
Ойролцоо насны хоёр хүүхдээ аав, ээждээ үлдээгээд эхнэрийн хамт солонгосыг зорьсон залуу гурван жил нойр, хоолоо умартан ажиллажээ. өөрийн гэсэн орох оронтой болох ганц зорилго өвөртөлж очсон тул тэр хэмжээний хөрөнгө хураахаар махарсан нь энэ.
Цаг хугацаа, мөнгөө өөрөөсөө, үрсээсээ харамлаж, хумьсаар эх орондоо ирэхээсээ жилийн өмнө “Ажиндай” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ хийжээ. Гэвч түүнээс хойш долоо дахь хавартайгаа золгож байгаа ч өнөө хэр нь барилга баригдаж дуусаагүй байгаа аж. Энэ талаар тэрээр “Долоон жилийн өмнө байрны урьдчилгаанд 90 сая төгрөг өгсөн. Гэвч энэ хугацаанд барилгын шав л тавигдсан. Цагдаад хандахаар иргэн хоорондын маргаан гэж үзээд, дорвитой арга хэмжээ авдаггүй. Компани санхүүжилтгүй болсон гэх хариуцлагагүй тайлбар хэлдэг” гэсэн юм. Түүний адил байртай болох мөрөөдлөө биелүүлэхээр барилгын компанитай захиалгын гэрээ хийгээд, шавардсан хана, цутгасан сууриас өөрийг олж үзээгүй олон өрх манай улсад бий. Үүний улмаас бүтэн бүл салж, хүүхдүүд өнчирч, иргэд эрүүл мэнд, сэтгэл зүйгээрээ багагүй хохирч буй. Айл өрхийг ядуурал руу хөтөлж байгаа томоохон хүчин зүйл ч энэ мөнөөс мөн.
Би “Марч Констракшн” компанид 2019 онд 80 сая төгрөг өгөөд, байр захиалсан. Гэвч тав, зургаан жилийн өмнө 12 давхар карказ босгосноос хойш нэг ч тоосго нэмэгдээгүй. Очоод уулзахаар удахгүй барина гэж хэлдэг. Эхэндээ цар тахлын улмаас барилгын материалын үнэ нэмэгдсэн, хил гааль хаасан гэх тайлбар өгдөг байсан. Цар тахлаас хойш багагүй хугацаа өнгөрсөн ч барина гэж ам таглаад өнөөдрийг хүрлээ. Компанийн удирдлагууд бидний мөнгийг авчихаад гэм хийгээгүй юм шиг баян, хангалуун амьдарч байна. Энэ асуудлын улмаас олон айл салж, цөөнгүй хүн эрүүл мэндээрээ хохирч байгаа.
Хохирогч Н
Газраас чулуу аваад шидэхэд орон сууц худалдаж авахаар мөнгө өгөөд залилуулсан хүний толгой ононо гэх ёжлол үнэнд дөхжээ. Манай улсад үл хөдлөх нэн өндөр үнэтэй, орон сууцны хөнгөлөлттэй зээлийн олдоц тун ховор учир иргэдийн хувьд боломжиндоо тааруулаад байртай болох дөт сонголт нь компанитай захиалгын гэрээ хийх юм. Харамсалтай нь, компаниуд тэдэн оны тэр улиралд байр ашиглалтад орно гэж амладаг ч дийлэнх нь гэрээний хугацаанд ажлаа эцэслэдэггүй.
Барилгын үйл ажиллагаа нь бүр зогссон аж ахуйн нэгж ч манайд олон бий. Орон сууцны захиалгын гэрээ хийж, хүмүүсээс авсан мөнгөөрөө банк бус санхүүгийн байгууллага ажиллуулах, ямар нэг төрлийн бизнес хийх зэргээр хөрөнгө эргэлдүүлж буй нөхөд ч цөөн биш. Иргэдийг хохироож, өөрсдөө хожиж буй энэ үйлдэлд шийдэл олж, шийтгэлийн механизм бий болгох зорилгоор иргэн Б.Цэен parliament.mn нийтийн өргөдөл гомдлын цахим хуудсанд өргөдөл гаргаж гарын үсэг цуглуулсан. Захиалсан байрыг нь барихгүй, ашиглалтад оруулахгүй байгаа барилгын компаниудын асуудлыг Эрүүгийн хуулиар шийдвэрлэж, холбогдох этгээдийг 10 жилээр шийтгэдэг хуультай болох тухай тус саналыг 2000 орчим иргэн дэмжиж, гарын үсгээ зурсан юм. Үүгээр ч зогсохгүй “Байр захиалаад хохирсон иргэдийн холбоо” хүртэл байгуулагдаж, өөрсдийн дуу хоолойгоо шат, шатанд хүргэхийг мэрийж байгаагаас энэ асуудал нийгмийн үзэгдэл болтлоо хавтгайрсныг харж болохоор байна.
