
Монголчуудын үүх түүх, өв соёлын дархлаа болсон Үндэсний их баяр наадам сар гаруйн дараа эхэлнэ.
Удахгүй бөхчүүд галдаа гарч, уяачид морьдынхоо уяа сойлгыг тааруулж, харваачид цэц мэргэнээ шалгана. Гэвч өмнөх наадмын маргаан дуусаагүй, мөн энэ жилийн наадмаар хэдэн бөх барилдуулах нь тодорхойгүй байна. Хууль санаачлагчид энэ бүхнийг тодорхой болгохоор хуулийн төслүүд санаачилж эхнээс нь УИХ-д өргөн мэдүүлээд байгаа билээ. Одоогийн байдлаар хууль санаачлагчид Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах гурван төсөл боловсруулжээ. Энэхүү гурван төслийг танилцуулъя.
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар тэргүүтэй гишүүд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төсөлд этгээд сонин заалт олон бий. Тухайлбал, эрийн гурван наадмыг жинхэнэ утгаар нь эрийн гурван наадам болгох тухай заалт. Сур харвааг эс тооцвол зөвхөн эрчүүд өрсөлддөг учир эртнээс эрийн гурван наадам гэж нэрлэсэн. Гэхдээ нэг хүн гурван төрлөөр өрсөлддөггүй. Харин О.Амгаланбаатар тэргүүтэй УИХ-ын гишүүд наадмын хөтөлбөрт жинхэнэ утгаараа эрийн гурван наадам болгох нэг төрлийг нэмэхээр төсөлдөө тусгажээ. Энэ бол нэг хүн бөх барилдах, их насны морь унаж уралдах, сур харвах гэсэн гурван төсөлд ганцаарчлан оролцож өрсөлддөг наадмын төрлийг нэмэх тухай юм. Усанд сэлж, унадаг дугуй унаж, гүйж уралддаг триатлон шиг үндэсний спортын гурван төрлөөрөө өрсөлдөнө гэсэн үг. Өнөөдөр биш юм гэхэд ирээдүйд энэ төрөл нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Эрийн гурван наадам нэртэй ч шагайн харваа, жороо морины уралдаан гэх мэтээр төрлөө нэмсээр ирсэн.
Улсын баяр наадмын дараа бөхчүүдийн допингийн асуудал маргаан дагуулдаг. Энэ маргаан жилийн турш үргэлжлэх нь ч бий. Тухайлбал, өнгөрсөн жилийн үзүүр бөх Н.Өсөхбаяртай холбоотой допингийн маргаан өнөөдөр ч үргэлжилсээр байна. Допинг илэрсэн тохиолдолд цолыг нь хураах, унасан бөхчүүдэд нь цол нөхөн олгох гээд багагүй ажил болдог. Мөн цолыг нь мялааж төрсөн нутаг, дэмждэг компани нь байр, машинаас эхлээд их хэмжээний шагнал урамшуулал олгосны дараа допинг илэрч цолоо хураалгадаг. Энэ асуудлыг зохицуулахаар О.Амгаланбаатар тэргүүтэй гишүүд хуулийн төсөлдөө “Бөх, сурын харваачдад допингийн шинжилгээний хариу гартал батламж олгож, хариу гарсан өдрөөс хойш гурван хоногийн дотор шинжилгээний хариу болон батламжийг үндэслэн тухайн бөх, харваачдад улсын цолыг олгоно” гэсэн заалт оруулжээ.
Мөн 2021 оны наймдугаар сарын 16, 17- нд Монголын залуучуудын холбооны 100 жилийн ойд зориулан Хүй долоон худагт зохион байгуулсан бөхийн барилдааны цолыг нөхөж олгох заалтыг хуулийн төсөлдөө тусгасан байна. Цар тахлын үед зохион байгуулсан энэхүү барилдаанд амжилттай барилдсан бөхчүүдэд цол олгоно гэж байсан боловч олгоогүй юм. Тус барилдаанд улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, улсын харцага Э.Ууганбаяр үзүүрлэж байлаа.
Энэ хуулийн төслийн зарим этгээд сонин заалтыг ямар нэгэн тайлбаргүйгээр танилцуулъя.
- Дэлхийн монгол наадмыг гурван жил тутам
зохион байгуулж, уг наадмын үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан,
сур харвааны төрлүүдэд дэлхийн аварга цол олгоно.
- Улсын аварга шалгаруулах
тэмээний уралдааныг өвөл зохион байгуулж, тэмээний амжилтыг харгалзан Улсын
алдарт уяач цол олгоно.
- Гадаадад амьдарч байгаа монголчуудын дунд жил бүр
зохион байгуулдаг үндэсний их баяр наадамд 64 бөх барилдсан бол сумын наадамтай
адилтган үзүүрлэсэн бөхөд сумын начин, түрүүлсэн бөхөд сумын заан цол олгоно.
128 бөх барилдсан бол аймгийн баяр наадамтай адилтган тав давсан бөхөд аймгийн
начин, зургаа давсан бөхөд аймгийн харцага, үзүүрлэсэн бөхөд аймгийн заан,
түрүүлсэн бөхөд аймгийн арслан цол олгоно. Түрүүлсэн бөхийн цолыг тухайн баяр
наадмыг зохион байгуулах хорооны саналыг үндэслэн тухайн улсад суугаа Элчин
сайд олгоно.
