Монгол бол уул уурхайн эх орон. Үүнийг үгүйсгэх аргагүй. Хөдөө аж ахуйн эх орон гэгдэж байсан нэр маань нэг л мэдэхэд уул уурхайн болон өөрчлөгдөн, өнөөдөр энэ салбараас хамааралгүй зүйл бараг үлдсэнгүй. 

Эдийн засаг нь хэт хамааралтайгаас гадна уул уурхайгаас өөр дэнчинд тавьж дэлхийн худалдаанд оролцох, хөрөнгө оруулалт татах бараа бүтээгдэхүүн ч бидэнд алга. 

Монгол хүн бүрийн амьдрал уул уурхайн салбараас хамааралтай. Энэ салбарт ажиллаж орлого олдоггүй ч амьдрал нь ямар байх вэ гэдэг уул уурхайгаас л хамаардаг. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаж, экспорт саарвал худалдаа эрхлэгчдийн орлого буурна, төрийн албан хаагчдын цалинг нэмэх боломж хумигдана, хүүхдүүдийн суралцах орчин сайжрахгүй, ажлын байр хомсдоно гээд бүх хүнд хамааралтай.

Яг үнэндээ манай улс ямар байх нь улстөрчдийн удирдлага, шийдвэрээс бус уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, экспортоос хамаарч байна. Харин ч бүр улстөрчид уул уурхайнхаа хүчээр илүү сайхан байх боломжийг дундаас нь хумсалж байгаа. Улстөрчдөөс илүү уурхайчид эх орондоо хайртай, тэд өнөөдрийн, ирээдүйн Монголыг бүтээхийн төлөө зүтгэж байгаа. 

Улстөрчид бол бодлого шийдвэр гаргаж байгаа нэрээр иргэдэд очих ёстой уул уурхайн өгөөжөөс хумсалсаар сууна. 

Нүүрсний хулгайн хэргээс эхлээд энэ нь шүүхээр батлагдсан үйлдэл. Уул уурхайгаас орж ирсэн орлогыг хуваарилж, түүгээр амласан амлалтаа хэрэгжүүлж, өөрийнхөө мөнгөөр хийчихсэн мэт тууз хайчлан зогсох улстөрчид хэний, юуны хүчинд гэдгээ мэдэхгүй. Харин ч бүр эсрэгээрээ уул уурхайн компаниуд гэж төрийн өмчийг луйвардсан, дээрэмдсэн, хамаг болохгүй бүтэхгүй тэнд үүрлэсэн тухай ярьж олон нийтийн тархийг угаадаг. Үүнийхээ дараа төрийн эзэмшилд авна гэж зүтгэдэг боллоо.

Хуульч Б.Баяраа

“Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэх ойлголт нь хуучин ЗХУ-ын үед хэрэглэгдэж байсан. Тэгвэл өнөө үед олон улсад нэгэнт хэрэглэгдэхээ больсон. Харин “стратегийн болон критикал ашигт малтмал”, “чухал ашигт малтмал” гэх бүтээгдэхүүнд суурилсан ойлголтыг олон улсад түгээмэл хэрэглэж хэвшээд байна. Гэтэл бид дэлхийд байхгүй ойлголтыг хуульчилснаар олон улстай ижил хэлээр ярих боломжгүй болчхоод байгаа юм. Улмаар стратегийн ордын хувьцааг төр үнэгүй авах, хувийн хэвшил буюу хөрөнгө оруулагч тал хувьцааны хяналтын багцыг эзэмшихгүй байх, хэрэв хувьцааны хэмжээг хэтрүүлбэл Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгч томилж компанийн удирдлагыг хүчээр авах, тусгай татвар авах гэх мэт олон төрлийн хязгаарлалт бий болгосноор энэ салбарыг үндсэндээ бүрэн зогсоочхоод байна.

