
Гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж, өсвөр насны охидын жирэмслэлт ноцтой түвшинд хүрч, гадаадад ажиллаж, амьдардаг монгол эрчүүд хүчингийн гэмт хэрэгт холбогдож, шалгагдсан гэх мэдээ, мэдээлэл хэвлэлийн хуудсаар хөвөрнө.
Энэ хэрээр сүүлийн жилүүдэд охид, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах агуулга, асуудлыг бүх түвшинд хөндөж, эмэгтэйчүүдийн боловсрол, нийгмийн оролцоог дээшлүүлэн, сайжруулахад салбар бүхэн анхаарах болов. Сүүлдээ феминизм, жендэр зэрэг нэршил манайд нэг хүйсийн давуу байдлыг дархалж нутагшсан ч тал бий. Уг нь сайн хэрэг. Хүйсээсээ, хүч тэнхээнээсээ хамааран язгуур эрх нь зөрчигдөж, хүчирхийллийн хохирогч болох учиргүйг эмэгтэйчүүдэд сануулж, өөрийгөө хамгаалах өөр хүч бий болгох хэрэгтэйг таниулан, дадуулж байгаа нь зүйд дөхнө. Гэхдээ дан ганц бүсгүйчүүдийг чамбайруулж, боловсруулах нь жендэрт суурилсан хүчирхийллийн тоо, тохиолдлыг цөөрүүлэх бодит шийдэл болж чадахгүй байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд эмэгтэйчүүдийн боловсролын түвшин, удирдах албан тушаал хаших бүсгүйчүүдийн тоо, улс төр дэх эмэгтэйчүүдийн эзлэх хувь, дээд боловсрол эзэмшиж байгаа охидын үзүүлэлт тасралтгүй сайжирсан. Гэтэл охид, эмэгтэйчүүд жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогч болсон харамсалтай тохиолдол цөөрсөнгүй.
Тоо сөхье. 2020-2024 оны хооронд, насанд хүрээгүй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт 1601 хүүхэд өртжээ. Үүнээс 1413 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн аж. Тэдний 90 орчим хувь нь охид. Охидын жирэмслэлт ч сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байгааг мэргэжлийн эмч нар анхааруулсаар байна. Өсвөр насны охид хүүхэд төрүүлсэн тохиолдол нийт төрөлтийн 3.5 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн онд зөвхөн “Хүрээ” амаржих газарт гэхэд л 11-17 насны 100 гаруй эмэгтэй хүүхэд төрүүлжээ.
“Хүрээ” амаржих газрын захирал Ш.Алтантуяа
Долоо хоногт хамгийн багадаа манай эмнэлэгт 2-3 өсвөр насны охин төрж байна. Энэ насныхан сэтгэл зүй, бие махбодын хувьд бэлэн биш байдаг. Энэ нь эх, ургийн эрүүл мэндэд олон эрсдэл дагуулж байна.
Мөн БЗХӨ-өөр өвчилсөн хүүхдүүдийн тоо ч элбэг. 2024 онд өсвөр насны 1776 хүүхэд БЗХӨ-өөр өвчилсөн бөгөөд 642 нь тэмбүү, 793 хүүхэд заг хүйтэн, 340 нь трихомониазаар өвчилжээ. (“Монголын өсвөр үеийнхний цогц хөгжлийг ойлгох нь” нөхцөл байдлын дүн шинжилгээ)
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас яллагдагчаар татагдсан иргэдийн тоо мөн л нэмэгдэх хандлагатай байна. Энэ оны аравдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 447 хүнийг дээрх гэмт хэргийн улмаас яллагчаар татжээ. Өнгөрсөн оны эхний хагас жилд 240 хүн дээрх төрлийн гэмт хэрэгт холбогдсон гэдгийг УЕПГ-аас мэдээллээ. Хохирогчдын олонх нь эмэгтэйчүүд. Эмэгтэйчүүд бэлгийн дарамт, цаашлаад бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тохиолдол ч манай улсад элбэг.
