
Төрийн гараа дүрсэн салбар бүр уруудан доройтож, хулгай нүүрлэж байгаа тухай шүүмжлэл үеийн үед гарсаар ирсэн. Одоо ч байдал өөрчлөгдөөгүй.
Төрийн нэрээр хулгай хийдэг нь үнэн. Үнэн гэдэг нь шүүхээр батлагдсан тохиолдол ч олон. Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжиж төрийн өмчийг хувьчлахдаа оносноосоо илүү алдсан нь их. Эрх мэдэл, албан тушаал, мэдээлэлд ойр хүмүүс нь өмч хувьчлалаас ирээдүйн бизнесээ босгож, жирийн иргэд үр ашгаа өгөөгүй цэнхэр, ягаан тасалбартай үлдсэн. “Үндэсний аюулгүй байдал, стратегийн ач холбогдол бүхий салбарт л төрийн оролцоо байх ёстой. Түүнээс бүх салбарт төр бизнес хийх шаардлагагүй” гэж ярьдаг. Гэвч бас л хулгай нүүрлэж байсан учир стратегийн салбараа хувьчилсан түүх бий. Тодруулбал, эрх мэдэл бүхий хүмүүс нь “Шатахуун ууршаад дууссан” хэмээн тайлбарлаж улсын нөөцийн шатахууныг худалдаж хувьдаа ашиг олж байсан учир НИК компанийг хувьчилж шатахууны нөөцөө хувийн хэвшилд даатгасан түүхтэй. Үүнийхээ гороор өнөөдөр Засгийн газар иргэдийнхээ бухимдалд дарагдаж, шатахуун импортлогчдын гарыг харж сууна. Ингээд зогсохгүй өнгөрсөн намрын чуулганаар шатахууны импортлогчдод хөнгөлөлттэй зээл олгож шатахуун нөөцлөх их хэмжээний савтай болох тогтоол баталсан.

Төр өмчтэй байхаар хулгайд өртөж, ашиггүй ажиллаж, зөвхөн алдагдал л үйлдвэрлэдэг гээд бүтэхээсээ бүтэхгүй нь их. Тиймээс төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хувьчлах ёстой, нэмж байгуулахыг хориглох хэрэгтэй, татан буулгах нь зөв гэдэг. Төр төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг цөөлөх, бас олшруулахын аль алийг нь л хийж байна. Тухайлбал, Өмнөговь аймгийн ИТХ Тэмээ судлах аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг шинээр байгуулсан нь багагүй шүүмжлэл дагуулсан. Мөн Хөвсгөлд бяслагны, Булганд сүүний үйлдвэр гээд орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүд нэмэгдсээр л байна. Харин Засгийн газар Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг өнгөрсөн оны төгсгөлд УИХ-аар хэлэлцүүлсэн. Уг тогтоолын төсөлд төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг гурван бүлэгт хуваасан жагсаалтыг хавсаргажээ.
Дээрх аж ахуйн нэгжүүдийн нэгнийх нь л 66 хувийг, бусдынх нь 49 хүртэлх хувийг арилжаалахаар төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, хувьцааг нь Хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалсан ч төр удирдсан, төрийн өмчит аж ахуйн нэгж хэвээрээ байна гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор нээлттэй компани болгож хувьцааг нь арилжаалсан ч өөрчлөлт гарахгүй гэдгийг УИХ-ын зарим гишүүн хэлж байлаа.
УИХ-ын дарга Н.Учрал
Алдагдалтай ажиллаж байгаа компани дээр иргэд, олон нийтээс хөрөнгө оруулалт татна гэсэн логик байхгүй. Алдагдалтай ажиллаж байгаа компани олон байна. Тиймээс энэ компаниудад хөрөнгө оруулалт татна гэдэг зохимжгүй. Хувьцааных нь маш бага хувийг биржээр арилжаалж, том хувьцаа эзэмшигч нь төр өөрөө хэвээрээ үлддэг. Багахан хувийг нь нээлттэй арилжаалаад үр дүнд хүрнэ гэж байхгүй. Алдагдалтай ажиллаж байгаа компанийн хувьцааг иргэд аваад яах юм. Алдагдал үйлдвэрлэж байгаа компанийн хувьцааг ер нь хэн авах юм бэ?
УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл
Хэлбэрийн төдий хувьчлал болох вий гэж бодож байна. Яагаад гэхээр, өмнө нь Төрийн банкийг хувьчилсан. Хувьчилсан, олон нийтийнх болгосон гэдэг нэртэй боловч засаглалд нь ямар ч өөрчлөлт ороогүй. Гаргасан хувьцааны үнэ нь бас уначихсан байгаа.
Олон жилийн турш хувьчилна гэж ярьж буй МИАТ компанийн тухайд бусад аж ахуйн нэгжүүдээс ялгаатай авч үзжээ. Эхлээд 10 хувийг нь стратегийн хөрөнгө оруулагчид хувьчлаад, дараа нь 24-ийг нь биржээр дамжуулан олон нийтэд арилжаалах нь зүйтэй гэж үзсэн байна.
Засгийн газар зарим төрийн өмчит аж ахуйн нэгжийн тодорхой хувийг биржээр арилжаална гэж тооцсон бол заримыг нь бүр 100 хувь худалдаж хувийн хэвшилд шилжүүлэхээр төлөвлөжээ.