Уул уурхай салбарт төрийн оролцоо шиг хэрэггүй юм алга. Энэ салбарыг иргэдийг төлөөлсөн нэртэй улстөрчдөөс илүү хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд сайн авч яваа. Төрийн оролцоотой, оролцоогүй хоёр төслийн үйл ажиллагаа тэнгэр газар шиг ялгаатай. Тэнд ажиллаж байгаа уурхайчид, жолооч нар нь ялгаагүй аль сайнаараа ажиллаж байгаа. Харин удирдаж буй хүмүүсийн арга барил, менежмент нь өөр. Төрийн өмчийн аж ахуйн нэгжид хулгай луйвар, албан тушаалын гэмт хэрэг гарсаар л байна. Эхнээс нь заримыг нь шоронд хорьж, “шонд өлгөсөн” ч байдал дээрдсэнгүй. Энэ бүхнээс үзвэл төр уул уурхайн төсөл удирдаад амжилт гаргасан түүх алга. Хувь эзэмшихийн ч хэрэг алга. Оюутолгой төслийн 34 хувийг үзэмшиж байгаа ч монголчуудад ирж байгаа өгөөж нь үүнтэйгээ дүйцэхгүй байгаа. Дээрээс нь нэмээд өдрөөс өдөрт өрөнд орсоор байна.

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт

Оюутолгойд Засгийн газар өнөөдрийн байдлаар нийт 20 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Үүний дөрвөн тэрбум ам.долларыг нь хувьцаа эзэмших байдлаар оруулсан. Үлдсэн нь зээл. Энэ зээлийн хүү хэт өндөр байгаа. Жилийн 11 хувийн хүүтэй зээл авсан. Зээлийн хүүг бууруулж чадвал Монгол Улсад ногдох үг өгөөж нь нэмэгдэнэ. Тиймээс зээлийн хүүг 6-7 хувьд хүргэж бууруулах бодлого чиглэлийг Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэг баримтлан хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийж байна. Мөн менежментын төлбөрийг үйл ажиллагааны зардал дээрээс авч байгаа. Энэ нь буруу тогтолцоо. Анх гэрээ байгуулахдаа Монголын тал Оюутолгойгоос 53 хувийн өгөөж хүртэнэ гэж заасан ч өнөөдөр 26-27 орчим хувийн л өгөөж хүртэж байна. Тэгвэл Монголын талын хүртэх өгөөжийг гэрээнд заасан хэмжээнд хүргэхийн тулд хэт өндөр хүүтэй зээлийн хүүг бууруулах, төслийн зардлаас менежментийн төлбөр тооцдог байдлыг халах цаг болсон.

Төрийн оролцоотой уул уурхайн төслүүд нь Оюутолгойтой адил алдагдалтай, удирдаж байгаа төслүүд нь “Эрдэнэс Тавантолгой” той адил хулгай, хууль бус үйлдэл нүүрлэсэн. Энэ бүхнээс үзвэл уул уурхайн төслүүдийг төр удирдах, хувь эзэмших нь сөрөг үр дагавартай байна. Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэдэг дээ. Харин тусгай АМНАТ-өө аваад явж байх нь зөв бололтой. Ингэвэл тухайн төсөл нь илүү амжилттай урагшилна. Төр зөвхөн бодлогоо гаргаад ажиллахаас бус үйл ажиллагаанд нь шууд оролцож нүүрс ухаж, тээвэрлэх шаардлага алга. Энэ ажлыг хувийн хэвшлийнхэн хангалттай сайн хийчихнэ. Төр бол хяналтаа тавиад татвараа аваад явах нь зөв гэдгийг өнгөрсөн жилүүдийн гацаа, түгжээ, хулгай зэлгий хангалттай нотоллоо. Харин төрөөс гаргаж буй бодлого нь маш тодорхой байх хэрэгтэй. Одоо бол бодлогоо ч бүрэн гүйцэд тодорхойлж чадахгүй явна.

