Зурагт ширтэх зуур гар утсаа шүүрч, нийгмийн сүлжээ рүү шагайв. Дотнын найз амттай хоол идсэн зургаа нийтэлж, ажлын хамтрагч амралтын өдрийг гүйж эхлүүлсэн тухайгаа хуваалцжээ.
Ахиулаад харвал хэн нэгэн хүүхдүүдтэйгээ тоглоомын төв орж, өөр нэгэн агаарт гарч, ууланд алхсан байв. Тэр зуур буйдангаасаа өндийгөөд, хүүхдүүдтэйгээ ресторан орж хооллоод, дараа нь тоглуулж, ууланд алхах ёстой мэт бодогдон, хийцгүйрч суугаа өөртөө дур гутав. Түүгээр ч зогсохгүй үйлдэл хийж, багачуудаа хувцаслаад гарахаар зэхлээ. Ингэмэгц амьдрал, хоног, хормыг минь ухамсар удирдаж байна уу, нийгмийн сүлжээнээс үүдэлтэй мэдрэмж хөтөлж байна уу гэх эргэлзээ төрөв. Хэн нэгнээс аль эсвэл ямар нэг зүйлээс хоцорчихсон мэт эл дундуур мэдрэмж өнөөгийн нийгэмд аж төрж буй ихэнх хүнд түгээмэл төрдөг. Өөрийгөө бусадтай харьцуулах, жиших нь хүний байгалийн араншин ч өдөр бүр, цаг тутам үүнийг мэдэрч, түүндээ хөтлөгдөн үйлдэл хийхийг дотоод өлсгөлөн гэж нэрлэж болохуйц. Үүнийг сэтгэл зүйн шинжлэх ухаанд “Fear of Missing Out” буюу хоцрох айдас гэж томьёолдог.
Уг нэршлийг 2000 оноос хэрэглэж эхэлсэн бөгөөд сэтгэл судлаач, доктор Дан Херман анх олон нийтэд танилцуулсан. Энэ нь илүү сайн байх, илүү сайхан амьдрах хүслээс үүдэлтэй төдийгүй өөрөөс нь бусад хүн хөгжилтэй, аз жаргалтай, амжилттай амьдарч байна гэх өрөөсгөл харьцуулалтыг өрддөг аж. Улмаар өөрийгөө чамлаж, одоогоо сэтгэл ханамж, аз жаргалгүйгээр мэдэрдэг бөгөөд бусдын адил байхын тулд утга, учиргүй хичээж эхэлдэг байна. Хэдийгээр FOMO нь сэтгэцийн өвчин, эмгэг биш ч даамжирвал эрүүл мэндэд олон сөрөг нөлөө үзүүлдэг. Тухайлбал, нойрны хэм алдагдах, анхаарал төвлөрөх чадвараа алдах, бүтээмж буурах зэрэг асуудал үүсгэдэг бөгөөд сэтгэлийн түгшүүр, хямралд ч хүргэх эрсдэлтэй. Хамгийн халтай нь, аз жаргал, одоогоо мэдрэх бодит мэдрэмж, сэтгэл ханамжийг сулруулж орхидог байна.
Нийгмийн сүлжээ хүмүүсийн хоцрох айдсыг өдөөснөөр дэлхий нийтээрээ аз жаргалгүй, амьдралдаа сэтгэл ханамжгүй, одоодоо төвлөрч чаддаггүй, дотоод айдастай болсон талаар сүүлийн 10 гаруй жил хэн бүхэн хэлж, хэвлэл бүхэн мэдээлсэн. Үүний улмаас хүмүүс уг ойлголтын талаар мэдээлэлтэй болж, өөрийгөө хамгаалан, сэтгэл зүйгээ тордох учиртайг гадарладаг болов. Басхүү FOMO буюу хоцрох айдсын эсрэг шинэ нэршил, сонирхолтой хэв маяг бий болсон нь JOMO юм. JOMO гэдэг нь “Joy of Missing Out” буюу хоцрохоос таашаал мэдрэх тухай ойлголт. Одоодоо, өөртөө төвлөрч, байгаадаа сэтгэл ханан, бусадтай, алив юмстай өөрийгөө харьцуулахгүй, гадаад орчноос сэтгэл зүйн хувьд алсрах нь уг үзэгдлийг гол философи.
Сэтгэл зүйч Н.Ариун-Эрдэнэ
Fomo бол айдсаар өөрийгөө удирдах тухай. Би бусдаас дутах вий, хэн нэгэн надаас илүү гарчих вий гэсэн айдастай холбоотой. Тиймээс бүх талаараа дутахгүй гэсэндээ хичээх бөгөөд надад бүх зүйл байдаг гэсэн дүр төсөөлөлтэй болдог. Улмаар цахим орчинд байнга идэвхтэй байж, түүгээр дамжуулан өөрийгөө харуулах гэж хичээнэ. Гэвч энэ нь бодит байдалтай нийцдэггүй. Харин JOMO бол өөрөө өөртөө сэтгэл хангалуун, аз жаргалтай хүний зан байдал юм. Жижиг зүйлээс тайван байдлыг мэдрэх бөгөөд өөрийгөө тогтвортой байлгаж чадна.
