
Монголчууд дэлгэсэн тэрлэг шиг дэлгэр нутагтаа таван хошуу малаа тааваараа адгуулан, гаршуулж, ашиг шимийг нь хүртэж амьдардаг их хувьтай ард түмэн. Тиймдээ ч нүүдлийн мал аж ахуй бол эх орны минь ондоошил, омогшил, ялгарал юм. Харамсалтай нь, хотжилт эрчимжиж, залуучуудын дунд суурин бараадах хүсэл түрэх болсны улмаас малчдын залгамж халаа цөөрч, нүүдлийн соёл бүдгэрч мэдэх асуудал, аюул сөхөгдөх болсон. Харин сүүлийн жилүүдэд их хотын хөл, үймээн, барьж тогтооход бэрх үнийн өсөлт, зах зээлийн хөөргөдлийн улмаас хөдөөг зорих залуучуудын тоо нэмэгдсээр байгаа юм. Тэд уламжлалт мал аж ахуйг орчин үеийн соёл, технологитой хослуулан, түүнийгээ ч олон нийтэд таниулан, сурталчилж буй. Бид энэ удаагийн дугаартаа малчны хотноос цахим инфлюнсер хийж, залуу хүмүүс Монголдоо, тэр дундаа хөдөөд сайхан амьдарч болдгийг монголчуудад төдийгүй олон улсад сурталчилж буй залуусын төлөөлөлтэй ярилцлаа.
Архангай аймгийн Өндөр-Улаан сумын залуу малчин, контент бүтээгч О.ЦэцэгмааНамайг О.Цэцэгмаа гэдэг, 26 настай. Архангай аймгийн Өндөр-Улаан суманд нөхөр, охины хамт амьдардаг залуу малчин. Өөрийн сонирхлоороо нийгмийн сүлжээнд хөдөөгийн амьдрал, аж ахуй, уламжлалт хоол хүнсний талаар контент бэлтгэж, нийтэлдэг. Нөхөр бид хоёр хоёулаа малчин айлын хүүхдүүд. Охиноо төрснөөс хойш хүүхдээ цэвэр агаар, эрүүл орчинд өсгөхөөр зөвлөлдөөд хоёр жил гаруй хугацаанд хөдөө амьдарч байгаа. Би говийн хүн. Нөхөр маань хангайнх. Говь, хангайн байгалийн тогтоц, уур амьсгал их өөр, эсрэг, тэсрэг байдаг юм билээ. Говь зундаа их хална. Хүүхэд байхдаа төөнөсөн их халуунд хонинд явдаг байлаа. Тухайн үед бага байсан болохоор ч тэр юм уу хөдөө амьдрахгүй гэж их боддог байсан. Харин хангайд ирээд амьдарсан чинь надад бүх зүйл шинэлэг санагдсан. Анх удаа Монголд, Монголын хөдөөд амьдарч байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Хөдөө ирсэн эхний нэг жил манай нутагт зуд болсон. Цас ихтэй, цаг хатуу байсан болохоор өдрийг хүүхэдтэйгээ, гэртээ л өнгөрөөдөг байлаа. Тэр үеэс л монгол малчид өдөр тутмын аж амьдралаа харуулсан бичлэг тэр бүр хийдэггүйг анзаарч, энэ төрлийн контент бэлтгэх боломжтойг олж харсан. Тухайн үед Өвөрмонгол хүмүүс амьдралын хэв маягаа харуулсан бичлэг их хийдэг байсан. Би ямар төрлийн бичлэг яах хийхээ жил орчим бодож, төлөвлөсөн. Анхны бичлэгээ нийтэлснээс хойш жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Үзэгчид маань холбогдоод, “багынхаа дурсамжийг саначихлаа, сайхан мэдрэмж төрлөө” гэж их бичдэг. Хүмүүсийн хүүхэд насны, аз жаргалтай дурсамжийг сэргээдэг нь надад их сайхан санагддаг. Мөн хөдөө гарах сонирхолтой хүмүүс ч холбогдоно. Сүүлд төвд явж байсан чинь ганц, нэг хүн таньж байна лээ. Тэд дотноор хүлээж аваад, “Бичлэг хийж үзүүлдэгт баярлалаа, гоё мэдрэмж авдаг шүү” гэж хэлсэн. Эндээс монгол хүмүүс үндэсний өв соёл, аж ахуйдаа хүндэтгэлтэй, бахархалтай ханддаг юм байна гэдгийг олж харсан. Залуу хүмүүс мал аж ахуйн эрхлэх давуу тал ихтэй. Наанадаж, хотын их хөл, стресс, утаанаас ангид. Амгалан тайван, аюулгүй орчинтой. Мөн хийх ёстой зүйлээ хийгээд, үлдсэн хугацаандаа өөрийгөө хөгжүүлэх, гэр бүлдээ цаг гаргах боломж их. Хүн өөрөө хичээвэл нэмэлт орлого олох ч боломж бий. Би анх бичлэг хийж эхлэхдээ нэмэлт орлого олох зорилготой байсан. Энэ зорилгодоо хүрч, сүүлийн гурван сарын хугацаанд орлого олж байгаа. Нэг үеэ бодоход хөдөөг зорих залуус элбэгшиж байх шиг санагддаг. Гэхдээ залуу хүмүүс хөдөө гарах сонирхолтой байгаа ч 30-аас дээш насныхан төв бараадах нь түгээмэл байх шиг анзаарагдсан.
