
Өглөө босоод хайрсан боорцог, бүлээн хярмаар ундалчихдаг, маслотай талх, элсэн чихрээр өдрийн дийлэнхийг бардаг, орой тал, талаас цуглармагцаа мах, гурилаар бульдсан хоол хийгээд, том, том тавгаар иддэг, жимс, хүнсний ногооны барааг баярын өдрүүдэд л хардаг.
Энэ бол картын барааны үеэс эхлэн ихэнх монгол хүн, олонх монгол өрхийн амьдарч ирсэн замнал, хооллох дэг. Харин сүүлийн жилүүдэд өрхийн хэрэглээнд жимс, хүнсний ногоо нэмэгдэж, хүмүүс эрүүл, зөв хооллолтын талаар мэр сэр ярих болсон. Гэсэн ч өнөө хэр нь нийт хүн амын дунд хоол хүнснээс авах шим тэжээлийн талаарх нэгдсэн ойлголт хангалтгүй хэвээр байна. Түүнчлэн шоколад, чипс, ундаа зэрэг чихрийн агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ эрс нэмэгдсэн нь буруу хооллох дадлыг улам бүр гааруулж байна. Үүний улмаас илүүдэл жинтэй, шим тэжээлийн дутагдалтай хүүхдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа юм. Улмаар “Хоол тэжээлийн давхар дарамттай улс” (double burden of malnutrition)-аар нэрлэгдэх болсон. Энэ нь шим тэжээл, амин дэмийн дутагдалтай, далд өлсгөлөнд нэрвэгдсэн, илүүдэл жинтэй иргэд олширч байгааг илэрхийлж буй нэршил юм.
“Хүүхэд эрүүл мэндийн хувьд аюулгүй, зохистой хоол хүнс хэрэглэх, өлсгөлөнгөөс ангид байх эрхтэй”
Хүүхдийн эрхийн конвенц
Монгол хүүхдүүд зохистой хүнс хэрэглэж, өлсгөлөнгөөс ангид торних эрхээ эдэлж чадахгүй байна. Үүнийг “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний VI судалгаагаар тогтоожээ. Судалгаанд өгүүлснээр, Монгол Улсын 6-23 сартай 10 хүүхэд тутмын долоо нь зохистой байдлаар хооллож чаддаггүй аж. Мөн хоёр хүүхэд тутмын нэг нь насандаа тохирсон давтамжаар, зохих нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэдэггүй бол 31.8 хувь нь жимс, хүнсний ногоо огт иддэггүй аж. Бага насны хүүхдийн нэмэгдэл хооллолтын дадлын үзүүлэлтүүд таван жилийн өмнөхөөс сайжраагүй төдийгүй, их тосонд шарсан эрүүл бус хүнсний хэрэглээ 43 хувьтай болжээ. Хамгийн анхаарууштай нь, гурван хүүхэд тутмын нэг нь чихэрлэг ундаа тогтмол хэрэглэдэг.
ЕБС-ийн насны хүүхдүүдийн хувьд ч асуудал ижил. Энэ үеийнхний жимсний хэрэглээ 4.6 хувьтай байгаа бол чихэр, шоколадыг долоо хоногт гурваас олон удаа хэрэглэдэг сурагчид 40.9 хувийг бүрдүүлж байна. Мөн суралцагчдын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ таван жилийн өмнөхөөс 18.2 пунктээр буурсан бол хийжүүлсэн ундааны хэрэглээ 42.4 хувьд хүрчээ.
Хоол хүнсний хэрэглээ дадал буруу байгаагийн улмаас хүүхдүүдийн олонх нь амин дэмийн дутагдалтай.
Тодруулбал, 0-5 настай хоёр хүүхэд тутмын нэг нь Д аминдэмийн хүнд болон хүндэвтэр, гурван хүүхэд тутмын нэг нь Д аминдэмийн хөнгөн дуталтай нь тогтоогджээ. Харин 10 хүүхэд тутмын 6 нь А аминдэмийн нөөц багатай буюу дуталд өртөх эрсдэлтэй байна. Энэ нь хүний бие организмын өсөлт хөгжилд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Мөн өсөлтийн хоцрогдолтой, тураалтай хүүхэд ч цөөнгүй бий. Тоо сөхвөл, тав хүртэлх насны хүүхдийн 8.4 хувь нь өсөлт хоцролттой, 1.5 хувь тураалтай, 1.3 хувь нь туранхай буюу хоол тэжээлийн цочмог дуталтай байна.
