
Монгол Улс ардчилсан, чөлөөт нийгмийг сонгохоос өмнө буюу 40-өөд жилийн тэртээ хүний эрх хязгаарлагдмал байлаа. төрд иргэдийн оролцоо гэж байгаагүй.
Харин ардчилсан замыг сонгож, сонгууль явуулж эхэлснээр иргэдийн эрх, нийгэм, улс төрийн амьдралд оролцох оролцоо нь нэмэгдсэн. Цаг хугацаа урагшлахын хэрээр иргэдийн эрхээ хамгаалах мэдрэмж нэмэгдэж, төр засгийн зүгээс ч иргэдийнхээ санал, шүүмжлэлийг цаг гарган сонсож хүлээн авах болсон. Тухайлбал, салбар бүр гомдол мэдээлэл хүлээн авах тусгай дугаартай утас ажиллуулж, төр захиргааны төв байгууллагууд Иргэний танхимтай, Засгийн газар 11-11 мэдээллийн төвтэй болсноос эхлээд иргэдийнхээ саналыг сонсох албан ёсны бүтэц бий болгож эхэлсэн. Иргэдээ сонсож, төрийн бодлого, шийдвэрт саналыг нь тусгана гэдэг мэдээж сайн хэрэг.
Сүүлийн жилүүдэд энэ сайн үйлийг ашиглаж нэр хүнд олох, иргэддээ ойр, тэднийгээ сонсдог дүр эсгэхийг хүссэн дарга болгон “Иргэдээ сонсоно” гэж популизм хийсээр үнэ цэнийг нь унагачихлаа.
Яг одоо бол иргэдээ сонсоно гэдэг нь таатай сайхан, үр дүнтэй, үнэн сонсогдохоо больсон. Иргэд ч төрд үгээ хэлэхийг чухалчлахаа болилоо. Төлбөртэй, тодорхой зорилготой жагсаал цуглаанууд иргэдийн жагсаж цуглах эрхийн үнэ цэнийг үгүй хийсэн шиг дарга нар иргэдээ сонсохын үнэ цэнийг үгүй хийчихлээ. Наанаа иргэдээ сонсоно гэдэг ч цаанаа хэлсэн үг, саналыг нь хав дараад, нэгэн рүүгээ шидээд өнгөрдөг болсон. Тиймээс иргэдийн дунд төрд үгээ хэлээд ямар ч үр дүн гарахгүй гэсэн ойлголт улам нэмэгдсээр байна. Энэ тухай баримтуудыг доор сийрүүлье.
“33 000, 70 000, 100 000 иргэний дэмжсэн саналын дагуу УИХ, Засгийн газар шийдвэр гаргадаг болно” гэж Dparliament цахим хуудсыг ажиллуулж, иргэдийнхээ саналыг нь авч эхлээд хоёр жил гаруйн хугацаа өнгөрч байна. УИХ-ын тухай хуульд зааснаар иргэн Dparliament цахим системд өргөдөл гарган, тус санаачилга нь 33 мянган иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тухайн асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70 мянган иргэн дэмжсэн тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100 мянгад хүрсэн тохиолдолд УИХ-аар шийдвэрлүүлэх ёстой. Өнгөрсөн хугацаанд дараах иргэдийн гаргасан найман санал 100 мянган иргэний дэмжлэгийг хүлээжээ.
-НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг таван хувь болгох (Г.Занданшатар)
-“Цалинтай ээж” хөтөлбөрийн 50 000 төгрөгийг нэмэх (Р.Цэндсүрэн)
- НДШ, ХХОАТ-ын шимтгэлийг 50 хувь бууруулах (Ш.Хүрэлтулга)
- Газрыг гадаадын иргэнд 100 жилээр ашиглах, эзэмшүүлэхийг цуцлах (Н.Номун-Эрдэнэ)
- НДШ-ийг бууруулах (Б.Батбилэг)
- Хувь хүн цалин, орлогоо төлж буй 10 хувийн татварыг нэг хувь болгох (Р.Шинэгэрэл)
- Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг тэглэх (О.Батхүү)
- Бүрэн эрхийн хугацаа нь дууссан УИХ-ын гишүүнд тэтгэмж олгохыг хориглох (Ц.Батболд)
Дээрх саналуудаас ажил хэрэг болсон ганц нь газрыг гадаадын иргэнд 100 жилээр ашиглах, эзэмшүүлэхийг цуцлах санал.
