Хүн төрөлхтний анхаарлаа хандуулж, өөрчлөхийг, өсгөхийг мэрийж буй нэг чухал асуудал бол дэлхий дээр мэндлэх шинэ хүний тоо жилээс жилд цөөрч буй явдал юм.
Ялангуяа, Зүүн Азийн бүс нутгийн улсуудад төрөлт хүн амын тоо эргэн нөхөгдөх түвшнээс доогуур хэмжээнд хүрч буураад байгаа юм. Тухайлбал, нэг эмэгтэйн амьдралынхаа хугацаанд төрүүлэх хүүхдийн дундаж тоо БНСУ-д 0.8, БНХАУ-д 1.1 болж дэлхийн хамгийн бага төрөлттэй орнуудын тоонд тооцогдох болжээ. Харин манай улс Зүүн Азийн орнууд дотроо төрөлтийн түвшин хамгийн өндөр орноор нэрлэгддэг бөгөөд нэг эмэгтэйн амьдрах хугацаандаа төрүүлэх хүүхдийн дундаж тоо 2.7 байна. Гэхдээ энэ нь тайвширч болно гэсэн үг биш. Хүүхэд төрүүлэхээс цааргалах, олон хүүхэдтэй болохоос татгалзах олон улсын хандлага сүүлийн жилүүдэд манайд ч ажиглагдаж буй. Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр өнгөрсөн онд улсын хэмжээнд 57.3 мянган эх амаржсан байна. Энэ нь өмнөх оноос 6600 буюу 10.3 хувиар буурсан үзүүлэлт.
1960- 1970 онд нэг эмэгтэйн амьдралынхаа турш төрүүлэх хүүхдийн дундаж тоо 7-8 байжээ. Харин 1989 он гэхэд 4.6 болж буурсан байна. 1990 оноос ардчилал, зах зээлийн эдийн засаг руу шилжиж үр хөндөлт, жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл чөлөөтэй нэвтэрсний дараагаар төрүүлэх хүүхдийн дундаж тоо 2.53 болтлоо огцом багасжээ. Улмаар 2005 онд 1.95 болсон нь сүүлийн 60 гаруй жилийн хамгийн доод түвшин аж. Гэсэн ч 2006 онд нэг эмэгтэйд ногдох хүүхдийн тоо 2.07, 2007 онд 2.34 болж өсжээ. Улмаар 2014 он хүртэл аажмаар өсөж 3.1 хүрсэн ч 2023 оны байдлаар 2.7 болж буурчээ. Цаашид энэ тоо улам буурах магадлалтай.
Гэрлэлтээс татгалзах үзэгдэл
Бүсгүй хүний жамаас оногдсон үндсэн үүрэг нь ээж байх явдал юм. Учир нь, гагц эм хүйстэн л өөрийгөө хувааж, өөр нэг ерөнцийг орчлонд төрүүлж чадна. Тиймээс олонх улс оронд, ихэнх цаг үед эмэгтэй хүн энэ үүргээсээ үл гажиж, амьдралынх нь чухал байр суурийг эхнэр, ээж гэх нэршил эзэлж ирсэн. Харин сүүлийн жилүүдэд дэлхий даяар хандлага хувирч, бүсгүйчүүд нийгмийн байр сууриа ээж, эхнэр, бэр гэх хүрээгээр хязгаарлуулахаас татгалзах болов.
Түүнчлэн хүүхдийн өмнө хариуцлага хүлээж, бүтэн бүлээс цааргалах болсон нь дан ганц эмэгтэйчүүд ч биш. Эрчүүд ч өрх тэргүүлж, үр хүүхэдтэй болохыг урьтал болгодоггүй болжээ. Монгол Улсад нэг ам бүлтэй өрх хамгийн олон байгаагаас үүнийг харж болохоор байна. 2024 оны байдлаар Монгол Улсын нийт өрхийн 19.2 хувь буюу 191 542 нь нэг ам бүлтэй байгаа бол 16.9 хувь (168 216) нь хоёр, 17.8 хувь (177 826) нь гурван ам бүлтэй байна. Дөрвөөс олон ам бүлтэй өрхийн тоо бүр ч цөөн байгаа юм. Эндээс иргэд ганц бие амьдрахыг илүүд үзэж, олон хүүхэд төрүүлж өсгөхөөс цааргалах болсныг харж болохоор байна. Ийн гэрлэлтийн байдал өөрчлөгдөж, гэр бүл дэх төрөлтийн хэмжээ буурч байгаа нь төрөлт багасахад нөлөөлж буй гол хүчин зүйл юм.
Хожуу төрөлт
Залуучуудын гэрлэх, үр хүүхэдтэй болох нас улам хойшилсоор байна. Урьд цагт хүмүүс 18 хүрмэгцээ бэр буулгаж, өрх үүсгэдэг байсан бол одоо 30 гарсан хойноо ч ганц бие байдаг болжээ. Тоо сөхвөл, 1979 онд хүн амын анхны гэрлэлтийн дундаж нас 18.5 байсан бол 1989 онд 19.7, 2000 онд 23.7, 2020 онд 27.8 болж өөрчлөгдсөн байна. Хүйсээр авч үзвэл, сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд эрэгтэйчүүдийн анхны гэрлэлтийн дундаж нас 5.3 насаар, эмэгтэйчүүдийнх 5.6 насаар нэмэгдсэн байна. Ийнхүү гэрлэх нас хойшилж байгаа нь төрөлтийн хэв маягт нөлөөлж байгааг “Монгол Улсын хүн амын төрөлтийн өөрчлөлт” сэдэвт судалгаанд өгүүлжээ.
