
Улс төрд 100 хоног гэх нэг хэмжүүр бий. Энэ хэмжүүр зөвхөн Монголд байдаг ойлголт биш. АНУ-аас гаралтай улс төрийн жишиг юм. 1933 онд Франклин Делано Рузвельт АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод их хямралыг даван туулахын тулд богино хугацаанд буюу 100 хоногт олон хууль, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлжээ. Тэрээр бүрэн эрхийнхээ эхний 100 хоногт Конгрессоороо олон чухал хууль батлуулсныхаа дараа радиогоор ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ эхний зуун хоногийнхоо үр дүнг дүгнэсэн нь “100 хоног” гэх хугацааг улс төрийн бэлгэдэлт шалгуур болгох түүхийн эхлэл юм. Үүнээс хойш АНУ-д шинэ Ерөнхийлөгчийн ажлын эхний 100 хоногийг амлалтаа хэрэгжүүлж эхэлсэн, бодлогын чиглэлээ тодорхойлсон, улс төрийн манлайллаа харуулсан эсэхийг үнэлэх уламжлалт хугацаа гэж үздэг болсон байна. АНУ-аас улбаатай энэ жишиг бусад оронд түгэн дэлгэрч, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын эхний 100 хоногийн үйл ажиллагааг үнэлэхэд ашиглагдах болсон. Монголд ч мөн адил шинэ Засгийн газар байгуулагдсаны дараах 100 хоногийг хэвлэл мэдээлэл, улс төрийн хүрээнийхэн дүгнэдэг болоод удаж байна.
Ардчилалтай хамт Монголд нэвтэрсэн энэхүү ойлголтыг албан ёсоор хамгийн анх ашигласан Засгийн газар нь С.Баярын танхим. Ерөнхий сайд С.Баярын Засгийн газар 2008 оны арванхоёрдугаар сард 100 хоногийнхоо тайланг гаргаж, тодорхой арга хэмжээ зохион байгуулж байлаа. Ерөнхий сайд С.Баяр нийслэлийн иргэдтэй уулзах үеэрээ “2008 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан хамтарсан Засгийн газрын 100 дахь хоног энэ өдрүүдэд тохиож байна. Тиймээс бид Засгийн газрын 100 хоног нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, иргэдтэйгээ уулзан ажлаа танилцуулж байгаа юм. Засгийн газрын 100 хоног гэдэг бол мөрийн хөтөлбөрөө боловсруулж батлуулах, ард түмэндээ тайлагнах чухал мөчлөг” хэмээн хэлж байв.
Ерөнхий сайд асан С.Баярын хэлсэнчлэн УИХ-ын сонгуулийн дараа бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлж буй Засгийн газрын хувьд 100 хоног гэдэг бол мөрийн хөтөлбөрөө боловсруулж батлуулахаас эхлээд хугацаа орох ажил ихтэй. Харин сонгуулиас сонгуулийн хооронд дахь бүрэн эрхийн хугацааны явцын дунд байгуулагдсан Засгийн газрын хувьд шууд бэлэн мөрийн хөтөлбөртэйгөөр үйл ажиллагаагаа эхлүүлдэг. Тухайлбал, Г.Занданшатар, Н.Учралын Засгийн газар 2024 оны сонгуулийн дараа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын боловсруулсан мөрийн хөтөлбөр дээр бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн. Тэдэнд Засгийн газрынхаа үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж УИХ-аар батлуулах шаардлага байгаагүй. Тиймээс эхний 100 хоногтоо бичиг цаастай зууралдахгүйгээр тодорхой ажлууд хийх боломж их. Ерөнхий сайд Н.Учрал ч нэгэнт батлагдсан бэлэн хөтөлбөр, тогтоолуудыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа гэдгээ хэлсэн юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал
Ерөнхий сайд, гүйцэтгэх засаглалын тэргүүний ажил бол бодлого зорилт нь хэмжигдэхүйц байх нөхцөлийг шаарддаг. Миний хувьд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж УИХ-аар батлуулж байлаа. Төрийн ажил залгамж чанартай байх ёстой учраас нэгэнт батлагдсан хөтөлбөрүүд хэрэгжээд явах ёстой. Мөн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа манай улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 10 үзүүлэлтийг нь тавьж батлуулсан. УИХ-аар батлуулсан тогтоолуудаа өөрөө хэрэгжүүлэх цаг мөч ирсэн. Тухайн үед тогтоолын хэрэгжилтийг Засгийн газарт даалгаж байхдаа өөрөө хэрэгжүүлнэ гэж бодож байсангүй. Өнөөдөр тэр бүхэн өөртөө өгсөн үүрэг болчихоод байна. Энэ үүргээ биелүүлэх хариуцлагатай ажлыг хүлээн авч ажиллаж байна. Чөлөөлөлт гээд байгаа энэ санаачилгаа эдийн засгийг идэвхжүүлэх, төрийн оролцоог хумих бодлого руу нийцүүлэн ажиллана. Сорилтуудыг давахын тулд саад болж байгаа асуудлуудад чөлөөлөлт хийх ёстой. Өнгөрсөн хугацаанд 12 чөлөөлөлт хийлээ. 100 хоногт 100 чөлөөлөлт хийхээр зорьж байна.
Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд хувийн хэвшил, хөрөнгө оруулагчидтай хийсэн уулзалтаас (2026.05.06)
Н.Учралын Засгийн газар 100 хоногтоо юу хийв гэдгийг дүгнэх цаг ирлээ. Тэрээр 2026 оны гуравдугаар сарын 30-нд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон. Энэ өдрөөс нь тооцвол Засгийн газрын 100 хоног энэ сарын 8-нд тохиож байна. Харин сайд нараа томилж, Засгийн газраа эмхлэн байгуулсан өдрөөс нь тооцвол 12-нд тохионо. Аль ч хугацаагаар нь тооцсон Н.Учралын Засгийн газрын 100 хоног УИХ-ын хаврын чуулган завсарласан, Үндэсний их баяр наадмаар амьсгалсан өдрүүдэд тохиож байна. Энэ бол Засгийн газартаа таатай цаг үе. Учир нь, баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэдэг манай монголчууд Засгийн газраасаа “100 хоногт юу хийв ээ” гэж амыг нь асуух сөхөөгүй баярын уура амьсгалдаа умбаад эхэллээ. Засгийн газар 100 хоногоо тайлагнасан ч тоож сонсох хүн бараг байхгүй. Уг нь 100 хоног гэдэг заавал хэрэгжүүлэх хууль, журам биш ч иргэд, олон нийтийг мэдээллээр хангадаг, Засгийн газраас тайланг нь шаарддаг хугацаа. Харин энэ удаад Засгийн газрын 100 хоног Үндэсний их баяр наадмын сүүдэрт дарагдаад өнгөрөх нь. Дээр нь, УИХ-ын хаврын чуулган завсарласан тул 100 хоногийн тайлан нэхэж, ам ангайх сөрөг хүчний улстөрчид амралтаа эдлээд явж байна. Ийм л учраас Н.Учралын Засгийн газар золоор “100 хоногтоо юу хийв” гэж ам асуулгахгүй нь. Хэрэв өөр цаг хугацаанд Засгийн газрын 100 хоног болж таарсан бол Оюутолгойн хэлэлцээрээс өөр хийсэн ажил, хэлэх үг маруухан. Туулын хурдны зам, Тойрог зам, Халзанбүрэгтэй гээд томоохон төслүүдийг гацаасан, зогсоосон шийдвэр олон. Мөн махны үнийн эсрэг бодлого хэрэгжүүлэх бус нэг даргыг нөгөөгөөр солиод өнгөрсөн. Араас нь олон газарт шүлхий гарсан гээд Засгийн газрын амаа асуулгах асуудал их.
Иргэн, аж ахуйн нэгжүүдийн олон жилийн турш хүлээсэн татварын хуулиудыг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсан ч зарим зохицуулалтынх нь хэрэгжилтийг 2028 оноос гэх зэргээр хүлээлтэд хүрээгүй шийдвэрүүд гаргасан. Мөн энэ удаагийн Засгийн газарт зол болж буй бас нэг асуудал нь шатахууны үнэ. Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өсөж, манай улсын гол ханган нийлүүлэгч ОХУ дотооддоо хязгаарлалттай байгаа ч 2024 оны УИХ-ын сонгуулийн дараах Засгийн газрын хийсэн хэлэлцээрийн дагуу шатахууны үнэ нэмэгдээгүй, бас нийлүүлэлт нь хэвийн байгаа. Хэрэв өмнө нь ийм хэлэлцээр хийгээгүй байсан бол өнөөдөр шатахууны үнэ эдийн засагт дарамт үүсгэж, Засгийн газрын том зовлон болох байлаа. Энэ мэтээр золоор олон асуудал Н.Учралын Засгийн газрыг тойрч байна. Бас Батлан хамгаалахын сайд Д.Батлутдаа хариуцлага тооцохыг шаардсан сөрөг хүчний шаардлагыг сонсоогүй мэт өнгөрүүлсэн Ерөнхий сайд Н.Учралыг өөрийг нь огцруулах акц өрнүүлж эхэлсэн ч баяр ойртож, хаврын чуулган завсарлах хугацаа дөхснөөр мартагдаж ард хоцорсон. Ийнхүү Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд огцрох айдсаас түр зуур салав. Товчхондоо, Засгийн газрын тогтвортой байдал, 100 хоногийн тайлан золоор баяр наадмын сүрд дарагдаж хэл амгүй өнгөрөхөөр болов. Цаашаа Н.Учралын Засгийн газарт 2028 оны сонгууль хүртэл учраа олох 700 гаруй хоног байна. Гэхдээ энэ Засгийн газар огцрох аюулаас азаар холдсоор сонгуультай золгоно гэдэг юу л бол. Үргэлж одоогийнх шиг аз таарахгүй. Хагараад буцаж бүрэн эвлээгүй эрх баригч нам дотор Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнөөс эхлээд тэмцэл их. Саяхан МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “Манай намд хагарал бутрал байхгүй” хэмээн түгдрэхгүйгээр хэлсэн ч түүнд нь итгэх хүн байсангүй. 100 хоногтойгоо золгож буй Засгийн газраа хэдэн зуун өдөр ажиллуулах нь зөвхөн тэднээс, өөрсдөөс нь шалтгаална. Н.Учралын Засгийн газарт үргэлж зол завшаан тохионо гэж байхгүй.