Дундговь аймгийн Адаацаг сумын залуу малчин, контент бүтээгч А.ИчинноровБи малчин болоод гурван сар л болж байна. Мал дээр өссөн ч хүндийн өргөлтийн спортоор хичээллээд, тамирчин болсон юм. Энэ жил аав маань бурхан болоод, ээжтэйгээ хамт малаа маллаж амьдрахаар болсон. Нэг үеэ бодоход хөдөө амьдрах их таатай болжээ. Энд интернэтээс эхлээд бүх зүйл байна. Би малаа маллаж, контентоо хийхээс гадна Хүндийн өргөлтийн холбооныхоо PR хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. Ажлаа цахимаар хийдэг гэсэн үг. Хажуугаар нь хувийн хаягаараа бичлэг хийж, байгууллагуудтай хамтарна. Заримдаа хэрэгтэй бараа, бүтээгдэхүүнээ бартерт ч авна. Тамирчин байхдаа л контент хийдэг байсан. Хөдөө гараад хөдөөгийн амьдралыг хүмүүст харуулж, бичлэг хийвэл сонирхолтой байх гэж боддог байсан юм. Хүмүүс илүү энгийн, үнэн зүйлд дуртай болжээ. Мөн малчид нийгмийн сүлжээ их ашигладаг болсон байна. Гадаадад байгаа хүмүүс ч миний бичлэгийн их үздэг. Эндээс монголчууд монгол ахуйгаа сонирхдог болсон нь анзаарагдаж байгаа.
Хотод утаа, түгжрэлээс эхлээд стресс их. Хөдөө бол цагт баригдахгүй, эрх чөлөөтэй, цэвэр, тухтай, тайван орчинд тааваараа ажиллаж, амьдрах боломж цөм байна. Одоо ганц дутуу юм эхнэр л байна даа. Залуу хүмүүс хөдөө амьдрах хандлага алсуураа нэмэгдэж байх шиг санагдсан. Гэхдээ л залуу малчдын дийлэнх нь эрчүүд байна. Мал аж ахуйн салбарыг цаашид улам хөгжүүлмээр санагддаг. Хөдөөд бүл цөөн учир ганц, нэг гэрээр амьдрах амаргүй. Тиймээс малаа үүлдрийн чиглэлээр өсгөж, айлууд хэд хэдээрээ хоршоолж амьдарвал их зүгээр санагддаг. Санаа нийлсэн хэдэн айл айлсаж буугаад, малаа ээлжилж хариулаад, хадлан, тэжээлээ хамтаараа бэлтгэдэг байвал зөв юм шиг бодогддог юм. Судлаад үзэхээр Өвөрмонгол малчид цөм тэгж амьдардаг юм билээ.
Би залуу хүмүүс хөдөөг, мал аж ахуйг сонирхоосой гэж хүсдэг. Тиймээс залуучууд хөдөө яаж таатай, тавтай амьдарч байгааг хүмүүст харуулах, малчид малчны хотноосоо нэмэлт орлого олох боломжтой болохыг таниулах зорилгоор контент хийж эхэлсэн.
