэглээг хязгаарлахаар заасан ч явцын дунд 13 болгон өөрчилжээ. Хуулийн төсөлд саналаа өгсөн Монголын өмгөөлөгчдийн холбоо “16 нас хүрээгүй хүүхдийг нийгмийн сүлжээнд бүртгэл үүсгэхийг хориглосон нь мэдээлэл авах, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг бүхэлд нь хязгаарлаж байна” гэжээ. Мөн Австрали улсын жишээ насны хязгаараа эргэн харахад хүргэсэн байна. Тус улс ийм агуулга бүхий хууль баталсан анхны улс орнуудын нэг бөгөөд хамгийн анх 16 нас хүртэлх хүүхдүүдийн нийгмийн сүлжээ ашиглах эрхийг хязгаарлажээ. Гэвч эсэргүүцэлтэй тулгарч, хуулиа хэрэгжүүлэхэд хүндрэл үүссэн учир саяхан хуульдаа өөрчлөлт оруулж 13 нас хүртэл болгон өөрчилсөн байна. Тиймээс манай улс ингэж зохицуулах нь зөв юм байна гэж үзжээ. Гэхдээ Австралиас авах сургамж ингээд дуусахгүй. Насны хязгаараа бууруулсан ч тус улс хуулиа хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгааг мэдэгдсээр байгаа юм.
УИХ-ын гишүүн Ц.Баатархүү
Дэлхийн олон орны парламент энэ асуудлыг хэлэлцэж байгаа. Австрали улс хууль баталснаас хойш цахим хаягных нь тоо цөөрсөн юм билээ. Гэхдээ асуудал нь хэвээрээ байгаа. Хязгаарлалтыг тойрч гарах технологиуд нь дагаад гарчихдаг. Бид ч бас хязгаарлах хууль баталж болно. Гэтэл жилийн дараа хязгаарлалтыг нь нээх технологи бий болно.
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай
Хэрэглэгдэхгүй хууль болчих вий гэж санаа зовж байна. Зарим улс орон ийм агуулгатай хууль нэр төдий батлаад орхиж байна. Дэлхийн 40 гаруй улс ийм хууль баталсан ч хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаа юм билээ.
Дэлхийн 40 гаруй улс хүүхдүүдийн нийгмийн сүлжээний хэрэглээг хязгаарлах хууль баталсан ч сорилттой тулгарсаар байна.
Тухайлбал, Франц улс 15 нас хүртэлх хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээг хориглох хуулийг энэ оны долоодугаар сарын 21-нд баталжээ. Гэвч наймдугаар сарын 14-нд Үндсэн хуулийн зөвлөл нь хуулийн гол зохицуулалтыг нь хүчингүй болгосон байна. Манай улсын хувьд хууль санаачлагчид Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэхдээ гар утасны дугаараар нь насны баталгаажуулалт хийж хэрэгжүүлнэ гэж тооцжээ. Өөрөөр хэлбэл, нийгмийн сүлжээнд нэвтрэхээр бүртгүүлж буй хүүхдийн насыг үүрэн холбооны оператор компаниудын мэдээлэлд үндэслэн баталгаажуулах юм байна. Тодруулбал, үүрэн холбооны оператор компаниуд тухайн хэрэглэгч нь аль насны хязгаарт багтаж байгаа тухай мэдээллийг дамжуулах ажээ. Ингэхдээ 13, 14-16 насны хэрэглэгч мөн биш гэдгээс өөр хувийн мэдээллийг нь дамжуулахгүй гэдгийг хууль санаачлагчид болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин онцолж байлаа.
Гэхдээ манай улсад гар утасны дугаарын ашиглалт замбараагүй байдаг. Хүн бүр зөвхөн өөрийнхөө нэр дээрх дугаарыг ашигладаггүй. Хэн нэгний нэр дээрх дугаарыг дамжуулан ашиглах нь элбэг. 3.6 сая хүн амтай ч Харилцаа холбооны зохицуулах хорооны 2025 оны жилийн эцсийн статистикаар Монгол Улсад үүрэн холбооны 5.1 сая идэвхтэй дугаар бүртгэлтэй байна. Тэгэхээр нийгмийн сүлжээнд нэвтрэхээр бүртгүүлж буй хэрэглэгчийг хүүхэд мөн эсэхийг 100 хувь үнэн зөвөөр тодорхойлох боломжгүй.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц
13 хүртэл насныхан юу ч ашиглах боломжгүй болох юм байна. Одоогийн 13 хүртэлх насны хүүхдүүд бол төрсөн цагаасаа хойш интернэт, гар утсаар янз бүрийн контент үзэж өссөн хүүхдүүд. Фэйсбүүк, инстаграм гэх мэт олон улсын платформуудад 90 хоногийн хугацаанд технологийн хамгаалалт нэвтрүүлэх шаардлага тавьж байгаа юм байна. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол Монгол Улсаас хандах хандалтыг нь хязгаарлах юм байна. Энэ хэрэгжих боломжтой зохицуулалт мөн үү. Хэрэв хэрэгжиж хаагдвал бүх нийтээрээ хаагдана гэсэн үг. Ийм үед нийгмийн замбараагүй байдал үүснэ шүү. УИХ-аар гоё зорилготой хууль баталж болно. Гэхдээ хэрэгжих боломжгүй бол цаас болоод үлдэнэ. Ийм агуулгатай хууль баталсан улс орнууд амжилт олж байгаа билүү. Бусад улс орнууд амжилт олохгүй байхад манайх зүтгээд амжилт олох уу гэдэг асуудал бий.
УИХ-аас баталсан хуулийг монголчууд өөрсдөө хэрэгжүүлэхгүй байхад олон улсын томоохон компаниуд тоож хэрэгжүүлэх эсэх нь эргэлзээтэй. Хэрэгжүүлэхгүй бол Монгол Улсаас хандах хандалтыг нь хязгаарлалаа гээд тэд бус бид л өөрсдөө хохирно. Дэлхий даяар хэрэглэгчтэй тэдний хувьд манай улс маш жижигхэн зах зээл. Тиймээс хандалтаа хаалгалаа гээд харамсахгүй. Энэ мэтээс эхлээд сонсоход гоё ч хэрэгжүүлэх төвөгтэй ийм нэгэн хуулийн төсөл УИХ-ын босгыг даваад байна.