
Засгийн газар өнгөрсөн наймдугаар сарын 20-нд 2026 оны төсөвтөө тодотгол хийлгэхээр УИХ-д өргөн мэдүүлсэн.
Төсвийн тодотголыг ээлжит бус, ээлжит чуулган дамнуулан хэлэлцсээр анх өргөн барьснаас нь хойш 57 хоногийн дараа баталлаа. Төсвийн тодотголыг батлахад эрх баригч намын дотоод хагарал саад болж ийнхүү бараг хоёр сарын дараа алх тогшив. Энэ хооронд Хууль зүй, дотоод хэргийн сайдаа огцруулан, шинээр томилж, Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн суудал өнцөгдсөнөөс эхлээд багагүй хэл аман дундуур Засгийн газар төсвийн тодотголоо батлуулж чадлаа. Засгийн газрыг огцруулах санал, Ерөнхий сайд өөртөө итгэл үзүүлэх эсэх асуудлаа УИХ-д оруулж ирэх сөрөг хүчний шахалт гээд иргэдийн төлөө ажил хэрэгч хэлэлцүүлэг гэхээсээ илүү улс төрийн агуулгатай шахалт дарамтан дунд 2026 оны төсвийн тодотголыг парламент хэлэлцсэн.
“Ерөнхий сайд хувийн сургуульдаа улсын төсвөөс санхүүжилт авах нь” хэмээх улс төрийн хэрүүл үүсэх шалтгаан болсон “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрийн 13.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсвийн тодотголоос хасаж баталлаа.
Ингэснээр эрх баригч нам доторх сөрөг хүчин болон АН-ынхны улс төрийн эсэргүүцэл зорилгодоо хүрэв. 13.9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр ачаалал нь ихэдсэн ерөнхий боловсролын сургуулиудын ойролцоо объект түрээслэн хотхоны бага сургуулиудыг нэмж ажиллуулахаар тодотголд тусгаад байсан юм. Одоо нийслэлийн төсвөөр санхүүжүүлэн хотхоны бага сургуулиудыг ажиллуулж байгаа бөгөөд он дуустал шаардлагатай хөрөнгийг нь нийслэлийн төсвийн тодотголоор шийдвэрлэх боломжтой гэдгийг УИХын зарим гишүүн хэлж байлаа. Тэгэхээр Засгийн газрын дараагийн төлөвлөгөө нь нийслэлийн төсөвт тодотгол хийж хувийн сургуулиудад санхүүжилт олгох, хотхоны бага сургуулиудыг үргэлжлүүлэн ажиллуулах бололтой.
Хамгийн их хэл ам дагуулсан “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрийн санхүүжилт хасагдсан төсвийн тодотголд юу үлдэж, юу нэмэгдэж батлагдсан бэ гэдгийг одоо танилцуулъя. Ерөнхий сайд Н.Учрал “Төр зардлаа 1.4 их наяд төгрөгөөр танаж, хэмнэсэн зардлаа иргэндээ зориулж, өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа” хэмээн мэдэгдсэн. “Хүнээ бодсон” хэмээх тодотголыг дараах тоон үзүүлэлтүүдээр илэрхийлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, иргэдийнхээ орлогыг бага ч гэсэн нэмэгдүүлж байгаа учраас “Хүнээ бодсон” хэмээн нэрлэжээ.

Төсвийн тодотголыг ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж, дээрх нэмэгдлүүдийг олгож эхлэх юм. Сарын бүрийн 1-нд буудаг ахмадуудын тэтгэвэр ирэх сараас эхлэн 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг. 435 мянган ахмад настанд суурь тэтгэвэр олгоход нийт 196.3 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөлөө. 10 ахмад настан тутмын долоо нь 769 000 буюу доод хэмжээгээр тэтгэвэр авч байгаа учир ийнхүү суурь тэтгэвэрийг бий болгож байгаа юм. Илүү олон жил, илүү шимтгэл төлсөн мөртлөө бага тэтгэвэр авч байгааг өөрчлөхийн төлөө суурь тэтгэвэр гэх ойлголтыг бий болгож байна. Мөн 2027 оны эхний өдрөөс үнийн өсөлтийг харгалзан, ахмад настны тэтгэврийг дахин нэмнэ гэдгээ Ерөнхий сайд хэлсэн юм. Ингэснээр ахмад настны тэтгэвэр хоёр сарын дараа дахин нэмэгдэх нь.