Анх тус ойлголтын талаар Технологи, нийгмийн харилцааны эксперт, блоггер Anil Dash өөрийн хөтөлдөг “AnilDash.com” хуудсандаа нийтэлсэн байна. Тэрээр хүүхдээ асрах хугацаандаа нийгмийн сүлжээ болон олон нийтийн арга хэмжээнээс түр хугацаанд хөндийрчээ. Ингэхдээ өөрийгөө олны жишгээр хоцрох айдас мэдэрч, бухимдана хэмээн таамаглаж байсан ч нийгмийн сүлжээний тасралтгүй үргэлжлэх шуугианаас алсарснаар одоогоосоо таашаал, тайван байдал мэдэрч эхэлсэн аж. Тиймээс амьдралын нийтлэг хэв маяг, олон нийтийн дунд тренд болж буй зүйлсээс хоцорч байгаадаа баяртай байсан тухайгаа хуваалцаж, цаг хугацааг амталж, таашаах нь гүйцэх боломжгүй зүйлийн араас хөөцөлдөхөөс хавьгүй чухал болохыг JOMO гэх нэршлээр дамжуулан хүргэжээ. Түүний дэвшүүлсэн уг санаа олон нийтийн дунд тренд болж, технологийн компаниуд ч дэмжиж эхэлсэн байна. Улмаар Google дэлгэцийн ухаалаг хэрэглээг нэвтрүүлэх анхны алхам хийж, “Digital Wellbeing” цэс нэвтрүүлжээ. Үүний дараа Apple компани ч “Screen Time” (Дэлгэцийн цаг) функц бий болгож, хэт хэрэглээгээ хянахыг уриалж, одоо цагтаа төвлөрөхийг дэмжиж эхэлсэн аж.
Цүнхнээсээ өлгөдөг жижигхэн чихмэл дэлхий даяар тренд болж, борлуулалтын орлого нь хэдэн тэрбум ам.доллар давсан. Мөн өнгө хэлбэр нь өвөрмөц, дубай шоколад хүмүүсийг хуйлруулж, олон сая ширхэг борлуулагдан, төрөл бүрийн жимсний дүрс, хэлбэр, өнгө, үнэртэй мөхөөлдөс, “Stanley” гэх бичигтэй төмөр аяга гээд цөөнгүй бүтээгдэхүүн хэрэглэгчдийг байлдан дагуулсан. Эдгээрийг эдэлж, хэрэглэж байгаагаа нийгмийн сүлжээнд хуваалцах нь бараг л бичигдээгүй дүрэм шахуу болов. Энэ бол хүмүүсийн хоцрох айдас дээр дөрөөлж, хүүдийг нь хүүлж байгаа маркетингийн арга юм.
Олонхыг дагаж, худалдан авалт хийх, хоцрохгүйн тулд хүч, хөрөнгөө тарамдах зарим хүнд асар ашигтай нь эндээс харагдаж байна. Тэгэхээр FOMO бол зөвхөн сэтгэл зүйн үзэгдэл биш, олон тэрбум ам.доллар эргэлдэж буй анхаарлын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч юм. Иймд нийгэм, нийтийн дунд хоцрохыг илүүд үзэх үзэл давамгайлвал дээрх үзэгдэлд хамгийн том цохилт болох нь лавтай. Учир нь сэтгэл хангалуун хэрэглэгчид бусдын амьдралыг гүйцэхийн тулд бус өөрийн хэрэгцээнд үндэслэн сонголт хийдэг. Гэхдээ өөр нэг сонирхолтой өнцөг бий. Хоцрохыг таашаах үзэл ч нэг төрлийн зах зээлийн бүтээгдэхүүн болоод буй. Учир нь сүүлийн үед компаниуд хоцорч байгаадаа таашаал авах хүсэл дээр тоглолт хийж, борлуулалтаа өсгөдөг болжээ. Дэлгэцээс холдох аялал, нам гүм амралт, ойн бясалгалын хөтөлбөрүүд, аnalog буюу уламжлалт бүтээгдэхүүн зэргийн борлуулалт өсөж, бие даасан бизнесийн төрөлжилт болтлоо өргөжөөд буй.
Эцэст нь хэлэхэд, юу бодож, юу хүсэж, юуг зорьж амьдрахаа ухамсар, оюун бодлоороо шүүж, түүнийхээ төлөө хичээх, эс хичээх нь эрүүл гэж тодотгож болохуйц процесс. Харин зорилго, мөрөөдөл, үйлдэл, хийдлээ хэн нэгний амьдралын хэв маяг, нийгмийн сүлжээний алгоритм, ээлж дараалан гарч ирэх трендүүдэд нийцүүлэх нь бариа үгүй талбарт уралдаж, хурдлахтай агаар нэг билээ. Тиймээс харьцуулалтын занганаас мултрах эхний алхам нь бусдыг гүйцэх гэж яарахаас илүүтэй өөрийн амьдралын хэмнэлийг анзаарч, тольдох юм.