
Иргэд, олон нийт хэлэх үгийг нь хамгийн их анхааран сонсдог хүмүүс бол улстөрчид.
Тиймээс улстөрчид хийх үйлдлээсээ гадна хэлэх үгээ ч бодож хий гаргахгүй ажиллах ёстой. Тэдний хэлсэн үг монгол дотроо олны анхаарлыг татаж хэлэлцүүлэг, хэрүүл үүсгэхээс гадна хилийн дээс “алхаж” улс орны хувь заяа, эдийн засаг, санхүүгийн байдалд нөлөөлөх ч магадлалтай. Нөлөөлж байсан түүх ч бий. Тиймээс улстөрчид цаг үеэ, хаана юу ярихаа мэддэг, мэдэрдэг байх нь хамгийн чухал. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар саяхан нэгэн ярилцлагад орохдоо “Улс төрийн хамгийн чухал нь мэдрэмж гэж манай ахмад улстөрчид хэлдэг” хэмээн ярьсан юм. Гэвч тэрээр энэ үгийнхээ араас “Энэ жил би хуцаж байгаа болгон руу чулуу шидэхгүй явъя гэж бодож байгаа” гэсэн нь мэдрэмжгүй явдал болов. Ажлаа сайжруулахыг шаардаж шүүмжилдэг иргэдээ тэрээр нохойтой зүйрлэж, нохойн чинээ санаж дорд үздэг бололтой. Энэ мэтээр жижигхэн, сүртэй биш юм шиг боловч хэлэх үгэндээ анхааралтай байх нь улстөрч хүний мэдрэмжийн асуудал.
Их хурлын даргын ажилд “Их засаг” их сургууль хамаагүй
Улстөрчдийн хувьд бүх л зүйлд мэдрэмжтэй хандах ёстой. Саяхан бас нэг мэдрэмжгүй явдал болсон нь УИХ-ын дарга Н.Учралын ОХУ-д хийсэн айлчлалын албан мэдээнд “Их засаг” их сургуулийн тухай ямарч шаардлагагүй мэдээлэл багтсан байлаа.
Уг албан мэдээнд “ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко Монгол Улс нь ОХУ-ын Ази, Номхон далайн бүс нутаг дахь чухал түнш бөгөөд хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өнө эртний уламжлалыг өргөжүүлэн хөгжүүлэхэд парламент хоорондын хэлхээ, холбоо чухал үүрэгтэйг тэмдэглэлээ. Тэрээр, УИХ-ын дарга Н.Учрал “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөөх тэмцэл: 1924- 1945 он” сэдвээр докторын зэргээ хамгаалсныг дурдаад өдгөөгөөс 81 жилийн өмнө Монгол Улсын тусгаар тогтнолыг олон улсад баталгаажуулсан Ялтын гэрээг баталсан түүхт энэ өдөр уулзаж буйд бэлэгшээж байна гэлээ. Иймд “Их Засаг” сургуулийн үүдэнд баримал болон баригдсан “Гитлерийн Германы эсрэг эвсэл” буюу Рузвельт, Черчилль, Сталин нарын зургийг харуулсан 1945 оны “Правда” сонины эх хувийг дурсгав” хэмээн бичсэн байлаа. “Их засаг” их сургуулийн үүдэнд ямар баримал байдаг нь хэнд ч сонин биш. Дээр нь УИХ-ын даргын албан мэдээнд хувийнх нь сургуулийн тухай дурдах нь зохимжгүй. Албан мэдээгээ УИХ-ын дарга өөрөө бичдэггүй ч албатууд нь даргаа ингэж “алж” болохгүй. “Их засаг” их сургууль бол Үндэсний музей биш. Тэр баримал нь Үндэсний музейн үүдэнд байдаг бол музейн тухай албан мэдээндээ дурдаж болох юм.
Муу бүхнээс зугтаж, сайн бүхнийг өөртөө наах санаархал
“Транспэрэнси Интернэшнл” саяхан 2025 оны буюу авлигын төсөөллийн индексийн 31 дэх удаагийн тайлангаа танилцуулсан. Манай улс нийт 100 оноо авах ёстойгоос 31 оноо авч дэлхийн 182 орноос 124 дүгээр байрт жагсав. Энэ нь өмнөх оноос 10 байраар ухарсан үзүүлэлт юм. Үүнд Засгийн газраас тайлбар хэлэхдээ “Авлигын төсөөллийн индексийг гаргахдаа 8-9 олон улсын байгууллагын судалгаа, үнэлгээг нийлүүлж гаргадаг. Ихэнх судалгаа нь тухайн жилийнхээ эхний хагас жилд хийгддэг. Нэг судалгаа нь бүр хоёр жил тутамд хийгддэг. Зарим судалгаа нь гуравдугаар сард зарлагддаг. Г.Занданшатарын Засгийн газар 2025 оны зургаадугаар сарын 13-наас бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн. Гэтэл авлигын индескийг хэмждэг гол буюу 5-6 судалгаа нь оны эхний хагаст хийгддэг” гэв.
Засгийн газар бол зөвхөн Г.Занданшатарын Засгийн газар биш Монгол Улсын Засгийн газар. Ялангуяа хилийн гадна бол хэний Засгийн газар байх нь бүр ч хамаагүй, Монголын л Засгийн газар. Гэтэл Засгийн газраас авлигын төсөөллийн индекс яагаад 10 байраар ухарсан тухайд өгч буй тайлбар нь дэндүү өрөвдмөөр.
