Хуучин цагт төрөлхийн авьяастай, үнэнхүү хичээл зүтгэлтэй, эрдэм, мэдлэг, ур ухаанаараа гойд ялгарах гоц хүмүүс л алдарт хүрч, хүмүүст танигдаж, нэр, зүс нь нүдлэгддэг байлаа. Нийгмийн сүлжээ эрчээ авч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл элбэгшиж, мэдээ, мэдээлэл хүн бүрийн “халаасанд багтах” болсон өнөө үед харин өдөрт л нэг “од” төрөх болжээ. Телевизийн шоуны оролцогчид, ажлаа хийж, албаа хашиж яваа хүндэт харуул, нийгмийн сүлжээнд шууд бичлэг хийж, этгээд үг хэллэг хэрэглэн, элдэв үйлдэл гаргасан хүмүүс, ёс зүйн хэм хэмжээнд үл нийцэх алдаа хийдэлтэй нөхөд гээд зүсэн зүйлийн олон хүн хормын дотор нийгэмд танигддаг болов. Зарим нь ч зориуд бусдын анхаарлыг санаатайгаар татаж, нэр хүнд, карьераа өсгөхийг мэрийж, тэр хүсэлдээ хүрч танигдан, таашаагдаж байна. Харин нэг хэсэг нь өөрийн хүсэл, зорилгоос үл хамааран, санамсаргүйгээр олны хараанд өртөж, хүмүүсийн анхаарлын төвд орох болжээ. Хамгийн осолтой нь, бид дэвэргэн, хөөргөж, магтан, шагшсан хүмүүсээ өөрсдийн бий болгосон “шилэн хоргонд” хорголохыг оролдох болов. Улмаар уг хүлээлт, тэр шаардлагад нь хүрээгүй тохиолдолд тал, талаас нь тасчиж хаяхад бэлэн мэт авирлаж байна.
Гэм, халгүй өөрсдийн мөрөөр амьдарч явсан залуусыг хөөргөж, дэвэргэн, гоё сайхан, ховор, нандиныг нь гайхан шагширч, анхаарлын төвд оруулсныхаа дараа алдааг нь анаад, алдсан цагт нь дэвсэлж дадсаны жишиг өнгөрсөн долоо хоногт дахиад л нийгмийн сүлжээнд өрнөв. Тодруулбал, “Хотын бүсгүй хөдөө нутагт” телевизийн нэвтрүүлэгт оролцсон залуусыг онцолж додомдон, анхаарлын төвд оруулмагцаа өргөө гэрээ төвхнүүлж, өрх үүсгэн бүл болохыг, 20 нас шүргэж яваа идэр залуусыг үр хүүхэд төрүүлэн, өнөр амьдрахыг хүсэх, шаардахын дундуур хэсэг шавдуулж гарав. Шахаж, шаардаад зогсохгүй бүр хувийн орон зайд нь халдаж, эрэгтэй найз, ах, дүүтэйгээ олон хөлийн газар гишгэх аргагүйд хүргэсэн болохыг бүсгүй нь цахим хуудсандаа илэрхийлж, өөрийнхөөрөө, тайван амьдрах орон зай олгохыг хүмүүсээс гуйхдаа тулсан байв. Залуугийн хувьд ч ялгаагүй. Ердөө сарын өмнө л ховор, сайхан нь шагшигдан магтагдаж байсан хар хүү өнөөдөр түмний өмнө гэмтэн болчихсон, “Ална, тална” гэхчлэн үгийн муугаар “шүршүүлж” яваа. Уг нь үерхэл нь ч тэр, салалт, үл ойлголцол нь ч хоёр хүний л асуудал. Гэвч бид хувийн амьдралыг хувьд нь үлдээхгүй, хошуу дүрдгийн харгайгаар хувийн гэх сиймхий ч орон зай тэдэнд үлдсэнгүй. Нийтээрээ шүүж, нийтээрээ нийгмийн сүлжээндээ “дүүжлэн цовдолно”.
Алдрын тавцан руу шидчихээд, алдаа гаргамагц нь үгийн муугаар хэлж, үйлийн хатуугаар ханддаг энэрэл, авралгүй хийрхлийн тэг дундуур нь туучиж яваа нь зөвхөн тэд ч биш. Маш олон залуу яг энэ замыг туулж, эхэлсэн цэгээсээ төө цаана шидэгдсэн. Шорлог зарж, өөрийгөө, амьдралаа тэтгэж явсан залуу, гадаад нөхөртэй, бизнес эрхлэгч эмэгтэй, онгод, тэнгэртэй гэх бүсгүй гэхчлэн дурдаад байвал дундрахгүй олныг хүнийг бид нийгмийн сүлжээнд элдэвлэсээр байж эвдэлж дууссан.