Хэрсэн утасны нэг үзүүр нь жендэрт суурилсан хүчирхийллийн улмаас бие, сэтгэлийн эрүүл мэнд, эд хөрөнгө, цаг хугацаагаараа хохирч буй эмэгтэйчүүд бол нөгөө учиг нь эрчүүд юм. Тиймээс дээрх асуудлыг углуургаар нь шийдвэрлэхийн тулд эрэгтэйчүүдэд ч анхаарах зайлшгүй шаардлагатай. Ингэхдээ монгол эрчүүд соёл, боловсролгүй, харанхуй, бүдүүлэг гэж өнгөц дүгнэх бус урьтач нөхцөл юу байсныг хийгээд үзэл бодол, хандлага, төлөвшил, нийгэм, соёлын нөлөө зэргийг нь нарийн төнхөх нь зүй.
Монгол эрчүүдийн амьдралын чанар хийгээд боловсролын түвшин, ондоошил зэрэгтэй холбоотой цогц судалгаа манай улсад нэн ховор. Азийн хөгжлийн банк жендэрт суурилсан хүчирхийлэлтэй холбоотой “Монгол Улс дахь эрэгтэйчүүдийн амьдралын туршлага, хүчирхийлэл үйлдэх байдал” цогц судалгаа хийж, энэ сард олон нийтэд таниулсан нь энэ чиглэлд анхных. Бүх бүсийн, нас насны 400 гаруй эрэгтэйг хамруулсан тус судалгаанд үндэслэн монгол эрчүүдийн аж байдлыг хөвөрдье.
Боловсрол:
Жендэрийн тэгш эрхтэй санал нийлэхгүй
“Эр хүн сурсан сураагүй амиа аваад явчихна. Эмэгтэй нь хүний хүн болно. Боловсрол, мэдлэгтэй болгоно” гэх нийтлэг хандлага монгол эцэг, эхчүүдийн дунд аль социализмын үеэс хойш нутагшсан. Энэ нь яван чангарсаар өдгөө боловсролын салбарт хүйсийн ялгаа гаарав. Хэдийгээр ерөнхий боловсролын сургуульд сурч буй охид, хөвгүүдийн хүйсийн харьцаа тэнцүү байдаг ч анги дэвших тусам хөвгүүдийн тоо буурдаг. Боловсролын түвшин ахих хэрээр зөрүү улам тэлнэ. 2024-2025 оны хичээлийн жилд Монголын их, дээд сургууль, коллежид суралцагчдын 61.4 хувь нь эмэгтэй байгаа бол 38.6 хувь нь эрэгтэй байна. Мөн сургуулиас гадна байгаа 454 хүүхдийн 62.3 хувь нь хөвгүүд аж. Ийн хөвгүүдийг хоёрдугаарт эрэмбэлж, хүмүүжил, төлөвшил, соёл боловсролд нь гойд анхаараагүйн горыг одоо нийгэм нийтээрээ үүрч буй. Энэ байдал үргэлжилсээр байвал ужиг асуудлын урхуу арилахгүй.
Хүн хүйсээсээ үл хамааран хүн гэх агуулгаараа хүлээн зөвшөөрөгдөж, ижил тэгш эрхтэй амьдрах учиртай гэж үздэг эрчүүдийн олонх нь дээд боловсролтой байдаг аж. Тодруулбал, дээд боловсролтой эрчүүдийн 53.2 хувь нь хүйсийн тэгш байдлыг дэмжсэн бол боловсрол эзэмшээгүй эрчүүдийн ердөө 25.0 хувь нь уг хандлагатай санал нийлжээ. Мөн дундаас доош боловсролтой эрэгтэйчүүд дээд боловсролтой эрчүүдтэй харьцуулахад бэлгийн хүчирхийлэл үйлдэх магадлал илүү өндөр байдаг аж. (“Монгол Улс дахь эрэгтэйчүүдийн амьдралын туршлага, хүчирхийлэл үйлдэх байдал” цогц судалгаа)
Эндээс хөвгүүдийн боловсролд хөрөнгө оруулж, дэмжих нь ирээдүйд жендэрт суурилсан ялгаварлалыг багасгаж, хүчирхийлэл үүсэх эрсдэлийг бууруулах боломжтойг харж болохоор байна.
