
Намрын чуулганаа нээснээс хойш хамаг хугацаагаа улс төрийн хэрүүлд зарцуулсан УИХ хуулийн хугацаагаар шахуулан байж төсвөө баталлаа. Парламентын түүхэнд УИХ-ын даргагүйгээр анх удаа баталсан 2026 оны төсвийн орлого 31.9 их наяд төгрөг бол зарлага нь 32.9 их наяд. Тодруулбал, орлого, зарлагын зөрүү буюу алдагдал нь нэг их наяд.
Хэрүүл хийх зуураа хуулийн хугацаагаар шахуулж баталсан төсөв нь бушуу туулай борвиндоо баастайн үлгэр болов. Учир нь, цалингаа нэмүүлэхийг шаардсан эмч нартай хийж байсан хэлэлцээрээ эцэслэж дуусгахаасаа өмнө “Эмч нарын цалинг 75 хувиар нэмэхээр боллоо” гэж хэлээд төсвөө баталчихсан. Өмнө нь багш нарын цалинг нэмэхээр шийдвэрлэхдээ санхүүжилтийг нь хаанаас хэрхэн гаргахаар таналт хийж байгаагаа дэлгэрэнгүй тайлбарласан юм. Харин эмч нарын цалингийн 75 хувийн нэмэгдлийг хаанаас, хэрхэн санхүүжүүлэхээ төсөвт тодорхой тусгаагүй. Товчхондоо, УИХ хуулийн хугацаа, эмч, багш нарын шахалтаар төсвөө яаран сандран баталлаа. Энэ бүхнээс үзвэл 2026 оны төсөв тодотгох нь тодорхой төсөв болсон бололтой.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа
Хэрэгжүүлэхэд их хүнд төсөв батлагдсан учраас тун удахгүй тодотгол оруулж ирнэ гэдэгт итгэлтэй байна. Эмч нарын цалинг нэмэх төсөв батлагдаагүй. Төсвөө баталсныхаа дараа эмч нартай хэлэлцээр хийсэн. Тиймээс Сангийн яам тодотголоо бэлтгэх хэрэгтэй.
Төсөв хэлэлцэх хугацаагаа л хэрүүлд зарцуулсан болохоос уг нь 2026 оны төсвийн төслийг анх өргөн барьсан цагаасаа эхлээд ололтой зүйл их байлаа. Тухайлбал, иргэдээсээ саналыг нь авч төсвийн төслийг анх удаа иргэдийн оролцоонд тулгуурлан боловсруулсан юм. Нийт 201100 иргэний саналыг авч, “Төсвийг юунд түлхүү зарцуулах вэ” гэсэн асуултад хариулт авахад дараах байдлаар хариулсан байлаа.
129625 иргэн эрүүл мэндийн салбарт,
105295 иргэн боловсролын салбарт88010 иргэн эрчим хүчний салбарт гэж саналаа өгсөн.
Засгийн газар иргэдийнхээ саналд нийцүүлэн төсвөө боловсруулж УИХ-д өргөн барьсан ч иргэдэд хангалтгүй байв. Тиймээс багш, эмч нар цалингаа нэмүүлэхээр Засгийн газарт шахалт үзүүлж, жагсаал цуглаан зохион байгуулсан. Энэ нь иргэдийнхээ саналыг бүрэн гүйцэд тусгаагүйн илэрхийлэл, цаашид гүйцэд тусгаж байхыг анхааруулсан дохио юм. сайн сонсож, Анхнаасаа иргэдээ төлөвлөлтөө сайн хийхгүй бол хэлэлцэж батлахтай зэрэгцэн иргэд салбар салбараараа жагсаал цуглаан зохион байгуулж, цалингаа нэмүүлэхийг шаарддаг жишиг энэ жилээс эхлээд тогтлоо. Дуугүй суугаагүй нь багш, эмч нар болохоос бүх салбарынхан цалингаа нэмүүлэхийг хүсэж байгаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс эхлээд амьдрал өөрөө цалин нэмэхийг шаардаж байна. Багш, эмч нарын тэмцэл үр дүнд хүрч дараах байдлаар цалингаа нэмүүлэхээр болов.
2026 онд Багш нарын цалин хэрхэн нэмэгдэх вэ?Оны эхнээс 50% нэмнэ.Арваннэгдүгээр сард 2.8 саяд хүргэнэ.
