
“Олдвол өлдөнө” гэж үг бий. Олуулаа бол идэх хоол багадаж, өлсөнө гэсэн утга санааг илэрхийлнэ.
МАН-ынхан 2016 оноос хойш гурван сонгууль дараалан ялалт байгуулж, УИХ-д олонхийг бүрдүүлсэн. Гэвч энэ олон хүнийхээ эрх ашгийг нь хангаж, сэтгэлийг нь цатгаж чадахгүй хагарч бутарч явна. Энэ удаагийн хагарал нь дээд цэгтээ хүрснийг өнгөрсөн арав гаруй хоногт хангалттай харлаа. Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийнхөө саналаар огцорч, УИХ-ын дарга Н.Учрал албан тушаалаасаа чөлөөлөгдөж, намын даргын хувиар Ерөнхий сайдаар ажиллахаар болсон нь намынхаа дотоод хагарлыг арилгах, төрийн тогтвортой байдлыг хангах зорилготой үйлдэл байлаа. Гэвч ингэлээ гээд бүх зүйл сайхан болсонгүй. Эрх баригч МАН одоо ч хагаралдсан хэвээр байна. Улс орныхоо асуудлыг шийдэх ёстой энэ хүмүүс өөрсдөө асуудал болчихлоо. 2024 оны УИХ-ын сонгуулиас хойших хоёр жил хүрэхгүй хугацаанд хоёр Засгийн газар, хоёр УИХын даргыг огцруулаад байна. Яг одоо гуравдугаар ээлжийнхэн хоолондоо орохоор дугаарлаж байна.
Хоёр Ерөнхий сайд, хоёр УИХ-ын даргаа огцруулах хооронд инфляц хоёр оронтой тоо руу үргэлж тэмүүлж, үнийн өсөлт иргэдийн халаасыг тэмтэрсээр...
Гуравдугаар ээлжийнхэн хоолондоо орох яг энэ цаг хугацаатай зэрэгцэн махны үнэ гурав дахин нэмэгдлээ. Нэг кг үхрийн мах 40 мянгын босго давахад ойртов. Бүгд ам нээх бүрдээ “Ард түмэн” хэмээн ярьж байгаа ч начир дээрээ ард түмэн бус албан тушаал, сандал суудлаа л бодож байна. Албан тушаалд очихын тулд 75-аараа бууж, амлалт өгч эхэллээ. 2024 оны сонгуулиас хойш УИХ гурав дахь даргаа өнгөрсөн долоо хоногт сонголоо. УИХ-ын даргын бүрэн эрхийн хугацаа Засгийн газрынх шиг богино настай болж парламентын үйл ажиллагаа тогтворгүй болж байна. 2005 оноос хойш УИХ-ын дарга нар дунджаар 2.6 жилд ажиллажээ. Шинээр сонгогдсон УИХ-ын дарга С.Бямбацогт ямартай ч намынхандаа “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй”, сөрөг хүчиндээ “Намын гишүүнчлэлээсээ татгалзана” гэсэн амлалт өгч суудалдаа суув.
УИХ-ын дарга С.Бямбацогт
Сандал ширээ, албан тушаалын төлөө би яваагүй. Тиймээс би УИХ-ын даргын албан тушаалыг ямар нэгэн шат, гишгүүр болгохгүй. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор хэлье. Улстөржихгүй явах үүднээс УИХ-ын даргаар ажиллаж байх хугацаандаа нам бус байх нь болохгүй зүйл биш гэж бодож байгаа. Улс орныхоо эрх ашгийг бодоход энэ хэцүү сонголт биш.
Мөн Ерөнхий сайд Н.Учрал танхимаа бүрдүүлснээр төр засаг түрдээ эмх цэгцэндээ орлоо. Түрдээ гэхийн учир нь, МАН-ын дотоод хагарал бүрэн арилаагүй. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө юу ч болж мэднэ.