Бодлого тодорхойгүйн ганц жишээ

Монгол төрийн бодлого нь тодорхой бус, тодорхой болсон нь харин тогтворгүй гэвэл үнэнд дүйнэ. Саяхныг хүртэл Засгийн газрын дундаж нас нь 1.3 жил байсан нь ч үүний нэг шалтгаан. Ямар сайндаа л Монголтой хэлэлцээ хийхэд нэг сайд ирээд нэг юм тохироод явдаг, удалгүй өөр сайд томилогдоод өөр зүйл яриад явдаг гэж гаднынхан ярьж, бичиж байх билээ. Үнэндээ бидний байгаа царай ийм л байгаа. Тэгсэн одоо бүр үндэсний аж ахуйн нэгжүүдтэйгээ ч тохирсноо зөрчдөг, ярьснаасаа буцдаг байдал хавтгайрлаа. Хөрөнгө оруулаад том төслүүд хөдөлгөж байгаа аж ахуйн нэгжүүддээ амласнаа мартах нь энүүхэнд болсон. Өмнө нь өөрсдөө зөвшөөрөл өгчхөөд, одоо хууль бус гээд хөрөнгийг нь хураах тухай ярьдаг боллоо. Ийм байхад хэн итгэж хөрөнгө оруулалт хийх билээ. Бодлого нь нэгд тодорхойгүй, тодорхой болсон нь тогтворгүй байгаад байвал уул уурхайн төслүүд урагшлах нь юу л бол. Тэгвэл бас бодлогоо гүйцэд тодорхой болгож чадалгүй яаран сандран хийсэн хуулиуд ч байна. Үүний нэг нь Үндэсний баялгийн сангийн тухай хууль юм.

Уг нь ийм хуультай болохоор олон жил ярьсны эцэст 2024 оны дөрөвдүгээр сард УИХ-аас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталсан. Тус хуульд баялгийн төрөлжсөн сангуудад хатуу ашигт малтмал, цацраг идэвхит ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, төрийн эзэмшлийн хувь хэмжээнд ногдох ашгийг хуваарилахаар заасан. Гэвч газрын тосны нөөц ашигласны төлбөр, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны борлуулалтын орлогоос ногдох орлогыг Үндэсний баялгийн санд хэрхэн төвлөрүүлэх тухай тусгалгүй орхижээ. Тиймээс М.Бадамсүрэн тэргүүтэй зүүн болон говийн аймгуудаас сонгогдсон УИХ-ын гишүүд Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулж газрын тосны орлогоос олж буй орлогыг баялгийн төрөлжсөн сангуудад хуваарилахаар төсөл өргөн мэдүүлжээ. Газрын тосны тухай хуульд нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд, 70 хувийг улсын төсөвт төвлөрүүлнэ гэж заасны өөрчилж дараах байдлаар хуваарилахаар төсөлдөө тусгасан байна.

Маш удаан ярьж, төлөвлөж хуулиа баталж Үндэсний баялгийн сантай болсон ч түүнийг бүрдүүлэгч сангууддаа хаанаас, ямар орлого төвлөрүүлэхээ бүрэн тодорхойлж чадаагүй байж. Товчхондоо, газрын тос хэмээх үнэт баялагтай гэдгээ тухайн үед мартсан бололтой. Энэ мэтээр төр уул уурхайн салбарт баримтлах бодлогоо хагас дутуу боловсруулж, эзэмшиж буй төслүүдээсээ хулгайлж, хувь эзэмшиж буй төслүүдээ гацааж, зогсоосоор явна. Төрийн үл бүтэх энэ бодлого, менежмент уул уурхайн салбарт төрийн шууд оролцоо байх шаардлагагүйг илэрхийлж байна. Хөрөнгө оруулагчид ч орж ирэхээ болилоо. 16 жилийн өмнө байгуулсан Оюутолгойн гэрээ, энэ онд Францтай байгуулсан уран ашиглах гэрээнээс өөр манай улсад томоохон хөрөнгө оруулалт алга. Энэ бол бүх төсөлд төрийн оролцоо байх ёстой гэж үзсэн буруу бодлогын үр дүн.