Дээрх аж ахуйн нэгжүүдээс “Монгол шуудан” компани нь ганцхан хувьцаат компани. Тус компанийн 34 хувийг арилжаалсан бөгөөд 66 хувийг нь төр эзэмшиж байгаа. Одоо харин үлдсэн 66 хувийг нь ч зарахаар төлөвлөжээ. Төр эзэмшихээр татгалзаж 100 хувьчлахаар төлөвлөсөн аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь аймаг, дүүргийн цахилгаан, дулааны станцууд байна.
Тухайн аж ахуйн нэгжүүдийг хувьчилснаар эрчим хүчний салбарт өрсөлдөөн бий болно гэж тооцжээ.
Тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэх үеэр төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн тодорхой хувийг арилжаалахын оронд 100 хувь худалдсан нь дээр гэсэн байр суурьтай гишүүд ч байсан юм. Тэд харин юуг 100 хувь хувьчилж, бас хувьчилж болохгүйгээ сайн бодох хэрэгтэй гэж байлаа.
УИХ-ын гишүүн Б.Найдалаа
Төрийн өмчит компаниудын хувьцааг бизнесийнхэн булаацалдаад авах юм шиг төсөөлөөд байх шиг байна. 15, 34 гэх мэтээр тодорхой хувиудыг нь хувьчлахаар төлөвлөж байгаа. Хэн үүнийг сонирхож биржээр дамжуулан хувьцааг нь аваад, дараа нь 51, 100 хувь эзэмшинэ гэх юм бэ. Үүн дээр ямар ч эрэлтийн тооцоо судалгаагаа хийгээгүй. Төрийн өмчийн 15 хувийг мөнгөө төлж худалдаж авчихаад яаж нөлөөлж, юуг нь өөрчилж үр ашиг хүртэнэ гээд сууж байх юм бэ. Тиймээс хувьчлах зүйлээ 100 хувь хувьчлаад, хувьчлахгүй зүйлээ хувьчлахгүй үлдээсэн нь дээр.

Засгийн газар ямартай ч эхний ээлжид төрийн өмчит дээрх 33 компанийн нэг хэсэгт нь хөрөнгө оруулалт татаж, нэг хэсгийг нь худалдаж, заримыг нь нэгтгэх, татан буулгах зэргээр өөрчлөхөөр төлөвлөсөн тогтоолын төслөө УИХ-аар хэлэлцүүлж эхэллээ. УИХ хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд ирэх хаврын чуулганаар батална. Гэхдээ үүнээс өмнө эхлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийтийн өмчийн тухай, Төрийн өмчит компаниудын засаглал, ил тод байдал, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг батлах юм. УИХын дарга энэ хоёр хуулийн төслийг хаврын чуулган эхэлснээс хойш 14 хоногийн дотор хэлэлцэж эхэлнэ гэдгийг ажлын хэсгийн дарга нарт нь анхааруулж байлаа. Ямартай ч ирэх хаврын чуулганаар төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хэрхэн хувьчлах, худалдах, өөрчлөн зохион байгуулах нь тодорхой болох нь. Төрд байлаа гээд ашиггүй, татвар төлөгчдийн мөнгөөр алдагдлыг нь нөхөж байгаа ч хувьчлахдаа болгоомжтой хандаж хувьчлал биш хулгай болгохгүй байхыг УИХ-ын гишүүд анхааруулж байгаа юм. Учир нь, төрийн өмчийг үнэгүйдүүлж байгаад хувьчилж авдаг технологийг хэрэгжүүлэх вэ гэдгээс болгоомжилж байгаа ажээ.
Мөн төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хувьцаанаас ажилчдад нь эзэмшүүлэх нь үр дүнтэй гэсэн санал гаргаад байна. Ингэвэл өөрийнхөө өмчөөс хулгайлуулахыг зүгээр хараад суухгүй учир үр дүнтэй гэж үзэж байгаа юм. Төрийн өмчийг хулгайгаас холдуулах нэг арга нь хувьчлах болоод байна. Гэхдээ хувьчлахад бас учир бий. Хулгайлж байсан хүмүүс хувьчлалыг отоод сууж байхыг үгүйсгэхгүй. Ямартай ч алдагдал үйлдвэрлэдэг төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг ашиг үйлдвэрлэгч болгохын тулд хувьчлахаас өөр сонголт алга.