Сүүлийн 30 гаруй жилд төрөлт бүх насанд буурсан бөгөөд төрөлтийн түвшин 20-34 насныханд голлон явагдсан болохыг ч онцолсон байна. Тоо сөхвөл, сүүлийн 10 жилийн дунджаар нийт төрсөн эмэгтэйчүүдийн 78 хувийг 20-34 насныхан эзэлж байна. Ийн анхны төрөлтийн хугацаа хойшлох нь цөөн хүүхэдтэй болоход нөлөөлж буй. Дээрх өгүүлснээр, судалгаанд хүмүүсийн хоёр дахь хүүхдээ төрүүлэх магадлал сүүлийн 25 жилийн хугацаанд 11.7 хувиар, хоёр хүүхэдтэй эмэгтэйчүүдийн гурав дахь хүүхдээ төрүүлэх магадлал 26.8 хувиар тус тус буурсан байна. Хамгийн их бууралт гурав болон дөрвөн хүүхэдтэй эмэгтэйчүүдийн дараагийн хүүхдээ төрүүлэх магадлал дээр ажиглагдсан байна. Эмэгтэйчүүдийн 35-51 хувь нь гурав, түүнээс дээш хүүхэд төрүүлэх магадлалгүй гэжээ.
Хамгийн сонирхолтой нь, монгол эмэгтэйчүүдийн олонх нь цөөн хүүхэд төрүүлдэг болсон ч зохист хүүхдийн тоог 3-4 гэж үздэг хэвээр байна. “Монгол Улсын хүн амын төрөлтийн өөрчлөлт” сэдэвт судалгааны багийнхан хүүхэдтэй эмэгтэйчүүдээс “Хүүхэдгүй байх үедээ эргэж очих боломж танд тохиолдлоо гэвэл та амьдралдаа хэдэн хүүхэдтэй байвал зохимжтой гэж үзэж байна вэ?” гэсэн, харин хүүхэдгүй эмэгтэйчүүдээс “Хэрвээ хүүхэд төрүүлэх боломж нөхцөл бүрдвэл та хэдэн хүүхэд төрүүлэх вэ?” гэсэн асуулт асууж, үүнд үндэслэн эмэгтэйчүүдийн зохимжит гэж үздэг хүүхдийн тоог тогтоосон байна. Ингэхэд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд зохимжит хүүхдийн тооны талаарх үзэл бодолд өөрчлөлт гараагүй байна. 1998 онд зохимжит хүүхдийн дундаж тоо 3.3, 2003 ба 2008 онуудад 3.2, 2013 ба 2018 онуудад ижилхэн 3.4 байжээ. Харин эсрэгээрээ хоёр хүүхэд зохимжтой гэж хариулсан хувь буурсан байна. Эндээс Монгол Улсад олон хүүхэдтэй байх нь зохимжтой гэх үзэл өнөө ч хадгалагдсаар байна.
Олон хүүхэдтэй болмоор байв
Хүмүүс олон хүүхэд төрүүлэхийг хүсдэг ч төрүүлэхгүй байгаа шалтгаан юу гэдэг нь хамгийн чухал өнцөг. Уг шалтгааныг алдарт хүн ам зүй судлаач Francesco C. Billari тодорхойлохдоо,
- Гэрлэх, хүүхэд төрүүлэх нас хойшлох
- Эмэгтэйчүүдийн боловсролын түвшин дээшлэх
- Залуучуудын дундах ирээдүйн тодорхойгүй байдал зэргийг дурдсан байна.
Түүнчлэн хүмүүс нэг хүүхэдтэй болсны дараа нэмж хүүхэд төрүүлэхгүй гэж шийдэхэд юу нөлөөлдөг болохыг тэрээр судалж, мөн л гурван үндсэн хүчин зүйлийг нэрлэсэн байна. Нэгдүгээрт, нийгмийн халамж хамгаалал, хоёрдугаарт, жендэрийн дэг, гуравдугаарт, хүүхэд өсгөх эдийн засгийн зардлууд гэжээ. Цөм нийгмээс хамаарах шалтгаан аж. Тиймээс дэлхийн улс орнууд хүн амаа өсгөхийн тулд хосуудад хүүхдээ төрүүлэх, эрүүл орчинд өсгөх боломж олгохоор мэрийж байна. Тухайлбал, Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хүүхэд төрүүлэх зардлыг үнэ төлбөргүй болгох тогтолцоог боловсруулж байгаагаа тусгайлан өнгөрөгч долоо хоногт зарласан. Одоогоор кесар хагалгаа буюу эрүүл мэндийн заалттай нарийн төвөгтэй төрөлтийн тухайд нийт зардлын 70 хувийг даатгалаар, үлдсэн 30 хувийг хувь хүн өөрөө төлөх байдлаар шийддэг. Харин хэвийн төрөлт тутамд 500 мянган иенийн тэтгэмж авдаг тогтолцоо тус улсад бий. Энэ нь төрөлтийн зардлыг нөхөж, хүн амын өсөлтөд дорвитой нөлөө үзүүлэхгүй байна гэж үзсэн тул хүүхэд төрүүлэх зардлыг 100 хувь төр даах зохицуулалт боловсруулаад байгаа аж. Ийн дэлхийн улс орнууд хүн амаа өсгөхөөр мэрийж, хичээж эхэллээ. 3.5 сая хүн амтай манай улсын хувьд ч энэ нэн чухал асуудал. Хүн ам олон болж байж улс илүү дархлаажин, хүчирхэгжинэ.