Хандлага:
Эхнэр дуулгавартай байх ёстой
Монгол эрчүүдийн дунд жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх ойлголт, мэдлэг хэр байдаг нь, энэ асуудлыг тэд нийгмийн хэм хэмжээ хийгээд хүний ёсонд үл нийцнэ гэдгийг ямар түвшинд гадарладаг нь тун сонирхолтой өнцөг. Дээрх судалгаагаар уг асуудлын хөндөхөд, судалгаанд оролцогч эрэгтэйчүүдийн 60 гаруй хувь нь “Эмэгтэй хүн нөхрийнхөө өмнө дуулгавартай байх ёстой” гэж үзжээ. Мөн тал хэсэг нь зарим тохиолдолд эхнэрээ зодохыг зөвтгөжээ. Эмэгтэй хүнийг зодох хамгийн нийтлэг үндэслэлийг хууралт гэж тэд тодорхойлсон бөгөөд 46 хувь нь эхнэр нь хуурсан бол зодно гэдгээ илэрхийлсэн байна. Харин 23 хувь нь эмэгтэй хүн бусад эрчүүдтэй ярилцсан, харилцсан, зурвасаар харилцаа холбоо үүсгэсэн, цагийг хамт өнгөрөөсөн бол хүч хэрэглэнэ гэжээ.
Мөн эрчүүдийн 50 хувь нь амьдралынхаа турш эмэгтэй хамтрагчийнхаа эсрэг сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсэн гэж мэдээлсэн бөгөөд тэдний 11 хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд ийм үйлдэл гаргасан байна.
Мөн тал хувь нь хамтрагчдаа бие махбодын болон бэлгийн хүчирхийлэл үйлджээ. Маш ноцтой нь, судалгаанд оролцогч эрэгтэйчүүдийн 13 хувь нь хамтрагч бус эмэгтэйг хүчиндсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн бол долоон хувь нь бүлэглэн хүчинджээ. Мөн олонх нь 20 нас хүрээгүй байхдаа анх удаа хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн байна. Манайх хэдийгээр эцгийн эрхт ёстой улс гэж тунхаглаагүй ч далд, дам хэлбэрээр эрчүүдийн хүч давамгай байгааг эндээс харж болно. Мөн эрэгтэйчүүд эр, бяр, хүч чадалдаа дулдуйлан эмэгтэйчүүдтэй зүй бус харилцсаар байгааг эдгээр тоо гэрчилнэ.
Дадал:
Мэдэрснээ мэдрүүлнэ
Хүчирхийлэл өвлөгддөг. Бага насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан, хүчирхийлэл бүхий орчинд өссөн эрчүүд насанд хүрсэн хойноо энэ төрлийн гэмт хэрэг үйлдэх магадлал өндөр байдаг аж. “Монгол Улс дахь эрэгтэйчүүдийн амьдралын туршлага, хүчирхийлэл үйлдэх байдал” цогц судалгаанд өгүүлснээр, хүчирхийлэлд эрт буюу бага насандаа өртөх, олон хэлбэрийн хүчирхийлэл харж, мэдэрч өсөх нь насанд хүрсэн хойноо хүчирхийлэл үйлдэх эсвэл хохирогч болох магадлалыг нэмэгдүүлдэг. Судалгаанд оролцсон эрэгтэйчүүдийн 74 хувь нь бага насандаа ямар нэг хэлбэрийн хүчирхийлэл мэдэрсэн гэдгээ илэрхийлсэн бөгөөд 40 хувь нь бие махбодын хүчирхийллийн хохирогч болж байжээ. Түүгээр ч зогсохгүй судалгаанд оролцсон эрчүүдийн тодорхой хувь нь насанд хүрээгүй байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Судалгааны багийнхан уг агуулгыг хоёр янзын аргаар тодорхойлсон бөгөөд оролцогчдын 19 хувь нь дээрх төрлийн гэмт хэргийн хохирогч болж байсан нь тогтоогдсон. Улмаар багадаа ямар нэг төрлийн хүчирхийлэлд өртсөн эсэх, хүчирхийлэлтэй нөхцөл өссөн үгүй, энэ төрлийн үйл явдлыг хэр олон удаагийн давтамжтай мэдэрсэн зэргээс нь насанд хүрсэн хойноо хүчирхийлэл үйлдэх эсэх нь хамаарч байгаа нь тогтоогджээ. Тухайлбал, хүүхэд байхдаа ээжийгээ хүчирхийлэлд өртөж байхыг харсан эрчүүд хүчирхийлэлгүй орчинд өссөн эрэгтэйчүүдээс насанд хүрсэн хойноо бэлгийн хүчирхийлэл үйлдэх магадлал 2.7 дахин их байжээ. Харин багадаа бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон эрчүүдийн насанд хүрсэн хойноо бэлгийн хүчирхийлэл үйлдэх магадлал ойролцоогоор гурав дахин их аж.