Засгийн газар төсвийн тодотголоо өргөн мэдүүлэхдээ ахмад настнуудын тэтгэврийг нэмж, хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн халамжийн тэтгэврийг нэмэхгүй үлдээхээр боловсруулсан байв. Харин төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр парламентад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлөн суугаа УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, О.Саранчулуун нар санаачилга гаргаж хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн халамжийн тэтгэврийг 26 хувиар, асаргааны тэтгэмжийг 12 хувиар нэмүүлэх шийдвэр гаргууллаа. Тэд энэхүү шийдвэрийг гаргуулахын тулд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирыг огцруулахыг шаардан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ хамт Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулсан юм. Энэхүү тэмцэл үр дүнд хүрч хөгжлийн бэрхшээлтэй иргэд сард нэмэгдсэн дүнгээр 600 мянган төгрөгийн халамжийн тэтгэмж, 370 мянган төгрөгийн асаргааны тэтгэмж авч байхаар боллоо. Давхардсан тоогоор 171.4 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэнд энэхүү тэтгэмжийн нэмэгдэл очих юм. Нийт санхүүжилт нь 29.7 тэрбум төгрөг бөгөөд Эрчим хүч, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад тусгагдсан байсан зардлаас 30 орчим тэрбум хасаж санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ.
УИХ жилийн өмнө 2026 оны төсвийг батлахдаа эмч, багш, шинжлэх ухаан, төрийн үйлчилгээний салбарын албан хаагчдын цалинг харилцан адилгүй нэмсэн. Мөн эмч нарын цалинг нэмэх шийдвэр гаргасан ч санхүүжилтийг нь бүрэн тусгаагүй. Энэ нь төсөвт тодотгол хийх хамгийн том шалтгаан болсон юм. Тиймээс багш, ажилтны цалинг санхүүжүүлэхэд 674.5 тэрбум, эрүүл мэнд, шинжлэх ухаан, төрийн үйлчилгээний салбарынхны өөр хоорондоо ялгаатай нэмэгдсэн цалинг жигд 50 хувь болгоход 170.1 тэрбум төгрөг зарцуулахаар баталлаа. Мөн нэмэгдсэн цалингаас нь нэмэгдэл хөлсийг тооцох нэгдсэн системд бүрэн шилжих шийдвэр гаргав.
Шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд халаасаа тэмтрүүлж буй иргэдийнхээ орлогыг бага ч гэсэн нэмэгдүүлэхээр дээрх шийдвэрүүдийг гаргаснаас гадна зарлагыг нь нэмэгдүүлэхгүй байх зорилт дэвшүүллээ.

Өнгөрсөн хавар махны үнэ огцом нэмэгдэж айл өрхийн санхүүд гэнэтийн дарамт үзүүлсэн. Ирэх хавар дахиад ийм зүйл давтагдах эрсдэлээс урьдчилан сэргийлж анх удаа 20 мянган тонн мах нөөцлөх шийдвэр гаргалаа. Мөн хүнсний ногоо, улаанбуудай нөөцлөх, цахилгаан станцуудад төсвөөс татаас олгох шийдвэр гаргаж байгаа нь иргэдийнхээ зарлагыг нэмэгдүүлэхгүй байх, үнийн өсөлтөөс хамгаалах зорилготой. Түүнчлэн шатахууны нөөц бүрдүүлэхээр импортлогч аж ахуйн нэгжүүдэд олгож буй хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэхээр болов. Ингэснээр гурван сарын шатахуунаа хадгалах савтай болно гэж тооцоолжээ.
Цахилгааны үнийн өсөлтийг айл өрхөд үүрүүлэхгүй байх болон эрчим хүчний салбарын засвар, шинэчлэлд 186.2 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэлээ. Цахилгаан станцуудад иргэдийн өмнөөс 107.3 тэрбум төгрөгийн татаас олгох бол цахилгаан станц, дамжуулах, түгээх шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар шинэчлэлд 78.9 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар болов.
Нэмэгдэж буй дээрх бүх зардлыг төрийн өмчит компаниудын ногдол ашгаас 1.6 их наяд төгрөг авч санхүүжүүлэх юм. Мөн төрийн өмчит компаниудын шатахуун, тавилга, эд хогшил, машин тэрэг, гадаад, дотоод томилолт, зар сурталчилгаа, зөвлөх үйлчилгээ, сургалтын зардлыг хязгаарлах шийдвэр гаргалаа.