Өнгөрсөн долоо хоногийг УИХ-ын даргаа шинээр сонгож, Засгийн газраа шинээр байгуулахад зарцууллаа. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу хэнийг сайдаар томилох нь Ерөнхий сайдын хэнтэй ч хуваалцахгүй бүрэн эрх. Гэвч өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайдаар ажилласан хүмүүс энэхүү бүрэн эрхээ ямар нэгэн улс төрийн нөлөөнд автахгүйгээр дангаараа хэрэгжүүлж чадаагүй нь нууц биш. Ерөнхий сайд Н.Учрал ч дархан эрхээ бусадтай хуваалцаж, Засгийн газраа бүрдүүллээ. Н.Учралын Засгийн газар учрал тохиолоор бус уулзалт, тохиролцоогоор бүрдэв.
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ
Танхимаа хэрхэн бүрдүүлэх нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Ерөнхий сайд бүтэц, томилгоогоо хэрхэн хийхээс хамаарч тэр Засгийн газар хэрхэн удаан засаглах вэ гэдэг нь шалтгаална. Миний хувьд Ерөнхий сайдаар ажиллахдаа олон сорилтыг даван туулсан. Ерөнхий сайд Н.Учрал өөрийнхөөрөө байж чадвал олон зүйлийг шийдсэн түүхэн Ерөнхий сайд болно. Өөрийнхөөрөө байж чадахгүй бол утсан хүүхэлдэй болоод нийгмийн дэмжлэгээ алдана. Бас Монгол Улсын цагийг алж, өөрийн түүхээ сүйдлэнэ.
Ерөнхий сайд Н.Учрал ямартай ч ХҮН нам, “Үндэсний эвсэл”-тэй хамтран Засгийн газраа байгуулах нь зөв гэж үзлээ. Мөн ямар хүнийг Засгийн газартаа урих тухай шалгуураа танилцуулахдаа “Хурдтай шуурхай ажиллана. Энэ байдалд дасан зохицож ажиллаж чадах хүмүүсийг танхимдаа урина. Сайн менежер байх ёстой. Миний хурдыг гүйцэх ёстой. Суралцах хугацаа байхгүй. Сайд бол суралцдаг, хүн бэлтгэдэг албан тушаал биш. УИХын гишүүн, сайдаар ажиллаж байсан, ачаа үүрч чаддаг, цог золбоотой хэдэн хүнийг танхимдаа урина” гэсэн юм. Үүнийхээ дагуу Г.Занданшатарын Засгийн газарт ажиллаж байсан 10 (Т.Аубакир, Э.Бат-Амгалан, Б.Батцэцэг, Д.Батлут, Э.Батшугар, Г.Дамдинням, Т.Доржханд, Б.Дэлгэрсайхан, Б.Энхбаяр, Ж.Энхбаяр) сайдыг үргэлжлүүлэн ажиллуулахаар болжээ. Мөн өмнө нь сайдаар ажиллаж байсан таван (С.Амарсайхан, З.Мэндсайхан, Н.Номтойбаяр, Ч.Номин, Л.Энх-Амгалан) хүнийг сайдаар томиллоо.
68 суудалтай УИХ дахь МАН-ын бүлэг дотроо 30:38-аараа хагарч бүлэг дотор бүлгүүд үүссэн. Засгийн газраа тогтвортой ажиллуулах, намынхаа эв нэгдлийг хангахын тулд Ерөнхий сайд энэ хоёр бүлгээ алагчлахгүйгээр сайд нараа тодрууллаа. Ингэснээр МАНын бүлгийн 68 гишүүний 32-оос бусад нь өнгөрсөн хугацаанд болон одоо сайдаар ажиллаж байна.
Ерөнхий сайд Н.Учрал танхимаа бүрдүүлж Засгийн газрынхаа бүрэн эрхийг хэрэгжүүлж эхэлсэн учир одоо хэлсэн шигээ хурдаа үзүүлж ажиллахгүй бол улс орны асуудал улам хүндэрлээ. Дэлхий дахинд өрнөж буй геополитикийн сөрөг нөлөө манай улсад улам ойртсоор байна. Үүнийг Ерөнхий сайд өөрөө ч анхааруулсан.
