Аль дурын цэцэрлэг, сургууль руу ороод анги бүрийн хаалгаар шагайхад самбарын өмнө, сурагчдын дунд бүсгүй хүн л торойж үзэгддэг. Багш нарын элдэв чуулган, уулзалт, баяр, ёслолд ч эмэгтэйчүүд л гангарч, чуулсан харагддаг.
Эндээс ирээдүйн Монголын эздийг эмэгтэйчүүд гардан бэлтгэж, сурган хүмүүжүүлж байгааг анзаарч болохоор байна. Гэр бүлийн хүрээнд ч ялгаагүй. Хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэхэд ээжүүд илүү оролцоотой байдаг төдийгүй үрсээ өрх толгойлон ганцаар өсгөж байгаа бүсгүй манай улсад цөөнгүй бий. Тоо сөхвөл, улсын хэмжээнд 66 мянган өрх толгойлсон эх бүртгэлтэй байгааг ҮСХ-ны мэдээлэлд дурджээ. Гэтэл хүүхдийн хүмүүжил, төлөвшил, холч хараа, голч чанарт эрчүүдийн үүрэг нэн их. Ялангуяа хөвгүүдийн хүмүүжилд аавын, эрчүүдийн үүрэг оролцоо ээжийнхтэй эн тэнцүү чухал байдгийг судлаачид онцолсоор ирсэн. Харамсалтай нь, монгол хүүхдүүд гэр бүлийн хүрээнд ч, сургууль, цэцэрлэгийн орчинд ч эрчүүдийн үлгэрлэлээс ангид торниж буй. Уг нь манайх хүйсийн хувьд эн тэнцүү улс. Монгол Улсын нийт хүн амын 49 хувь буюу 1.7 сая нь эрэгтэй.
120 сурагч нэг эрэгтэй багш
2024-2025 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 55 мянган багш ажиллаж байна. Тэдгээрийн 5151 нь дээд боловсролын байгууллагад, 2140 нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад ажиллаж байна. Харин 37770 багш Ерөнхий боловсролын сургуульд, 9945 хүн цэцэрлэгт алба хааж буй.
Багш нарын хүйсийн хувьд,
44240 нь эмэгтэй,
10766 нь эрэгтэй байна.
Эндээс боловсролын байгууллагад ажиллаж буй багш нарын олонх нь эмэгтэй болох нь харагдаж буй. Ялангуяа ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт хүйсийн ялгаа бүр ч илүү байна. Тухайлбал, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллаж буй багш нарын 9496 нь эмэгтэй байгаа бол ердөө 449 эрэгтэй багштай аж. Харин ерөнхий боловсролын сургуульд 31161 эмэгтэй багш ажиллаж байгаа бол 6609 эрэгтэй багшаар ажиллаж байна. Гэвч суралцагчдын тал нь хөвгүүд. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж буй хүүхдүүдийн 51 хувь, ЕБС-ийн сурагчдын 50 хувь, их, дээд сургуулийн оюутнуудын 39 хувь нь хөвгүүд байна. Түүнчлэн энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 802 мянган хүүхэд суралцаж байгаа бол тэдэнд ердөө 6000 эрэгтэй багш багшилж байна. 120 сурагч тутамд нэг эрэгтэй багш ногддог гэсэн үг.
Багш зөвхөн эмэгтэйчүүдийн мэргэжил биш
Нийтлэлийн өмнө өгүүлсэнчлэн хүүхдийн хүмүүжил, төлөвшилд эрчүүдийн оролцоо нэн чухал. Учир нь эрэгтэй багштай байх нь сурагчдын хүмүүжил, нийгмийн оролцоо, амьдралыг харах өнцөгт эерэг нөлөө үзүүлдэг төдийгүй сурлагын чанарт ч ахиц авчирдаг байна. Энэ талаарх судалгааг “National Bureau of Econom ic Research” судалгааны байгууллага хийжээ. Ингэхэд багаасаа эрэгтэй, эмэгтэй багшаар зэрэг удирдуулж, суралцсан хүүхдүүдийн сургууль хаях магадлал дан эмэгтэй багшаар хичээл заалгасан үеийнхнээсээ 39 хувиар бага байжээ.
Түүнчлэн коллежид элсэх магадлал нь 13 хувь өссөн байна. Энэ агуулгаар хийгдсэн бусад судалгаагаар эрэгтэй багш нар хүүхдийн нийгмийн оролцоог дээшлүүлдэг нь нотлогджээ. Мөн охид эрэгтэй багшаар хичээл заалгаж байхдаа анхаарал нь илүү төвлөрдөг байна.
Хүүхдүүдийн жендэрийн ойлголтод ч багш нарын хүйсийн харьцаа ижил байх нь эерэг нөлөөтэй аж.
Эрэгтэй хүн хүнд хүчир, хар бор ажил хийж, эмэгтэйчүүд сургах, хүмүүжүүлэх үүргийг хүлээдэг гэхчлэн нийгмийн хэвшмэл ойлголтыг эвдэхэд эрэгтэй багш нарыг оролцоо нэн их байдаг.