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын малчин Б.НямбаярНамайг Б.Нямбаяр гэдэг. Нөхөр хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Чичин II багт мал маллан амьдардаг. Манай нөхрийг Э.Санчир-Эрдэнэ гэдэг. Бид одоо долоо дахь жилдээ хамт байгаа. Манайх 2024 он хүртэл Улаанбаатар хотод амьдарч байгаад хүүгээ төрөхөөс нэг сарын өмнө нутагтаа ирсэн. Хотод бид хоёр их сургууль төгсөөд, мэргэжлээрээ ажилладаг байлаа. Гэтэл жирэмсэн байхдаа хотын утааны улмаас үргэлж ханиалгадаг болчихсон. Хүүхдээ тийм орчинд өсгөнө гэхээр үнэхээр хэцүү санагдсан. Тэгээд л эрүүл, цэвэр орчинд хүүхдээ өсгөх сонголт хийсэн. Залуучууд мал аж ахуй эрхлэхэд давуу тал маш их. Өөрсдийн гараар боловсруулсан цэвэр, ашиг шим өндөртэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэнэ. Мөн төв суурингийн стрессээс ангид, үргэлж байгалийн сайханд аж төрнө. Сул тал ч цөөнгүй. Нүүх, суух ачааны машинаас эхлээд дутагдах зүйл их. Цаг хатуу, зудтай жил бүр ч хүнд. Мөн тогтмол орлогогүй гэхчлэн асуудал бий. Гэхдээ намартаа өвс их бэлтгэж, өвлийн улиралд зарах зэргээр нэмэлт орлого олох боломжтой. Одоо цагт контент хийх нь ч орлого олох боломж. Анх “Малчны хотноос дэлхийд хүрнэ” гэсэн агуулгатай, нэгэн эмэгтэйн бичлэгийг нийгмийн сүлжээнээс үзээд, энэ төрлийн бичлэг хийх санаа төрсөн юм. Улмаар залуу малчин гэр бүлүүдээ төлөөлөөд бичлэг хийж эхэлсэн. Монголын өв соёл болсон нүүдлийн мал аж ахуйгаа эх орондоо, цаашлаад дэлхийд харуулж монгол малчны гараас гарч буй малын ашиг шимийн мөн чанарыг таниулах зорилгоор бичлэгээ хийдэг. Мөн контент хийх нь гэр бүлийн уур амьсгал, эмх цэгц, цэвэр нямбай байдалд ч эерэг нөлөөтэй. Мөн өрхийн орлогод нэмэртэй. Эдгээрээс гадна нийгмийн харилцаа сайжирдаг юм билээ. Биднийг сумандаа очиход танихгүй хүн байдаггүй. Бүгд л “Гурван төмсөө, сайн уу” гээд мэндэлдэг. Хамгийн том давуу тал нь, энэ сайхан байгальд эмийн ургамлаар идээшлэн, бэлчээрлэсэн мал сүргийнхээ шимийг нийгмийн сүлжээний тусламжтайгаар, ченжийн гар дамжуулахгүй борлуулах боломж бүрддэг.
Би гэртээ юу хийдэг, гараад малын хашаа хороогоо хэрхэн арчилж торддог, малаа яаж маллан, бэлчээрлүүлдэг зэрэг өдөр тутмын амьдрал, мал аж ахуйгаа бичлэг болгон нийтэлдэг. Бичлэгийг маань гэр бүл, найз нөхдөөс гадна хотын хүмүүс, гадаадад байгаа монголчууд, малчид шимтэн үзэж, дэмжиж байгаа нь урамтай санагддаг. Манай жижигхэн “төмс”-ийг хүмүүс их өхөөрддөг. Хөдөөгийн амьдрал бол Монгол Улсын дэлхийд ялгарах ондоошил. Үүнийг орчин үеийн арга барилтай хослуулан түгээн дэлгэрүүлж байгаадаа маш их баяртай байна. Ухаалаг утсаа дэлхийн залуучуудын хэмжээнд зөв ашиглаж, улс орноо хөгжүүлье гэж үеийнхэндээ уриалмаар байна.