Товчхондоо, “Энэ удаагийн авлигын индекс бидэнд хамаагүй. Цаашилбал, Монгол Улсын авлигын байдал бидэнд хамаагүй” гэж байна.
Ер нь улстөрчдөд нэг муухай зан бий. Энэ бол муу бүхнээс зугтаж, сайн бүхнийг өөртөө наах. Ерөнхий сайд Г.Занданшатар томилогдсон даруйдаа “Засгийн газар байгуулагдсаны дараахан Mongolz баг дэлхийн аварга болж байна. Олон сая хүн амтай улс орнуудыг хожиж байгаа нь агуу биш гэж үү. 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр манай улсын баг агуу их Америкийн багийг яллаа. Энэ агуу биш гэж үү” хэмээн ярьж байлаа. Энэ бүх амжилт Засгийн газрын үйл ажиллагаанд хамааралтай юм бол авлигын индекс 10 байраар ухарсан нь ч хамааралтай байх ёстой.
УИХ-ын гишүүн байтугай багш хүн ч ийм байж болохгүй
Үндсэн хуульд өөрчлөлт оруулж УИХ 126 гишүүнтэй болсон. Ингэж гишүүдийн тоог нэмснээр олон салбар, нийгмийн бүлгүүдийн төлөөлөл УИХ-д орж ирэх боломж бүрдэнэ гэж үзсэн. Энэ нь ч биелэлээ олж багш, эмч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадууд, залуучууд гээд бүх салбар, нийгмийн бүлгүүдийн төлөөлөл УИХ-д орж ирсэн. Гэхдээ ингээд л бүх зүйл сайхан болчихдоггүй, тухайн салбар, нийгмийн бүлгийг төлөөлж буй хүмүүс нь өөрсдөө ямар хүн байхаас ихээхэн хамаардаг. Эдгээр хүмүүс нийгмийг түүчээлж, сайн сайханд дагуулах ёстой. Гэтэл зарим нь эсрэгээрээ нийгмийг талцуулан хувааж, цахим орчинд зүй бус авирлаж хэрүүл үүсгэхээс өөр шидгүй сууна.
Монголын мянга мянган багш нарыг төлөөлөн АН-ын жагсаалтын хамгийн сүүл буюу 16-гаар УИХ-д сонгогдсон Ц.Мөнхтуяа саяхан цахим орчинд зүй бус авирлаж хараал урсгасан. УИХ-ын гишүүн байтугай багшаар ажиллаж байгаа хүн ч тийм авир гаргаж, муу муухай үгс урсгаж болохгүй. АН-ын дарга О.Цогтгэрэл түүнийг өрөөндөө дуудаж уулзан цахим орчинд түгээсэн бичлэгийн агуулга нь АН-ын гишүүн, УИХ-ын гишүүний хэм хэмжээг зөрчиж байгааг анхааруулж ёс зүйн асуудал дээрээ онцгой анхаарахыг сануулсан юм.
АН-ын батлах нь АНУ-ын виз авахад давуу тал болохгүй
Намынхаа гишүүнд ёс зүйтэй байхыг анхааруулсан АН-ын дарга О.Цогтгэрэл ч саяхан ёс зүйгүй авирласан. Тэрээр намынхаа гишүүний батлах буюу “Ардчиллын гэрэгэ”-г гишүүддээ олгох үеэрээ “Ардчиллын паспорттой иргэн АНУ-ын визэнд ороход “Энэ хүн чинь ардчиллыг дэмждэг юм байна. Ардчилсан үзэл санааг дэмждэг, дарангуйллын эсрэг хүн байна. Энэ үзэл санаа нь давуу тал болно” гэж хандана” гэсэн юм. Гэвч яг үнэндээ ардчилсан намын гишүүн байлаа гээд АНУ давуу байдал үүсгэн виз олгохгүй. АН-ын дарга О.Цогтгэрэл ч үүнийг мэдэж байгаа. Гэвч тэрээр намынхаа гишүүнчлэлийг нэмэхийн тулд залуусын сэтгэл зүйгээр тоглож байна.
АНУ-ыг зорих, хөгжилтэй оронд ажиллаж, амьдрах гэсэн чин хүсэл эрмэлзлэл дээр нь тоглож, “Манай намын гишүүнээр элсвэл АНУ-ын виз авахад давуу эрхтэй” гэж худлаа хэлэх нь ёс зүйгүй үйлдэл.
Саяхан болоод өнгөрсөн хэдхэн үйл явдлыг цуглуулахад л манай улстөрчид ямар мэдрэмжгүй, ёс зүйгүй болох нь харагдаж байна. “Мэдрэмжээ алдвал бүгдийг алддаг” гэсэн үг бий. Улстөрчид ийнхүү мэдрэмжээ гээж ард түмнээ басамжлан доромжилж, бодит амьдралаас тасарч, үнэнээс холдсоор л байвал бүхнээ алдаж хэн ч биш болно. Хамгийн наад зах нь 2028 оны сонгуулиар дэмжигчдээ алдсан гэдгээ мэдэрнэ.