Орон сууцны захиалгын луйвар сүүлийн жилүүдэд нэмэгдэж, эргэлдэх мөнгөн дүн нь үлэмж өссөн. Тоо сөхвөл, 2019-2025 онд энэ төрлийн 2365 гэмт хэрэг бүртгэгдэж, 4129 иргэн 216 тэрбум төгрөгөөр хохирчээ. Мөн тус гэмт хэргээс болж жилд учирсан хохирлын хэмжээ 2019 оноос хойш 46 дахин, сүүлийн нэг жилийн хугацаанд 3.5 дахин нэмэгдсэн гэдгийг ХЗДХЯнаас мэдээлсэн юм.
Өмгөөлөгч Б.Баяраа
“Хуульчийн про боно2026” өдөрлөг дээр хуульчид төв талбайд иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгсөн. Ингэхэд ирж уулзсан хүмүүсийн дийлэнх нь орон сууц захиалгын асуудлаар зөвлөгөө авсан. Орон сууц захиалахтай холбоотой залилах гэмт хэрэг нийтлэг үйлдэгдэх болжээ. Захиалгын гэрээг давхардуулж хийдэг, байшингаа хугацаандаа барьдаггүй, иргэдийн мөнгийг аваад алга болдог тохиолдол элбэг гарч байна.
Уг нь манай улс 2017 оноос “Гэрээгээр халхавчилсан залилах үйлдлийн арга” гэх агуулгыг Эрүүгийн хуульд тусгасан. Ингэснээр, гэрээ байгуулсан бол залилан биш гэдэг ойлголт ховхорсон юм. Улмаар тухайн гэрээ анхнаасаа залилах шинжтэй буюу хоёр талын аль нэг талд хэт давуу тал бий болгосон эсэхийг шинжилж үздэг болсон. Харин орон сууц худалдаж авахаар захиалга хийсэн гэрээнд эрх, үүрэг нь жигд тусгагдсан, тухайн компани үйл ажиллагаагаа явуулсаар байгаа тохиолдолд залилах гэмт хэрэг гэж үздэггүй. Тэгэхээр ашиглалтад орох хугацаа хэтэрсэн эсэх дээр хэрэг үүсдэггүй гэсэн үг. Ийн компаниуд товлосон хугацаандаа байраа ашиглалтад оруулах үүргийг эрх зүйн хүрээнд хүлээдэггүй нь иргэдийг хохироох нэг хүчин зүйл болоод буй. Нөгөөтэйгүүр, компаниуд товлосон хугацаа, тохирсон мөчдөө байраа хүлээлгэн өгч чадахгүй байгаа гол шалтгаан нь санхүүжилт. Орон сууц барих хэмжээний нөөц хөрөнгөгүй аж ахуйн нэгжид холбогдох байгууллагууд зөвшөөрөл олгодог. Үүний улмаас компани хөрөнгөө захиалагчдаас босгохын тулд хямд, таатай нөхцөл санал болгоно. Мөн бүрэн барьж дуусаагүй барилгаа бүхэлд нь барьцаалж банкнаас зээл авдаг. Ингэснээр аль нэг хотхоны, аль нэг тоот барилга банкны болон захиалагчийн эзэмшилд очсоноор иргэн хохирох эрсдэл үүсдэг байна.
Барьж дуусаагүй барилгыг барьцаалж авч байгаа зээлийн дүн сүүлийн таван жилийн хугацаанд 8.9 дахин өсөж, 5 их наяд төгрөгт хүрээд буй. Түүнчлэн одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар тухайн барилгын ажил бүрэн дууссан тохиолдолд л иргэдийн захиалгын гэрээг улсын бүртгэлд бүртгэдэг. Мөн баригдаж байгаа барилгын мэдээлэл, зураг төсөл, хаалганы дугааргүйгээр компани бүхэлд нь бүртгүүлчихдэг. Эдгээрээс шалтгаалан ижил тоот, нэг байшин дээр давхардуулж захиалга авах тохиолдол нэн элбэг байна. Эдгээрийн эцсийн хохирогч нь мөн л иргэн. Энэ мэт хуулийн цоорхой орон сууцны захиалгын залиланг цэцэглүүлэх суурь нөхцөл болж байгаатай холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулаад буй.
Манай улс уг нь барилгын асуудлыг хариуцсан тусгай яамтай. Гэвч Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам орон сууцтай холбоотой залилангийн асуудалд төдийлэн анхаарахгүй өнөөдрийг хүрсэн. Түүнчлэн барилгын компаниудад зөвшөөрөл өгөхдөө тодорхой үүргийг тусгадаггүй, тухайн компани тэр хэмжээний барилга босгох суурь хөрөнгө, хүний нөөцтэй эсэхийг ч судалж, тогтоодоггүй. Мөн барилгын явцад дорвитой хяналт тавихгүй байна.
Орон сууц бол олон монгол хүний мөрөөдөл, зорилго, ая тухтай амьдралын баталгаа. Гэвч өнөөгийн нийгэмд энэ нь хамгийн өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалт болж хувирсан байна. Улмаар айл өрхүүд баригдаагүй, хэзээ баригдаж дуусах нь ч тодорхойгүй барилгад хүлэгдэн, түрээсээс түрээс, өрөөс өр дамжин өдөр хоногийг өнгөрөөж буй.