УИХ Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулж энэхүү зохицуулалтыг хуулиас хассан юм. Бусад нь ажил хэрэг болоогүй. Заримыг нь бүр тоож авч хэлэлцээгүй. Улсын эдийн засаг, төсөв, санхүүтэй зайлшгүй холбоотой учир татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах иргэдийн хүсэлтийг биелүүлэх боломжгүй байхыг үгүйсгэхгүй. Харин бүрэн эрхийн хугацаа нь дууссан УИХ-ын гишүүдэд 12 сарынх нь цалинтай тэмцэх хэмжээний тэтгэмж олгож буй хуулийн зохицуулалтыг хүчингүй болгох бүрэн боломжтой. Иргэд ч үүнийг хүсэж саналаа гаргасан. Гэвч УИХ энэ хүсэлтийг нь өнөө хүртэл биелүүлээгүй л байна. Өнгөрсөн арван нэгдүгээр сарын 4-нд Өргөдлийн байнгын хорооноос нэг ажлын хэсэг байгуулаад л орхисон. Ажлын хэсгийн ахлагчаар нь УИХ-ын гишүүн Б.Хэрлэн, гишүүдээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Баасанжаргал, О.Саранчулуун, С.Зулпхар, Л.Энх-Амгалан, Б.Пунсалмаа, О.Алтангэрэл, Г.Уянгахишиг нар ажиллаж байгаа. Тэднээс иргэдийн саналыг хэрхэн шийдвэрлэх гэж байгааг, хэзээ шийдвэрлэхийг нь асуух учиртай. Ялангуяа, ажлын хэсгийн ахлагч Б.Хэрлэн гишүүний үүрэг их. Тэрээр саяхан УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргаар сонгогдсон. Тиймээс эхлээд УИХ-ын гишүүдээсээ ёс зүйтэй байхыг шаардаж, бүрэн эрхийн хугацаа нь дууссаны дараа 12 сарын цалинтай тэмцэх хэмжээний тэтгэмжээсээ татгалзах хэрэгтэй. Ажлаасаа чөлөөлөгдсөн төрийн албан хаагч ажилласан жилээсээ шалтгаалан 1-4 сарын цалинтайгаа тэнцэх хэмжээний тэтгэмж авч байна.
-6 сараас 2 жил ажилласан бол 1;
- 2-5 жил ажилласан бол 2;
- 5-10 жил ажилласан бол 3;
- 10 ба түүнээс дээш ажил ажилласан бол 4 сарын цалинтайгаа тэмцэх хэмжээний тэтгэмж авдаг

Төрийн албан хаагчид ажилгүй болоод ийм хэмжээний тэтгэмж авч байхад дөрвөн жилийн турш зөөлөн сэнтийд тухалж, төрийн ямбыг эдэлсэн УИХ-ын гишүүн нэр дэвшиж чадаагүй, эсвэл сонгогдож чадаагүйнхээ төлөө татвар төлөгчдийн мөнгөнөөс бүтэн жилийнхээ цалинтай дүйцэх хэмжээний мөнгө авна гэдэг шударга бус. Гэтэл УИХ үүнийг эсэргүүцсэн иргэдийнхээ саналыг шийдвэрлэхгүй нохойн замаар оруулж сууна. Өөрсдийнх нь эрх ашигтай холбоотой асуудал учраас ингэж удааж байхыг ч үгүйсгэхгүй. Бүр зарим УИХ-ын гишүүн нь “Энэ мөнгийг авах ёстой, өгөхгүй бол төрийн нууц алдагдана” гэв.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
Төрийн нууцтай ажиллаж байсан хүмүүс өөр улсын иргэн болох, гадаад руу гарах, гаднын компанийн зөвлөх болох, төрийн нууцыг худалдах зүйл явагддаг учраас нэг жилийн хугацаанд нууцыг хадгалах зорилгоор зориуд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хүнийг цалинжуулж төрийн өмнө үүрэг хүлээлгэдэг юм. Тиймээс төрийн энэ тогтолцоог сулруулж болохгүй.