Эндээс бид эрэгтэй хүүхдийн хүмүүжил, төлөвшилд багаас нь анхаарч, “Эр хүнийг хатуу гараар өсгөнө” гэх уламжлалт хандлагаасаа зайлсхийх шаардлагатай нь харагдана. Хүчирхийлэл хүчирхийлэгчийн төрүүлдэг бол хайраас бусдыг энэрдэг, хайрладаг нэгэн төрдөг.
Нийгэм:
Ажилгүйдэл ба ядуурал
Жендэрт суурилсан хүчирхийлэл бол эр, эм хоёрын эсвэл аль нэг өрхийн асуудал биш. Энэ бол нийгмийн нэн чухал агуулга юм. Түүнчлэн энэ төрлийн гэмт хэрэг их байх эсэх нь тухайн нийгэмтэй нягт холбоотой.
АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулин
Судалгаанд оролцогчдын амьдралын түүхээс харахад жендэрт суурилсан хүчирхийлэл нь хувь хүний туулсан амьдрал, хувийн болон дотно харилцаанаас гадна нийгэм, эдийн засгийн өргөн хүрээг хамарсан ноцтой асуудал болоод байна. Хүүхдийг үл хайхрах, бага насандаа туулсан сэтгэцийн гэмтэл, ажилгүйдэл, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой цочролууд бүгд хүчирхийллийг гааруулж байна. Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх замаар үеэс үед дамжих хүчирхийллийг таслан зогсоох аргачлалыг анхаарах хэрэгтэй.
Ажилгүйдэл, эдийн засгийн тогтворгүй байдал, жендэрийн хэтийдсэн хэм хэмжээ зэрэг нь хамтрагчийн эсрэг хүчирхийлэл үйлдэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй санхүүгийн хүндрэл дээрх нөхцөл байдлыг улам даамжруулж байгаа аж.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн эрчүүдийн 10 хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд ажилгүй байсан бол энэ төрлийн хүчирхийлэл үйлдээгүй эрчүүдийн ердөө 2.8 хувь нь ажилгүй байжээ. Эдгээрээс гадна Монголд эрчүүдийн эрүүл мэндийн нөхцөл байдал ч анхаарах учиртай асуудал. Эрчүүдийн 49 хувь нь эрүүл мэндийн байдлаа дунд зэрэг гэж тодорхойлсон бол 9 хувь нь муу эсвэл маш муу гэж мэдээлжээ. Мөн залуу эрчүүдийн дунд сэтгэл гутралын түвшин мэдэгдэхүйц өндөр байна.
Хүчирхийлэлгүй нийгмийг бий болгох гарц нь дан ганц хүчирхэг эмэгтэйчүүдийг бэлтгэх явдал биш. Хүчирхийлэл үйлддэггүй эрчүүдийг төлөвшүүлэх нь эн тэнцүү чухал. Гэтэл өнгөрсөн хугацаанд эмэгтэйчүүдийг амьдралынх нь аль нэг үед тохиох хүчирхийллээс өөрийгөө хамгаалахад бэлтгэж дадсанаас эрэгтэйчүүдийг ийм үйлдэл, хийдэлгүй байлгах тал дээр анхаарсангүй.