- Жил бүрийн долоодугаар сарын 10-19-нд бүх нийтээр амарна.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг тэргүүтэй гишүүд Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүллээ. Уг хуулийн төслийн агуулга нь хэзээ 1024 бөх барилдуулахыг тодорхой болгох. Одоо хүчинтөгөлдөр мөрдөгдөж байгаа Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.1-т “Улсын баяр наадамд 10 жил тутам Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын тэгш ойг давхцуулан 1024 бөх, бусад баяр наадамд 512 бөх барилдана” гэсэн заалт бий. Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбоотойгоор хуульд өөрчлөлт оруулахгүйгээр 1024 бөх барилдуулж болно, болохгүй гэсэн маргаан өрнөөд байгаа. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ “Энэ жил 1024 бөх барилдах ёстой. Учир нь, Их Монгол Улс байгуулагдсан болон Ардын хувьсгал гэсэн өөр, өөр он цагт болсон түүхэн үйл явдлын тэгш ой давхцах огт боломжгүй тул хоёуланг нь давхцуулах мэтээр ойлгож, тайлбарлах нь буруу. Хуулийн гол үзэл санаа нь Улсын баяр наадамд 10 жилд нэг удаа 1024 бөх барилдуулахад биш, харин Монголын түүхэнд онцгой ач холбогдолтой хоёр үйл явдлын тэгш ойгоор 1024 бөх барилдуулах юм. 10 жил тутамд дээрх хоёр түүхэн үйл явдлын тэгш ойгоор 1024 бөх барилдахаар заасан гэсэн үг” хэмээсэн юм. Харин хуульд заавал өөрчлөлт оруулж 1024 бөх барилдуулах ёстой гэж үзэн хууль санаачилсан УИХын гишүүн П.Сайнзориг дараах тайлбарыг өглөө.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.1-т давхцуулан гэдэг үг орчихсон байгаа учраас заавал хуульд өөрчлөлт оруулж байж 1024 бөх барилдуулна. 10 жил тутамд 1024 бөх барилдуулахаар заасныг өөрчилж таван жилд тутамд барилддаг болгохоор хууль санаачилсан. Гэхдээ хуульд шууд таван жил тутамд гэж заахгүй. Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын тэгш ойгоор Ерөнхийлөгч зарлиг гаргаад шийддэг байхаар хуулийн төсөлдөө заасан.
Энэ жилийн наадмаар 1024 бөх барилдуулах эсэх нь одоо хүчинтөгөлдөр үйлчилж буй Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.1 дэх заалтыг хэрхэн хэрэгжүүлэхийг тодорхой болгох, эсвэл П.Сайнзориг нарын гишүүдийн боловсруулсан хуулийн төслийг наадмаас өмнө батлан хэрэгжүүлэхээс шалтгаалахаар байна. Мөн энэ хуулийн төсөлд аймгийн наадамд зургаа давсан бөхөд аймгийн харцага цол олгох асуудал орхигдсон байгааг нэмж оруулжээ. Бас цол олгоогүй дараах барилдаануудад амжилттай барилдсан бөхчүүдэд нөхөн цол олгох нь зүйтэй гэж үзжээ.
- 1987 онд болсон Монголын бүх ард түмний
спартакиад
- 1995 оны Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан “Өндөр Гэгээн
Занабазарын 360 жилийн ойн баяр наадам,
- Ардын хувьсгалын 100 жил, Залуучуудын
байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, МҮБХ-ны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд
амжилт Гиннесийн номд бүртгүүлсний 10 жилийн ойд зориулан 2021 онд зохион
байгуулсан хүчит бөхийн барилдаан,
- 1989 он, түүнээс хойших улсын баяр наадамд
үзүүрлэж, шөвгөрч тухайн үеийн дүрэм, уламжлал, жишгийн дагуу цол олгогдох
амжилт үзүүлсэн боловч цол нь олгогдоогүй бөхчүүдийн өөрийн, эсхүл гэр бүлийн
гишүүний хүсэлтийн дагуу цолыг нөхөж олгох МҮБХ-ны саналыг үндэслэн Үндэсний их
баярын наадмын хороо Ерөнхийлөгчид уламжлан нэг удаа шийдвэрлүүлэхээр заажээ.

Дээрх хоёр хуулийн төслийг хэлэлцвэл наадмаас өмнө заавал хэлэлцэх нь зохистой. Харин наадмаас өмнө заавал хэлэлцэх шаардлагагүй ч жил бүрийн хавар маргаан дагуулдаг хаврын морин уралдааныг хэрхэн зохион байгуулахыг зохицуулсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг У.Отгонбаяр гишүүн боловсруулаад байна. Хуулийн төсөлд дараах заалтуудыг оруулжээ.
- Улсын баяр наадам болон Засгийн газрын
шийдвэрээр зохион байгуулдаг шигшмэл, бүсийн үндэсний хурдан морины уралдаанаас
гадна хаврын хурдан морины уралдааныг аймаг, нийслэлд жил бүр зохион байгуулж
болно.
- Хаврын хурдан морины уралдааныг хаврын тэргүүн сарын шинийн 15-ны,
эсхүл түүний доторх аль нэг өдөр цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан товлож,
зохион байгуулна. Уралдааны товыг Засгийн газрын шийдвэрээр тогтооно.
- Хаврын
уралдааны морийг 14 болон түүнээс дээш насны уралдаанч хүн унаж уралдуулна.
Үндэсний их баяр наадам болоход бараг ганцхан сарын хугацаа үлдсэн ч наадамтай холбоотой маргааныг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй. Яаж шийдвэрлэхийг хамгийн ихээр хүлээж буй хүмүүс нь бөхчүүд. Учир нь, 1024 бөх барилдуулбал тэдэнд цолоо ахиулах том боломж гарна.
Өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн хоёр төсөл орсон. П.Сайнзориг нарын 19 гишүүний өргөн барьсан хуулийг парламентаар хэлэлцэхийг дэмжсэн бол О.Амгаланбаатар нарын төсөл ТББХ-ны босго давсангүй.