Хоолойд тулсан гадаад өр, хоороороо өвдсөн цар тахалгүй ч Г.Занданшатарын засгийн газар өмнөх Ерөнхий сайдынхаа хэлдэг “амаргүй” гэх тодотголтой нийгэм, эдийн засгийн байдлыг хүлээн авлаа.
Нүүрсний үнийн уналттай холбоотойгоор төсвийн орлого огцом буурч зарлагаа 2.3 их наядаар танах шаардлагатай болов. Ерөнхий сайд Г. Занданшатар УИХ-аар томилогдохдоо “Энэ долоо хоногт төсвийн тодотголыг оруулж ирнэ” гэсэн ч тэрээр хуулиа судлаагүй байж. Төсөвт тодотгол хийхээсээ өмнө 14 хоногийн хугацаанд олон нийтээр хэлэлцүүлдэг Төсвийн тухай хуулийн шинэ зохицуулалт хэрэгжиж эхлээд байна. Олон нийтээр хэлэлцүүлэх 14 хоногийн хугацаа нь өнгөрсөн баасан гарагт эхэллээ. Ямартай ч шинэ Засгийн газрын бодлого Үндэсний их баяр наадмаас өмнө төсвөө тодотгохоос эхлэх нь.
Ерөнхий сайд Г.Занданшатар энэ удаагийн эдийн засгийн хүндрэлийг ард иргэддээ үүрүүлэхгүй төр өөрөө үүрээд гарна. Ингэхдээ төр өөрөө зардлаа бууруулж, бүтцээ танана гэсэн юм. Иргэдэд очдог халамжийг бууруулахгүй, татвар нэмэхгүйгээр төсвийг 2.3 их наядаар тодотгоно гэдэг амаргүй. Харин азаар Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13.1.1, 13.1.2 дахь заалтууд хэрэгжиж эхэлсэн нь Засгийн газарт багахан ч гэсэн таатай явдал болов. Уг заалтын дагуу тавдугаар сарын 31-нээс өмнө ажил гүйцэтгэх гэрээгээ байгуулаагүй хөрөнгө оруулалтын төслүүдийг шууд зогсоож санхүүжилтийг нь хэмнэлт болгон буцааж татдаг болж байна.
Энэ удаад төсвийн ерөнхийлөн захирагч нар хөрөнгө оруулалтын 110 төслийнхөө гэрээг хуулийн хугацаанд нь багтаан байгуулж чадаагүй байна. Үүний үр дүнд 110 төсөл зарцуулах байсан 535.9 тэрбум төгрөг буцаан татагдаж байгаа юм. Ингэснээр Засгийн газар 2.3 их наядын тодотгол бус 1.8 их наядын тодотгол хийх шаардлагатай болов. Энэ хүрээндээ яамдын албан хаагчдын тоог 20 хувиар цомхотгох, 60 Үндэсний хороог 50 хувиар цөөлөх зэргээр төсвийн зарлагыг бууруулахаар төлөвлөжээ. Энэ мэтээр ямартай ч Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг 2025 онд иргэддээ үүрүүлэхгүй нь. Гэхдээ дэлхий дахинд өрнөж буй олон хүчин зүйлээс шалтгаалж эдийн засгийн байдал ирэх жил ч хүндхэн байхаар байгааг эдийн засагчид хэлсээр. УИХ-ын зарим гишүүн бүр эртхэн шиг ОУВС-гийн хөтөрбөрт хамрагдах хүсэлтээ гаргасан нь дээр гэдгийг ч хэлсэн. Таамаглаж байгаачлан эдийн засгийн нөхцөл байдал дээрдэхгүй бол Засгийн газар 2026 оны төсвөө батлахдаа иргэдийнхээ бүсийг ч чангалахыг үгүйсгэхгүй.
