Манай Монголчууд “өртэй хүн өөдөлдөггүй, өттэй ямаа таргалдаггүй” гэж ярьдаг ч өргүй явсан, өрнөөс айсан цаг хугацаа гэж байхгүй.
Зуу гаруй жилийн өмнө хятад данжаадын пүүсэнд өртэй явсан бид одоо Хятадын Ардын банкнаас эхлээд дэлхийн олон орон, банк, санхүүгийн байгууллагуудад өртэй явна. Засгийн газар, үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд нь гадаадад бонд, төсөл, хөтөлбөрийн өртэй, иргэд нь дотооддоо цалин, тэтгэвэр, ипотек, аппликейшны өртэй. Аль аль нь өрөө өрөөр дарж яваа. Арга ядахдаа зарим өрөө өрөнд тооцохгүй, бүр өр гэж нэрлэхгүй байх санаачилга гаргадаг. 2016 онд УИХ ын гишүүн Н.Батбаяр өр гэдэг үгийг өглөг болгон хуульчлахаар төсөл санаачилж байлаа. Мөн Засгийн газрын өр гэдэгт ямар ямар өөрийг оруулах, оруулахгүй тухай хэлэлцүүлгүүд олон болж байв. Засгийн газрын 2012 онд гадаад зах зээлээс босгосон “Чингис” бонд булган сүүлтэй байж араасаа “Самурай”, “Мазаалай”, “Дим сам”, “Гэрэгэ”, “Хуралдай” гэх мэт олон бондыг дагуулсан. Энэ хэрээр ДНБ-д эзлэх өрийн хэмжээ хязгаартаа тулж, таазыг нь өндөрсгөх, ДНБ ээ өндрөөр тооцохоос эхлээд бүх аргаар зохицуулж ирсэн. Бүр 2015 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж эрчим хүч, төмөр зам, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтад авсан зээл, төрийн өмчит компаниудын өрийг Засгийн газрын өрөнд тооцохгүй байхаар хуульчилж байлаа. 10 жилийн дараа буюу өнөөдөр энэ түүх дахин давтагдаж байна. Юу болж байгааг тайлбарлая.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн чуулганы хуралдааны үеэр олны анхаарлыг татсан үг хэлснээр юу болоод байгаа нь ил болсон юм.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн
“Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай гэсэн хуулийн төслийг Сангийн яам бусдын гараар хийлгэсэн байна. УИХ-ын гишүүд энэ хуулийн төслийг өргөн барих гэж байгаа юм шиг 40 орчим гишүүнээр гарын үсэг зуруулж. Гадаад өрөө төсвийнхөө гадна гаргах агуулгатай хуулийн төсөл юм байна. Энэ бол хуулийн хулгай. Бид гадаад зээлийг ямар ч нэрээр нэрлэсэн, өөрсдийгөө хэчнээн хуурсан ч өр зээлээ төлөх нь үнэн. 10 орчим жилийн өмнө өрийг өглөг гэдэг үгээр солих саналыг нэг гишүүн гаргаж байсан. Үүнээс ч долоон дор зүйл болж байна. Монгол Улсын өртэй айл бүр зээлээ өрхийнхөө данснаас хасаад өр зээлгүй юм шиг нүдээ аниад хэсэг явах юм байна л даа. Тэгээд улс эх орноороо, айл өрхөөрөө дампууралд орох юм байна. Ийм зүйлийг хийж болохгүй.”
Г.Тэмүүлэн гишүүний хэлсэнчлэн Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг боловсруулж дараах 40 гишүүн гарын үсгээ зуржээ.
1. Ж.Алдаржавхлан,
2. Н.Алтаншагай,
3. О.Амгаланбаатар,
4. Ч.Анар,
5. Т.Аубакир,
6. Э.Бат-Амгалан,
7. Р.Батболд,
8. Ж.Батжаргал,
9. О.Батнайрамдал,
10. Н.Батсүмбэрэл,
11. Э.Батшугар,
12. Б.Бейсен,
13. Э.Болормаа,
14. Ш.Бямбасүрэн,
15. Ж.Галбадрах,
16. Д.Ганбат,
17. Д.Ганмаа,
18. Х.Ганхуяг,
19. Б.Жаргалан,
20. Х.Жангабыл,
21. Д.Жаргалсайхан,
22. Б.Заяабал,
23. С.Зулпхар,
24. Г.Лувсанжамц,
25. С.Лүндэг,
26. П.Мөнхтулга,
27. Б.Найдалаа,
28. О.Номинчимэг,
29. У.Отгонбаяр,
30. Б.Пунсалмаа
31. П.Сайнзориг,
32. Ц.Сандаг-Очир,
33. Р.Сэддорж,
34. Л.Соронзонболд,
35. Ц.Туваан,
36. Ч.Ундрам,
37. Г.Уянгахишиг,
38. Дав.Цогтбаатар,
39. Д.Энхтуяа,
40. М.Энхцэцэг
Гарын үсэг зурсан гишүүдийг нь харвал УИХ-д суудалтай бүх нам, эвслийн төлөөлөл багтжээ. Засгийн газрын гишүүдээс ганцхан Ц.Туваан гарын үсэг зурсан байна. Хуулийн төслийн агуулга нь дараах гурван төслийн санхүүжилтэд зориулан гадаадаас авсан зээлийг төсвөөс гадуур тооцож, өрийн таазанд багтаахгүйгээр авч явах юм байна.
- Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл,
- Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл,
- Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл.
Товчхондоо, дээрх гурван төслийн өр Засгийн газрын өрийн таазанд хамаарахгүй нь. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу Засгийн газрын өр ДНБ-ий 60 хувиас хэтрэхгүй байх ёстой. Гэтэл эдгээр төслүүдэд зориулж авсан гадаад зээлийн ашиглалт нэмэгдэхийн хэрээр гадаад өр төлбөрийн хэмжээ нэмэгдэж өрийн хязгаарт тулахаар байгаа учир тусад нь бие даасан хууль баталж өрийн таазнаас гаргах мэргэн санаа олжээ. Хууль санаачилсан гишүүд ингэхээс өөр аргагүй байгааг учирлаж мэдээлэл хийв.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг
“Өрийн таазыг нэмэгдүүлэх гээгүй, нэмж зээл авах гээгүй. 12.6 их наяд төгрөгийн зээлийг ашиглаж байж энэ төслүүд дуусна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц болон газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад 5.7 их наядыг ашиглаж байж ашиглалтад орно. Гэтэл 2025 онд гадаад зээлээс ашиглаж болох тааз нь 1.5 их наяд байгаа. Газрын тосны үйлдвэрийн төсөл дээр л гэхэд 200 тэрбумыг л ашиглах хязгаартай. Үйлдвэрээ 2028 онд ашиглалтад оруулах ёстой. Энэ янзаар явбал 10 жилийн дараа ашиглалтад орно.”
“Шийдвэр нь гарч нэгэнт авсан зээлээ ашиглах гэхээр өрийн таазанд тулчих гээд байгаа учир таазнаас гадуур зарцуулж, бүтээн байгуулалтын ажлуудаа хурдан хийе, хэрэв таазандаа захирагдаж зарцуулвал ажил удаашрах нь” гэж үзсэн юм байна. Уг нь энэ тайлбарыг Засгийн газар хийж, Засгийн газар хуулиа санаачлах ёстой баймаар. Гэвч УИХ-ын гишүүд өмнөөс нь ажлыг нь хийгээд өөрсдөөс нь санал авахаар төслөө Засгийн газарт илгээжээ. Гүйцэтгэх засаглал УИХ-ын гишүүдээр хуулийн төсөл боловсруулж, ийм олон гишүүнээр гарын үсэг зуруулсан учир Г.Тэмүүлэнгийн “Хуулийн хулгай” гэдэг хардлагыг буруутгах аргагүй. Хууль санаачилсан гишүүд “Зээлийн шийдвэр нь гарчихсан санхүүжилтийг нь зарцуулахад бэлэн байгаа, нэн яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай гурван төслийг Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөлд хамруулсан” гэв. Эдгээр төслийг яаж ч хурдан хэрэгжүүлж дуусгасан үр ашгаа өгч эхэлтэл нь төсвөөс хүү, зээлийн төлбөрийг нь төлнө. Гэтэл Засгийн газрын өрөнд тооцохгүй гэдэг нь аргаа барсан хүмүүсийн л бодож олсон санаа байх. Эхний удаад гурван төсөл, цаашдаа хэдэн төслийн өр зээлийг өрийн таазнаас гаргах санал орж ирэхийг таашгүй Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Дөнгөж эхлээд л заримыг нь өрийн таазнаас тусгаарлахаар болж байна. Уг нь Өрийн удирдлагын тухай хууль гэж бий. Гэвч энэ хуулиар ч удирдах боломжгүй өрүүдэд тусад нь хууль батлахаар боллоо. Хэзээ “Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй ямаа таргалдаггүй” гэдэг үгэндээ итгэх хүмүүс вэ. Өр тавих, өрөө зоргоороо зарцуулах хууль санаачлах бус валют олох мэргэн санаа сэдэж 40, 80, 120-уулаа гарын үсэг зураасай билээ.