Нүд бол хүний хамгийн чухал бөгөөд эмзэг эрхтэн юм. Иймээс гаднын нөлөөгөөр амархан ядрах, өвчлөх нь элбэг байдаг. Удаан хугацаанд машин барих, компьютер болон ухаалаг утас ширтэх зэрэг шалтгаануудаас үүдэн нүд ядарч тодорхой зовууриуд илэрдэг. Тухайлбал, нүд загатнах, хөндүүрлэж өвдөх, хуурайших, нулимс гоожих, бүрэлзэх, давхар харах гэх мэт зовуурь илэрнэ.

Хэдийгээр нүдний ядаргаа нь урт хугацааны өвчлөл, гэмтэлд хүргэхгүй ч анхаарал муудах, ядрах зэргээр өдөр тутмын амьдралд бэрхшээл учруулдаг. Иймд дараах энгийн аргуудыг хэрэглэснээр нүдээ хамгаалж, ядаргааг багасгаж боломжтой.

Бүлээн алчуураар жин тавих

Нүдэнд бактери орохоос сэргийлж жин тавихаас гараа угаах шаардлагатай. Үүний дараагаар жин тавих алчуурыг буцалсан халуун усанд хийж, бүлээн болтол хөргөж 5-10 минутын туршид нүдэндээ тавина. Бүлээн жин нь өвдөлт намдаах, цусны эргэлтийг сайжруулж, нүд орчмын булчинг тайвшруулах үйлчилгээтэй.

Орчны болон ашиглаж буй цахилгаан төхөөрөмжийн гэрэлтүүлгийг тохируулах

Гадаад орчны гэрэлтүүлэг болон цахилгаан төхөөрөмжийн гэрэл нь нүдэнд ирэх ачааллыг нэмэгдүүлдэг. Тухайлбал, зурагт үзэж байхдаа өрөөний гэрлийг бүдэг байлгах нь мөн ном уншихад гэрлийг тод байлгаж хуудас чиглэлийн тусгалтай тохируулах нь илүү хялбар бөгөөд нүдэнд ирэх ачааллыг тодорхой хувиар багасгах юм. Харин ухаалаг утас, компьютерын дэлгэцийн гэрэлтүүлгийг эргэн тойрон дахь гэрэлтүүлгийн түвшинд тохируулан тааруулах нь зүйтэй.                             

Зориулалтын нүдний шил хэрэглэх

Зарим компьютерын зориулалтын шил нь ойрын, дунд, холын зайд хурдан шилжиж харахад туслах тусгай линзтэй байдаг. Гэвч энэ нь цэнхэр гэрлийн хамгаалалттай шилээс өөр гэдгийг анхаарах хэрэгтэй.

Цэнхэр гэрлийн хамгаалалттай шил нь дэлгэцийн цэнхэр туяаг тодорхой хэмжээгээр бууруулж, удаан ажиллахад тухтай болгодог. Иймд ийм төрлийн шил хэрэглэвэл тухтай байдал нэмэгдэх ч нүдэнд ирэх ачааллыг багасгах боломжтой. 

Дэлгэцийн зөв тохиргоо ба байрлал

Хэрэв та удаан хугацаагаар дэлгэцтэй ажиллах шаардлагатай байдаг бол юун түрүүнд дэлгэцийг тэнийлгэсэн гарны хэмжээтэй буюу 50-66 см-ийн зайтай байрлуулах нь зөв. Ингэхдээ дэлгэцийн төв хэсэг нүдний түвшнөөс 10-12 см доор байрлах нь илүү тохиромжтой юм. Мөн дэлгэцийн гэрэлтүүлгийг эргэн тойрны гэрэлтүүлгийн түвшинд тохируулж хэт хурц аль эсвэл бүдэг байхаас сэргийлэх, дэлгэц дээр гарах үг үсгийн фонтыг төвөггүй харагдах хэмжээтэйгээр сонгох шаардлагатай.

Нүдний дасгал хийх

Суугаа байрлалд байхдаа нүдээ аниад, аньсан чигээрээ тааз руу, шал руу, баруун, зүүн чиглэлтэй харах. Хэд хэдэн удаагийн давтамжтай хийх. Эдгээр дасгалууд нь нүдний булчинг ачаалж ядаргаа тайлахад тустай байдаг.

Дэлгэцээс завсарлага авах

Мэргэжлийн эмч нар дижитал төхөөрөмжтэй ажиллаж байхдаа нүдээ тогтмол амрааж байхыг зөвлөдөг. Үүний зэрэгцээ дэлгэц ашиглахдаа тогтмол завсарлага авах хэрэгтэй гэж зөвлөдөг. Тухайлбал, “20-20-20”-ийн дүрмийг баримтлах нь чухал.  Энэ нь 20 секундийн туршид 20 фут (6 метр) зайд байрлах зүйл рүү 20 минут тутамд нэг удаа ширтэх дасгал хийж нүдийг амраах юм.

Агаарын чанарыг сайжруулах

Нүд хуурайшиж эхлэхэд нүдний ядаргаа илүү их мэдрэгддэг. Агаар чийгшүүлэгч ашиглаж агаарыг сайжруулснаар нүдний чийгт ч мөн адил эерэг нөлөө үзүүлдэг байна. Хамгийн багадаа агаарын чийгшлийн түвшин 45 хувь байх нь нүдэнд сайн гэж үздэг. Мөн хиймэл нулимсыг эмчийн заавраар ашиглах нь нүд хуурайшихаас сэргийлдэг байна.