
Боловсролын байгууллагын ажилчдын цалинг 76 хүртэлх хувиар нэмэхээр болов.
Эмч, ажилчдын цалинг ХХОАТ, НДШ-ээс чөлөөлөх санал гаргалаа. 0-6 насны хүүхэд нь ханиад, томуу хүрсэн бол төрийн албан хаагчдад цалинтай тав хоногийн чөлөө олгох шийдвэр гаргажээ. Эмч, багш нарт ипотекийн зээл дараалалгүй олгодог болно. Эдгээр нь сүүлийн нэг сарын хугацаанд төр ажилчдаа дэмжихээр гаргасан бодлого, шийдвэр. Улс ажилчдаа, төрийн албан хаагчдаа дэмжих нь хөгжил, тогтвортой байдал, нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой. Гэхдээ нөгөө талдаа төрийн албаныхан тусгай хангамж, нөхцөлтэй ажиллах нь инфляцыг өсгөх, бизнес эрхлэгч, хувийн хэвшлийнхнийг хүнд байдалд оруулах, улсын төсөвт хүндрэл учруулах, төрийн алба руу хошуурах, авлига хээл хахууль нэмэгдэх зэрэг олон эрсдэл бий болгодог.
Шуудхан хэлэхэд, манай улсад төрийн албаныхан давуу эрхтэй. Тогтмол цалинтай, илүү цагийн нэмэгдэлтэй, хоол, унааны мөнгөтэй. Тэтгэвэрт гарахад нь тэтгэмж гээд 36 сарын цалинтай дүйцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно. Өмнө нь төрийн жинхэнэ албан хаагч буюу төрийн тусгай болон төрийн захиргааны алба хаагчдад энэ тэтгэмжийг өгдөг байсан бол сүүлийн жилүүдэд төрийн бүх албан хаагчид энэ тэтгэмжийг авдаг болсон. Энэ хэрээр дээрх тэтгэмжид хамрагдах иргэдийн хүрээ өргөжиж, мөнгөн дүн ч нэмэгдсээр байна. Энэ онд гэхэд төрийн албан хаагчийн тэтгэвэрт гарахад авдаг нэг удаагийн тэтгэмжийн зардалд 326 тэрбум төгрөг шаардаж байгаа юм. Мөн орон нутагт ажилладаг төрийн албаныхан гурван жил тутам тэтгэмж олгодог. Үүнд 140 тэрбум төгрөг шаардлагатай. Ийнхүү нэг жилийн дотор нийт 500 тэрбум төгрөг төрийн албан хаагчдын тэтгэмжид зарцуулах шаардлагатай байна.
Үүнээс гадна төрийн албан хаагчдыг улсын зардлаар дотоод, гадаад сургалтад хамруулах, мэргэшүүлэх, магистр, докторт сургах боломж элбэг. Мөн орон сууцны хөнгөлөлттэй зээл олгоно, аль нэг оюутан хүүхдэд нь сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ. Хүүхдийг нь сонгосон хүссэн сургууль, цэцэрлэгт нь бүртгэнэ. Зарим төрийн албаныхныг татвар, шимтгэлээс чөлөөлөх тохиолдол ч байдаг.
Төрийн албаны хангамж, нөхцөл сайжрах хэрээр бүтэц, бүрэлдэхүүний хувьд данхайж байгаа нь ганхашгүй үнэн. Тодруулбал, төрийн албан хаагчдын тоо сүүлийн 10 жилд нийт 39.3 хувиар өссөн байна. Задалбал, улс төрийн алба 36.6, төрийн захиргааны албан 31.9, төрийн тусгай алба 70.5, төрийн үйлчилгээний алба 42.7 хувиар өсжээ. Тэд нийт хүн амын зургаа, нийт ажиллах хүчний 18 хувийг эзэлж буй. Одоогийн байдлаар 226 мянган хүн төрд ажиллаж байгаа бөгөөд жилд дунджаар хоёр их наядын төсвийг цалингийн зардалд хуваарилж иржээ. Харин өнгөрсөн онд цалингийн зардал нэмэгдэж, 5.4 их наяд болсон байна. 2025 онд 6.5 их наяд төгрөг цалинд зарцуулна. Энэ нь зарим төрийн албан хаагчдын гүйцэтгэлийн үнэлгээ, цалингийн нэмэгдэлтэй холбоотой аж. Хамгийн чухал нь цалингийн нэмэгдэл нэг удаагийнх байдаггүй. Жил болгон энэ хэмжээний зардал төрийн албан хаагчдын цалингийн зардалд зарцуулагдана.
