
Хүүхдийн анхны нийгэмшлийн орчин нь гэр бүл байдаг бол дараагийнх нь цэцэрлэг байдаг. Бяцхан үрс шинэ орчин, шинэ хүмүүст дасах гэж шаггүй хугацаа зарцуулдаг. Энэ нь эцэг, эхчүүдийн хувь ч хүндхэн даваа. Шинэ орчинд ирсэн хүүхэд айдаст автсанаас маш их стресстэж, түүнийгээ уйлж илэрхийлдэг талаарх судалгаа ч цөөнгүй бий. Тиймээс бяцхан үрийнх нь зан, араншин хувирч, амьдралын хэв маяг өөрчлөгдөх үед асран хамгаалагч ямар арга хэмжээ авах нь оновчтой талаарх шалгарсан зөвлөгөөг хүргэж байна.
2-7 насанд тархины хөгжил хамгийн эрчимтэй явагддаг аж. Тиймээс үед хүүхдэд юу зааж, ямар үлгэр дуурайлал үзүүлэх нь ирээдүйн төлөвшилд нь хамгийн чухал нөлөөтэй гэдгийг мэргэжилтнүүд онцлог. Тиймээс энэ насанд нь цэцэрлэг, сургуульд элсүүлэх нь нэн оновчтой тул гаргасан шийдвэртээ бүү эргэлзээрэй. Түүнчлэн хүүхдийн мэдрэлийн системийн онцлог, хүмүүжсэн орчин , эцэг эхийн хандлага зэргээс шалтгаалан цэцэрлэгт дасах хугацаа янз бүр байдаг аж. Тиймээс бусад хүүхэд цэцэрлэгтээ дассан байхад миний хүүхэд дасахгүй байна гэх бодлыг тархинаасаа "халах" нь зүй.
Хүүхэд бидний хэлсэн үг бүрийг маш сайн ойлгодог. Тиймээс хүүхэдтэйгээ ярилцаж, цэцэрлэгт явах нь биелүүлэх учиртай үүрэг болохыг тайлбарлах хэрэгтэй. Түүнчлэн өглөө хүргэж өгөөд, орой заавал авна гэдгээ итгэлтэйгээр илэрхийлэх нь зүй. Ээж эсвэл аав минь буцаж ирээд намайг цэцэрлэгээс авна гэдгийг хүүхэд баттай ойлгосноор цагийн тав тухтай, тайван өнгүүлж чаддаг. Унтаад сэрэхэд нь эсвэл гурав дахь цайгаа уусны дараа гэхчлэн тодорхой, өөрт нь ойлгогдохуйц хугацаа товлож, ойлгуулах нь зүй. Түүнчлэн таван өдөр цэцэрлэгт яваад, хоёр хоног гэртээ амрана гэдгийг ч тайлбарлах хэрэгтэй. Хамтдаа тэмдэглэл хөтөлсөн ч болно.
Цэцэрлэгээс нь хэлж, товлосон цагтаа заавал авах хэрэгтэй. Эрт авна гэж хэлсэн ч амласандаа хүрэхгүй байх нь хүүхдэд түгших мэдрэмж төрүүлдэг. Түүнчлэн цэцэрлэгээс авахдаа ямар нэг зүйл авч өгнө, шагнана гэж хэлсэн бол амлалтаа заавал биелүүлээрэй. Үүнээс гадна, хүүхдээ "Цэцэрлэгт чинь явуулна шүү", "Багш чинь загнана, багшид чинь хэлнэ" гэх зэргээр айлгаж, сүрдүүлж хэрхэвч болохгүй. Мөн цэцэрлэгийн багш хүмүүжүүлэгч, асрагч нарын талаар таагүй мэдээлэл сонссоноо хүүхдийнхээ хажууд ярих хэрэггүй.
Цэцэрлэгийн дэглэмийг гэрийнхээ дэглэмд ойртуулахыг хичээх нь үр дүнтэй арга. Түүнчлэн хүүхэдтэйгээ цэцэрлэгийн багш, сурагч болж тоглож ч болох юм. Мөн амралтын өдрүүдийг тоглоомын төв, гадаа талбай зэрэг хүүхдүүдтэй ойр орчинд өнгөрүүлэх нь чухал. Хүүхдийнхээ тоглоомыг цэцэрлэгт нь өгч явуулах, дуртай хувцсыг нь өөртэй нь зөвлөж, өмсүүлэх зэргээр дотно, танил мэдрэмж төрүүлэх боломжтой.
Хүүхдээ шинэ орчинд үлдээх эцэг, эхийн хувьд ч амаргүй. Гэхдээ гэр бүлийн бусад гишүүд тайван, итгэлтэй байх нь хүүхдэд итгэл төрүүлдэг. Тиймээс цэцэрлэгт явуулахад санаа зовж байгаагаа хүүхдэд бүү мэдэгдээрэй. Мөн цэцэрлэгт хүргээд, удах хэрэггүй. Хувцсаа солиход нь туслаад аль болох хурдан гарах нь зүй.
Цэцэрлэгт явахын өмнөх орой хүүхдэдээ маргааш өглөө цэцэрлэгтээ явна гэдэг ойлголт өгөх хэрэгтэй. Үүний тулд хүүхэдтэйгээ хамт цэцэрлэгтэй холбоотой ном, сэтгүүл уншиж, кино үзэж болох юм. Түүнчлэн "Маргааш цэцэрлэгтээ явна. Найзуудтайгаа тоглоно" гэх зэргээр ярилцах нь зүй. Мөн хүүхдийнхээ ангийн хүүхдүүдийг нүдэлж, нэрийг нь тогтоох үр дүнтэй арга. Цэцэрлэгийнх нь тухай ярилцахдаа найзуудынх нь талаар ярилцах боломжтой юм.