Ерөнхий сайд Н.Учрал
Манай гол ханган нийлүүлэгч ОХУ-ын “Роснефть” компанийн дөрөвдүгээр сарын хил үнэ өмнөх сараас тонн тутамдаа энгийн дизель түлш 648 ам.доллароор нэмэгдэж 1385, Евро-5 дизель түлш 483 ам.доллароор нэмэгдэж 1410, Евро-5 АИ-92 автобензин 441 ам.доллароор нэмэгдэж 1206, АИ-95 441 ам.доллароор нэмэгдэж 1176, АИ-98 441 ам.доллароор нэмэгдэж 1226 болж, төрлөөс хамаарч 441-648 ам.доллароор өссөн. Үүнтэй холбоотойгоор дотоодын зах зээл дээрх энгийн АИ-92 автобензинээс бусад төрлийн шатахууны борлуулалтын үнэ нэмэгдэхээр байна. Энгийн дизель түлш 2200 төгрөгөөр нэмэгдэж 5200, Евро-5 дизель түлш 1300 төгрөгөөр нэмэгдэж 5300, Евро-5 АИ-92 автобензин 1100 төгрөгөөр нэмэгдэж 4200, АИ-95 500 төгрөгөөр нэмэгдэж 4100 төгрөг болж нэмэгдэх нөхцөл байдал үүсээд байна. Ойрхи Дорнодын мөргөлдөөн энэ хэвээр үргэлжилж улам хурцадвал дизель түлш 9700, төгрөг болохоос эхлээд шатахууны үнэ нэмэгдэх эрсдэлтэй.
Гадаад, дотоод хүчин зүйлээс шалтгаалсан үнийн өсөлтөөс эхлээд Засгийн газрын анхаарах, шийдэх олон асуудал байна. Засгийн газар бүр шинэ бодлого, зорилт дэвшүүлэн ажилладаг. “Шинэ сэргэлт”, “Шинэ итгэл-Эрс шинэтгэл” гэх мэтээр гоё нэртэй ямар ч зорилт дэвшүүлсэн иргэдэд амласан сонгуулийн мөрийн хөтөлбөр буюу түүндээ суурилан боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрө хэрэгжүүлэх үүрэгтэй. Хэн ч Ерөнхий сайд болсон үүнийг биелүүлэх ёстой. 2024 оны сонгуулийн дараа засагт хамтарсан намууд “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хэмээх гэрээ байгуулж, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө хамтран боловсруулж байлаа. Гэвч хурдтай, хөгжилд хөтөлсөн, зоригтой шийдвэр гаргаагүй гэхэд болно. Бодлогоо хэрэгжүүлэх бус огцрохгүйн төлөөх PR-даа хамаг анхаарлаа хандуулсаар цаг хугацааныхаа талыг барлаа. Эрх баригчдын хагарлаас харвал Н.Учралын Засгийн газар ч огцрох айдсаас салахгүй бололтой.

Засгийн газар нь тогтвортой ажиллаж бодлогоо хэрэгжүүлдэг болгохын төлөө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үүнээс өмнө Засгийн газрын дундаж нас 1.3 жил байлаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар энэ хугацаа уртасна гэж тооцсон. Гэвч энэ зорилт биелэлээ олсонгүй. Засгийн газар бүр нэг жил ч хүрэхгүй хугацааны дараа огцордог болов. Зөвхөн Засгийн газар ч бус УИХ-ын үйл ажиллагаа тогтворгүй боллоо. Намын дарга нь Ерөнхий сайдаар томилогдож, шинээр сонгогдсон УИХын дарга нь намын гишүүчлэлээсээ татгалзаж, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй гэж амласан ч төр тогтвортой байх баталгаа алга.
Олдвол өлдөхийн зовлон дуусаагүй байна. МАН-ын бүлэгт эрх мэдэл, албан тушаалаар өлссөн, сайдаар ажиллаж үзээгүй 32 гишүүн бий. Мөн 42 гишүүнтэй, нэг зүгт харвал хүчирхэг байж чадах сөрөг хүчин, Засгийн газраас жийгдсэн дөрвөн гишүүнтэй ИЗНН эрх баригчдыг амар тайван ажиллуулахгүй.
Цаашлаад Ерөнхийлөгчийн сонгууль эрх баригч МАН-ын хагаралд гал өрдөж мэднэ. Тэр цагт дөрөвдүгээр ээлжийнхэн хоолондоо орохыг үгүйсгэхгүй. Дөрвөн жилийн хугацаанд дөрвөн Засгийн газар (М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт, Р.Амаржаргалын Засгийн газар 1996- 2000) ажилласан гашуун туршлага бидэнд бий.