МУБИС-ийн багш, профессор Ж.Батдэлгэр
“Эрэгтэй цэцэрлэгийн багшийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Эрэгтэй багш нарт олон давуу тал бий. Сүүлийн үед гэр бүлийн салалт нэмэгдэж байна. Хүүхэд ээж, эмээ, эмэгтэйчүүдийн дунд өсөж байгаа үед эрэгтэйлэг араншинг авч чадахгүй байх тохиолдол бий. Тиймээс эрэгтэй багш хүүхдэд эрэгтэй хүний маш сайн загвар болж өгдөг. Түүнчлэн эрэгтэйчүүд хүүхдийг тоглоомын аргаар, сонирхолтой сургадаг. Эмэгтэй багш сайн гэдэг хэвшмэл ойлголтыг өөрчлөх хэрэгтэй. Сайн багш, сайн арга зүйч гэдэг хүйсээс бус тухайн хүний мэдлэг, чармайлт зэргээс их шалтгаална.”
Дэлхийн хандлага
Боловсролын байгууллагад ихэвчлэн эмэгтэйчүүд ажилладаг нь ганц манайд тулгамдаж буй асуудал биш юм. Дэлхий даяар энэ салбарт ажиллах эрчүүд нэн ховор байна. Тиймээс дэлхийн улс орнууд эрэгтэйчүүдийг боловсролын салбар руу “урвуулах” элдэв оролдлого хэрэгжүүлсээр байна. Тухайлбал, Их Британийн Боловсролын сайд Бриджет Филлипсон телевизийн ярилцлагын нэвтрүүлэгт оролцох үеэрээ эрэгтэй багш нарын шаардлагатай тоог байгааг нэмэгдүүлэх мэдэгдсэн байна. Тэрээр энэ нь эрэгтэй сурагчдын төлөвшил, сурлагад эерэг нөлөөтэй талаар дурдаад, тус улсын багш нарын дөрөвний нэг нь эрэгтэйчүүд байгаа нь нэн чамлалттай үзүүлэлт болохыг онцолсон байгаа юм. Улмаар ирээдүй болсон хүүхдүүдийг сургах, чиглүүлэх, хүмүүжүүлэхэд эрчүүд эмэгтэйчүүдтэй эн зэрэгцэн оролцох шаардлагатайг уриалжээ. Улмаар тус улс “Now Teach” хөтөлбөр хэрэгжүүлж, эрэгтэй багш нарт дэмжлэг үзүүлж эхэлжээ. Мөн БНХАУ эрэгтэй багшийн квот тогтоож, багшийн коллежид элсэх эрэгтэй суралцагчид давуу эрх олгох, эрэгтэй багш нарын цалин урамшууллыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч эхэлсэн байна. Энэ мэт эрэгтэй багшийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлийн хөтөлбөрийг Герман, Швед, АНУ гэхчлэн дэлхийн хэд, хэдэн орон хэрэгжүүлж, туршаад буй.
Шалтгаан ба бодит нөхцөл
Монгол Улсад эрэгтэй багш цөөн байгааг, хүүхдийн хүмүүжил, боловсрол, төлөвшилд эрчүүдийн оролцоо хангалтгүй гэдгийг үе, үе хөнддөг. Салбарын сайд ч сануулж, эрэгтэй багш нар бэлтгэхэд анхаарах шаардлагатайг сануулж л байсан. Гэвч байдал өнөө ч бахь байдгаараа. Үүнд хэд хэдэн шалтгаан нөлөөлж байгаагийн тэргүүнд цалин, орлого эгнэнэ. Ерөнхий боловсролын сургуулийн багшийн үндсэн цалин 1.8 сая төгрөгөөс эхэлж байна. Үүн дээр тодорхой нэмэгдлүүдийг авснаар 3.8 сая төгрөгийн цалин авч байгаа 1000 гаруй багш байна гэсэн судалгаа бий. Тэд салбартаа хамгийн өндөр цалин авдагт тооцогдоно. Улсын дунджаар авч үзвэл ЕБС-ийн багш дунджаар 2.4 сая төгрөг, сургуулийн өмнөх боловсролын багш 2.3 сая төгрөгийн цалин авч байна. Хэдийгээр энэ нь улсын дундаж цалинд дүйх ч эрэгтэй хүн тус цалингаар ар гэрээ авч явж, амьдрах ахуйгаа босгоход амаргүй. Тиймээс эрчүүд илүү өндөр орлоготой салбарт ажиллахыг илүүд үздэг.
Нөгөөтэйгүүр, манай улсын боловсролын салбар эрэгтэй багшийн тоог нэмэгдүүлж, хүүхдүүдийг хүйсийн тэнцвэртэй орчинд боловсруулж, хүмүүжүүлэхэд анхаарах түвшинд хараахан очоогүй байна. Шулуухан хэлэхэд, цалин хангалтгүй, ажлын ачаалал их гэхчлэн олон шалтгааны улмаас сургууль, багшийн хомсдол цэцэрлэгүүдэд нүүрлэчихсэн. Үүний улмаас алслагдсан дүүрэг, хөдөө орон нутагт багш нар чиглэлийн бус хичээл зааж, хотын төвийн багш нар стандартаасаа хэд дахин олон хүүхдэд хичээл зааж буй. Гэтэл дэлхийн нөгөө бөөрөнд хүүхдийнхээ боловсролд эрэгтэй, эмэгтэй хүмүүс ижил түвшинд анхаарах тал дээр анхаарч эхэлжээ.