Ерөнхий сайд Г.Занданшатар эхний ээлжинд татварын ямар бодлого хэрэгжүүлэхээ танилцуулсан. Тэрээр “Татварын реформ хийнэ. Ард иргэдэд учирч байгаа татварын дарамтыг багасгана. Тансаг хэрэглээ болон хэт өндөр орлоготой иргэдийн татварыг нэмэгдүүлж, татварын тэгш, шударга нөхцөлийг хангана. Эдийн засаг таагүй, төсвийн орлого тасалдаж байгаа энэ үед татварыг огцом бууруулна гэж амлахгүй” гэсэн юм.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн
“Ерөнхий сайд ард түмний нуруунаас татварын дарамтыг авах цогц реформ хийнэ гэж хэлсэн. Гэтэл дараа нь ард иргэдэд учирч байгаа татварын дарамтыг бага болгож тансаг хэрэглээний болон хэт өндөр орлоготой иргэдэд оногдуулах татварыг нэмэгдүүлж тэгш, шударга нөхцөлийг хангана гэсэн. Хэт өндөр орлоготой хүмүүс гэдэгт хувиараа бизнес эрхлэгчид, бүтээмжтэй чадварлаг ажиллаж байгаа гүйцэтгэх захирал, менежерүүд, уул уурхайн салбар буюу Монголын эдийн засгийг авч яваа салбарт ээлжээр ажиллаж байгаа хүмүүс. Эдгээр хүмүүсээс бусад нь өндөр цалин авах боломжгүй. Харин яам, Тамгын газарт ажилладаг 1-2 сая төгрөгийн цалин авдаг хэрнээ тэрбумтан, үр хүүхдүүд нь гадаадын томоохон сургуулиудад сурдаг, хаанаас яаж мөнгө олдог нь тодорхойгүй хүмүүс их. Тиймээс төрийн албаны дунд шатны авлигачидтай тэмцэнэ гэвэл илүү шударга ёсонд нийцнэ. Ил тодоор татвараа төлөөд явж байгаа хүмүүсийн татварыг нэмнэ гэж хэлэх эрх байхгүй. Илүү бүтээмжтэй ажиллаж байгаа хүмүүсээ шийтгээд нийтээрээ ядуу байх бодлого баримталж болохгүй.”
Ерөнхий сайд Г.Заданшатар
“Нэгдүгээрт, татварын тогтолцоо тэгш, шударга, бааз сууриа өргөтгөсөн байхыг хэлсэн. НӨАТ төлдөггүй нь хождог, төлдөг нь хохирдог. Хоёрдугаарт, хэт өндөр, тансаг хэрэглээний татвар тогтоох ёстой. Үндэсний үйлдвэрийнхээ архи, шар айргийг хэрэглэхийн оронд яагаад өндөр үнэтэй импортын бүтээгдэхүүн хэрэглэх ёстой гэж. 270 орчим сая ам.долларын архи, тамхи гаднаас импортоор авч байна. Энэ нь валютын ханшийг өсгөж байна. Цаашлаад валютын ханшийн өсөлтөөс үүдэлтэй инфляцыг хөөрөгдөж байгаа. Хэт өндөр хэрэглээ гэдэгт импортоор авч байгаа нисдэг тэрэг, дээд зэрэглэлийн автомашин зэргийг хэлж байгаа юм. Энэ бол АНУ, Индонез гэх мэт олон оронд тансаг хэрэглээний татвар байдаг. Үүнийг орлогын татвартай андуурч болохгүй. Би орлогын татварын тухай яриагүй. Импортын татвар, онцгой албан татварын тухай ярьж байгаа юм.”
МАН 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа яг ийм татварын бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан ч олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан. Тэр үед Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “150 мкв-аас дээш орон сууцтай айл өрхүүдээс үл хөдлөх хөрөнгийн татвар авна” хэмээн танилцуулж байлаа. Энэ удаад ч мөн тансаг хэрэглээний татвар тогтоох бодлого хэрэгжүүлэх нь. Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа ч эрх баригч МАН амлалтаа биелүүлэх ёстой.

Тэд иргэдэд олон амлалт өгч байж 2028 он хүртэл засаглах эрх авсан. Тэднийг амлалтаас эдийн засаг, төсөв санхүүтэй холбоотой амлалтуудыг нь эргэн сануулъя.
МАН-ын 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан амлалтуудаас:
- Нэг хүнд ногдох ДНБ-ийг хоёр дахин нэмэгдүүлнэ.
- Улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг 25 хувь хүртэл болгож бууруулна.
- Бизнес эрхлэлтийн индексээр 20 байр урагшилж, бизнесийн орчин сайтай эхний 60 улсын нэг болно.
- Эдийн засгийн өсөлтийг 7-8 хувьд тогтмол хадгалж, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэн, арилжааны зээлийн дундаж хүү, үнийн өсөлтийг нэг оронтой тоонд барих бодлого баримтална.
- “Хүүхдийн мөнгө” хөтөлбөрийг үргэлжлүүлнэ.
- Залуучуудын бизнес эрхлэх боломж, гарааны бизнес эрхлэх нөхцөлийг нэмэгдүүлнэ.
- Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг үргэлжлүүлж, тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан жил бүр нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж, хагас хуримтлалын тогтолцоонд шилжсэнээр тэтгэврээ өвлүүлэх, урьдчилан ашиглах хуулийн биелэлтийг хангах бодлого баримтална.
- Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орлогыг нэмэгдүүлэх, мэдлэг туршлагаа залуучуудад өвлүүлж үлдээх нөхцөлийг бүрдүүлнэ.
- Малчдын орлогын эх үүсвэртэй уялдуулж, нийгмийн хамгааллын үйлчилгээ авах боломжийг бүрдүүлнэ. НДШ-ийг сар бүр төлөхгүйгээр жилдээ багтаан төлөх, хувааж төлөх зохицуулалтыг хийнэ.
- “Цалинтай эх, эцэг” нийгмийн хамгааллын бодлогыг нийгмийн эрэлт, хэрэгцээнд тулгуурлан боловсронгүй болгоно.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг нэмэгдүүлнэ.
- Нийгмийн даатгалын хуримтлалаар хөрөнгө оруулалт хийх, нийгмийн даатгал төлөгч бүр орон сууцтай болох боломжийг бүрдүүлэх зорилгоор тэтгэврийн нөөц санг мөнгөжүүлнэ.
- Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ядуурлыг хоёр дахин бууруулах бодлого баримтална.
- Бага өртөгтэй түрээсийн орон байрны хангамжийг нэмэгдүүлэх бодлого баримтална.
- Зорилтот өрхүүдэд зориулсан түрээсийн орон байрны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
- Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлж буй эхний гурван жилд гурван хувийн зээлийн хүүтэй, ипотекийн зээлийн зургаан хувийн хүүтэй хөтөлбөрийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.
- “Миний түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд нийслэл, аймаг, сумдын иргэд түрээслэх, түрээслээд өмчлөх орон сууцны төслийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого баримтлана.
- Эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй амины орон сууц барих, засварлахад хөнгөлөлттэй зээл олгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
- “Миний ажилтан орон сууцтай” хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчид болон ажилтандаа орон сууц худалдан авахад дэмжлэг үзүүлсэн хувийн хэвшлийн ААН-үүдэд хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
МАН-ын амласан шиг ядуурал хоёр дахин буурах бус эсрэгээрээ иргэдийн худалдан авах чадвар л хоёр дахин буурч байгаа. Эдийн засгийн өсөлт тогтмол 7-8 хувь байх бус унасаар, уруудсаар байна. 2024 онд л гэхэд эдийн засгийн өсөлт 4.9 хувь байлаа. 2025 оны эцэст Монгол Улсын эдийн засаг 5.2-5.9 хувийн өсөлттэй байна гэж Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банк таамаглаад байгаа.
Инфляц ч Монголбанкны төсөөллөөс үргэлж давж өссөөр байна. Энэ нь тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх бодит шаардлагыг үүсгэж байгаа юм. Гэхдээ төсвийн орлого тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулан нэмэх боломж олгохооргүй тасалдаж байгаа.
Хүний хамгийн анхдагч хэрэгцээ бол тав тухтай орон байр. Залуучууд орон сууцтай болохын төлөө хөдөлмөрлөдөг. Тиймээс МАН нийгмийн даатгал төлдөг ажилтан бүр орон сууцны зээлд хамрагдах нөхцөлийг бүрдүүлэхээ амласан. Энэ амлалт амьдрал дээр хэрэгжих боломжгүй байгаа. Энэ мэтээр амлалт, амьдрал хоёр зөрж байна.
2028 оны сонгуулийн өмнө иргэд эрх баригчдаас амлалтаа хэрхэн биелүүлснийг нь асууна. Өмнөх бүрэн эрхийн хугацаанд нь дэлхий дахинд цар тахал дэгдэж давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн. Харин энэ удаагийн хүндрэлийн шалтгаан бол түүнтэй адилтгах шалтгаан биш. Цар тахлын үе шиг хүссэнээ хийх боломжгүй үе биш. Энэ удаагийн нөхцөл байдал төсөв санхүүгийн оновчтой бодлого хэрэгжүүлэхийг л шаардаж байна. Шинэ Ерөнхий сайд энэ шаардлагыг хэрхэн биелүүлэх вэ. Амьдрал хэцүү байгаа ч амлалтаа мартаж болохгүй шүү, Ерөнхий сайд аа. Та өмнөх Ерөнхий сайдынхаа батлуулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх л үүрэгтэй.