УИХ ажил хэрэг болгож, татвар төлөгчдийн мөнгөөр систем хөгжүүлж иргэдийнхээ саналыг зуу, зуун мянгаар нь цуглуулчихаад ингэж үл тоож байна. 100 мянгаас дээш иргэдийн санал авсан дээрх саналуудаас гадна хуулийн шаардлага буюу 33 000, 70 000 иргэний саналыг авсан олон санал Dparliament цахим хуудсанд бий.
Тухайлбал, Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн татварын нэмэгдлийг цуцлах тухай санал 33 000 иргэний санал авч УИХ-ын Байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан ажилласан. Ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ хэлэлцэж Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоол баталсан. Гэвч өнөөдөр иргэд татвараа нэмэгдүүлсэн хэмжээгээр нь төлсөөр л байна. Бас одоо “Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татвараа багасга” гэж шаардаж, төр үгээ хэлж байгаа хүн алга. Төр засаг иргэдийн санал хүсэлтийн хүчийг ингэж л сулруулж, бүдгэрүүлж, үр дүнгүй болгож байна. Хамгийн сүүлд л гэхэд үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг тэглэхийг дэмжсэн 100 мянга гаруй иргэдийн саналыг УИХ хэлэлцээд мөн л Засгийн газарт чиглэл өгсөн тогтоол баталсан. Засгийн газар тогтоолыг хэзээ хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй. Өмнөх жишгийн дагуу бүдгэрээд л алга болохыг үгүйсгэхгүй. Ийм зүйл удаа дараа болж байгааг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хэлж байлаа.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг
Иргэдээс санал авна гэж шуугиулаад л орхидог байдал үүслээ. Миний санаж байгаагаар лав гурван тохиолдол байна. Нэгдүгээрт, Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа НӨАТ-ын хоёр хувийг тав болгоно гэж иргэдээс санал аваад жонхууруулаад хаясан. Хоёрдугаарт, Х.Нямбаатар авто машины татварыг гурав дахин нэмснийг багасгана гэж иргэдээс санал аваад жонхууруулж байгаад Засгийн газар руу цаас шидээд орхисон. Гуравдугаарт, үл хөдлөх хөрөнгө борлуулсны хоёр хувийн татварыг тэглэх иргэдийн саналыг хэлэлцээд Засгийн газар руу бас нэг чиглэл маягийн цаас явуулаад орхилоо. Засгийн газар хэзээ ч буцааж оруулж ирж хэлэлцүүлэх юм бүү мэд. Үүнийг тодорхой болгож Засгийн газарт хугацаатай үүрэг өгдөг болох хэрэгтэй.
Засгийн газар, УИХ иргэдийнхээ саналыг ингэж л үнэгүйдүүлж байна.
Харахад чихтэй боловч сонссон дүр эсгэдэг дүлий төртэй болжээ, бид.
Энэ байдлаараа иргэдээ хошхируулж, саналыг зуу, зуун мянгаар нь цуглуулж авдаг Dparliament цахим систем удахгүй “Иргэний танхим” шиг анир чимээгүй алга болох нь
УИХ Dparliament цахим системээ бүрэн гүйцэт ашиглаж, иргэд үр дүнг нь үзээгүй байтал Засгийн газар D-gov. mn гэсэн бас нэг цахим системийг өнгөрсөн есдүгээр сараас ажиллуулаад эхэлсэн. Иргэд тус системд хандаж санал асуулга үүсгэж байгаа ч хамгийн их санал авсан санал асуулга нь 400- хан хүний л саналыг авчээ. 10 хүрэхгүй санал авсан санал асуулгууд ч байна.
УИХ, Засгийн газар ингэж л иргэдийн саналыг тал талд хуваан тарамдуулж, хуулийн босго давсан саналыг нь үл тоож байна. Магадгүй энэ нь иргэдийн хүчийг мэдэрч, иргэдийн хүчнээс айсных байхыг ч үгүйсгэхгүй. Иргэд саналаа нэгтгэж чадвал Засгийн газрыг огцруулахаас эхлээд юунд ч нөлөөлж болдгийг харуулсан. Тиймээс аль болох иргэдээ сонсохоос татгалзах, сонссон ч үл тоох хандлага гаргаж байх магадлалтай. Иргэд ч зуу, зуун мянгаараа нэгдэж хашхираад нэмэргүй нь, төр засаг бидний саналыг тоохгүй гэсэн хандлагатай болж эхэллээ. Ийм л дүлий дүмбэ оргисон төр засагтай болов.