2026 онд Эмч нарын цалин хэрхэн нэмэгдэх вэ?Эмч нарын цалинг 75% нэмнэ.Нэгдүгээр сарын 1-нээс 30%,8-12 дугаар сарын хооронд сар бүр 9%.
Багш, эмч нарын цалинг ийнхүү огцом нэмэгдүүлсэн нь тухайн хүмүүстээ сайн боловч буруу жишиг болов. Ирэх жил төсөв хэлэлцэх үед цагдаа, онцгой, батлан хамгаалах салбарынхан цалингаа нэмүүлэхээр жагсаал цуглаан зохион байгуулахыг үгүйсгэхгүй.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд
Урсгал зардал, тоног төхөөрөмжийн зардлыг бууруулж байж багш, эмч нарын цалинг нэмэхээр боллоо. Одоо онцгойнхон гэх мэт төрийн бусад албан хаагчид “Ажил хаяж байж л цалингаа нэмүүлэх юм байна” гэж дотроо бодож байгаа. Тиймээс Засгийн газар цалин, тэтгэврийн асуудалд түр зуур гал унтраах байдлаар бус урт хугацаандаа улсынхаа өрсөлдөх чадварыг сайжруулах замаар шийдэх хэрэгтэй.
Багш, эмч нарын цалинг нэмсэн, ахмад настны тэтгэврийг 8.6, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн тэтгэврийг 20 хувиар нэмснээс бусдаар нийт иргэдэд таатай мэдээ 2026 оны төсөвт тун ховор. Төсөвтэй хамт өргөн мэдүүлсэн НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлтийг оны эхнээс бус ирэх аравдугаар сараас хэрэгжүүлэхээр болсон. Уг хуулийн төслийн агуулга нь иргэдэд буцаан олгож буй НӨАТ ын хоёр хувийг таван хувь болгох юм. Гэвч энэ хуулийг 2026 оны эхнээс бус аравдугаар сараас хэрэгжүүлж эхлэхээр боллоо.
Ерөнхий сайд Г.Занданшатар төсвийн төслөө анх өргөн мэдүүлэхдээ “НӨАТ-ын тухай хуулийн төслийг төсвийн төсөлтэй хамтад нь өргөн мэдүүлж байгаа. НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгон нэмэгдүүлж байгаа. Нэг сая хүртэлх төгрөгийн худалдан авалтад таван хувийн буцаалт олгоно. 2027 оноос 10 хувийг нь буцаан олгоно. 500 мянга хүртэлх худалдан авалтад 10 хувийн буцаалт олгоно. Нийт иргэдийн 75 хувь нь сард нэг сая болон түүнээс доош төгрөгийн худалдан авалт хийдэг. Тэгэхээр энэ шийдвэр нь иргэдийн 75 хувьд ээлтэй” хэмээн мэдэгдэж байлаа. Гэвч иргэдэд ээлээ өгөх хугацаа нь хойшлов. Мөн төсвөө өргөн барихдаа танилцуулсан татварын шинэчлэл хийх багц хуулийн төсөл нь одоо хүртэл УИХ-д өргөн баригдаагүй байна.
Сангийн сайд Б.Жавхлан “Иргэдийн сарын 800 мянган төгрөгийн орлогыг хүн амын орлогын албан татвараас 100 хувь чөлөөлнө. 1.5 сая төгрөгийн цалинтай хүн байлаа гэхэд 800 мянган төгрөг нь татвараас чөлөөлөгдөж 700 мянган төгрөгтөө 10 хувь буюу 70 мянган төгрөгийн татвар төлнө. 2.5 тэрбум хүртэлх орлоготой ЖДҮ эрхлэгчид татварын хөнгөлөлт эдэлнэ. Хялбаршуулсан горимын босго 50 сая байсныг 400 сая болгож байгаа. Дансыг нь хааж татвар төлүүлдэг бүдүүлэг зохицуулалтыг хална” хэмээн мэдэгдэж байв.
Хуулийн төслөө өргөн баригүй, дээрээс нь энэ бүх хөнгөлөлтийг бий болгох нь байтугай НӨАТ-ын буцаалтыг таван хувь болгосон шийдвэрээ ирэх аравдугаар сараас хэрэгжүүлэхээр болсноос харвал 2026 онд лав иргэд, аж ахуйн нэгжүүдийн татварын дарамт буурахгүй бололтой. Хэрэв энэ хэвээрээ үргэлжилбэл, хувийн хэвшлийнхэн эмч, багш нар шиг жагсахыг үгүйсгэхгүй.