Улстөрчдийн намнаа
Бусдыг муулах, өөлөх, гоочлох, доромжлох нь ч, сонирхож, сонждог нь ч хүний төрөлх чанар. Энэ чанарыг дэвэргэж, хэн нэгний амьдрал, хувь заяа, араншин байдал, ахуй нөхцөлд муу нөлөө үзүүлж, нийгмийн сэтгэл зүйг сөрөг төлөвт төлөвшүүлсэн гол буруутан нь улстөрчид. Тролл баг хөлсөлж, өрсөлдөгчөө намнадаг, нийгмийн сүлжээнд үнэн, худал, бохир мэдээлэл цацаж, олон нийтийн анхаарлын төвд оруулан, хэн нэгнийг өгөөш болгож хаядаг байдал одоо бүр ил цагаандаа гарсан. Өрсөлдөгчөө ийн гутаан доромжилж, гүтгэн, гуйвуулах ч бага хэрэг болов. Хэрүүл, маргаан, бохир, муу мэдээлэлд дассан олон нийтэд гэрэлтэй, гэгээтэйг үзэх, сонсох сонирхол ч, нийгмийн сүлжээнд шүүлтүүртэй хандах ойлголт, ухамсар ч дутмаг байна. Үүний улмаас улстөрчид сонгогчдод танигдахын тулд өөрөө, өөрсдийгөө муулуулж, хэмлүүлдэг болсон. Учир нь сонгогчид улстөрчдийн боловсрол, мэдлэг, хийж хэрэгжүүлсэн ажил, алба, цаашид хийхээр төлөвлөж буй мөрийн хөтөлбөр зэргээс нь илүү авгай хүүхний явдал, авсан олсон мөнгө төгрөг зэрэг ховын чанартай зүйлсийг нь илүү сонждог байна. Энэ хэрэгцээнд нь нийцсэн үйлдэл хийдэл бүр нь ховоор “хооллодог” бүхэл бүтэн арми бэлтгэж буй. 2025 оны эхний байдлаар Монгол Улсад 2.9 сая интернэт хэрэглэгч байгааг “DataReportal” байгууллагын “Digital 2025: Mongolia” тайланд дурджээ. Энэ нь манай улсын нийт хүн амын 83 хувь юм. Тэдгээрийн олонх нь фэйсбүүк хэрэглэдэг бөгөөд тус платформын идэвхтэй хэрэглэгчдийн дийлэнх нь 18-34 насны залуус. Эндээс ид хийж бүтээн хөдөлмөрлөх насны залуучууд нийгмийн сүлжээнд хов, хор төнхөж байгааг харж болохоор байна.
Соёлтойгоор цуцалж дадъя
Олны танил, бусдад хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийн үг, үйлдэл олны нүдэн дээр ил байдаг нь ганц манайд биш, дэлхийн жишиг. Дэлхийн ихэнх оронд алдаа гаргасан алдартныг хуулиас урьтаж ялладаг нэг чухал субъект нь ч ард иргэд байдаг. Ингэхдээ гаргасан цомог, сурталчилсан бүтээгдэхүүнийг нь худалдаж авдаггүй, оролцсон нэвтрүүлэг, тоглосон киног нь ч үздэггүй. Тухайн салбар, талбараас нь буулгаад, буцаагаад байранд нь тавьдаг. Энэ үзэгдлийг “Cancel culture” буюу цуцлах соёл хэмээн нэрийддэг.
Гэхдээ манайхаас ялгаатай нь шууд бичлэг хийсэн болгон, телевизийн нэвтрүүлгийн оролцогч бүр олон нийтэд танигдаж чадахгүй. Алдарт хүрэх зам, жим нь нөр хөдөлмөр дээр бий болдог учир алдаа, мадаг гаргах нь ч, ёс зүй, хэм хэмжээг зөрчих нь тийм ч элбэг биш. Түүнчлэн алдаа хийдэлтэй алдартнуудад дахиад эхлэх боломж олгодоггүй учир нөлөөлөгч, нэр цуутай хүмүүсийн хүлээх хариуцлага өндөр.
Харин манайд хормын дотор “од” болж, хормын дотор хараалгуулж, зүхүүлж мэднэ. Товчхондоо, ямар ч шүүлтүүргүй. Уг нь бид хэнийг шүтэж, хэнийг дэмжиж, хэнд хандалт өгөхөө шүүдэг бол зүй бус үйлдэл гаргасан олны танилуудыг хөөргөж, дэвэргэхээ больж, “Cancel culture” буюу цуцлах соёлыг зүй утгаар нь хэрэглэдэг бол хэн дуртай нь хүмүүсийн анхааралд өртөж, хэзээ мөдгүй үгийн муугаар шүршүүлж, шүүрдүүлэхгүй. Хамгийн чухал нь, нийгмийн сэтгэл зүй илүү эрүүл байж, иргэн олон нийт хов жив, хорон муу руу бус гэрэлтэй, гэгээтэй рүү харж амьдрах боломж сая бүрдэх юм.