Гурван сая хүн амтай улсад 300 орчим мянган төрийн албан хаагч ажиллана гэдэг том тоо.
Тиймээс бүтцийн өөрчлөлт хийж, цомхон, чанартай, бүтээмжтэй нөхцөлд ажиллах зайлшгүй шаардлагатай.
Санхүүч Г.Батжаргал
Төрийн чиг үүргийн давхардлыг арилгах, үр ашиггүй бүтэц, орон тоог бууруулах замаар чадварлаг цомхон бүтцийг бий болгох хэрэгтэй. Чадвартай боловсон хүчин бүрдүүлснээр бүтээмж өснө. Бүтээмжтэй уялдуулан цалин нэмэх нь эдийн засгийн хамгийн зөв шийдвэр.
Төрийн албан хаагчдын цалинг ойр, ойрхон нэмдэг жишиг тогтсон. Сүүлийн хоёр жилийн хугацаанд гурван ч удаа цалин нэмсэн байна. Тодруулбал, 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар, төрийн нийтлэг үйлчилгээний салбарын цалинг 20 хувиар нэмсэн. Харин 2025 онд дахин төрийн албан хаагчдын цалинг инфляцын түвшинтэй уялдуулан зургаан хувиар нэмсэн юм. Тэгвэл саяхан багш, эмч нарын цалинг нэмэхээр болсон. Иргэдийн гар дээрх бодит орлого өсөж байвал сайн хэрэг. Гэвч бодит байдал дээр төрийн албаны цалингийн нэмэгдэлд сүүдэртэй тал ч бий. Нэгдүгээрт, эл асуудал жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хүчтэй цохилт болдог. Ажилчид нь төрийн албаны жишиг цалинд хүргэхийг шаардаж, цалин нэмэхийг байгууллагаасаа шаардана. НДШ, НӨАТ, ХАОАТ, ААНОАТ зэрэг татварын ачааллын хажуугаар ажилчдын цалинг хүссэн зоргоор нэмэх амар биш. Нөгөөтэйгүүр, цалин нэмлээ ч үнийн өсөлт гаарч, үрдэг мөнгө дүндээ дүн болдог. Энэ зуур цалингаа нэмүүлж чадаагүй хувийн хэвшлийн ажилчид хохироод хоцордог.
Өөр нэг асуудал нь бүтээмж. Цалингийн нэмэгдлийг дагаад бүтээмжийн өсөлт бий болох учиртай. Гэвч манайд цалин, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ л өсөхөөс бүтээмж сайжирдаггүй. Монгол Улсад хөдөлмөрийн бүтээмж жилийн 11 мянга, Солонгост 61 мянган ам.доллар байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хийсэн Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаанд өгүүлжээ. Хэдийгээр төрийн байгууллага, хувийн хэвшилд хөдөлмөрийн бүтээмж харилцан адилгүй байгаа эсэхийг тогтоогоогүй ч хөдөлмөрийн зах зээл дээр байгаа нийт ажиллагсдын гуравны нэг нь төрд ажиллаж байгаа учир хазайх аргагүй юм. Хамгийн учир дутагдалтай нь, манай улсын төрийн албанд цалингийн өсөлт бүтээмжийн өсөлттэй уялдаггүй. Тун товчхондоо, бүтээмжтэй, үр ашигтай ажилладаг хүн цаг нөхцөөдөг нэгэнтэй ижил хэмжээний цалин авна. Харин цалингийн нэмэгдэл тухайн байгууллагад хэр сайн ажиллаж байгаагаас бус хэчнээн жил алба хааснаас хамаардаг юм.
Монголбанкны Санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин
Засгийн газраас цалин, тэтгэврийг сүүлийн жилүүдэд нэмэгдүүлсэн. Цалингийн өсөлтийн ард бүтээмжийн өсөлт байхгүй. Нэг талдаа, бүтээмж буурахаар нөгөө талд цалин өсөхөөр аж ахуйн нэгжүүдийн хувьд зардал өсөж байгаагийн цаана үнийн өсөлт дагуулах эрсдэл байна. Үүнд болгоомжлох зүйл бий.
Төрийн алба тогтвортой, залгамж чанартай байх нь нэн чухал. Гэхдээ давуу эрхтэй, хувийн хэвшилд халтай, нийгэм, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх хэмжээний бүтэц, зохион байгуулалттай байх нь зохимжгүй юм.