
"Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.”
УИХ-ын гишүүний тангараг
УИХ-ын 126 гишүүн бүр энэхүү тангарагийг нэг бүрчлэн уншиж төрийн сүлдэндээ тангараг өргөсөн. Өмнө нь УИХ-ын хамгийн ахмад гишүүн тангарагийн үгийг бусад гишүүдээ төлөөлөн уншиж тангараг өргөдөг байлаа. Харин 2024 оны сонгуулиар сонгогдсон 126 гишүүнтэй энэ удаагийн парламентаас эхлэн УИХ-ын гишүүн бүр тангарагийн үгийг нэгбүрчлэн уншиж тангараг өргөдөг болсон. Тангарагийн үгийг илүү үнэ цэнтэй болгох гэж, тангарагтаа үнэнч байхыг ойлгуулж ухааруулах гэж ийн өөрчилсөн хэрэг. “Гэвч сахил хүртээд шал дордов” гэдэг шиг дээрдсэн юм алга. УИХ-ын гишүүдийн ёс зүй, хууль дээдлэх байдал дээрдсэнгүй. Одоо бүр хуралдаа суух хамгийн эхний үндсэн үүргээ ч элдэв, үл ялиг шалтаг хэлж биелүүлэхээс татгалзах болов.
Эрх баригч МАН-ынхан дотроо хоёр хуваагдаж нэг нь нөгөө хэсгээ чадаж байгаа нь энэ гээд хуралдаа суухаа болилоо. Намын жагсаалтаар сонгогдсон хэсэг бүлэг эмэгтэй гишүүд “Боловсролын сайд Л.Энх-Амгалан биднээс уучлалт гуйвал хуралдаа сууна” хэмээн гэдийсэн бол “Эмэгтэй гишүүдээс Л.Энх-Амгалан уулчлалт гуйвал хуралдаа сууна” гэсэн эрэгтэй гишүүн ч байна. Яг л аав, ээжийгээ аргадахыг хүлээж хоолоо идэхгүй урвайж суугаа хүүхдүүд шиг гишүүдтэй болов.
Намын дарга, цаашлаад аль нэг бүлэг фракц бараадан УИХ-д сонгогдсон байж болох ч даргадаа, бүлэглэлийнхээ эрх ашигийн төлөө бус нийт иргэн, улсын ашиг сонирхлын төлөө ажиллана гэдгээ тангарагласан.
Сөрөг хүчин яаж ч улс төр хийж байсан эрх баригчид сонгогчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж төрийн ажлыг урагшлуулж байх учиртай. Гэвч олонх дотроо сөрөг хүчинтэй болж олон хоног парламентын үйл ажиллагаа зогсонги байдалд орлоо. Талцаж хуваагдах ч учир бий. Төрийн түшээдийн толхилцооны цаана төсөв тодотгохыг хүлээсэн төрийн албан хаагчид цалингүй болохдоо тулаад байна. “Нийт иргэдийн эрх ашгийн төлөө ажиллана” гэж тангараг өргөсөн атлаа нийт иргэдийнх нь нэлээд хувийг эзлэх төрийн үйлчилгээний албан хаагчид, боловсрол, эрүүл мэндийн салбарынхан цалингүй болохдоо тулаад байгааг тоож байгаа гишүүн алга. Энэ тохиолдолд сөрөг хүчин ч улстөр хийхдээ учиртай хандах ёстой. Улс төр хийж байгаа нь энэ гээд иргэдээ хохироодог байж болохгүй. АН-ынхан “Эрх баригчид АН УИХ-ын үйл ажиллагааг гацааж байна гэсэн ойлголтыг түгээж байна. МАН өөрөө 68 суудалтай. Засагт хамтарсан намуудтайгаа нийлээд 80 суудалтай. Энэ бол дангаараа засаглаж, ирцээ бүрдүүлж чадах үзүүлэлт. 80 суудалтай эрх баригчдаас хариуцлага шаардах ёстой юу, 40 суудалтай манай намаас хариуцлага нэхэх ёстой юу. Эрх баригчид чуулганы хуралдаан, бүх Байнгын хорооны ирцийг дангаараа бүрдүүлэх боломжтой. Өөрсдөө ирцээ бүрдүүлж чадахгүй байгаагийнхаа бурууг бусад руу чихэх нь өрөвдмөөр улс төр.
Бас АН Засгийн газрыг огцруулж төрийг тогтворгүй болгох нь гэсэн мэдээлэл өгч байна. Эрх баригчид дотооддоо эвтэй байвал огцрохын зовлон байхгүй. Засгийн газраа огцруулах эсэх эрх нь олонход л бий. Болохгүй байгаа асуудлыг ярих нь сөрөг хүчний үүрэг. Бид үүргээ л гүйцэтгэж байгаа. Олонх ирцээ бүрдүүлсэн тохиолдолд АН УИХ-ын үйл ажиллагаанд оролцоод явна" хэмээн хойшоо суусан.
Ийнхүү эрх баригчид нэгэндээ гоморхож, сөрөг хүчин сөрж л байвал зөв гэсэн улс төрөө хийж байх хооронд өвөл хаянд ирлээ. УИХ-аар хэлэлцэх, шийдвэрлэх асуудлууд овоорч, хуулийн хугацаандаа өдөр өдрөөр шахагдаж байна. Үүнийг УИХ-ын дарга чуулганы индэр дээрээс олон удаа анхааруулсан ч тусыг эс оллоо.
УИХ-ын дарга С.Бямбацогт “УИХ-ын гишүүдийн хэн нь ажлаа хийх гэж хичээж, хэн нь асуудлыг шийдэхгүй гацааж хуралдаа суухгүй байгааг харж байгаа байх. УИХ-ын гишүүн ард түмнийхээ элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэнэ гэж тангараг өргөдөг. Нийт иргэн улсын эрх ашиг гэдгээ ойлгож байгаа байх. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөж ард иргэдийн амьдрал хүнд байна. Үүнийг шийдэхээр төсвийн тодотголыг хэлэлцэх ёстой. Мөн өвөлжилтийн бэлтгэлийг хангаж эрчим хүч, дулааны асуудлыг шийдээсэй гэж ард иргэд маань харж байгаа. Төрийн албан хаагчид цалин, цалингийн нэмэгдэл, ахмадууда тэтгэврийн нэмэгдлээ хүлээж байна. Тиймээс УИХ-ын үйл ажиллагааг гацаагаад баймааргүй байна.
Иргэдийн амьжиргаагаар наадаж, хүмүүсийн амьдралыг хөл доороо дэвсэж улс төр хийхгүй. Хойшлуулсан асуудал, хуралдаагүй өдөр бүрийн ард улс орны хөгжил гацаж, айл өрхийн амьдрал хүндэрч байгааг бодож ажилламаар байна” гэсэн юм. Энэ бол УИХ-ын дарга С.Бямбацогтын өчигдөр ирц нь бүрдээгүй чуулганы хуралдааныг хойшлуулахдаа хэлсэн үг. Өнөөдөр ирц бүрдвэл УИХ-ын чуулганы хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайдын томилгоог танилцуулж, төсвийн тодотгол хэлэлцэнэ.