Хацраа улаа бутартал хөөцөлдөн, хөгжилдөх хүүхэд нас, хөвгүүдийн талаар сэм хөөрөлдөн, нандин нууцаа найздаа дэлгэх зэрвэс үе, анхны болзоондоо догдлон зэхэх өсвөр нас цөм дурсамж болон ард хоцорчээ.
Үе, үе санаанд бууж, сэтгэлд цухалцах мэдрэмжүүд нь ч өнгөрсөнтэй хамт бүдгэрсэн байна. Үргэлж цог жавхлан, сүр хүчтэй байх мэт санаж ирсэн аав, ээж минь жил ирэх тусам жижгэрч, нүүрэнд нь үрчлээ тодрон, гил хар үс нь насны хяруунд дарагдсан харагдана. Амьдрал, оршихуйн гэгээнийг таниулж мэндэлсэн жаалхан үр минь аль хэдийнэ сургуулийн босгыг алхжээ. Шилдэг ээж, шилмэл охин, сайхан хань, сайн ажилтан байхыг мэрийж, бүгдийг амжуулах санаатай бүгдээс алсрах зуур агшин, хором ийн юуг ч хүлээхгүй, юунд ч үл захирагдан урссаар, хурдалсаар л...
Ийн он цаг анирдах, амтлах завдал өгөлгүй урагшилж буйг бид үе, үе л анзаардаг. Ингэхдээ “30 наснаас хойш амьдрал шааригддаг юм байна”, “Цаг хугацаа юутай хурдан юм бэ”, “Саяхан мэт санагдана” гэхчлэн халаглаад л цаг хугацаатай уралдах марафондоо дахин шамддаг.
Хүүхэд байхад өнгөрч өгдөггүй байсан цаг хугацаа насанд хүрмэгц яагаад ийн түргэсэв гэх асуултын хариултыг тархи судлалын эрдэмтэд шаггүй төнхсөн байдаг. Хүний тархи шинэ мэдээлэл, мэдрэмж, сонирхолтой зүйлийг мэдэрч, таних бүрдээ шинэ нейрон холболт үүсгэдэг байна. Энэ хэрээр цаг хугацаа урт, удаан үргэлжилж буй мэдрэмж төрдөг аж. Харин нас ахих тусам ихэнх зүйл нэг хэвийн, өдөр бүр давтагддаг, аль хэдийнэ танил болж хувирдаг учир тэр хэрээр амьдралд, цаг хугацаанд дасаж, дадсанаар хугацаа хурдан хөвөрч байгаа мэт санагддаг аж. Мөн хүүхэд одоо цагтаа амьдардаг. Тэд өнгөрснийг эргэцүүлж, ирээдүйг төлөвлөхөд хором үрдэггүй. Ийн анхаарлыг нэг мөчид, ганц зүйл дээр төвлөрүүлэх нь цаг хугацааг бодитоор мэдрэх хамгийн чухал түлхүүр аж. Харин насанд хүрэгчид анхаарлаа олон зүйлд зарцуулж, олон мөчид хувааж орхидог. Үүний гороор цаг хугацааг анзаарч бус алгасаж мэдэрдэг байна. Хамгийн халагламаар нь, өнөөгийн нийгэмд ажиллаж, амьдарч буй ихэнх хүн түргэн тоглуулагч дээр нь тохируулчихсан бичлэг шиг хэмнэлээр аж төрж буй. Өглөөнөөс үдэш хүртэл цагтай, өөртэйгөө уралдан, хурдална. Унтахдаа хүртэл яарна. Тогтсон цагтаа орондоо орохыг, орондоо орсноосоо хойш төлөвлөсөн мөчдөө унтсан байхыг, улмаар өглөө сэрүүлэг дуугарахтай зэрэг сэрэхийг хичээж, хурдална. Яг л робот аятай. Энэ хэрээр бие, сэтгэц, тархи тамирдаж байдаг төдийгүй хязгаартай оногдсон цаг хугацаа биднийг ийн амьдралдаа түүртэх зуур урссаар л байна. Нэг амьсгаа аваад ажихад л 10, 20 жил аль хэдийнэ жирэлзээд өнгөрчихсөн, аль зуур нь амьдарсан шиг амьдарсан бол гэх хариулт нь мухар асуултыг өөрөөсөө төнхөж зогсох вий.
Цаг хугацаа ажиж, шинжих сөхөө өгөхгүй хурдалж байна уу, бид цаг хугацааг хурдлуулж байна уу гэдгийг анзаарч, таньсан хүмүүс оногдсон амьдралаа оновчтой өнгөрөөхийн тулд “удаан амьдрах ухаан”-д суралцсаар байна. Удаан амьдарна гэх ухагдахуун нь буйдан дээр ялхайж, залхуурч, хайран цаг хугацааг утга учиргүй үрэхийн нэр биш. Хором мөчийг таашаахын тулд гар утас, зурагт, хэрэгсэлгүй буйд хөдөө амьдарч, олны хөл, түмний жимээс алсарч, ажил, үүргээ умартах ч шаардлагагүй. Харин амьдралын агшин бүрийг таашаан мэдэрч, өөрийгөө, дотоодоо анирдаж, хайртай хүмүүсээ байгалийн жамаар хэрхэн өсөж мөн өтөлж байгааг мэдэрч, таних, өөрийгөө, өөрт оногдсон амьдрал, хувь заяаныхаа аяс шинжийг анирдах агуулга юм. Юмсыг агуулгыг танихгүйгээр, ямар ч талархалгүйгээр бүх зүйлийн араас хөөцөлдөж, яарахын оронд эргэн тойрноо ажиглаж, одоогоо, оршихуйгаа тольдож, эмх замбараагүй эд хэрэгсэл, харилцаанаас алсарч, анхаарал, төвлөрлөө чухал, гол зүйл рүү чиглүүлэн утга учиртай амьдрахын нэр юм. Мөн амьдралын тэнцвэрийг олж, алив жижиг зүйлсээс ч аз жаргал, сэтгэл ханамжийг шүүрдэж дадах ухаан аж.
Удаан амьдрах буюу Slow life хэв маяг Slow Food гэх хөдөлгөөнөөс эхтэй. Уг хөдөлгөөний гол санаа нь түргэн хоолыг, түргэн хүртэхийн эсрэг аж. Хоолонд илүү ухамсартай хандаж, цэвэр, эрүүл хүнсийг амталж, таашааж хүртэх агуулгатай энэ үзэл санаа амьдралын бүхий л хором, цаг хугацаатай уялдах боломжтойг хүмүүс анзаарч, дадуулж эхэлсэн байна. Улмаар богино хугацаанд их зүйл харж, танин түргэн хэмнэлтэй аяллаас илүү өөртэйгөө, тухайн бүс нутгийн соёл, уламжлалтай илүү их цаг хугацаа өнгөрөөх боломжтой “удаан аялал” тренд болж, богино хугацаанд их жин хаяхын эсрэг удаан хугацаанд, зохимжтой галбираа урлахад уриалах “удаан фитнесс” гэх агуулга олныг шуугиулж буй. Бясалгал, иога сонирхогчид жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь ч түргэн хэмнэлээс алсрах сонирхол олны дунд элбэг байгаагийн нэг илрэл аж.
Амьдрал өрсөлдөөний талбар биш. Хэн нэгнийг ялах, хэн хүнээс илүү гарахын тулд зарцуулах цаг, хором бүр хязгаартай. Илүү хайрлаж, илүү амталж, илүү таашааж амьдрах нь их хөрөнгө хурааж, их алдарт хүрч, их хүнээр хүрээлүүлэхээс хавь илүү утга учиртай.