Хэнтий аймгийн Галшар сумын залуу малчин, контент бүтээгч А.ЭнхзулБи “Ааруулын гэр” гэж цахим хуудас хөтөлж, контент бүтээгдэг. Манай аав, ээж, өвөө, эмээ малчин хүмүүс. Тиймээс би мал дээр өссөн. Өнгөрсөн оны наймдугаар сард хөдөө амьдрах шийдвэр гаргасан. Ээж, эмээ хоёр маань нутаг усандаа амттай, сайхан цагаан идээтэй гэж хэлэгддэг хүмүүс байдаг. Өмнө нь идээ цагаагаа борлуулж байгаагүй. Харин өнгөрсөн жилээс идээгээ борлуулж эхэлсэн болохоор монгол ахуйгаа харуулсан контент хийж, цагаан идээний соёл, боловсруулах аргыг хүмүүстэй хуваалцахаар шийдээд бичлэг хийж эхэлсэн. Контент хийх нь өөрийн үзэл бодлыг нийгэмд илэрхийлэх дөт зам гэж боддог. Хөдөөд интернэт, эрчим хүчний асуудлыг шийдэж болдог болсон. Тиймээс хөдөө амьдардаг хүмүүс орон зай, цаг хугацааг үл харгалзан амьдралын хэв маяг, ахуй нөхцөл, аж байдлаа хүмүүст хүргэх боломжтой болсон. Алслагдсан бүс нутагт амьдарч байгаа хүмүүс юу хийдэг, яаж амьдарч байгааг олон нийтэд харуулж байгаа минь сайхан санагддаг. Залуу хүмүүс гэр бүлээрээ хөдөө, мал аж ахуй эрхлэх таатай сонголт шиг бодогдож байгаа. Эрүүл агаарт хүүхэд өсөж байгаа нь хамгийн чухал. Энэ өвөл гэхэд манай хүүхэд нэг ч удаа ханиад хүрээгүй. Мэдээж хүндрэлтэй асуудал ч бий. Хамгийн бэрх нь цаг агаар. Мөн орон нутагт залуу хүн цөөн. Манай нутагт хөдөө, мал аж ахуй эрхэлж байгаа хүмүүсийн дийлэнх нь 40-өөс дээш насныхан байдаг. Контент хийж, хүмүүст эерэг сэтгэгдэл төрүүлж, хийж байгаа зүйлсээ бусдад таниулж байгаадаа баяртай байдаг.
Дундговь аймгийн Сайнцагаан сумын залуу малчин, контент бүтээгч М.МөнхсаруулБи Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрж өссөн, айлын том охин. Аймгийнхаа математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “Цэгцбилэг” сургуульд суралцаж төгссөн. Улмаар МУБИС-д математикийн багш мэргэжлээр бакалавр хамгаалсан. Их сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байгаад хүндэтгэх шалтгааны улмаас хөдөө ирсэн. Гурав дахь жилдээ мал маллан амьдарч байна. Би бичлэг хийх сонирхолтой. Энэ хоббигоо аж байдалтайгаа хослуулаад бичлэг хийх санаа хөдөө амьдарсан эхний намар л төрсөн. Тухайн үед энэ төрлийн бичлэг хийдэг хүн байгаагүй. Тиймээс яаж, ямар байдлаар хийх санаа, эвээ олохгүй байсаар жил гаруйн өмнөөс контентоо идэвхтэй хийж эхэлсэн. Контент хийх надад маш сонирхолтой санагддаг. Мөн өдөр тутмын амьдралаа бичлэгт үлдээж байгаа нь дурсамжтай. Эдгээрээс гадна соёлын өвийг тээж, таниулахад хувь нэмрээ оруулж байгаа гэж боддог. Хөдөөгийн ажил цаг зав багатай, хүнд. Тиймээс залуу, эрч хүчтэй байгаа дээрээ хөдөлмөрлөж, үр хүүхдээ эрүүл, цэвэр агаарт өсгөн, эрүүл хүнс хүртэж амьдрах нь зөв гэж бодсон. Мөн мал аж ахуй эрхэлж орлогын эх үүсвэртэй болох зэрэг давуу тал их. Гэхдээ мал маллах нь амьдралын баталгаа гэж хэлэхэд амаргүй. Ган зудтай үед нэг зун, нэг өвөлд л амаргүй нөхцөл үүснэ. Мөн хөдөө амьдардаг эрчүүдэд эхнэр олдохгүй байх, залуу гэр бүлийн хүүхэд нь сургуульд сурахад гэр бүлийн аль нэг гишүүн төв бараадах зэрэг асуудал үүсдэг. Түүнчлэн манай нутагт залуучууд байдаггүй. Үеийнхэн байхгүй болохоор хөдөө уйдах янзтай. Нийгмийн сүлжээнд бичлэг хийж оруулдаг залуучууд харин их болсон байна. Тэднийг хараад хөдөөд залуучууд их амьдардаг болжээ гэх ойлголт авдаг. Нүүдлийн соёл иргэншлээрээ манай орон ялгардаг. Соёлын өвийг тээж, контентоороо дамжуулан хөдөөгийн аж амьдралыг хүмүүст хүргэж байгаадаа их баяртай явдаг. Маш их урмыг үг ирдэг. Цаашид илүү олон бичлэг оруулахыг хичээнэ ээ.