Манай улсын эдийн засаг уул уурхайн салбараас хэт их хамааралтай. Тиймээс хүрэн эдийн засаг гэж ярьдаг. Эдийн засгаа солонгоруулах тухай яриад удаж байгаа ч улам хүрэнтсээр л байна. Хэрхэн хүрэнтэж байгааг 2026 оны төсвийн орлогоос харж болно. Ирэх жилийн төсвийн нийт орлогын 27 орчим хувийг уул уурхайн салбараас бүрдүүлэхээр баталлаа. 2022 онд уул уурхайн салбараас 4.3 их наяд төгрөг төсөвт төвлөрүүлж байсан бол 9.3 их наяд болон тэлжээ. Эдийн засгийн төрөлжилтийн индексээр Монгол Улс дэлхийн 145 орноос 139-д бичигдэж байгаа нь эдийн засаг төрөлжөөгүй, дан ганц салбараас хамааралтайг илэрхийлж байна.
Засгийн газар жил бүрийн төсвөө боловсруулахдаа орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, төрөлжүүлэхэд анхаардаггүй, зөвхөн уул уурхайн орлогодоо л найддаг. Гэвч уул уурхайн түүхий эдийн ханш унах, экспорт буурах зэрэг эрсдэлтэй нүүр тулж орлого тасалдах байдал жил бүр гардаг. Ирэх онд ч мөн уул уурхайн салбараас орлого их олно гэж тооцсон нь нийт орлогын 27 хувийг эзэлж байгаагаас харагдана. Харин өмнөх жилүүдийнхээ алдааг давтахаас сэргийлж ирэх оны төсөвт нүүрс, зэс, алтны үнийг багаар тооцжээ. Монгол Улсад хамгийн их орлого оруулдаг гурван түүхий эдийн экспортын үнэ болон хэмжээг төсөвт дараах байдлаар тооцов.
Нүүрс 90
сая тонн $70
Зэс 1.9 сая тонн $9700
Алт 20 тонн $2800
Одоо дэлхийн зах зээл дээр алт, зэсийн үнэ төсөвт тооцсоноос хамаагүй өндөр буюу алт унци нь 4200, зэс 10800 ам.доллар байгаа. Гэхдээ бас нэг эрсдэл байгаа нь төлөвлөсөн хэмжээгээрээ олборлон экспортолж чадах эсэх. Ямартай ч УИХ-ын гишүүд маань уур уурхайн салбартаа найдаж төсвөө баталлаа. Харин иргэдэд “Эдийн засаг, санхүүгийн байдал 2026 онд сайжирна” гэсэн бодитой итгэл алга.
Экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эдийн засгийн өсөлтийг өрх бүрийн хаалгаар оруулна” гэсээр оруулж чадалгүй огцорсон. Дараагийн Ерөнхий сайд маань ч бас эдийн засгийн өсөлтийг айл өрхийн хаалгаар оруулна гэдгээ Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэл буюу “Шинэ итгэл-эрс шинэтгэл” таван хөгжлийн төлөвлөгөөгөө УИХ-д танилцуулахдаа амлалаа. Бүр өрх болгоны хаягаар нь хүргэж өгнө гэв.
Ерөнхий сайд Г.Занданшатар
“Шинэ итгэл эрс шинэтгэл” таван хөгжлийн төлөвлөгөөгөөр бол ирэх таван жилд эдийн засгаа бүтцээр нь өөрчилж, өсөлтөө тогтвортой хадгалж, өсөлтөө өгөөж болгон, өрх бүрийн хаягаар хүргэх иж бүрэн төлөвлөгөө юм.
Өөрчлөлт, шинэчлэлийг авч ирэх таван жилийн эхлэл болсон 2026 он ямар байхыг баталсан төсвөөс нь харвал эмч, багш нарын шахалт, шаардлагыг биелүүлснээс өөр өрх бүрийн хаягаар хүргэгдэж ирэх бодитой өсөлт харагдахгүй байна. Улстөрчдийн популизм хийх үг төгсөрсөн ч үр дүн тэг заасан хэвээр...