Хүүхдүүд хоол хүнснээсээ зохистой шим тэжээлийг авч чадахгүй байгаа нь эцэг, эхчүүдийн хүнсний ойлголт, дадал, хэрэглээ зөв төлөвшөөгүйтэй шууд холбоотой. Манайд хүнсний зохистой хэрэглээний талаар аль ч боловсролын системд заадаггүй бөгөөд уламжлалт дадал нь ч хангалттай зохистой биш.
ШУТИС-ийн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн профессор, доктор, дэд профессор, хоол зүйч М.Пүрэвжав
Манай улсын тухайд, хоол тэжээлийн талаарх зөв ойлголт, зөв мэдлэг байдаггүй. Боловсролын тогтолцоонд энэ агуулгыг тусгахгүй хаячихсан. Тиймээс хүмүүс хоолыг чухал гэж авч үзэхгүй байна. Үүний горыг одоо бид амсаж, халдварт бус өвчлөл маш их нэмэгдсээр байна. Хүүхдийн хоол, шим тэжээлд оруулж байгаа нэг ам.долларын хөрөнгө оруулалт ирээдүйд 16 дахин нэмэгдэж үр өгөөжөө өгнө гэх судалгаа бий.
Нийтлэлийн өмнө өгүүлсэнчлэн олонх хүүхэд амин дэмийн дутагдалтай байгаа ч таргалалт манайд түгээмэл. Тав хүртэлх насны хүүхдийн дундах илүүдэл жингийн тархалтаар манайх олон улсын дундаж түвшин давсан үзүүлэлттэй байна. Тодруулбал, энэ насныхны 18 хувь нь таргалалттай. Мөн тав хүртэлх насны хүүхдийн илүүдэл жингийн тархалт 2004 оноос хойш 3.3 дахин нэмэгджээ. ЕБС-ийн 1-12 дугаар ангийн суралцагчдын тухайд, 30 орчим хувь нь илүүдэл жинтэй, тарган байна. Түүнчлэн багачуудын дундах таргалалт жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна. Дэлхийн таргалалтын холбооны судалгаагаар манай улсын 5-19 насны таргалалттай хүүхдийн тоо 2030 он гэхэд 79648 хүрнэ гэх тооцоолол гарсан байна. Хүүхдийн илүүдэл жингийн тархалт их байгаа нь цаашид “Дэлхийн хоол тэжээлийн зорилго”-д заасан “Илүүдэл жин ба таргалалтын тархалтыг суурь түвшнээс нэмэгдүүлэхгүй байх” зорилтыг хангахад илүү анхаарал хандуулах шаардлагатайг илтгэж байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа юм.
Таргалалт зөвхөн хооллолтой хамааралтай гэвэл өрөөсгөл. Амьдралын хэв маяг, дадал зуршил ч тодорхой нөлөөтэй.
Монгол хүүхдүүд, ялангуяа Улаанбаатар хотод амьдарч байгаа багачуудын олонх нь хөдөлгөөний дутагдалтай. “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний VI судалгаанд өгүүлснээр, хүүхдүүдийн 11.2 хувь идэвхтэй хөдөлгөөн огт хийдэггүй, 92.4 хувь нь нэг цаг болон түүнээс дээш хугацаагаар хөдөлгөөнгүй суудаг аж. Мөн 22.9 хувь нь спортын дугуйланд явах боломжгүй гэж хариулсан бөгөөд 44.3 хувь гадаа тоглодоггүй болохоо илэрхийлжээ. Хоол хүнсний зохистой бус хэрэглээ, амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй хэт таргалалт нь хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэнд, ирээдүйд асар хортой. Томчуудад л хамаатай байсан өвчлөлтүүд хүүхдүүдийг ээрч эхэлсэн нь ч дээрхийн нотолгоо. Тухайлбал, II хэв шинжийн чихрийн шижинд өртөх, цусны даралт ихсэх, элэг өөхлөх, нуруу, үе мөчний өвчлөл бий болох, амьсгалын замын эмгэг үүсэх гэхчлэн дурдаад дуусахгүй олон өвчлөлийн хөрс болсоор байна. Мөн манай улсад хүүхдүүдийн дунд цус багадалт түгээмэл байна.