
АН өчигдөр Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж таван дэд даргаа сонгон, ерөнхий нарийн бичгийн даргаа батламжиллаа. Тус намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан С.Баярцогтыг Үндэсний бодлогын хорооны 338 гишүүний 224 нь дэмжиж жинхэллээ.
Мөн АН-ын дэд даргаар Л.Мөнхбаясгалан, Д.Энхтуяа, П.Мөнхтулга, Н.Ганибал, Ч.Өнөрбаяр нарыг сонголоо. Фракц бүрээс нэг дэд дарга сонгосон бөгөөд тэд дараах байдлаар фракцуудаа төлөөлж байна.
1. Л.Мөнхбаясгалан (МоАХ)
2. П.Мөнхтулга (Монде)
3. Ч.Өнөрбаяр (Гранд)
4. Н.Ганибал (Нэг монгол)
5. Д.Энхтуяа (Ардчилсан сэргэлт)
АН-ын өнгөрсөн жилүүдийн алдаа, хамгийн том асуудал нь талцал хуваагдал, тамганы хэрүүл байсан. Энэ хуваагдал одоо ч бүрэн арилаагүй. Гэхдээ өчигдрийн Үндэсний бодлогын хороо намынхаа эв нэгдлийг хангахад чухал нөлөө үзүүлэх шийдвэрүүдийг гаргалаа. Тухайлбал, фракц бүрийн төлөөллийг дэд даргаараа сонголоо. Мөн ерөнхий нарийн бичгийн даргаар сонгож, жинхлэхийг тодорхой хэмжээнд эсэргүүцэж байсан С.Баярцогтыгоо дийлэнх олонхийн саналаар жинхэллээ. С.Баярцогт санал хураалтын дүн гарсны дараа "Үндэсний бодлогын хорооныхоо гишүүдийн дийлэнх олонхийн саналыг авч сонгогдлоо. Энэ нь манай намынхан маш их итгэл, найдвар хүлээлгэж байгаагийн илэрхийлэл боллоо гэж бодож байна. Намынхаа эв нэгдлийг хангахад анхаарал хандуулна. Фракцуудынхаа төлөөлөлтэй богино хугацаанд уулзаж саналыг нь сонсож нэг зүгт чиглүүлэх ажлыг хамгийн түрүүнд хийнэ. АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга нь намынхаа гүйцэтгэх байгуулага буюу Улс төрийн зөвлөлөө тэргүүлж, Хэрэг эрхлэх газраа удирдаж ажиллдаг. Тиймээс 1980, 1990, 2000 оны төлөөлөл болсон залуучуудыг намынхаа удирдах албанд түлхүү авч ажиллуулна” гэв. Намынхаа “гал тогоог барих” С.Баярцогтын хамгийн эхний даалгавар бол намынхаа эв нэгдлийг хангах. Өөрөө ч үүнд хамгийн түрүүнд анхаарлаа хандуулна гэдгээ хэллээ.
Дэд дарга нараа сонгож, ерөнхий нарийн бичгийн даргаа жинхэлсэн АН-ын хувьд одоо УИХ дахь бүлгийн даргаа шинээр сонгох ажил үлдлээ. Ингэж байж АН-ын удирдлагын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлнэ. АН-ын дарга О.Цогтгэрэлийн эхний хоёр сонголт (Д.Амарбаясгалан, А.Батпүрэв) дэмжлэг аваагүй ч гурав дахь сонголтоо баталгаажуулж чадлаа. С.Баярцогтын хувьд мэдлэг боловсрол, туршлагын хувьд эхний хоёр сонголттой нь зүйрлэхийн аргагүй илүү. Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ дахь бүлгийн дарга хоёр бол намын даргын зүүн, баруун гар. О.Цогтгэрэл баруун гараараа улс төрд хүлээн зөвшөөрөгдсөн, өөрөөсөө ч илүү туршлагатай С.Баярцогтыг сонголоо. Харин одоо түүний зүүн гар хэн болох вэ? Энэ долоо хоногт УИХ дахь АН-ын бүлэг даргаа шинээр сонгохоор хэлэлцсэн ч хойшлуулсан. Ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Бүлгийн даргад Х.Тэмүүжин, Б.Түвшин нар өрсөлдөж байгаа юм. Эндээс сонгогдох магадлал өндөр нь Х.Тэмүүжин.
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт “2027, 2028 оны сонгуульд ялах нь миний хүсэл биш, монголчуудын захиалга, АН-ын заавал хийх ёстой ажил. Бид маш цомхон төртэй, цомхон Засгийн газрыг санал болгоно. Төрийн зардлыг бууруулна. Хувийн хэвшлээ маш сайн дэмжинэ. Дэлхийд өрсөлдөх чадвартай хувийн хэвшилтэй улс орон л хөгждөг. Үүнийг бид үйл ажиллагаагаараа харуулна” гэлээ. Энэ бол хувийн хэвшлийнхний сонсохыг хүсэж байгаа үг. Хэрэв өнөөдөр сонгууль болбол “Хувийн хэвшлээ маш сайн дэмжинэ. Дэлхийд өрсөлдөх чадвартай хувийн хэвшилтэй улс орон л хөгждөг. Үүнийг бид үйл ажиллагаагаараа харуулна” гэх үгийнх нь төлөө хувийн хэвшлийнхэн АН-ыг сонгоно. Учир нь, эрх баригч МАН татвар, НДШ-ийг бууруулах амлалтаа биелүүлэхгүй байсаар хоёр жилийг ардаа үдлээ. Энэ хугацаанд хувийн хэвшлийнхэн бухын доодохыг харж үнэг турж үхэхийн үлгэр болов. Мөн “Цомхон төртэй, цомхон Засгийн газар байгуулна. Төрийн зардлыг бууруулна” гэсэн нь амлалт нь улиг болсон хэдий ч бас л энэ цаг үед олон нийт үүнийг хүсэж байгаа.